Сүүлийн үед авто замын чанарын асуудал их яригдах болсон. Хүн болгон л манайхны барьж байгаа зам гэж хэрэг алга ганц усархаг борооны дараа эвдэрч байна гэх шүүмжлэлийг дагуулж байгаа. Тэгвэл шинээр баригдаж буй авто зам, замын байгууламж, онгоц хөөрч буух зурвасын барилга угсралтын ажил, авто замын ашиглалтын байдалд шалгалт хийжээ. 

Энэ онд нийт 37 чиглэлд 1886,4км зам 2040,86м урт гүүр баригдаж байгаа аж. Улсын хэмжээнд шалгалтанд 12 аймгийн нутаг дэвсгэрт гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр 141.7 сая ам.долларын өртөгтэй 4 авто зам, Улсын төсвийн хөрөнгөөр 582.266,3 сая төгрөгийн өртөгтэй 21 авто зам, гүүрийн барилга угсралт, засвар шинэчлэлтийн ажлууд хамрагдсан байна. Харин баруун бүсийн 5 аймгийн нутаг дэвсгэрт хэрэгжиж байгаа 13 объектийн 976.7 км авто замын барилга угсралтын ажлууд, зүүн бүсийн 12 объектийн 464.57 км авто замын барилга угсралтын ажлууд, говийн бүсийн 207.7 км авто замын барилга угсралтын ажлууд, 2000 ум гүүрийн барилга угсралтын ажлууд,тухайн аймгийн нутаг дэвсгэр дэх авто замын ашиглалтын байдал мөн хамрагджээ.

Авто замын ашиглалтын байдалд илэрсэн зөрчил дутагдал

Улаанбаатар-Дархан-Сүхбаатар, Улаанбаатар-Мандалговь, Дуутын даваа-Мөрөн чиглэлийн 50 км хатуу хучилттай авто зам, Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн хатуу хучилттай авто зам, Улаанбаатар-Лүн, Арвайхээр-Нарийнтээл чиглэлийн хатуу хучилттай авто замын зорчих хэсгийн нийт уртад, асфальтбетон хучлагад торон дагуу болон хөндлөн хагарлууд үүссэн, их хэмжээний нүх гарч цоорсон, буталсан чулуун суурь ил гарсан, овойлт үүссэн, хучилтын доороос шаварлаг материал ил гарсан.

Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 67км Загастайн даваа хатуу хучилттай авто зам, замын байгууламжийн барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийн гэрээг цуцалж барилга угсралтын ажлын талбай эзэнгүй замын трассын дагуу тээврийн хэрэгсэл онхол дэнхэл замаар, анхааруулах тэмдэг, хаалт хашилт байхгүй үзэгдэх орчин хангалтгүй зорчиж байгаа. Элсэнтасархай – Хархорины Орхоны гүүр чиглэлийн 77 км авто замын шинэчлэлтийн барилга угсралтын ажил, Арвайхээр – Элсэнтасархай чиглэлийн 40 км авто замын шинэчлэлтийн барилга угсралтын ажлуудыг хөгжлийн банкны санхүүжилтээр санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн. Гэвч эх үүсвэр нь тодорхойгүйгээс санхүүжилтгүй болж барилга угсралтын ажил зогсжээ.

Тээврийн хэрэгсэл шороон замаар зорчиж тоос босон үзэгдэх орчин хязгаарлагдаж тээврийн хэрэгсэл осол аюулгүй зорчих нөхцөл алдагдсан байна.

Гүүрийн барилга угсралтын ажилд гарсан зөрчил дутагдал

Ерөө голын хоёр талын салаа дээрх модон гүүрийн зорчих хэсгийн цагаан шалны материал байхгүй, хайс, дугуй цохигч эвдэрсэн. Ерөө гол дээрх модон гүүрийн зарим тулгуурын бүтээцүүдийн модон материалууд муудсан, дугуй цохигч зарим хэсэгт байхгүй, зорчих хэсгийн цагаан шалны материал цөмөрсөн, завсрын тулгуурын болон эргийн бэхэлгээний мод, чулуу урссан, алгаслал байгууламжийн завсрын тулгууруудын бэхэлгээний модон материал эвдэрсэн, чулуун дүүргэлт урсаж, суултанд орж, урсгалын дагуу хазайсан, тээврийн хэрэгсэл явахад ганхсан.

Сэлэнгэ мөрний салааны төмөрбетон гүүрийн хэв гажилтын заадас зарим хэсэгтээ цоорч, бетон нь эвдэрсэн, мастик бэхэлгээний арчлалт хийгдээгүй, дам нурууны тулах эд анги байхгүй, дугуй цохигчийн хамгаалалтын бетон элэгдсэн. Зэлтэр голын төмөрбетон гүүрийн зарим дам нуруунуудын төгсгөлийн хавирганы хэсэг болон их биеийн хэсгийг тогтоосон хугацаанд нь засварлаагүй, тулах хэсгийн засвар арчлалт хийгдээгүйгээс хамгаалалтын бетон эвдэрч, ажлын арматур ил гарсан, ган тулах элементүүд сулран хөдөлсөн, хэв гажилтын заадсын мастик бэхэлгээний арчлалт хийгдээгүй, гүүрийн завсрын тулгуурын ригелийн угсралтын явцад тэнхлэгийн хэмжээ алдагдсан, дамжих хавтанд хагарал гарсан, гадаргуугийн ус доош нэвчин, ригель, дам нуруу болон дам нуруунуудын хоорондох залгаас ихэнхдээ усанд нэвчиж хүчил болон шүлтийн орчин үүссэн.

Зэлтэр голын салаан дээр баригдсан жижиг төмөр бетон гүүрүүдийн далангийн бэхэлгээ эвдэрч урссан, дамжих хавтан эвдэрсэн, дугуй цохигч унасан, хайс хугарсан, гүүрийн хэв гажилтын заадас зарим хэсэгтээ цоорч, ус тусгаарлагч ажиллахгүй, зорчих хэсгийн гадаргуугийн ус доош нэвчин ригель, дам нуруу болон тэдгээрийн залгаасаар шүлт үүссэн, дам нурууны тулгуур хэсэг эвдэрч суултанд орсон, захын тулгуур, далан, конусын бэхэлгээ эвдэрсэн, дамжих хавтан ил гарсан, парапет байхгүй, хайс эвдэрсэн.

Төв аймгийн Алтанбулаг сумын төвөөс 10 гаруй км-т байршилтай Туул голын модон гүүрийн зарим тулгуурын бүтээцүүдийн модон материалууд илжирч муудсан, дугуй цохигч, хайс зарим хэсэгт хөдөлгөөнд орсон, зорчих хэсгийн цагаан шалны материал цөмөрсөн, завсрын тулгуурын болон эргийн бэхэлгээний мод, чулуу урссан, гүүрийн алгаслал байгууламжийн завсрын тулгуурууд суултанд орж, баруун зүгт хазайсан.

Өмнөх онуудад хийгдсэн хяналт шалгалтаар Завхан аймгийн Их уул сумын Идэрийн голын төмөрбетон гүүрийн барилга угсралтын ажлын чанарыг техникийн шаардлагын хэмжээнд хүргэх талаар үүрэг даалгавар өгсөн боловч биелэгдээгүйгээс чанаргүй барилга угсралтын ажил үргэлжлэн гүйцэтгэгдсээр байна. 

Нийслэл хотын зам ашиглалтын байдал

Улаанбаатар хотод ашиглагдаж байгаа авто замуудын хувьд хорооллын доторх болон хотын зах орчмын авто замуудад замын хашлага дагаж их хэмжээний борооны ус хуримтлагдсан, хашлага эвдэрсэн, замын зорчих хэсгийн асфальтбетон хучилт цоорсон, зам доогуурх инженерийн байгууламжийн орчимд суулт өгч цөмөрсөн, авто зам дээр барилгын материал асгарч зорчих хэсгээр тархсан, иргэд аж ахуйн нэгж байгууллагууд зөвшөөрөлгүйгээр авто зам ухаж эвдэлсэн, гарц гаргасан зэрэг зөрчлүүд илэрчээ.

Тухайлбал, Хасбаатарын гудамжийг Хувьсгалчдын гудамжтай холбох 0,366 км авто замын авто замын зорчих хэсгийн асфальтбетон хучилт автомашины дугуйн мөрөөр хуйларч овойн задарсан, ухагдан хонхойж зорчих хэсэгт их хэмжээний эвдрэл гарсан, Санзайн зуслангаас Бага баян ТӨҮГ хүртэлх 2,8 км авто замын асфальтобетон хучилт эвдэрч, суурийн материал, хучилтын чулуу зарим газруудад хуйларсан, нүх сүв, хагарал гарсан, барзгаржилт үүссэн, тэгш байдал алдагдсан, хөндлөн налууг гаргаагүй.

Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо Драгон төвийн зүүн талд байрлах “Шунхлай” ШТС-ын шатахуун түгээгүүрийн орчны зам талбайн эвдэрсэн, Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо Дандарбаатарын гудамжинд байрлах “Боса” худалдааны төв нь өөрийн барилгын подвалд хуримтлагдсан бохир усыг соруулж авто зам руу урсгасан, МИАТ ХК-ний орчны авто замаар хүнд даацын автомашинаар тээвэр хийж эвдэлсэн.

Баянгол дүүргийн 18 дугаар хороо 44 дүгээр байрны зүүн талд иргэн Ж.Оюунхүү, Ш.Мааний, С.Тайван нарын захиалгаар баригдаж байгаа орон сууцны барилгын суурь ухах явцад авто замын хучилт хөндийрч цөмрөх аюултай болсон авто замыг түр хааж, хөрсний нуралт үүссэн, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо “Blue sky” төвийн урд явган хүний замд тулгаж хаалт хамгаалалтгүй барилга барьж байгаа.

Илэрсэн зөрчил, дутагдалд авсан арга хэмжээ

Улсын хэмжээнд шалгалтанд хамрагдсан нийт 59 авто зам, замын байгууламжийн техникийн бичиг баримтын бүрдэлт, зураг төслийн боловсруулалт, угсралтын ажил, материалын чанар байдал, ашиглалт, аюулгүй ажиллагааг шалгахад нийт 220 зөрчил илэрсэн байна. Хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийг газар дээр нь арилгуулах арга хэмжээг авч, улсын байцаагчийн хугацаатай 50 заалттай 15 албан шаардлага, 67 заалттай 42 дүгнэлт, гүүрийн ашиглалтын байдалд улсын байцаагчийн 7 заалттай 7 акт гаргаж, хэрэгжилтийг хангуулсан. хугацаатай албан шаардлагыг өгсөнөөс 128 зөрчлийг буюу 58.18 хувийг арилгуулсан, үлдсэн 41.82 хувь буюу 92 зөрчлийг арилгах хугацаа болоогүй байгаа аж.

Нийслэлийн хэмжээнд авто зам, замын байгууламж техникийн бичиг баримтын бүрдэлт, барилга угсралт, материалын чанар, авто замын ашиглалт, засвар арчлалтын байдалд нийт 47зөрчил илэрчээ.

Зөрчил дутагдлыг арилгуулахаар улсын байцаагчиийн 9 заалт бүхий 5 дүгнэлт, 33 заалт бүхий 17 албан шаардлага, 5 заалт бүхий 3 акт гаргаж холбогдох байгууллагуудад хүргүүлсэн. “Автозамын тухай”, “Захиргааны хариуцлагын тухай” хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн тул 3.950,0 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч ажиллажээ. МХЕГ-аас гаргасан дүгнэлтийн дагуу Өндөр дов-Зуун мод чиглэлийн 3.8 км хатуу хучилттай авто зам, Улаанбаатар-Баянчандмань чиглэлийн 6.1 км авто зам,Лүн-Эрдэнэсант-Арвайхээр чиглэлийн 6.9 км авто зам, Улаанбаатар-Дархан чиглэлийн 12 км авто зам, Улаанбаатар-Зуун мод чиглэлийн 18.4 км авто замуудыг засварлахаар 18 тэр бум 849 сая төгрөг төлөвлөн засварын ажлыг гүйцэтгэж авто замын ашиглалтын хэвийн нөхцлийг хангуулах арга хэмжээ авчээ.

Сайхан замтай болох боломжтой

Нийслэл хотоос илүүтэй хөдөө орон нутгийн замыг чанартай хийгддэг гэдэг. Гэвч хаана ч авто зам тавьсан ялгаагүй стандартын шаардлага хангахгүй байгаа нь харамсалтай. Нөгөөтэйгүүр замын хучилт нь 7-12 см байх ёстой. Гэтэл хөрөнгө оруулалтаас шалгаалж таван см-ийн зузаантай хийж байгаа гэдгийг Автозамчдын холбооны ерөнхийлөгч Т.Бямбаа онцолсон. 

Атозамыг доод тал нь хоёр үеэр долоон см-ын хучилт хийвэл замын даац чанар нэмэгддэг байна.  Замын хучилтыг хоёр үеэр хийхээр дээд талынх нь үе тэгш болдог ажээ. Өөрөөр хэлбэл, ингэж баригдсан зам бидний ярьдагаар сайхан зам болдог юм байна. 

 

Х.Даваа