Шинжлэх ухаан өндөр хөгжсөн ч нууц нь тайлагдаагүй өчнөөн олон зүйл байгаль дэлхийд байсаар байгаа.

Түүний хамгийн энгийн жишээ нь алмас хэмээх аварга биет, хүн төрхт амьтны тухай ярианууд юм. "Алмас бол хүн үүссэн цагаас эхлэн хүнтэй зэрэгцэн амьдарч, байгалийн урт удаан шалгарлын явцад дэлхий дээр устан үгүй болж буй хүн төрхт нэгэн зүйлийн зэрлэг садан төрөл юм" гэсэн таамаг дэлхийн эрдэмтэн судлаачдын дунд байдаг. Эртний дорно дахины судар шастирт алмасыг "сан шин", "рийдэг саншин" гэж тэмдэглэсэн байх ба энэ нь хүн гөрөөс гэдэг утга илэрхийлдэг байна. Хадны сүг зурагт алмасыг аргаль, янгир, буга, гөрөөс даган явж буй байдлаар дүрсэлсэн байх нь олонтаа. Алмасыг монголчууд хүн гөрөөс, өвөг гөрөөс, хүн хар баавгай, хүн хар гөрөөс, хүн аюу, хар авхай, загийн шар эмгэн гэх мэтээр заавал хүнтэй холбон нэрлэдэг байжээ.

Монголд алмас хэмээх хүн гөрөөсийг хайж дорвитой судалгаа хийсэн хүн бол судлаач Равжирын Равжир юм. Тэрээр алмасын мөрөөр Монгол Алтайн нуруугаар 1340 хоног аялж олон арван домог, хууч яриануудыг цуглуулж, хэд хэдэн удаа алмасын мөрийг олж хэвжүүлж буулган авсан байдаг бөгөөд гурван ч удаа алмасыг харсан гэдэг. "Судлаач Р.Равжирын авсан алмасын хэмээгдэх зураг, мөрнийх нь хоёр зураг надад байсан. Их цаасан дотроосоо олдоггүй. Мөр нь гэхэд л томхон шиг хүний тавхайнаас хоёр дахин том юм билээ" гэж соёлын гавьяат зүтгэлтэн сэтгүүлч Галсангийн Жамьян хуучилж байна. Равжир өөрийн судалгааны ажлын үр дүнгээ нэгтгэн "Алмас сурвалжилсан тэмдэглэл", "Энэ хүн мөн үү" гэсэн хоёр ном хэвлүүлсэн байдаг. Түүний Алтайн нуруунд явуулсан судалгааны ажлыг БНМАУ-ын ШУА болон академийн ерөнхийлөгч Б. Ширэндэв, билгүүн номч Б.Ренчин, доктор Д. Майдар нар ил далд дэмжиж, дэлхийн шинжлэх ухаанд нээлт болгон оруулах горьдлого тээж байжээ. Алмасыг барихын тулд бүр Сайрын уулыг цэргээр бүслүүлэхийг хүртэл оролдож байсан гэдэг яриа Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын хөгшчүүлийн дунд байдаг. 1973 оны долдугаар сард Р.Равжир Ховд аймгийн Эрдэнэбүрэн, Баян-Өлгий аймгийн Толбо сумын нутгийн заагт орших Сайрын уулнаас алмасын мөр олж, түүнийгээ хэвжүүлж, зургийг нь аваад ШУА болон доктор Б.Ренчинд захидлаар илгээсэн байдаг. Энэ явдлаас нэлээд хэд хоногийн дараа Ренчин гуайгаас түүнд "Та эрэлдээ гарсан эхний өдөртөө алмасын мөр, үс ноос зэргийг олж дээжээ хүргүүлсэн явдал бол алмасыг амьдаар нь барих түмэн өлзийтэй сайхан үйлсийн эх биз ээ. Таны явуулсан гөлтгөнө хэвийг Польшийн эрдэмтэн Флавенскийд явуулав. Гэрэл зургийг Бельгийн хүн судлалын доктор Хайбалмансад явууллаа. Тэр хүн бүх насаараа хүний өвгийг судлах ажлын төлөө хүчин зүтгэж яваа хүн юм. Танд шинэ шинэ амжилт хүсье" гэсэн захидал иржээ. Энэ явдлаас хойш хориод хоногийн дараа Равжирт бас нэгэн захидал ирсэн нь Хайбалмансын захидал болоод түүний монголчилсон эх хувилбар байж. Доктор Хайбалманс 1974 онд бичсэн номондоо "Монгол Алтайгаас Р.Равжирын олсон алмасын мөр 36.5 см урт байгаа нь хэрвээ түүнийг хүн байна гэж үзвэл хоёр метр 24 см өндөр нуруутай байх бөгөөд түүнд гутал өмсгөвөл 52-54 размерын гутал таарах ёстой" гэж бичжээ. XVIII зууны дунд үед амьдарч байсан Өвөрлөгч хошууны найман вангийн хүү Жамбалдорж маарамба хэмээгч "Омон түмбий" гэдэг ном бүтээж, номондоо алмасын зургийг зурж, алмасын цөсийг эмэнд хэрэглэдэг "Лха эрдэнэ" гэдэг гэж тэмдэглэн үлдээжээ. Лха эрдэнэ хэмээх алмасын цөсийг хүний шарх, цус алдалтад эрхэм тустай гэсэн байдаг. "Омон түмбий" хэмээх энэ судар Монгол Улсын үндэсний номын санд хадгалагдаж байдаг тухай яриа бий.

Өөр нэгэн сонирхолтой баримт бол алмасын арьсыг хадгалж байсан тухай түүх юм. 1892 онд Эрдэнэ Бишрэлт хамба Галсанчой гэгчид Далай ламаас бэлэг иржээ. Түүний бэлгэн дунд алмасын арьсан чихмэл байсан бөгөөд уг чихмэлийг хүрээний олон бурхдын адагт залжээ. Уг чихмэл 1930-аад оныг хүртэл тус хийдэд хадгалагдаж байгаад 1939 онд хийдийг тараахад устаж алга болсон тухай яриа байдаг. Үүнээс гадна 1937 онд Үзэмчний алтан үүрэгт бадарчин гэж алдаршсан Лувсандоной бадарчин Лхас ороод буцаж явахдаа Цэнхэр номингийн говиос заган дунд үхсэн байсан эрэгчин хүн гөрөөс олжээ. Тэрээр түүнийгээ өвчиж арьс, цөсийг нь аваад Богдын хүрээнд ирсэн аж. Тухайн үед зөв хатаасан хүн гөрөөсний цөс маш үнэтэйд тооцогддог байжээ. Маарамбууд түүгээр эдгэшгүй хүнд өвчнийг эмчлэх эм хийхэд хэрэглэдэг байв. Лувсандоной бадарчин алмасын цөсөө Богдын эмч Луу маарамба гэгчид чигчий хуруу дайтай алтаар зарсан байдаг. Мөн хүн гөрөөсний давсалсан арьсаа Галбын улаан сахиусны хийдэд өргөл болгон өгсөн гэх. Хийдийн урчууд түүгээр чихмэл хийсэн бөгөөд уг чихмэл хоёр метр орчим өндөр, цээж өргөн, бөгс шувтан, урт гартай, хамрынхаа угт ойрхон улаан нүдтэй, ганц хуруу орчим өргөн духтай, зулайгаараа хавтгай, хойшоо гээдэн толгойдоо азарганы дэл мэт үстэй, биеэрээ улаан саарал ноолуурхаг үстэй, суга цавиараа нимгэн үстэй, цүрдгэр гэдэстэй, нүүрэндээ хөмсөг, сормуус, сахлаас өөр үсгүй, хөлийн эрхий хуруу, долоовор хуруу нь том, палбагар өргөн тавхай нь тэмээний тавхайтай адил зузаан эвэрлэг сайртай байсан тухай Лувсандоной бадарчин хуучилжээ. Энэ хүн Төв аймгийн Баянзүрх сумын харьяат, 1974 онд 72 настай хүн байжээ. Уг чихмэл мөн 1939 онд Галбын хийдийг буулган үрэн таран хийхэд алга болжээ.

Алмасыг Америкт "big foot", Канадад "sasquatch", Хойд Кавказад каптар, Түвдэд "yeti", Орост снежный человек гэж нэрлэдэг байна. Тэдний цуглуулсан баримт мэдээллүүд ч гэсэн монголчуудын дунд байдаг алмас буюу хүн гөрөөсний төрх байдалтай адил байгаа нь энэ амьтныг үнэхээр байдаг гэдэг итгэл үнэмшлийг өөрийн эрхгүй төрүүлнэ. Энэ олон улс үндэстний эрдэмтэн судлаачид үгсэн нийлж худал домог зохиох боломжгүй баймаар. Анх 1800-гаад оны үест алмасын тухай мэдээлэл барууны ертөнцөд хүрчээ. Алмасыг Түвд, Балба улсын нутагт, Гималайн нуруунд олноор байдаг гэж үздэг. 1832 онд Б.Х.Ходжсоны аяллын тэмдэглэлийг "Бенгалийн Ази нийгэмлэгийн сэтгүүл"-д нийтэлсэн бөгөөд уг нийтлэлд Ходжсон Умард Балбад аялахдаа өндөр, бүх бие нь бараан өнгийн үсээр хучигдсан, хоёр хөл дээрээ явдаг амьтныг олж харснаа бичиж, түүнийг орангутан мич хэмээн нэрлэж байжээ. 1889 онд "Among the Himalayas" номондоо Лоренс Уэддэл алмасын мөрийн тухай олон баримтыг иш татсан хэдий ч, өөрөө тэдгээрийг том баавгайн мөр гэж үзжээ. Нэр дурьдсан хүмүүс алмасын тухай өөрсдийн хөтөч, нутгийн иргэдээс сонсож мэдсэн нь тодорхой. XX зуун эхлэхэд өндөр уулсын бүсэд аялах явдал эрчимжиж, барууныхан Түвд, Балбаар аялах нь түгээмэл болсноор алмасын тухай мэдээлэл олшроход хүргэв. 1925 онд Цэмү мөсөн голын ойролцоо далайн түвшнээс дээш 4600 м өндөрт алмас харснаа Газарзүйн нийгэмлэгийн зурагчин Н.А.Томбази бичжээ.

1950-иад онд ЗХУ-д Шинжлэх ухааны академи сурвалжлагч гишүүн В.Л.Обручевийн санаачлагаар алмасын мөрөөр мөшгих судалгааны багийг байгуулж 1958 онд Памирт судалгааны экспедицийг зохион байгуулж олон баримт мэдээллийг цуглуулсан байна. 1953 онд анх Эвэрестэд авирсан Эдмунд Хиллари, Дэнзэн Норгай нар алмасын мөр харснаа илтгэж байснаа хожим тэр үгээ няцаах болсон байдаг. Тэднийг сэтгүүлчдээс залхсандаа энэ мэдээллээ няцаах болсон гэлцдэг. Алмасын экспедицийг 1954 онд Жон Анжело Жексон удирдан алмасын дүрсүүд болон олон тооны мөрийн зургийг авчээ. Тэрээр Панбучи хийдээс алмасын гэгдэх гавлын ясны үлдэгдэл хадгалагдаж байсныг мэдээд үс хялгасных нь дээжийг профессор Фредерик Вүүд Жонст хүргүүлжээ. Жонс тэдгээр хялгасыг баавгай, мич мэтийн олон амьтдынхтай харьцуулан олон хоног өдөр микроскоп шагайн суусан ч чухам ямар амьтных болохыг тогтоож чадаагүй бөгөөд мич, баавгай, ер нь нэр мэдэгдэх ямар ч амьтных биш гэсэн дүгнэлт гаргажээ. 1957 онд Америкийн нефтийн магнат Том Слик алмасын эрэлд явах хэд хэдэн экспедицийг санхүүжүүлсний дүнд 1959 онд судлаачдын олсон алмасын гэх ялгадаснаас шинжлэх ухаанд танигдаагүй шимэгч олджээ.Алмасын тухай хамгийн шуугиан тарьсан нэгэн явдал 1967 оны аравдугаар сарын 20-ны өдөр АНУ-ны хойд Калифорнийн уулс Блаф Крикийн хөндийд болжээ. Хээрийн судалгаа хийж байсан судлаач Рожер Паттерсон, Роберт Гимлин нар алмастай тулгарч түүнийгээ кино хальсанд буулгасан байдаг. Энэхүү кино хальсанд буусан бичлэгийн үнэн худал эсэх нь одоог хүртэл хүмүүсийн дунд маргаантай хэвээрээ байдаг.

2008 оны аравдугаар сарын 20-нд япон долоон уулчин алмасын мөрийн зургийг авчээ. Багийн ахлагч Ёшитеру Такашито өмнө нь 2003 онд тэнд экспедицэд оролцож явахдаа алмас харсан гэж нотолдог бөгөөд аз таарвал ирээдүйд алмасын зургийг авахыг хүсдэг ажээ. 1430 онд Монгол гүрэнд аялсан герман эр Ханс Шилтбергерийн үлдээсэн тэмдэглэлд алмасын тухай болон монгол тахийн тухай дурьджээ. Тэр ч байтугай Николай Пржевальский Монголд 1871 онд алмас ажигласан гэдэг.

Л.БАТЦЭНГЭЛ