Монголдоо ганц "Гэмтэл согог үндэсний төв" нь нэг хэсэг хариуцах эзэнгүй шуугиан дэгдээж байсан билээ. Энэхүү асуудал намжиж тус эмнэлэгийг захирах эзэнтэй болсон.

Тэгвэл МХЕГ-аас 2014 онд хяналт шалгалт хийхээр зарлагдсан эрсдэлтэй эмнэлгүүдэд хяналт шалгалт хийжээ. Уг шалгалтаар Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн эмч нар улсын эмнэлгийг ашиглан өөрийн хувийн дурангийн аппаратаар, гэр бүлийн гишүүний компаниас ханган нийлүүлэлтийг чанарын баталгаажилтгүйгээр, эмийн сангаар дамжуулан нийлүүлэлт хийхгүйгээр авч хиймэл үе, имплант хэрэглэдэг байсныг тогтоожээ.

Эдгээр баталгаагүй эмнэлгийн хэрэгсэл, хиймэл үе, имплантыг хагалгааны тасгийн өрөөнүүдэд өөрсдийн “мэдэлд” хадгалан хагалгаанд хэрэглэдэг байсан аж. ГССҮТ-д үе түнхний хагалгааг хоёр өөр үнээр хийдэг. Тухайлбал, уг хагалгааг ГССҮТ-ийн нэг давхарт 4600 доллар, нөгөөд нь 3600 доллараар хийж байжээ. Ингэхдээ эмч нь хувийн аппаратаа ашиглаад, “Би БНСУ-д сурч ирээд хувийн аппаратаа ашиглаад ард түмний сайн сайхны төлөө үүнийг хийж байгаа” гэсэн тайлбартайгаар уг хагалгааг хийдэг байна. Тус төвд дурангийн хоёр аппарат бий. Нэг нь хувь хүнийх, нөгөө нь байгууллагынх юм байна. Уг нь Засгийн газрын 2012 онд гаргасан тогтоолоор үений хагалгаа хийлгэсэн хүнд таван сая төгрөг буцаан олгогдож байгаа.

Гэсэн хэдий ч Эрүүл мэндийн сайдын 2006 онд гаргасан 277 тоот тушаалаар төлбөртэй тусламж үйлчилгээг үзүүлэх жагсаалт гэж батлагдаж гарсан. Үүнийг эрүүл мэндийн байгууллагад үнэ төлбөртэй үзүүлэх тусламж үйлчилгээний жагсаалт болон тарифыг үйлчлүүлэгчид ил тод байлгах, байгууллагын дарга нь тусламж үйлчилгээ төлбөртэй үзүүлэх замаар олсон орлогыг төвлөрүүлж зарцуулах журмыг баталж хэрэгжүүлэх, эрүүл мэндийн байгууллага хавсралтад заагдсан төлбөртэй үзүүлэх тусламж үйлчилгээ, шинээр нэвтэрч байгаа өртөг өндөртэй болон улсын хэмжээнд дангаараа үзүүлэх тусламж үйлчилгээний төлбөрийн хэмжээг тогтоохдоо өөрийн байгууллагын тооцоог судалсаны үндсэн дээр саналаа Эрүүл мэндийн яаманд хүргүүлж зөвшилцсөний үндсэн дээр батална зэргийг нэр бүхий эмч нар зөрчжээ.

Ийнхүү улсын эмнэлгийг ашиглан өөрийн хувийн дурангийн аппаратаар, гэр бүлийн гишүүний компаниас ханган нийлүүлэлтийг чанарын баталгаажилтгүйгээр, эмийн сангаар дамжуулан нийлүүлэлт хийхгүйгээр өөрсдөө авч хагалгааны тасгийн өрөөнүүдэд 4-6 эмчийн “мэдэлд” хадгалан эмнэлгийн хэрэгсэл, хиймэл үе, имплант авч хэрэглэн, нэг үеийг 3500-4500 ам.доллароор үе суулгах хагалгааг хийж байгаа нь эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг ноцтой зөрчсөн үйлдэл нь илэрлээ.

Ингэснээр Эрүүл мэндийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4.3 дахь заалт, 26 дугаар зүйл, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1.дэх заалтыг, Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг баталсан Эрүүл мэндийн сайдын 2013 оны 496 дугаар тушаалыг зөрчиж байна гэсэн үг. ГССҮТ-д өнгөрсөн оны долдугараас эхлэн энэ оны зургаадугаар сарын 03-ныг хүртэлх хугацаанд 357 хүнд түнхний болон өвдөгний үе солих хагалгааг хийлгэжээ. Гэмтлийн гаралтай, хамааралтай өвчний улмаас түнхний үе солиулсан 129, өвдөгний үе солиулсан 0. Харин гэмтлийн гаралтай бус өвчний улмаас хамааралтайгаар 228, үүнээс түнхний 10, өвдөгний үе солих хагалгаа 218 хийлгэсэн байна.

Монгол улсын Засгийн газрын 2012 оны 184 тоот тогтоолын 2 дугаар хавсралтаар үений протезийн үнийн жагсаалтыг хиймэл түнхний үе 6 сая, хиймэл өвдөгний 5 сая төгрөгөөр баталж Нийгмийн халамжийн сангаас ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгогддог юм.

Үений хагалгаанд шаардлагатай имплантуудын үнийг эмнэлгийн төсөвт суулгаж, тендер сонгон шалгаруулалтанд хамруулж, хангахгүй байгаагаас эмч нарын оролцоотойгоор ханган нийлүүлэх байгууллагаас иргэд өөрсдөө худалдаж авч хуулийн заалт зөрчих нөхцөл бүрдсэн байна.

Х.Даваа