Төрөлт 25 хувиар өссөн ч төрөх эмнэлэг нэмэгдсэнгүй
2014/10/21
Айл гэрт аз жаргал, улс оронд хөгжил авчрах бяцхан үрсээ бид эрүүл аюулгүй орчинд өлгийдөн авч, чадаж байна уу.
Үүнд “Тийм” гэж хариулах хүн ховор биз ээ. Учир нь улсын тодотголтой дөрвөн төрөх эмнэлгийн ачаалал өмнөх жилтэй харьцуулахад хэд дахин нэмэгдсэн гэдгийг статистик тоо гэрчилж байгаа юм. Тухайлбал, төрөх эмнэлгүүдийн ачаалал сүүлийн хоёр жилд 20 хувиар өсчээ. Өмнө нь жилд 60 гаруй мянган эх амарждаг байсан бол энэ тоо өнөөдөр 72 мянгад хүрч, 30 гаруй мянга нь нийслэлд амаржиж байна. Энэ тооноос илүүтэй төрөх эмнэлгийн ачааллыг эмнэлгийн өнөөдрийн бодит дүр төрх илүүтэй гэрчлэх нь ойлгомжтой. Тиймээс бид Клиникийн I амаржих газрыг зорилоо. Биднийг очиход хүүхдийн уйлах дуу цангинаж, ээжийн бүүвэйн дуу зөөлөн эгшиглэж байлаа. Цагаан халаад өмсч, чагнуур зүүсэн эмч нар төрсөн болон төрөх гэж байгаа эхчүүдийг үзэж, зовиур байгаа эсэхийг лавлаж байв. Харин хэзээ мөдгүй төрөх болсон эхчүүд эмнэлгийн коридороор нааш цааш алхалж, ар гэрийнхэнтэйгээ утсаар ярьж байгаа дүр зураг харагдлаа. Клиникийн I амаржих газрын хэвлэл мэдээллийн ажилтан Б.Оюунбилэг “Уржигдар ачаалал ихтэй ор хүрэлцээгүй учир цөөнгүй ээж эмнэлгийн коридорт хэвтэж байсан. Өнөөдөр /өчигдөр/ коридорт хэвтсэн эх байхгүй. Гэхдээ дөнгөж төрсөн нялх биетэй эхчүүдийг коридорт удаан хэвтүүлж болохгүй. Тиймээс төрсөн эхчүүдийг олон хонуулахгүй гаргаж, дараагийн эхчүүдийг өрөөнд оруулдаг” гэв. Ингээд бид төрсөн эхчүүдийн өрөөнүүдээр орлоо. Нэг өрөөнд хамгийн багадаа гурван эх хэвтдэг юм байна. Зарим өрөөнд олуулаа хэвтэх тохиолдол ч байдаг гэнэ. Харин өрөөнүүдэд сул ор гэж байсангүй. Бүгд л хүнтэй байв. Эхний өрөөнд ороход зарим ээж хүүхдээ манцуйлж, зарим нь цайгаа ууж байлаа. Төрөх эмнэлгийн ачаалал хэр байгаа. Төрөх хугацаа болон эмнэлэгт ирэхэд ор хүлээлгэж байгаа эсэх талаар эхчүүдээс тодруулсан юм.
Д.Хишгээ: Төрсөн эхчүүд ядаж хоёроос гурав хонох хүсэлтэй байдаг
-Хүүхдийн шарлалт доод тал нь дөрвөөс тав хоногийн дараа арилдаг. Гэтэл ачаалал ихтэй ор хүрэлцээгүй учир нэг хонуулаад л гаргаж байна. Төрсөн эхчүүдийн хувьд өөрийн болон хүүхдийн эрүүл мэндээ бодвол ядаж гурав хоноод эмнэлгээс гарах хэрэгтэй. Эмч нарын дэргэд байвал анх төрсөн болон хүндрэлтэй төрсөн эхчүүдийн хувьд хэрэгтэй. Хүндрэлтэй төрсөн эхчүүдийг хоёр, гурав хонуулдаг гэсэн.
Д.Дуламжав: Төрсний дараах шинжилгээ муу гарсан учраас хоёр хонож байна
-Би амаржаад хоёр хонож байна. Төрсний дараах шинжилгээ муу гарсан учир хоёр хонож байна. Хэвийн төрсөн тохиолдолд хоёр, гурав хонуулахгүй. Төрөх гээд өглөө эрт ирсэн болохоор тэр үед ачаалал бага байсан. Харин үдээс хойш ачаалал нь ихэсдэг юм байна лээ. Шөнө өдөргүй л жирэмсэн эхчүүд ирдэг. Тийм болохоор эмч, сувилагчид үргэлж л нааш цаашаа гүйлдэж байдаг.
Ө.Хонгорцэцэг: Ядаж ганц төрөх эмнэлэг бариасай
-Намайг ирэх үед төрөх эмнэлгийн ачаалал их байсан. Төрсөн эхчүүдийг 24 цаг болгоод л гаргадаг. Миний гарах цаг болсон учир гарах гэж байна. Ачаалал ихтэй ор хүрэлцээгүй байгаа энэ үед дараагийн эхчүүддээ боломж олгох хэрэгтэй байх. Ер нь л өдөр бүр ачаалал нэмэгддэг. Эмнэлгийн эмч, сувилагчдын хувьд түргэн шуурхай ажилладаг. Төрөх эмнэлэгт тулгамдаж буй ганцхан зүйл бол ор. Орны хүрэлцээ асар их байна. Эмнэлгийн орноос хэд дахин илүү эхчүүд ирж байна. Энд тэнд барилга баригдаад л байх юм. Ядаж ганц эмнэлэг ч болсон бариасай билээ. Энэ байдлаараа эхчүүд төрөх газаргүй болох юм шиг байна. Төрсөн эхчүүд тулгамдсан асуудлаа ийн учирлаж байв. Хүүхэд гэр бүлдээ аз жаргал авчирдаг. Цаашлаад улс орныхоо хөгжил дэвшилд нэгэн шинэ хүч болдог. Тиймээс “Монголын үрс маш олон болтугай” хэмээн ерөөдөг. Ерөөл биелэлээ олж, хүн ам өсч байгаа ч улсынхаа ирээдүй, хойч үеэ өлгийдөж авах эмнэлэг нь хуруу дарам цөөн хэвээр л байна. Клиникийн I амаржих газарт нийслэлийн таван дүүргийн харьяа эхчүүд төрдөг. Тиймээс жирэмсэн эхчүүд төрөх хугацаа нь ойртох үед эмнэлэг бараадахыг хүсдэг гэнэ. Гэтэл төрөх эмнэлэг нь ачааллаа даахгүй байгаа учир коридортоо авахаас өөр аргагүй байдаг гэдгийг Клиникийн I амаржих газрын Статистикч их эмч Д.Сумъяа хэлсэн юм. Тиймээс эмнэлгийн ачаалал ямар байгаа талаар түүнээс тодрууллаа.
Д.Сумъяа: Ачаалалтай үед 8-10 эх коридорт хэвтэж байна
-Сүүлийн жилүүдэд төрөлт ихэсч байна. Төрөх эмнэлэг хүрэлцээгүй учир ачаалал ч ихэсч байгаа байх. Танай эмнэлгийн хувьд ачаалал ямар байна вэ?
-Ачаалал маш их. Өдрөөс өдөрт төрөлт нэмэгдэж байна. Манай эмнэлэг 340 ортой. Үүнээс 240 нь эх барихын ор. Үлдсэн 100 нь эмэгтэйчүүдийнх. Хүмүүс орныхоо тоогоор 240 хүн хүлээж авах ёстой гэж буруу ойлгодог. Үүнээс 20 орыг сэлгээнд байлгадаг. Өөрөөр хэлбэл, цэвэрлээд дараа дараагийн хүн авахад бэлдэж байна гэсэн үг.
-Танай эмнэлэгт хэдэн хүн хэвтэн эмчлүүлж байна вэ. Жирэмсэн эхчүүдэд ор хүрэлцэж байна уу?
-Өнөөдрийн байдлаар манай эмнэлэгт 299 өвчтөн байна. Жирэмснийг эмчлэх хэсэг буюу төрөхийн өмнө эмчилгээ хийдэг тасаг гэсэн үг. Энд хамгийн их ачаалалтай байдаг. Энэ тасаг 95 ортой. Одоогоор 167 жирэмсэн эх хэвтэж байна. Тиймээс ачаалал ихтэй үед хамгийн багаар бодоход жирэмсэн наймаас арван хүн коридорт ор хүлээгээд хэвтэж байдаг. Нэг дэх өдөр нэлээд ачаалалтай байсан. Эмнэлгийн коридорт жирэмсэн эхчүүд нэг орон дээр хоёр, гурваараа хэвтдэг. Зарим нь буйдан сандал дээр сууж байх жишээтэй. Төрөх гээд ирсэн эхчүүдийг “Ор байхгүй” гээд авахгүй байж болохгүй. Бидэнд тийм эрх байхгүй. Тиймээс аль болох боломж бололцоогоороо хүлээн авч төрүүлдэг.
-Дөнгөж төрсөн эхчүүд коридорт хэвтэх нь эх, хүүхдийн эрүүл ахуйд сөргөөр нөлөөлөх магадлалтай байх. Үүнийг яаж зохицуулж байна вэ?
-Төрсөн эхчүүдийг коридорт хэвтүүлэх үнэхээр эрсдэлтэй. Нэгдүгээрт, коридор чимээ ихтэй, хоёрдугаарт хүйтэн, гуравдугаарт, тав тухгүй байдаг. Тиймээс нярай хүүхэд хүйн халдвард өртөх магадлалтай. Тэнд халдвар хамгааллын дэглэм бүрэн утгаараа алдагдаж байна. Гэхдээ коридорт ч байсан хамаагүй хийх ёстой эмчилгээгээ хийдэг. Тэгээд төрсөн эхчүүд өрөөнөөс гарахад тийш нь оруулдаг. Ийм л байдалтайгаар ажиллаж байна.
-Сард дунджаар хэдэн эх амаржиж байна. Хэддүгээр сард төрөлт их байдаг вэ?
-Өнгөрсөн есдүгээр сард 1321 эх төрсөн. Долоо, наймдугаар сард төрөлтийн тоо ихэсдэг. Тухайлбал, наймдугаар сард 1366, долдугаар сард 1381 хүн төрсөн. Энэ оны есөн сарын байдлаар 11851 эх төрсөн байна. Үүнийг өнгөрсөн оны энэ үетэй харьцуулахад төрөлтийн тоо 25 хувиар өссөн үзүүлэлт юм. Дунджаар сард 1300 хүүхдийг өлгийдөн авч байна.
-Орны хүрэлцээгүйгээс болоод төрсөн эхийг эмнэлэгт нэг хонуулаад гаргахад дараа нь хүндрэл үүсэх магадлал өндөр байдаг уу?
-Төрсөн эхчүүд нэг хоноод гарч байгаа нь үнэн. Тухайн үед хэвийн төрвөл бид зөвлөгөө өгөөд л гаргадаг. Гэртээ гараад ямар нэгэн байдлаар өвчлөл аваад буцаж ирэхийг үгүйсгэхгүй. Төрөлтийн тоо нэмэгдэж байгаа учраас үүнийг дагаж жирэмсний буюу төрөлтийн хүндрэл гарч байна. Хийсвэр хагалгааны давтамж нэмэгдсэн. Гэхдээ нярайн өвчлөл буурсан.
Улстөрчид “Эмнэлэг барих хэрэгтэй” гэж хошуу нэмэхээс хуруу нэмэхгүй байна
Эмч, сувилагчдын тэр дундаа жирэмсэн эмэгтэйчүүдийн туйлын хүсэл, мөрөөдөл нь төрөх эмнэлгийн ор болжээ. Уулзсан эхчүүд бүгд л орны хүрэлцээгүй учир гарах хугацаанаасаа өмнө гарч байгаа гэдгээ хэлж байсан юм. Нийслэлийн хэмжээнд хамгийн томд тооцогдох Клиникийн I амаржих газрынхан ачааллаа даахгүй сөхөр ч унахад ойрхон болжээ. Гэтэл нийслэл хотод барьж буй барилгуудаас хамгийн удаан барьж байгаа нь сургууль, эмнэлгийн барилга. Үүнтэй санал нийлэх хүн цөөнгүй. Тухайлбал, IV амаржих газрыг Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр буюу Яармагт барихаар 2010 онд шав тавьж, тууз хайчилж байв. Энэ үеэр 300 ортой уг эмнэлгийг 2012 онд ашиглалтад оруулна хэмээн хэлж байсан ч өнөөдрийг хүртэл сураггүй байна. Уг эмнэлгийг 19 тэрбум төгрөгөөр барихаар төсөвлөж байсан. Харин улстөрчид эмнэлгийн барилгын ажилд хуруу нэмэхээс илүүтэй хошуу нэмдэг. Хошуу нэмэхдээ “Төсөв мөнгөгүй, дэд бүтцийг нь шийдэх боломжгүй, эдийн засаг хямралтай байна” гэх зэргээр өөрсдийгөө хаацайлдаг. Харин мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар IV төрөхийн барилгын зураг төслийг буруу хийсэн аж. Олон улсын стандартад төрөх эмнэлгийн өрөөний талбай 18 ам.метр байдаг бол шинээр барих гэж буй төрөх эмнэлгийнх 14 ам.метр байгаа гэнэ. Гэхдээ л ямар ч шалтгаантай байсан 2010 онд шавыг нь тавьсан барилга өдийд ашиглалтад орсон байх учиртай. Дөрвөн жил гэдэг 300 ортой эмнэлэг барихад хангалттай хугацаа баймаар даа.
С.ЮМСҮРЭН
зочин · 2014/12/13
Төрөх эмнэлэг,цэцэрлэг,сургууль хомс болхоор залуучууд хүүхэдтэй блохоос айж байна гэж ярилцах юм.Төр барилгын компанид газар олгохдоо энэ 3-нхаа зураг өгөөд бариулчих .Тэгээд өртөг дээр нь ашиг нэмээд худалдаад авч болмоор юм шиг байдаг.Халаасанд орох мөнгөө мартвал шүү дээ.
Зочин · 2014/12/04
1-р амаржих газрын ачаалал үнэхээр их. Дарга нь мэргэжлийн хүн биш болохоор эх барих, эмэгтэйчүүдийн тусламж үйлчилгээний ачааллын талаар ойлголтгүйгээсээ болоод, Баянгол дүүргийн хороодын төрөх эмэгтэйчүүдийг авдаг болсон. Тэгээд хүнээ коридорт авдаг, 1 хонуулдаг гэдэг асуудал гарч байгаа юм. Эмч нарынхаа ачааллыг мэддэг эсэх нь эргэлзээтэй. Ажлаа мэддэг, ойлгодог сайн менежерээр даргыг нь тавих нь зүйтэй. Ядахдаа амаржих газрын стандартаараа ажиллаач дээ. Наад хэдэн эмч, сувилагч, асрагч нар чинь сунаж үхлээ. Наад хүмүүсийнхээ ачааллыг тооцуож, орон тоогоо нэмбэл таарна.
Зочин · 2014/11/17
duurgiin emnelegt shinjilgee uguh jiremsen ehchuud shunu 3 tsagt irj nomeroo avdag mash ih achaalaltai bdag yum bna lee buun oocher daraalal
otgoo · 2014/10/23
yuni onmo toroh gazriin emch nart talarhay torood shuud garah hetsv vr hodvvleh hvmvvs bagsaad torolt ihsej bna neg talaaraa ***jood nogoo talaasaa dordood bga ymuu oilgohgvi ym
Зочин · 2014/10/23
Zahialagch eruulmendiin yam, Udval said buruutai. Udval guai ichihgui barij baigaa buruu ugch zuragtaar yarij baisniig sanaj baina. Barilgiin zurgiig Zahialgch udirdaj gargadag um daa.