Өнгөрч буй долоо хоногийн "Дуулиант 7" үйл явдлыг онцлон хүргэж байна. Энэхүү дуулиант долоогийн жагсаалтанд улс төр, эдийн засаг, нийгэм, спорт, соёл урлагт өрнөсөн үйл явдал болоод онцлох нийтлэлийг тоймлон хүргье.

1.-Н.Энхбаяр эх орондоо ирлээ-

МАХН-ын дарга Н.Энхбаяр эх орондоо энэ сарын 10-нд ирлээ. Намын нөхөд нь түүнийг онгоцны буудал дээр тосч авсан юм.  Тэрбээр Солонгос улсад эмчилгээ хийлгэж байгаа эмнэлгээсээ түр чөлөө аван иржээ. Солонгос улсын хэвлэл мэдээллийн хэрэгслэээр түүнийг иргэншилээ сольсон тухай цацагдсан. Тэгвэл энэ тухайд "Яаж тийм зүйл байхав дээ. Солонгосын хэвлэлийнхнээс сураглахад Монголоос тийм мэдээлэл авсан гэж хариулж байна лээ. Манай Монголчууд л тийм буруу мэдээлэл өгсөн юм билээ" гэсэн юм. 

Мөн түүнд  дахин эрүүгийн хэрэг үүсгэсэн гэх мэдээллийн талаар тодруулахад, Эрүүгийн хэргийн хувьд буруу хийсэн юмгүй болохоор хэрэгсэхгүй болох байх гэж бодож байгаа. Үнэхээр шударга хууль байгаа гэдэгт би итгэж байгаа. Би эмнэлэгтэйгээ ярьж байгаад тодорхой хугацааны дараа явах болно хэмээн хариулсан. 

2.- Туул гол Дэлхийн хамгийн их бохирдсон голын тавдугаар байрт жагсав- 

Нийслэлчүүдийн ундны усны хэрэгцээг хангаж байгаа Туул гол бохирдолоороо дэлхийн хамгийн их бохирдсон голуудын тавдугаарт ордог бөгөөд энэхүү судалгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага гаргасан байна.

Туул гол нь Хан Хэнтийн нурууны салбар уулсаас эх авсан Нэргүй, Номин голын уулзвараас /Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг/ эхлэн Орхон голд цутгах хүртлээ /Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын нутаг/ 717 км замыг туулдаг. Үүнээс 152 км нь Улаанбаатар хотоос дээш, 93 км нь Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт, 472 км нь нийслэл хотоос доош хэсэгт хамрагддаг аж. Байгаль орчин, хэмжил зүйн төв лаборатори Улаанбаатар орчимд Туул голын дагууд 13 цэгээс сар бүр тогтмол усны сорьц авч чанарын хяналт тавьдаг ч лабораторийн хүчин чадал, техник тоног төхөөрөмж дутагдалтайгаас шалтгаалан одоогийн байдлаар Туул голын усанд нянгийн болон хүнд металлын шинжилгээ хийгдэхгүй байгаа аж. Туул голын усны бохирдлын олон жилийн нөлөөллөөс шалтгаалан голын ёроолын хурдас, хагшаас бохирдсон боловч голын ёроолын хагшаасны бохирдлын судлагаа шинжилгээ хийх лабораторийн нөхцөл боломж мөн дутмаг байгаа гэлээ. Улаанбаатар хотод 2014 оны байдлаар арьс шир боловсруулах 27, ноос, ноолуур боловсруулах 27, өлөн боловсруулах 16 үйлдвэр байгаа ба эдгээр үйлдвэрүүдээс гарч байгаа бохир ус нь Төв цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаанд хүндрэл учруулдаг байна. Улаанбаатар хотын нутаг дэвсгэр дэх усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсэд орсон элс хайрга олборлодог 84 аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцлуулахаар Уул уурхайн яам, Ашигт малтмалын газарт санал хүргүүлж, элс хайрга олборлодог 29 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоосон байна. Гэвч бүтээн байгуулалтын ажил зогсох, барилгын түүхий эдийн хомсдолд орж барилгын үнэ нэмэгдэх зэрэг бэрхшээлтэй тулгарч байгаа юм. Иймд цаашид Улаанбаатар хотын үйлдвэрийн болон ахуйн хэрэглээнээс гарсан бохир усыг стандартын шаардлага хангахуйц хэмжээнд цэвэрлэх хүчин чадал, дэвшилтэт технологи бүхий шинэ цэвэрлэх байгууламж барих, Туул гол дээр усан цогцолбор байгуулах, Туул голын хамгаалалтын бүсэд нэмж газар олгохгүй байх, нэгэнт бий болсон суурьшлын бүсэд үерийн хамгаалалтын асуудлыг цогцоор шийдэх, газар болон усны нөөц ашиглалтанд онцгой албан татвар ногдуулах эрх зүйн орчин бүрдүүлэх, Туул голын татам, хамгаалалтын бүсэд элс хайрга олборлож буй аж ахуйн нэгжүүдийн тусгай зөвшөөрлийг цуцлах, арьс шир, ноос, ноолуур боловсруулах үйлдвэрүүдийг хотоос гаргах зэрэг шийдвэрлэх асуудлууд байгааг салбарын сайд танилцуулсан юм. 

3.-ГССҮТ-ийн нэр бүхий эмч нар үе, түнхний хагалгаагаар мөнгө угаадаг нь тогтоогджээ-

МХЕГ-аас 2014 онд хяналт шалгалт хийхээр зарлагдсан эрсдэлтэй эмнэлгүүдэд хяналт шалгалт хийжээ. Уг шалгалтаар Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн эмч нар улсын эмнэлгийг ашиглан өөрийн хувийн дурангийн аппаратаар, гэр бүлийн гишүүний компаниас ханган нийлүүлэлтийг чанарын баталгаажилтгүйгээр, эмийн сангаар дамжуулан нийлүүлэлт хийхгүйгээр авч хиймэл үе, имплант хэрэглэдэг байсныг тогтоожээ. Эдгээр баталгаагүй эмнэлгийн хэрэгсэл, хиймэл үе, имплантыг хагалгааны тасгийн өрөөнүүдэд өөрсдийн “мэдэлд” хадгалан хагалгаанд хэрэглэдэг байсан аж.

ГССҮТ-д үе түнхний хагалгааг хоёр өөр үнээр хийдэг. Тухайлбал, уг хагалгааг ГССҮТ-ийн нэг давхарт 4600 доллар, нөгөөд нь 3600 доллараар хийж байжээ. Ингэхдээ эмч нь хувийн аппаратаа ашиглаад, “Би БНСУ-д сурч ирээд хувийн аппаратаа ашиглаад ард түмний сайн сайхны төлөө үүнийг хийж байгаа” гэсэн тайлбартайгаар уг хагалгааг хийдэг байна. Тус төвд дурангийн хоёр аппарат бий. Нэг нь хувь хүнийх, нөгөө нь байгууллагынх юм байна. Уг нь Засгийн газрын 2012 онд гаргасан тогтоолоор үений хагалгаа хийлгэсэн хүнд таван сая төгрөг буцаан олгогдож байгаа. Гэсэн хэдий ч Эрүүл мэндийн сайдын 2006 онд гаргасан 277 тоот тушаалаар төлбөртэй тусламж үйлчилгээг үзүүлэх жагсаалт гэж батлагдаж гарсан. Үүнийг эрүүл мэндийн байгууллагад үнэ төлбөртэй үзүүлэх тусламж үйлчилгээний жагсаалт болон тарифыг үйлчлүүлэгчид ил тод байлгах, байгууллагын дарга нь тусламж үйлчилгээ төлбөртэй үзүүлэх замаар олсон орлогыг төвлөрүүлж зарцуулах журмыг баталж хэрэгжүүлэх, эрүүл мэндийн байгууллага хавсралтад заагдсан төлбөртэй үзүүлэх тусламж үйлчилгээ, шинээр нэвтэрч байгаа өртөг өндөртэй болон улсын хэмжээнд дангаараа үзүүлэх тусламж үйлчилгээний төлбөрийн хэмжээг тогтоохдоо өөрийн байгууллагын тооцоог судалсаны үндсэн дээр саналаа Эрүүл мэндийн яаманд хүргүүлж зөвшилцсөний үндсэн дээр батална зэргийг нэр бүхий эмч нар зөрчжээ. Ийнхүү улсын эмнэлгийг ашиглан өөрийн хувийн дурангийн аппаратаар, гэр бүлийн гишүүний компаниас ханган нийлүүлэлтийг чанарын баталгаажилтгүйгээр, эмийн сангаар дамжуулан нийлүүлэлт хийхгүйгээр өөрсдөө авч хагалгааны тасгийн өрөөнүүдэд 4-6 эмчийн “мэдэлд” хадгалан эмнэлгийн хэрэгсэл, хиймэл үе, имплант авч хэрэглэн, нэг үеийг 3500-4500 ам.доллароор үе суулгах хагалгааг хийж байгаа нь эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг ноцтой зөрчсөн үйлдэл нь илэрлээ. Ингэснээр Эрүүл мэндийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4.3 дахь заалт, 26 дугаар зүйл, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1.дэх заалтыг, Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг баталсан Эрүүл мэндийн сайдын 2013 оны 496 дугаар тушаалыг зөрчиж байна гэсэн үг. ГССҮТ-д өнгөрсөн оны долдугараас эхлэн энэ оны зургаадугаар сарын 03-ныг хүртэлх хугацаанд 357 хүнд түнхний болон өвдөгний үе солих хагалгааг хийлгэжээ. Гэмтлийн гаралтай, хамааралтай өвчний улмаас түнхний үе солиулсан 129, өвдөгний үе солиулсан 0. Харин гэмтлийн гаралтай бус өвчний улмаас хамааралтайгаар 228, үүнээс түнхний 10, өвдөгний үе солих хагалгаа 218 хийлгэсэн байна.

Монгол улсын Засгийн газрын 2012 оны 184 тоот тогтоолын 2 дугаар хавсралтаар үений протезийн үнийн жагсаалтыг хиймэл түнхний үе 6 сая, хиймэл өвдөгний 5 сая төгрөгөөр баталж Нийгмийн халамжийн сангаас ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгогддог юм. Үений хагалгаанд шаардлагатай имплантуудын үнийг эмнэлгийн төсөвт суулгаж, тендер сонгон шалгаруулалтанд хамруулж, хангахгүй байгаагаас эмч нарын оролцоотойгоор ханган нийлүүлэх байгууллагаас иргэд өөрсдөө худалдаж авч хуулийн заалт зөрчих нөхцөл бүрдсэн байна.

4.-Монгол улсын инфляци өндөр, төсвийн тэнцэл дарамттай байгааг анхаарууллаа-

Дэлхийн банкнаас гаргасан "Зүүн Ази, Номхон далайн бүсийн эдийн засгийн мэдээлэл” илтгэлд тус бүс нутгийн хувьд эдийн засаг нь хамгийн хурдацтай өсч буй бүс нутаг байхыг тодотгов. Энэ оны хувьд БНХАУ болоод бусад улс орнуудын эдийн засгийн өсөлт удаашралтай байх магадлалтай гэсэн таамаглалыг дэвшүүлжээ. 2013 онд 7,2 хувийн эдийн засгийн өсөлттэй гарч байсан Зүүн азийнхан 2014 оныг 6,9 хувийн өсөлттэйгээр үдэх нь бололтой. Бүс нутагтаа төдийгүй дэлхийн эдийн засагт хүчтэй нөлөө үзүүлэгч Хятад улсын хувьд ч эдийн засгийн өсөлт нь 7,4 хувиас 2015 гэхэд 7,2 хувь буурахаар байгаа аж. Хятад, Малайз, Вьетнам, Камбож зэрэг улс орнууд экспортоо нэмэгдүүлэх, олон улсын худалдааг хөгжүүлэх чиглэлээр илүүтэй санаачлагатай ажиллаж байгааг Дэлхийн банк онцолжээ. Ноён Дини Джалал "Хонконг бол өндөр орлоготой хөгжиж буй орон. Тиймээс тус улсад үүсээд байгаа улстөрийн тогтворгүй байдал нь эдийн засаг, санхүүгийн тогтворгүй байдлыг дагуулах уу гэдгээс бүх зүйл шалтгаална. Тус улсын өөрийнх нь эдийн засаг удаашрах магадлалтай ч бусад улс, оронд, цаашлаад бүс нутгийн эдийн засагт нөлөөлөх эсэхийг бид үргэлжлүүлэн ажиглах болно" хэмээсэн юм. Харин Монголын эдийн засаг ихээхэн хэмжээгээр удааширсныг Дэлхийн банк мөн онцлов. 2013 оны хоёрдугаар улиралд 14,4 хувьтай байсан эдийн засаг энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 5,3 хувь болон буурсан төдийгүй инфляци өндөр, төсвийн тэнцэл дарамттай байгааг анхааралдаа авахыг санууллаа. Гэвч эдийн засгийн энэхүү бууралтыг саараар бус сайнаар харах ч үндэс байгаа гэв. Сүүлийн гурван жилд Монголын эдийн засаг их хэмжээний өсөлттэй байснаас үүдсэн сөрөг үр дагаврыг арилгаж, ирээдүйн бодиттой бөгөөд бага хэмжээний өсөлтийг хангах үндсийг яг одоо тавих ёстойг анхаарууллаа. Мөнгө, төсвийн бодлогоо чангатгах шаардлагатай ажээ.

5.-С.Цэрэнчимэд, О.Үйтүмэн нар аваргаллаа-

АНУ-ын Нью-Жерси мужид цэргийн дэлхийн аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээн болж байгаа билээ. Тус тэмцээний хоёр дахь өдөр буюу өчигдөр дэвжээнд гарсан манай тамирчид алтан медалийн эзэд болов. Эмэгтэйчүүдийн 60 кг-д хүч үзсэн насанд хүрэгчид, залуучуудын дэлхийн аварга С.Цэрэнчимэд алтан медаль хүртсэн бол эрэгтэйчүүдийн 86 кг-ын жинд барилдсан олон улсын хэмжээний мастер О.Үйтүмэн төрийн дууллаа эгшиглүүллээ. Тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 61 кг-ын жинд хүч үзсэн олон улсын хэмжээний мастер Н.Лхамгармаа, 70 кг-д барилдсан гавьяат тамирчин Г.Мандахнаран нар мөн алтан медалийн эзэд болсон. Түүнчлэн эрэгтэйчүүдийн 57 кг-д барилдсан Д.Цогтбаатар мөнгөн медаль хүртсэн, 65 кг-ын жингийн ангилалд хүч үзсэн Б.Батмагнай хүрэл медалийн тавцанд зогссон бол эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд барилдсан Ц.Бямбазаяа, 58 кг-д хүч үзсэн Д.Орхон нар мөнгөн медаль хүртсэн байна.

6.-МУГЖ,Дуучин Д.Оюунтүлхүүр уран бүтээлийнхээ нээлтийг хийв-

МУГЖ,Дуучин Д.Оюунтүлхүүр шинэ клип, нэвтрүүлгийг хийж байгаа гээд шинэ содон мэдээллийг хүргэлээ. Мөн "Хайрын эгшиг" өөрийн бие даасан тоглолтоо хийхээр болсноо дуулгасан юм. Түүний шинэ клипүүд "Зүрхэнд туссан гэгээ", 'Нүдээ аниад бодоорой", "Энэрэл хайр’ дуунуудаа дүрсжүүлэн үзэгчдийн хүртээл болгохоор бэлэн болжээ. Түүнчлэн телевизийн нэвтрүүлэг хийж байгаа аж.  Тун удахгүй Д.Оюунтүлхүүр "Хайрын эгшиг" бие даасан тоглолт Соёлын төв өргөөнд ирэх 11 сарын 01,02-нд 19:00 цагаас болохоор товоо зарлав.

Дашрамд дуулгахад, Япон-Монголын найрамдалт харилцаанд оруулсан Д.Оюунтүлхүүрийн хувь нэмрийг үнэлж, Японы засгийн газраас нэрэмжит шагналаа өгөх болсныг түүний тоглолт дээр нь гардуулахаар болсон байна. 

7.-Гурван хүн барилга дээрээс унаж амь насаа алджээ-

Аравдугаар сарын 08-ны өдөр гурван хүн барилга дээрээс унаж амь насаа алджээ. Тодруулбал, Баянзүрх дүүргийн “Шинэ гарьд” компанийн барилгын 13 давхарт пасадны засвар хийж байсан 23 настай ажилтан унаж амь насаа алджээ. Мөн Баянгол дүүргийн 20 дугаар хороонд “Тунамал үйлс” компанийн агуулахын барилгыг засаж байсан 41 настай Г нь таван метрийн өндрөөс унаж амь насаа алдсан хэрэг гарчээ. Түүнчлэн Дархан-Уул аймагт “Парк таун” хорооллын барилгын 10 давхраас “Минж проперти” компанийн ажилтан 39 настай залуу амь насаа алдаж, хоёр хүн бэртжээ. Энэхүү барилгын өргөгч тавцаны тросс тасарсны улмаас осол гарсан нь тогтоогдсон байна. Эдгээр хэргийг цагдаагийн байгууллагад үргэлжлүүлэн шалгаж байгаа юм.

 

Тоймыг бэлтгэсэн: Х.Даваа