Хэвтэрт орсон М.Тулгыг эмнэлгээс хорих анги руу “ачлаа”
2014/10/31
-"ХОЁР ХӨЛ НЬ МЭДЭЭГҮЙ БОЛСОН ҮЙЛЧЛҮҮЛЭГЧЭЭ ЭМЧ НЬ ХУДЛАА БААШИЛЖ БАЙНА ГЭЖ ДАРАМТАЛСАН"-
Монгол Улсын Ерөнхий сайдын ахлах зөвлөхөөр ажиллаж байгаа Л.Гансүх болон М.Тулга, Э.Төмөрбаатар, Г.Батхуяг нарыг АТГ-аас "Нүүрс" гэх хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ их хэмжээний мөнгө завшсан гэх хэрэгт сэжиглэн шалгаж байгаа. Энэ сарын 29-ний орой Л.Гансүхийг батлан даалтад гаргасан. Тэгвэл түүнтэй хамт шалгагдаж байгаа Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн Улсын Их Хурлын гишүүний зөвлөхөөр ажиллаж байсан М.Тулгыг өчигдөр эмнэлгээс хорих 461 дүгээр анги руу ачив. Түүнийг батлан даалтад гаргахгүй гэх шийдвэрийг шүүхээс гаргаад байгаа юм.
Өчигдөр 12:00 цагийн үед хэвтэн эмчлүүлж байсан эмнэлгээс М.Тулга тэргэнцэртэй гарч ирээд цагдан хорих ангийн машинд ааваараа үүрүүлэн суусан юм. М.Тулгын хоёр хөл мэдээ алдаж гишгэж чадахгүй, хэвтрийн байдалд оржээ. Биеийн байдал нь тааруу явж чадахгүй байгааг үл харгалзан шүүх дахин нэг сараар цагдан хорих шийдвэрийг гаргажээ. Ааваараа үүрүүлж шатаар буугаад тэргэнцэртэй гарч ирсэн М.Тулга ээждээ хандан "Бие өвдөхгүй зүгээр байсан бол шүүх хурал болтол хоригдсон ч чадна. Ингэж бусдын эрхшээлд орж явж чадахгүй болох гэж" хэмээн уйлах ажээ. М.Тулгын биеийн байдал тааруу, хэвтрийн байдалд байхад ямар учраас цагдан хорих хугацааг сунгасан, түүний биеийн байдал ямар байгаа талаар түүний ээж М.Эрхэмхүүтэй ярилцлаа.
-М.Тулга нар цагдан хоригдоод хэд хонож байна даа. Биеийн байдал нь ямар байна вэ?
-Миний хүү цагдан хорих төвд саатуулагдаад 90 гаруй хонолоо. Биеийн байдал маш хүнд байна. Энэ байдлаараа хоригдоод байвал насан туршдаа суумгай болох, цаашлаад амиа алдах аюул өндөр байна. Одоо өөрөө босоод явж чадахгүй, бие засч чадахгүй хүний гарт орчихсон. Ийм хүнийг дахиад сарын хугацаатай цагдан хорих шийдвэрийг шүүхээс гаргачихлаа. Цагдан хорих төвд очоод яаж байхыг хэлэхэд хүнд байна. Одоо хүний гарт байгаа хүн хорих ангид очоод хоол ундаа яаж идэх, яаж бие засах вэ гээд маш хүнд байна. Орноосоо босч чадахгүй болоод олон хонож байгаа шүү дээ.
-Ямар учраас хоёр хөл нь мэдээгүй болчихсон юм бэ. Хэвтрийн байдалд орсон хүнийг шүүх ямар үндэслэлээр үргэлжлүүлэн хорих шийд гаргах болов?
-Тулга маань 2010 онд гэмтэл авсны улмаас нуруу, нугасны эмчилгээг тогтмол хийлгэж ирсэн юм. Эмч нар мэс засалд орох шаардлагатай гэж оношилж байсан. Тухайн үед эмчилгээ хийлгэж байгаад мөнгөний бололцоотой болохоороо гадаадад эмчилгээ хийлгэх гэж байсан. Гадаадын нурууны мэс заслын эмнэлгүүдэд нурууныхаа зургийг явуулсан.
Сагс тоглож байгаад нуруугаа эвгүй болгож эмчид анх хандаж нурууны дөрөв тавдугаар үений диск мултарсан байсныг мэдсэн. Тэгээд нуруу дагасан мэдрэлийн хэд хэдэн судас дарагдаад хөл нь мэдээ алддаг болсон. Хэрэгт сэжиглэгдэн шалгагдахаас өмнө хөл нь гэнэт мэдээгүй болчихоод байдаг болсон. Гэрээсээ хэн нэгнийг дуудаж машинаа бариулаад гэртээ харьдаг болчихсон юм. Ингэж байтал Хойд Солонгосын их сайн барьдаг эмчээр хэд хэдэн удаа бариулаад биеийн байдал дээрдэж зовиур багассан. Гэтэл өнгөрсөн долдугаар сарын 29-нд АТГ-аас саатуулсан. Цагдан хорих төвд хоригдоод хэд хонож байхдаа өмгөөлөгчтэйгөө уулзалтын өрөөнд уулзаад өрөө рүүгээ явж байтал ШШГЕГ-ын ажилтан "Муухай хараад байна уу" гээд нуруунд нь өшиглөсөн байсан. Үүнээс болоод нуруу нь тэсэхийн аргагүй өвдөж эхэлсэн гэсэн. Цагдан хорих төвийн эмч нар эхлээд "Баашилж байна" гээд огт тоохгүй байсан юм билээ. Үнэхээр биеийн байдал нь эвгүй болоод байхаар нь эмнэлэгтээ хэвтүүлсэн байсан. Цагдан хорих төвийн эмч нар эмчилгээ хийсэн боловч биеийн байдал нь сайжрахгүй, бүр дордож хэвтэрт орсон юм. Есдүгээр сарын 28-наас эхлэн явж чадахгүй болоод байнгын хэвтэрт орсон. Өмгөөлөгч уулзахаар очиход уулзалтын өрөө рүү босч очиж чадахгүй болчихсон. Цагдан хорих төвийн эмч нар нурууны нарийн мэргэжлийн эмнэлэгт хандаж, эмчилгээ хийлгэх шаардлагатай гэх дүгнэлтийг гаргасан. АТГ-аас сая хэвтэн эмчлүүлж байсан эмнэлэгт оношилгоо хийлгэж эмчлүүлэн хэвтэх шийд гаргасан байсан. Ингээд хоногийн 100 мянган төгрөгийн үнэтэй эмнэлэгт энэ сарын 13-наас эхлэн хэвтэж эмчилгээ хийлгэсэн. Арав гаруй хоног эмнэлэгт хэвтэхдээ нийт таван сая гаруй төгрөгөөр эмчилгээ хийлгэсэн. Маш хүчтэй, өндөр тунгаар найруулсан эм, тариа хийлгэж, булчин суллах гээд олон төрлийн эмчилгээ хийсэн. Гэхдээ тэр эмнэлэгт нурууны нарийн мэргэжлийн эмч огт байхгүй юм билээ. III эмнэлгээс эмч авчирч үзүүлсэн байсан. Бид ч хүүхдээ хөл дээр нь босгохын тулд цалингийн зээл авч эмчилгээний бүх зардлыг төлсөн. Гэтэл эмнэлгийн томоохон албан тушаалтан, олны танил эмч манай хүүг дарамталж эхэлсэн. "П.. минь битгий маяглаад бай. Чи эрүүл саруул байгаа биз дээ. Худлаа баашилж эмнэлэгт хэвтээд. Зүгээр босоод яв. Эмнэлгийн нэр хүнд унагаад " гэх мэтээр янз бүрийн үгээр доромжилж харьцах болсон. Бид өмнө нь хэвтээд гарсан эмнэлгээр үзүүлж оношилгоо хийлгэсэн. Бас нарийн мэргэжлийн улсын болон хувийн хоёр эмнэлэг байдаг гэдгийг мэднэ. Тэгээд АТГ-т нурууны нарийн мэргэжлийн эмнэлэгт үзүүлж нарийн оношилгоо хийлгэх хүсэлт гаргасан. Гэвч хүлээж аваагүй. Тухайн эмнэлэг АТГ-тай ямар холбоотой гэдгийг мэдэхгүй байна. Тэгээд шүүх хурал болж хугацааг нь сунгахын өмнөхөн олны танил эмч биднээс таван сая гаруй төгрөг авч маш олон төрлийн эмчилгээ хийж, нурууны яг нарийн мэргэжлийн өвчний оношилгоо гаргаагүй мөртлөө "Эрүүл байна. Худлаа баашилж байна" гэх дүгнэлт гаргачихсан. Ямар учраас тэгэх болсныг мэдэхгүй байна. Шүүгч эмчийн гаргасан дүгнэлтээр дахин сар хорих шийдвэр гаргачихлаа. Үүнд маш их гомдолтой байна.
-Та бүхэн эмч болон шүүгч нарт өмнө эмнэлэгт үзүүлж байсан оношилгоог үзүүлсэн үү?
-2010 оноос хойш нуруугаа эмчлүүлж үзүүлж байсан бүх шинжилгээ, зураг, оношилгоог үзүүлсэн. Эрүүл саруул биетэй хүн ингэж удаан хугацаанд баашилна гэж байхгүй. Тэсэхийн аргагүй өвдөөд л хоёр хөл нь мэдээ алдчихаад байна. Зүрхний эмч нурууны нарийн мэргэжлийн эмгэгийн дүгнэлт гаргасан. Эмчлэгч эмч нь дарамталж нурууны нарийн мэргэжлийн эмчид үзүүлж чадалгүй эргээд шорон руу ачигдлаа. Одоо хаана хэнд хандахаа үнэхээр мэдэхгүй байна. Хоригдохоос өмнө "Бумрунгранд" эмнэлэгт өгсөн шинжилгээний хариу гарч Тайландад очиж яаралтай мэс засал хийлгэх хариу ирсэн. Дөрөв, тавдугаар үений мэдрэлийн судас дарагдсан хэсгийг чөлөөлөх дурангийн хагалгаа маш яаралтай хийлгэх шаардлагатай гэсэн байна лээ.
"ХЭРГИЙН БОДИТ БАЙДЛЫГ ТОГТООХОД СААД УЧРУУЛЖ БОЛЗОШГҮЙ" ГЭЭД Л М.ТУЛГЫГ БАТЛАН ДААЛТАД ГАРГААГҮЙ
Өмгөөлөгч Ц.Баасандорж М.Тулгын биеийн байдлын талаар болон ямар учраас шүүх батлан даалтад гаргахгүй байгаа талаар ийн ярив.
-Та М.Тулгын эрхийг зөрчиж байна гэсэн. Энэ талаар ярихгүй юу?
-Эрүүл мэндээ хамгаалуулах эрх хүн бүрт тэгш үйлчлэх ёстой. Үндсэн хуулинд заасан эрхээ М.Тулга эдэлж чадахгүй байна. Өөрөөр хэлбэл АТГ Хүний эрхийн үндсэн хуулийг давсан эрх мэдэлтэй болчихсон байна. АТГ нь сэжигтэн хаана эмчилгээ хийлгэхийг зааж, зөвшөөрөл өгч байна. М.Тулгын хэвтэн эмчлүүлж байсан эмнэлгийн хувьд нурууны нарийн мэргэжлийн эмч байхгүй. Бүр зүрхний эмч эмчилгээ хийсэн. Бид нурууны нарийн мэргэжлийн эмнэлэгт очиж оношилгоо хийлгэж хэвтэх хүсэлт тавихаар хүлээж авахгүй байсаар өдий хүрч байна. Хүний эрхийг АТГ ноцтой зөрчиж байгаа юм. Үүнээс болоод хөл нь мэдээгүй болчихсон Тулга гэх залуу хорих анги руу ачигдаж байна.
-Шүүхээс батлан даалтад гаргах хүсэлт удаа дараа тавьсан биз дээ. Хэрэгт холбогдсон хүмүүсийн нэг болох Л.Гансүхийг батлан даалтад гаргасан мөртлөө биеийн байдал тааруу байгаа М.Тулгыг ямар учраас гаргахгүй байгаа юм бол?
-"Нүүрс" хөтөлбөр хэрэгжүүлсэн хүмүүст холбогдох хэргийг шалгаж байгаа АТГ-ын 12 мөрдөн байцаагч энэ хэрэг дээр ажиллаж байна. Хэргийг хоёр прокурор хянаж байна. Хууль сахиулан биелүүлэх хоёр газар хэргийг шалгаж байна. АТГ-ын 12 мөрдөн байцаагч нар шүүх бүрэлдэхүүнд М.Тулгыг батлан даалтад гаргах гэхээр эсэргүүцдэг. Тэд бие нь өвчтэй байгаа залуу "Хэргийн бодит байдлыг тогтооход саад учруулж болзошгүй" гэх үндэслэлээр батлан даалтад гаргахаас татгалзаад байгаа юм. Хэнийг бол хэнийг дуудаж байцаадаг төрийн нүсэр том хоёр газар ганцхан хүнээс болоод хэргийн бодит байдлыг тогтоож чадахгүй болно гэдэг чинь юу гэсэн үг вэ. Ийм л үндэслэлээр М.Тулгыг батлан даалтад гаргахгүй байна. Энэ нь АТГ-ын мөрдөн байцаагч нарыг ямар ур чадвартай вэ гэдгийг нотолж байгаа юм. Бусад орнууд хүнийг цагдан хорихдоо ямар нэгэн үндэслэлийн дагуу хорьдог. Гэтэл манай орны хууль бусдад аюул учруулж болзошгүй, оргон зайлж болзошгүй, хэргийг илрүүлэхэд саад учруулж болзошгүй гэж цагдан хорьдог. Болзошгүй гэх үгээр л хүнийг цагдан хорьж саатуулж байна шүү дээ гэв.
Э.БААТАР