“Дуулиант-7”
2014/09/26
Өнгөрч буй долоо хоногийн "Дуулиант 7" үйл явдлыг онцлон хүргэж байна. Энэхүү дуулиант долоогийн жагсаалтанд улс төр, эдийн засаг, нийгэм, спорт, соёл урлагт өрнөсөн үйл явдал болоод онцлох нийтлэлийг тоймлон хүргье.
1. -Хятад улс "Монголыг булаан эзэлж биш худалдаж авч байна" гэж үү?-
Монгол Хятадын хооронд 1949 оны 10 дугаар сарын 16-ны өдөр албан ёсны дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр улсын харилцаа шулуун дардан яваагүй. Ололт амжилтын зэрэгцээ ээдрээ төвөгтэй цаг үеийг туулж өнгөрүүлсэн түүхтэй. Харин сүүлийн 15 жилийн харилцаа сэргэн идэвхижиж, өөдрөг байдлаар хөгжиж байна.
БНХАУ бол манай Монгол улстай 4700 гаруй км буюу хамгийн урт хилийн шугамаар холбогддог хамгийн том хөрш билээ. Чухамдаа хөрш бол хөрш. Сайн байнаа гээд нийлчихэж болдоггүй, муу байнаа гээд нүүгээд явчихаж болдоггүй тийм л бодит хүчин зүйл, хувь тавилан манай хоёр улсыг холбож байдаг юм.
Тэр нь манай хоёр орон, ард түмний язгуур эрх ашиг сонирхол, хөгжил дэвшлийн зорилго зорилтод бүрнээ нийцэж байдаг юм. Түүх, улс төрийн судлалын хүрээнээс үзэхэд: Монгол Хятадын орчин цагийн харилцааны замналыг гурван үндсэн үе шатанд багцалж онцлог шинж байдлыг дүгнэн гаргаж болох юм.
Хоёр улсын хилийн зааг 1962 онд тодорхой болгосон
Эхний үе шатанд: 1949 оноос, 1960-аад оны эх хүртэлх хугацааг хамааруулж болно. Энэ үе бол хоёр улсын харилцаа тогтвортой, харилцан хөгжиж байсан үе юм. Чухамхүү энэ онуудад Монгол Хятадын хамтын ажиллагаа төрөл бүрийн салбарт өргөжин, Монгол оронд үр шим нь олон талаар тусгалаа олж байлаа.
Энэ цаг үеийн онцлог түүхэн үйл явдалуудаас дурдахад: 1959 оны тавдугаар сард БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Жоу Эньлай БНМАУ-д албан ёсны айлчлал хийж “Монгол, Хятадын найрамдалт харилцаа, хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээр” -ийг анхлан байгуулж гарын үсэг зурсан билээ. Энэхүү айлчлалын үр дүнд байгуулсан гэрээ хэлэлцээр нь манай хоёр орны найрамдалт харилцаа хамтын ажиллагаанд шинэ түлхэц өгсөн юм.
Түүнчлэн 1962 оны 12 сард БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга Ю. Цэдэнбал БНХАУ-д албан ёсоор айлчилж, энэ үеэр “Хоёр улсын хоорондын хилийн гэрээ” байгуулж, хоёр орны хооронд хилийн шугам заагийг тогтоож хууль ёсоор баталгаажуулжээ. Энэ нь их, бага улс орны хувьд онцгой чухал явдал төдийгүй олон улсын ач холбогдолтой арга хэмжээ болсон билээ.
Хоёр гүрний сөргөлдөөний дунд хохирогч болсон он жилүүд
Хоёрдугаар үе шатанд: 1960-аад оны эхнээс 1980-аад оны эцэс хүртэлх хугацааг хамарч байна. Энэ онуудад хоёр орны харилцаа зогсонги байдалд орж Зөвлөлт Хятадын сөргөлдөөний талбар үзэл суртлын хурц тэмцлийн бай болж хувирсан шинж онцлогтой байв.
Үргэлжлэлийг эндээс уншаарай . Шинжлэх Ухааны Гавьяат Зүтгэлтэн, доктор Л.Хайсандай
2. -“Гурван гал” эмнэлэг хүүхдийн аминд хүрсэнг МХЕГ-ын дүгнэлт батлав-
“Гурван гал” эмнэлэгт хоолойн мах авахуулах хагалгаанд орсон хүү нас барсан талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. Эл хэргийн талаар тодруулбал, "Гурван гал" эмнэлэгт 2014 оны зургадугаар сарын 27-нд Ч.Батчулуун эмчээр ахлуулсан эмч нар долоон настай О.Ц-д хоолойн мах авах лазер хагалгаа хийлгэсэн байдаг. Гэвч хүүхдийн бие сайжрах бус улам дордож, ЭХЭМҮТ-д хүргэгдэн эмчилгээ хийлгэж байгаад нас барсан.
Энэ хэргийн талаарх мэдээллийг бид тэнцвэртэй хүргэх үүднээс талийгаач Ц хүүгийн ээж, Цагдаагийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Эрүүл мэндийн яам, “Гурван гал” эмнэлгийн зүгээс тайлбар авсан байгаа. Ингээд тэдний байр суурийг хүргэе.
Мэргэжлийн хяналтын газраас энэхүү хэрэгт мэргэжлийн баг ажиллуулан дүгнэлт гаргасан байгаа. Дүгнэлтэд: Эмнэлэг үйлчилгээнд лазер мэс засал хийх удирдамжийг эмнэлгийн захирлын тушаалаар батлан мөрдөж байгаа нь шаардлага хангахгүй. Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон анагаах ухааны ёс зүйн хорооны зөвшөөрөлгүй, эмнэлзүйн туршилтгүй, бүртгэлгүй, лазерын аппаратыг ашиглан эмчилгээний шинэ арга, технологи зөрчиж байгаа нь Эрүүл мэндийн тухай хуулийн холбогдох зүйл, хэсгийг зөрчиж байна.
Дүгнэлтийг “Гурван” гал эмнэлгийн захирал Г.Пүрэвсүрэнд 2014 оны долдугаар сарын 20-ны өдөр хүргүүлж лазер мэс заслын тусламж үйлчилгээг зогсоосон тухай мэдэгдсэн. Шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл холбогдох байгууллагад гомдол гаргах эрхтэй” хэмээн бичжээ.
Өөрөөр хэлбэл эмнэлгийг шалгаж эмчийн буруутай үйл ажиллагаанаас болсон гэсэн дүгнэлт гаргасанн бөгөөд “Гурван гал” эмнэлгийн лазер мэс заслын тусламж үйлчилгээг 2014 оны долдугаар сарын 19-ний өдрөөс зогсоосон байна. Нэгэнт эмчийн буруутай үйл ажиллагаа гэдэг нь мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлтээс тодорхой болсон тул энэ хэргийг цагдаагийн байгууллага Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа ажээ.
Тэгвэл энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн ажилтан, цагдаагийн ахмад Ё.Лхагвасүрэнээс тодруулахад, “2014 оны зургаан сарын 27-нд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Гурван гал” эмнэлэгт 9 настай иргэн О.Ц гэгч нь хоолойн мах авхуулах хагалгаанд орж, нас барсан хэрэг дээр мэргэжлийн байгууллагын дүгнэлт гараад, эмнэлэгийн ажилтан албан үүрэгтээ хайнга хандсан байна гэж үзсэн. Үүний дагуу Баянгол дүүргийн I хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэ гэж шилжүүлсэн байгаа. Ингээд Баянгол дүүргийн I хэлтэс долдугаар сарын хоёрны өдөр Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 106.2-т зааснаар “Гурван гал” эмнэлэгийн нэг эмчид эрүүгийн хэрэг үүсгэн хуулийн дагуу мөрдөн байцаалтын ажил үргэлжлээд явагдаж байна. Мэргэжлийн байгууллагуудын дүгнэлт гарчихсан. Мөн эрүүл мэндийн байгууллагуудын мэргэжлийн эмч нарын дүгнэлтийг гаргаад ажиллаж байна.” гэж мэдэгдэв.
ЭМЯ-нд МХЕГ-аас Их эмч Д.Батчулуунтай холбоотой асуудлыг Эрүүл мэндийн яамны дэргэдэх Эмнэлгийн мэргэжилтний Ёс зүйн хяналтын хороогоор авч хэлэлцэж, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгох санал хүргүүлсэн бөгөөд энэ талаар ЭМЯ-аас тодруулахад манайх хариуцахгүй Нийслэлийн эрүүл мэндийн газар мэднэ гэв.
Үүний дагуу Нийслэлийн эрүүл мэндийн газрын мэргэжилтнээс тодруулга авахад, ЭМЯ-аас үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авсан болохоор манайх биш ЭМЯ мэднэ гэв. Ингээд ЭМЯ-тай эргэн холбогдох гэхэд “бултсаар” ямар нэгэн тайлбар өгөөгүй юм.
Анх энэ талаарх мэдээлэл манай сайтад тавигдахад “Гурван гал” эмнэлгийн зүгээс манай редакцад хандан “Манайхаас тодруулга авалгүй мэдээлэл тавилаа” хэмээн дургүйцэж байсан юм. Тиймээс бид энэхүү мэдээллийг тэнцвэртэй хүргэхээр тус эмнэлэгтэй холбогдоход “Эрүүгийн хэрэг үүсээд шалгагдаж байгаа болохоор бид ямар нэгэн мэдээлэл, тайлбар өгөх боломжгүй байна” гэж мэдэгдэв.
О.Ц хүүгийн ээж А.Одончимэгээс цөөн зүйл тодрууллаа.
- Уучлаарай. Эмчийн хариуцлагагүйгээс болсон гэж та үзэж судалгаа хийсэн гэж байсан. Энэ талаараа тодруулбал?
- Та бүхэн судалдаг л байх. Би ч гэсэн судалж үзсэн. Хоолой үрэвссэн үед хоолойн мах авах хагалгааг хийдэггүй юм байна. Хэрвээ авсан тохиолдолд бүх судас руу халдвар орж улмаар үхэлд хүргэдэг. Хоолойн мах авахаас өмнө эмчилгээ хийж, хагалгааны дараа ч 1-3 сар хүртэлх хугацаанд эмчилгээ хийдэг олон улсын стандарт юм билээ. Энэ мэтээр хоолойн мах авах хагалгаатай холбоотой бүх төрлийн стандарт, шаардлагатай гэсэн бүх төрлийн мэдээллийг судалсан. Хагалгааны үеийн болон түүний дараах үеийн хүндрэл нь үхэлд хүргэж болзошгүйг анхаарч ажиллах шаардлагатай гэдгийг стандарт бичсэн байгаа. Тэгтэл эрсдэлийг бидэнд хэлээгүй. Магадгүй эрсдэлийг танилцуулсан, хэлсэн бол би өөр газрыг сонгож хагалгаа хийлгэх байсан. Хагалгааны дараах бүх хяналтыг мэс засал хийсэн эмч гүйцэтгэнэ гэж байгаа юм. Тэгтэл хагалгааг хийсэн эмч биш, жижүүрт гарсан эмч нар нь хийсэн. Тэгэхээр хариуцлага 100 хувь алдсан гэж үзэж байна. Чих, хамар, хоолойн эмчээр мэргэшсэн 17 жил ажиллаж байгаа хүн ийм алдаа гаргасанд гомдолтой байна.
- Хагалгаанд орохоос өмнө эцэг эхчүүдэд хагалгааг хүлээн зөвшөөрөх эсэх гэрээнд гарын үсэг зуруулдаг шүү дээ. Тухайн зөвшөөрөлд амь нас эрсэдвэл тухайн эмнэлэг хариуцахгүй гэсэн заалт байсан уу?
-Тийм заалт ерөөсөө байгаагүй. Нас барна, ийм хүндрэл гарна гэдгийг хэлээгүй. Тийм учраас би ямар эрсдэл гарч болохыг эмчээс асуухад “Цус алдах эрсдэл байгаа. Лазераар авахад энгийн хагалгаанаас цус алдах эрсдэл 50 хувиар бага” гэдгийг л хэлж байсан. Би цус алдах хүндрэл гарч болзошгүй гэдэгт л би гарын үсэг зурсан.
-Өнгөрсөн хугацаанд “Гурван гал” эмнэлгийн зүгээс өнгөрсөн хугацаанд тантай болон танай гэр бүлийнхэнтэй холбогдсон уу?
- Холбогдоогүй. Өнөөдөр энэ хэргийн нэмэлт мөрдөн байцаалтийн ажил хийгдэж байгаа юм. Хагалгаа хийсэн Ч.Батчулуун эмчид Эрүүгийн хуулийн 106.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд түүнд тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасч гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж хуульд заажээ.
3. -Б.Билэгтийг ТЕГ-аас шалгаж эхэлжээ-
ЦЕГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга, хурандаа Х.Доржсүрэн, УМБГ-ын дарга, хурандаа Ц.Батсүх, ЭЦГ-ын дарга, хурандаа Н.Ууганбаяр, дэд дарга Б.Ариунболд нарыг ажлаас нь халж цолыг нь хураан авсан бол мөрдөн байцаагч Аадарсүхийг цалингийн хувиар торгож шийтгэсэн билээ.
Тэднийг шийтгэх болсон үндэслэл нь Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцоруулахын тулд Г.Сарангэрэл гэх охиныг золигт гаргасан бөгөөд энэ хэрэгт нь Эрүүгийн хуулийн 82-р зүйл Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулсан хэмээн ТЕГ-аас шалгаж байгаа. Тэгвэл энэхүү хэрэгт ЦЕГ-ын дарга асан Б.Билэгтийг ТЕГ-аас шалгаж эхлээд байгаа ажээ.
Өөрөөр хэлбэл цагдаагийн байгууллагаас халагдсан экс дарга нарын хэргийг Б.Билэгт хувийн өс хонзон санаж зохион байгуулсан байх магадлалтай гэнэ. Одоогоор түүнд эрүүгийн хэрэг үүсгээгүй гэнэ. Хэрвээ түүний гэм буруутай нь тогтоогвол арван зургаагаас хорин жил хүртэл хугацаагаар хорих ял оноох юм байна. Б.Билэгтийн хувьд ЦЕГ-ын даргын ажлаас үндэслэлгүй халсан хэмээн шүүхийн хаалга татахаар зэхэж байгаа. Гэвч түүний шүүхэд хандах “эрх” нь үүсэхгүй, байгаа юм. Эх сурвалжийн хэлж байгаагаар Б.Билэгтийг албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэх үндэслэлээр халсан аж.
4.-Нялхасыг дулаан өвөлжүүлж чадахгүйд хүрчээ-
Нийслэлийн хоёрдугаар амаржих газрыг тойронд өндөр барилгууд баригдсанаас төрөх эмнэлгийн халаалт доголдож, эх, нялхас даарах болсон байна. Дулааны шугам сүлжээний асуудлаас болж тус амаржих газар 2013 онд хүндхэн өвөлжсөн бол дээрх асуудал энэ жил ч давтагдах бололтой. Харин үүнд "Улаанбаатар” их дэлгүүрийн удирдлага буруутай гэж амаржих газрынхан үзэж байгаа аж. Тиймдээ ч эмнэлгийн ажилтнууд тус их дэлгүүрийн гадна жагсаал хийж эсэргүүцэл илэрхийлсэн юм.
Тэд “Монгол эх төрөх газаргүй болж, олон эх нярайн эрх зөрчигдөж байна”, "Эх нярай дулаан орчинд төрөх-Эмчлүүлэх эрхтэй”, “Сүхээ та эх нярайд эхийн сэтгэл гарга” гэсэн бичигтэй лоозонг барин жагслаа. Анх 1959 онд ашиглалтад орсон энэ төрөх эмнэлгийн хоёр давхар байшингийн нэг давхрын өрөөнүүд өнгөрсөн өвөл огт халаагүй аж. Тиймээс эмнэлгийн захиргаанаас НЗДТГ, НЭМГ-т хандаж, нэмэлт халаалтын шугам татуулах санхүүжилтийг шийдүүлсэн байна. Уг нь тендерт шалгарсан компани инженерийн шугам сүлжээний зургийн дагуу “Улаанбаатар” их дэлгүүрийн зүүн талын нийтийн эзэмшлийн талбайгаар дулааны шугам татах гэтэл тус дэлгүүрийн удирдлагууд ажлыг нь хийлгэхгүй, 14 хоног саатуулжээ. Үүнийгээ дэлгүүрийн удирдлагууд “Манай байгууллагын халаалтад сөргөөр нөлөөлнө” гэж тайлбарласан байна. Түүнчлэн “Улаанбаатар” их дэлгүүрийн зүүн талын авто зогсоолоор дайрч гарах дулаан шугам дэлгүүрийн халаалтад сөргөөр нөлөөлөхгүй гэсэн техникийн нөхцөлийг мэргэжлийн байгууллагын тооцооллоор ОСНААУГ-аас дүгнэлт гаргаж өгсөн боловч тус дэлгүүрийн удирдлагууд эсэргүүцсээр байгаа аж. Гэтэл дулааны шугамыг нэмж татахгүй бол өдөрт 40-өөд эх амарждаг, 20 гаруй мэс засал хийдэг, сард 670 гаруй нярайг өлгийдөж авдаг төрөх эмнэлэгт хөлдөх аюул нүүрлээд байгаа юм байна. Эсэргүүцлийн жагсаалын үеэр эмч, ажилтнууд хагалгаа хийх явцад эмч нарын гар чичирж байна шүү дээ хэмээн ярьцгаасан. Тэгвэл тус амаржих газарт 500-1000 граммтай дутуу төрсөн нярай хүүхэд, 25 эх эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаа гэнэ. Мөн энэ онд 3000 гаруй эх төрөхөөр жирэмсэний хяналтад байгаа аж. Тэгэхээр эмчийн гар чичирч байхад дутуу төрсөн нярай ямар байх нь ойлгомжтой юм. Амаржих газраас “Улаанбаатар” их дэлгүүрийн захиргаанд удаа дараа албан тоот хүргүүлсэн ч ажил эхлүүлэхээр очсон гэрээтэй компанийн удирдлага, инженер нарыг удаа дараа хөөж, бүдүүлэг зохисгүй үйлдэл гаргаж байгаад тус амаржих газрын эмч ажилтнууд эсэргүүцэн жагссан аж. Жагсаал хийх үеэрээ амаржихаар ирсэн эхчүүд, тэдний ар гэрийнхэн болон эмнэлгийн хамт олны нийтийн эзэмшлийн талбайг даруйхан чөлөөлөхийг шаардсан гарын үсэг бүхий өргөх бичгийг дэлгүүрийн удирдлагуудад хүлээлгэн өгсөн юм. Ийнхүү “найрсаг” гэх тодотголтой “Улаанбаатар” их дэлгүүр төрөх эмнэлэгийг хөлдөөх сонголт хийхгүй гэж найдъя. Д.Оюунханд: Дулааны нэмэлт шугам тавихгүй бол өвлийн ачааллын үед төрөх эмнэлэг хөлдөх аюул нүүрлээд байна Дээрх эсэргүүцлийн жагсаалын үеэр Нийслэлийн хоёрдугаар амаржих газрын ерөнхий эмч Д.Оюунхандтай цөөн хором ярилцлаа.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу
5.-Н.Түвшинбаяр Азийн аварга боллоо-
Азийн наадмын жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 100 кг-ын жинд барилдсан Н.Түвшинбаяр алтан медалийн төлөө Дэлхийн аварга, Казахстаны бөх Максим Раковтой барилдаж, торгуулиар (3:2) яллаа. Н.Түвшинбаяр энэ сарын эхээр өндөрлсөн ДАШТ-ий хоёрдугаар тойрогт дэлхийн аваргын алт, мөнгөн медальт Максим Раковг юко үнэлгээгээр ялсан билээ.
Тус наадмын жүдо бөхийн тэмцээний -100 кг-ын жинд барилдсан Олимпийн алт, мөнгөн медальт, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Н.Түвшинбаяр Тажикстан, БНСУ, Узбекстаны бөхчүүдийг ялж, мөнгөн медалийн болзол хангасан бол ийнхүү Азийн наадмын алтан медалийн төлөө Казахстаны Раковыг ялж, жүдочдын энэ наадмаас хүртэж буй гурав дахь алтан медалийг авчирлаа. Н.Түвшинбаяр шагнал гардуулах ёслолын дараа хэвлэлийн хуралд оролцох үеэрээ "Азийн наадамд гурав дахь удаагаа оролцож байна. Анхны медаль маань алтан медаль байсанд баяртай байна" гэсэн юм.
6. -Азийн наадмаас алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн тамирчдадаа баяр хүргье-
Азийн наадмын татамид гарсан манай жүдочдоос + 100 кг-ын жинд Ө.Дүүрэнбаяр мөнгөн медаль, 90 кг-д Л.Отгонбаатар хүрэл медаль хүртэв. Мөн эмэгтэйчүүдийн -78 кг-д Б.Мөнхтуяа, +78 кг-д О.Жавзмаа нар V байрт шалгарсан амжилтыг үзүүлсэн билээ. О.Жавзмаа бэртлийн улмаас хүрэл медалийн төлөөх барилдаанд гараагүй юм. Ингэснээр манай жүдо бөхийн шигшээ баг тамирчид Азийн наадмаас гурван алт, гурван мөнгө, дөрвөн хүрэл медаль, шагналт V байрт гурван бөх шалгарч Япон, БНСУ-ын ард гуравдугаар байрт шалгарлаа.
Мөн 50 метрт хэвтээ байдлаас 60 сум буудах эмэгтэйчүүдийн дасгалд ОУХМ Ч.Нарантуяа 624.1 оноогоор алтан медаль хүртэж, Азийн наадмын монголчуудын дөрөв дэх алтан медалийг эх орондоо авчрав. Тэрбээр улсынхаа рекордыг шинэчлэн тогтоожээ. Энэ дасгалд Малайзын Мохамед Таиби, БНСУ-ын Эүм Битна нар 620.6 оноогоор мөнгө, хүрэл медаль хүртэв.
ОУХМ Г.Нандинцэцэг 611 оноогоор 28-р байр, ОУХМ О.Янжинлхам 607.8 оноогоор 39-р байрт шалгарлаа. Нийт 13 баг буудсанаас манай баг V байрт шалгарсан юм. Түүнчлэн МУГТ О.Гүндэгмаа спорт гар бууны 25 метрийн дасгалд хүрэл медаль хүртсэн. Манай тамирчин хүрэл медалийн төлөө Солонгосын тамирчин Кван Жунтай өрсөлдөж, 7:3-аар буулгаж авав.
7.-Их Эзэн Чингисийн талбай дээр урлагийн одууд чуулав-
Монголын сэтгүүлзүй болоод соёл урлагийн салбарын түүчээ болсон урлаг соёлын мэдээ, мэдээллийн нэгдсэн www.URLAG.mn сайт, "Монголын сайтын холбоо" ТББ, Монгол поп опера "Увертюра" хамтлаг нарын хамтарсан Таван жилийн ойгоо тэмдэглэлээ.
Таван жилийн ойн хүрээндээ хамтдаа байгаа уншигч, хэрэглэгчиддээ бэлэг болгон Рок поп, Хип хоп, Амьд хөгжмийн одуудын шоу тоглолтоор бэлэг барьлаа. "Урлагийн төлөөх Таван" шоу тоглолт энэ сарын 24-ны өдөр Их Эзэн Чингисийн талбайд болсон юм.
Уг тоглолтонд бидний хайрлаж, хүндэлж, бишрэн, шүтдэг олон арван алдартай уран бүтээлчид ойн баярын мэнд хүргэж ая дуугаа өргөж, фэнүүдтэйгээ нэгэн оройг доргио өнгөрүүлэв. Тухайлбал, "Хурд" хамтлаг, "Харанга хамтлаг", "Frееzоne" хамтлаг, "Ice Top", " Sweetymotion" хамтлаг, "Honеymoon", "MIXX", "S4", "Outlaw", "Бид4", "Увертюра" хамтлагууд хүрэлцэн ирж бидний сэтгэл зүрхэнд хоногшсон дуунуудыг хамтдаа дуулж, бүжсэн юм аа. Мөн СТА Д.Үүрийнтуяа, СТА дуучин Б.Амархүү, СТА гранд В.Гантулга, СТА дуучин Т.Дэлгэрмөрөн, хөгжмийн зохиолч, СТА Б.Чинбат, дуучин Ану, Реппер GEE, Дуучин Д.Зоригт, А.Хишигдалай, дуучин BX нар хүрэлцэн ирж залуучуудтайгаа бут авсан юм. Түүнчлэн Таван жилийн ойн шоу тоглолтын хөтлөгчөөр жүжигчин М.Дорждэрэм, жүжигчин Н.Цэнд-Аюуш, “Фантастик” продакшны жүжигчин Ж.Алтаншагай, Урлаг.мн сайтын эрхлэгч Э.Цэнд-Аюуш нар ажиллав.
Хамтарсан талархлын баярын өдөрлөг, шоу тоглолтын Ерөнхий зохион байгуулагчаар MGL media Group, "Увертюра" хамтлаг, Монголын сайтын холбоо, дэмжигч байгууллагаар Монголын залуучуудын холбоо, Монголын сэтгүүлчдийн эвлэл, МУЗХ, Art sound production, Miss Mongolia association, Mongolian cycling federation, Залуу дугуйчин клуб, хамтран зохион байгуулагчаар ССАЖЯ, Нийслэлийн засаг даргын тамгын газар, Сүхбаатар дүүрэг, Төрийн банк, Анир студи, Хамтрагч байгууллагаар Ариун хөгжил трейд ХХК, Best shoes, Голден жим фитнесс клуб, Алтай кашмер, Андра модель агентлаг, MR Pizza, Portal media studio, Tawa Elegant LLC нартаа баярласан талархсанаа илэрхийлээд ажилд нь амжилт хүсэн ерөөе. Үзэгч, сонсогчдоо хүндэтгэн бидний урилгыг хүлээн аван хүрэлцэн ирж ая дуугаа өргөсөн бүх уран бүтээлчдээ баярлалаа, Та бүгдийг үргэлж урлагийн Янжинхлам бурхан ивээж байх болтугай. "Найрсаг Улаанбаатарын төлөө" уриатай зохион байгуулагдаж өндөрлөсөн юм.
Тоймыг бэлтгэсэн: Х.Даваа
Зочин · 2014/09/28
Зочин · 2014/09/27
Зочин · 2014/09/27
Зочин · 2014/09/27
Зочин · 2014/09/27
Зочин · 2014/09/27
Зочин · 2014/09/27
pppppppp · 2014/09/27
http://Cash4Visits.com/ref.php?refId=327431