bilguun

Эзэн Чингис хааны тухай “Үхэж үл болно-Чингис хаан”, “Төрийн сүлд өршөө” “Илүү сартай зун” кино болон “Би эр хүнд хайртай”, “Нууц амраг чинь болъё” зэрэг олон жүжгээрээ нэрд гарсан зохиолч Сорогдогийн Жаргалсайхан агсны хүү Ж.Билгүүн Япон улсад амьдарч, ажиллаж байгаа билээ.

Аавынхаа хийж байсан ажлыг үргэлжлүүлнэ хэмээж байсан бөгөөд хэлсэн дээ ч хүрч амжилттай яваа. Тэгвэл Монголын бахархал болж эх орныхоо нэрийг Япон улсад гаргаж яваа Ж.Билгүүнтэй ярилцсан юм.

-Таньд энэ өдрийн мэнд хүргье

Таньд ч гэсэн энэ өдрийн мэнд хүргье.
-25 жилийн түүхтэй Япон улсын “Avex” групт одоогоор ямар ажил эрхэлж байна вэ. Тус групт хэдэн жил ажиллаж байгаа вэ?

Гадаад харилцааны хэлтэст Тайвань Сингапурын охин компанийнхаа удирдлага чиг хандлагыг хэрэгжүүлэгч мэргэжилтэн хийж байна. Тус компанид долоо дахь жилдээ ажиллаж байна.
-Таны уран бүтээлийн олз омог хэр байна. Шинэ бүтээл дээр ажиллаж байгаа юу?

Уран бүтээлийн хувьд одоогоор өөрөө гаргахаас илүүтэйгээр аавынхаа “Чингис хааны нууц түүх” романы шинэ хэвлэлт, орчуулга мөн “Чингис хаан” жүжгийг тайзанд амьлуулчих юмсан гээд л явж байна. Өөрөө бол 1-2 киноны продюсерын ажлын санал ирсэн байгаа. Үүний бэлтгэл ажил хийгдэж байна.
-Анхны кино бүтээл тань юу байв. Ер нь яагаад кино урлагт өөрийгөө зориулах болсон бэ?

Анх бүр жаахан байхад Австралид нэгэн Япон дэлгүүрийн баримтат киноны зураг авалтад явж байсан. 8 настай байсан байх аа. Түүний дараа анхны гол дүр “Еэ еэ шар Будаа” киноны Будын дүрд тоглож байсан. Яагаад кино урлаг гэх болсон бэ гэвэл ухаан орсон цагаас хойш “Илүү сартай зун” кино аавын маань бүтээл хийгдэж байлаа. Аавын минь бүтээл гээд ч тэр үү аавын төрж өссөн сайхан байгалтай Хөвсгөл далайд хийгдсэн тэр үеэс л кинонд дуртай болж, киноны амьдралтай хамт хөлд орсон гэхэд болно. Бага байхад аав минь ном зохиол, үлгэр туульс, Чингис хааны тухай үргэлж надад ярьж, алхам тутамдаа өөрийнхөө болон Монгол хүний зан үйл ёс суртахуун тэвчээр хатуужил, амьдралыг үзэх үзлийг минь суулгаж өгсөн хүн. Тэгээд би тэр дунд нэг л амьдрах амьдралд хүн хийсэн бүтээсэн юмтай нэрээ дурсгах юмсан гэж боддог. Тиймдээ ч ааваараа бахархах сэтгэлийн минь илрэл бол аавынхаа бүтээсэн зүйлсийг үргэлжлүүлэх ёстой гэсэн хувь заяанд л эвлэрсэн гэсэн үг юм. Учир нь би аавдаа маш их хайртай юмдаа. Аавтайгаа хамтдаа кино хийж аав маань зохиолыг нь бичээд би найруулаад /аав нь туслаад инээв/ өөрөө тоглоод “Sorogdog Pictures” гэж байгуулаад олон олон зүйлс урлагт үлдээж хийнэ гэж мөрөөддөг байж. Тиймдээ одоо ч би кино урлагт хайртай, дэмждэг улам сайхан болгох талаар цаашдаа ч явна. Гэхдээ манай аав “Kurasawa Akiraсан”-тай адилхан би түүний хүү шиг л байхаар одоо бодож байна. Мөн амьдрал үзээд ирэхээр Монгол орондоо юм хийх, нийгэмдээ хэрэгтэй үйлс хиймээр санагдаад одоо жаахан хичээл хийж байна.

-Аавынхаа бүтээснийг үргэлжлүүлэхийн тулд чухам юу хийнэ гэж?

Хүнд олон талын авъяас, юм хийж үзэх оролдлого байдаг. Миний хувьд юуны түрүүнд кино хийнэ гэж бодож байгаа. Жүжиг бол миний хэмжээнд арай ахадсан зүйл. Өөрийнхөө хэмжээнд таарсан кино хийнэ. Би Японд “Монгол киноны түүх” гэсэн сэдвээр дипломын ажлаа хамгаалаад “Зүүд” гэж богино хэмжээний киноны зохиол бичиж байсан. Диплом хамгаалж байхдаа л, “Энийг заавал дэлгэцэнд амилуулна даа” гэж дотроо бодож байсан, одоо ч тунгаагаад л явна. Нэг л өдөр гарах байх.
-Аавынхаа уран бүтээлийн нөхөдтэй хэр зэрэг холбоотой байдаг вэ. Бүтээл болж амжаагүй гар бичмэлүүд олон уу?

“Хувьсал” продакшны Г.Цоггэрэл ахтай их холбоотой ажилладаг. Сүүлд “Би эрчүүдийг хүснэ”, “Шөнө дундын бүжиг” жүжгийг 10 жилийн дараа шинэчилж тавьсан. “Зохиомж” дээд сургуулийн захирал Б.Цогтбаяр ах “Хубилай хааны зарилгаар” шинэ киног нь хийсэн. “Чингис хаан. Үхэж үл болно” гурван ангит кино зохиол бичсэн байсны нэг анги нь гарлаа. Одоо тав зургаан жүжиг, нэлээд олон киноны зохиолын гар бичмэл байна. Эдгээрийг хэнд өгч тайз, дэлгэцнээ яаж амилуулахаа бодож байгаа. Хамгийн гол нь би гадаадад байгаа болохоор тэр бүр хүмүүстэй холбогдоод яриад байж чадахгүй байна. Амралтаараа ирэхээрээ л уулзаж ярилцах юм. Энд байх хэд хоногтоо аавынхаа жүжиг, тууж, өгүүллэгийг эмхтгэсэн боть гаргах гээд ажилдаа орчихсон байна. Аавынхаа ачийг хариулж буй ажил юм даа. Дараагаар нь “Чингис хаан. Үхэж үл болно” киноны “Тэнгэрийн зарлигаар. Хаадын хаад” гэдэг хоёрдугаар ангийг нь хийх талаар Л.Эрдэнэбулган ахтай ярьж байгаа. Тайзан дээр амилж чадаагүй “Чингис хаан” жүжгийг нь тавихаар төлөвлөсөн. Энэ мэт олон зүйлийг хийхээр бодож байна. Миний байгаа бүх өв хөрөнгө бол эдгээр зохиол учраас хүнд хүргэхийн тулд цогцоор нь ажиллана, өөрөөр хэлбэл бүх мененжментийг нь хийнэ дээ.

-Та аавын хэр эрх хүү байсан бэ?

Овоо эрх байсан шүү. “С.Жаргалсайханы дэлдэн шар хүн болох уу” гэж яригддаг байлаа. Хаана ч дуулж бүжиглээд явдаг, хөдөлгөөнтэй ч хүүхэд байсан. Нийгмийн идэвхи сайтай. Аав минь ер нь нэг их олон үггүй хүн л дээ. Аливаа зүйлийг философи талаас нь тайлбарлана. “Энэ чамд хэрэгтэй юу, үгүй юу гэдгийг өөрөө шийддэг бай, алдаатай юм байвал аав нь хэлнэ. Угаалгын нунтаг аваад яаж хувцсаа угаах, таван кг төмсөөр хэдэн хоногийн хоол хийхийг ээжээсээ сур. Би харин чамд өөрийгөө хэн болгож төлөвшүүлэхийг сургана” гэдэг байсан. Аав минь надтай ах, сайн найз мэт, заримдаа бүр дүү мэт харилцдаг байсан юм.
-Эргээд бодоход “Аавыгаа амьд сэрүүн байхад нь ингээд нэг баярлуулчихгүй яав даа” гэж бодох үе гарна биз

Хамгийн сүүлд аавдаа сонгодог урлагийн бага сургууль байгуулах ивээн тэтгэгч олж өгөөд, ажлыг нь хамтдаа эхлүүлээд байсан. Ер нь би аавдаа “Баярлалаа” гэдэг үгийг тун цөөхөн хэлж байсан байх гэж боддог. Гэхдээ намайг хүү нь болж төрөхөд маш их баярлаж байсан байх. Аавын минь сэтгэл ээж, бид хоёрт их хорогдсон байна гэж лам багш хэлж байсан. Сүүлчийн мөчид нь хамт байж чадаагүйдээ л их харамсдаг юм. Эцсийн амьсгалыг нь утсаар сонссон. Би Японд байж таарсан юм. “Гарыг нь бариад, толгойг нь түшээд эцсийн замд нь үдэх минь яав даа” гэж дотроо маш их харамсдаг. Аав минь амьдрал дээр дэндүү эгэл хүн байсан. Үргэлжлэл болсон хүү нь ачийг нь даанч хариулж чадаагүй. Гэхдээ ямар хүн болсон, юу хийж бүтээснийг минь тэнгэрээс мөнхөд харна байх аа.

-“Төрийн сүлд өршөө” киноны Богд хааны бага насны дүрийг бүтээж байсан байх аа?

Энэ кинонд тоглоход аав минь их нөлөөлсөн. Анх удаа үсээ хусуулахдаа дүргүй хүрээд зураг авалтын үеэр аав руугаа “Ална шүү!” гэж хүртэл бухимдлаа гаргаж байсан удаатай.
-Соёлын тухай ярихад мэдээж мэргэжлийн хүмүүсийн үг чухал. Монголын урлаг, тэр дундаа кино урлаг ямар түвшинд хүрч байна. Дутагдаж буй асуудал юу байна вэ?

Би нэг л юм боддог. Тайз дэлгэцийн урлаг уналтанд орсон байсан 1990-ээд оны үед манай ааваас эхлээд бусад уран бүтээлчид бүгд өөрийнхөө амьдралаар дэнжин тавьж уран бүтээлээ хийдэг байсан. Одоо бол тэр хүмүүсийн залгуулсан ачаар залуу үе юм хийдэг. Нэг үеэ бодвол бизнес киноны арга барил маркетинг зэрэгт бүгд суралцаад хүмүүстээ хүргэх гээд байна. Миний зүгээс харахад хэт их загвар хөөсөн, хөөсөрсөн утга агуулгатай клип мэт кинонууд байна. Гэхдээ би үгүйсгэхгүй. Тэд хийж буй зүйлдээ ирэх биш нийгэмдээ юм харуулах, юм өгье гэсэн санаа, чин хүсэл дунд явдаг байх. Тиймд чөлөөт нийгэмд юу хийх, юу илэрхийлэх бол тухайн уран бүтээлчийн л эрх юмуудаа. Харин миний нэг шүүмжлэлтэй хандах зүйл маань манай нийгэм, үзэгчид маань хөгжих. Үзэх юм үзэхгүй юм гэж сонголт хийдэг болохгүй бол борооны дараах мөөг мэт кино байсаар л байх болно. Мөн нэг зүйл хэлэхэд интернэтэд тавигдахыг нь хүлээгээд хэдэн төгрөг харамлахгүй хүний бусдынхаа хөдөлмөрийг хүн бүр сайтар сахигдах өөртөө үнэнч хүмүүс болоосой гэж хүсдэг.
-Та Япон улсад амьдарч ажиллаж байна. Монгол кино урлаг, Япон кино урлаг хоёрын хоорондын ялгаа ямар байна вэ. Манай улсаас өндөр хөгжилтэй улс орны урлагт хүч үзэж буй таны бодлоор Монголын урлагийг хатуу шүүмжлээд хэлэхээр ямар зүйл байна вэ?

Дээр асуултанд би хариуллаа. Энд киночид гэхээсээ илүү үзэгчид нийгэм маань төлөвших оюунлаг хүмүүнлэг болох л чухал. Уг нь энэ кино гэдэг урлагаар дамжуулан нийгэм ирээдүй, хойч үедээ зөв чиглэл үлгэр дуурайлал өгөх гээд байгаа юм шүү дээ. Түүнийг нийгэм нь өөрөө зөвхөн сайн муу хэн хийсэн, яаж хийсэн гэдэг өнцөгөөс хараад байхаар чинь алдартай хүн хийсэн үү, муу хийсэн үү гэж дүгнэх юм бол хэн ч тэр киног дуустал нь үзээд театртаа хогоо хаяхгүй. Утсаа унтраагаад үзэх соёл суухгүйгээр киночдод муу нь байна. Нойр хүргэм кино гэж ярих хүн ч байдаг. Тэгвэл гэртээ л унтаж байна биздээ. Тэгж хүчилж кино үзэх хэрэг юу байна. Японд бол нийгэм нь дуртай зүйлээ сонгоод үзчихдэг хэмжээнд хүрсэн учраас тэртээ тэргүй дургүй юмаа, муу санасан зүйлээ хүчээр очиж үзэхгүй. Цагийн гарз гээд л болоо. Тэгэхээр би юу хэлэх гээд байна вэ гэхээр кино гэдэг чинь сурсан киночдын, сурсан туршлага мэдлэг, арга барил мэдээж чухал ч тэнд театрт суух хүний толгойн хэмжээ ч гэсэн чухал юмаа л гэсэн санаа. Үүнийг л би энд Монгол, Япон хоёрын нийгэмд байгаа ялгаа гэж хардаг. Юмыг хар болгож харвал цагаан тагтаа ч гэсэн нэг л муухай санагдах үе байдаг шиг…
-Орчин цагийн Монгол залуус боловсролдоо анхаарч гадаадад суралцах болсон. Тэгвэл залуусын боловсролын түвшин болоод тэдний хүмүүжил үзэл бодол нь хэр санагдаж байна Япон улсын залуусаас суралцах ямархуу зүйлүүд байна вэ?
Одоо цагт “wiki” “google” “facebook” гээд нийгэм чөлөөтэй болсонтой холбоотой манайх танайх гэлтгүй энэ дэлхий глобал эрэн үе бүгд л чөлөөтэй сурч харж уншиж бодож сэтгэж байна. Япон тийм Монгол ийм гэх юу байхав. Адилхан 80-аад онд төрсөн хүмүүс хэрвээ одоо харьцуулах юм бол магадгүй манай нийгэм илүү хурдацтай их юм, их өөрчлөлт дунд шуурч явна. Энд бол ээж аав гэр бүл гээд бүх нийгэм нь 1952 оноос хойш ардчилсан нийгмийн суурь нь тавигдаад биднээс хэдэн жилийн өмнө л алхаж байна гэдгээр өөр . Тэрнээс оюун ухааны багтаамж сэтгэмжээр ярьвал Монгол хүн илүү орчинтойгоо зохицох хурдан юм сурах “IQ” өндөр гээд сайн давуу талууд их шүү дээ. Манай залуус одоо надад юу хэрэгтэй вэ гэдгээ мэддэг болоод эхэлсэн. Харин одоо заавал гадаад гэхгүй Монголдоо улсаа хүчирхэг орон болгох нэг ижил санаатай, эх орноо гэсэн зүрх сэтгэлтэй л бол тэгээд аяндаа сайхан болно. Их энгийн зүйлээс эхлэх хэрэгтэй би 8-р ангид байхдаа нэг жилийн турш бүх багш сурагч нартай мэндэлж тэдэнд таарах болгондоо аль болох урамын гоё үгсийг хэлдэг байсан, тэр нэг жилийн дотор маш их өөрчлөгдөж байсан түүнчлэн FM радиод өөрийн нэрийн нэвтрүүлгийг хөтөлж өөрийн ах эгч нарт хүртэл мэргэжилээ сонгоход нь тус нэмэр болж мэргэжил болгоны сайн сайхан талын хөндсөн сайхан ярилцлага хүртэл хийдэг байсан. Миний бодлоор хүмүүс атаархалаас илүү хамтдаа бие биенээ нээж, нэг нэгнээсээ өө хайхаас илүү түүнийг нь найрсаг сайн талаас нь зөвөөр ойлгон эрхэм нандин харилцах хэрэгтэй болов уу. Тэгэхгүй манай хөршийн тэр тэр нь муу хүн гээд өдөр бүр нийгэмдээ бухимдалтай яваагаа санаад бодоод явахаар, ажил хөдөлмөр гэр бүлд ч гэсэн тийм уур амьсгал маш их гардаг байх. Тэгэхээр амьддаа бие биенээ хайрлаж, ухамсартай ухаалаг хандах нь бидний хотжилт ухамсар боловсролын хэмжүүр юм уу даа. Япон залуусаас суралцахын тулд Японы нийгэм нь байхгүй бол би мянга яриад бүтэхгүй л дээ харин миний мөрөөдөл бол Монголдоо багаас нь “Япон яагаад хөгжсөн бэ” гэж заадаг сургууль байгуулахюм. Энэ мөрөөдөл маань бүтэх байх.

-Найз нөхдийнхөө нөхөрлөлийг та ямар шалгуураар сорьдог вэ. Таны тодорхойлолтоор жинхэнэ найз гэж ямар байх бол оо?

Жинхэнэ найз анд гэдэг бол хүний хамгийн жаргалтай мөн харуусалтай цаг мөчид хамтдаа хуваалцаж өнгөрүүлсэн хүнийг л хэлдэг болов уу. Гэхдээ инээсэн болгон нөхөр биш уурласан болгон дайсан биш гэдэг шиг миний төлөө гэсэн хүмүүсийн сэтгэлийг ойлгож чадвал тэр хүмүүс бүгд миний хувьд бурхад юм. 

-Ингэхэд та нөхөрлөлдөө хэр үнэнч вэ. Танд гомдож, бас таныг гомдоож байсан найзууд байдаг уу. Уучлаад нөхөрлөлөө үргэжлүүлсэн удаа…

Гомдохгүй нөхөрлөл гэж миний бодлоор утгагүй санагддаг. Байлгүй яахав. Үргэлж л эрэгтэй найздаа хамгийн түрүүнд хэрэлдэж байсан хүн уурласан үедээ хамгийн нууж явдаг үгээ хэлдэг. Би тэрийг нь сонсох дуртай. Яагаад гэхээр хүн өөрөөсөө нуудаг үгээ хамгаас сайн найздаа л хэлж чаддаг байх. Хэрэгтэй гэж боддог. Тэгэхгүй бол дотуур тамиртай худлаа, найзархсан, бялдууч улс алийг тэр гэхэв дээ. Тийм болохоор үргэлж би найз нараа хайрладаг. Найз нар минь ч намайг уучилдаг байх.

-Манай улсын нийгэм нэг үеэ бодвол нээлттэй болсон. Таны бодлоор Монголын өнөөгийн нийгэмд тулгамдаж буй асуудал юу байна вэ. Мэдээж хүн бүхэнд л сэтгэл нийцэхгүй санаа зовинож явдаг зүйл байдаг байх. Таныхаар тэр нь юу вэ?

Нээлттэй байна гэдэг бол хамаа замбараагүй ярих, хууль эрх зүйд захирагдахгүй байхын ойлголт биш. Ёс зүй хариуцлага, дадал туршлага Монголоо гэх сэтгэл чухам тулгамдаад байна. Заримдаа харахад хэт их амьтанлаг болж буй хүмүүс байдаг. Эрээ цээргүй хүнийг, хүний чинээ бодохгүй ч болсон байдаг. Хүмүүс гэхдээ үүнийг тэр хүн гэхээсээ илүү нийгэм нь өөрөө бүрдүүлээд байна. Хэдхэн хүнд л амьдрал утгатай, бусад нь яасан ч яахав гэсэн хамаагүй мэт орхих үзэгдэл байгаа юм шиг. Тэгээд л би дээр дурдсан шиг бүгд бие биенээ хүндэлж аль болох эвтэй юмыг болгох юмсан бүтээх юмсан гэж оролдохгүй бол энэ цаг үед бид хатуу юмыг үзнэ шүү дээ. Япон оронд цаг тухайн үед 7 сарын 1 шиг зүйлс зөндөө гарч ирсэн. Энэ улс 123 сая хүнтэй манайх 3 сая. Тэгэхээр сайн нь ч тэр хэмжээгээр их, муу нь ч гэсэн их. Тэглээ гээд энэ улс ази дотор ямар байр суурьтай, ямар хүчирхэг, ямар тэвчээртэй, ямар их зоригтой явж байна. Хүмүүс түүнийг дайнд хүрэхгүй хэрнээ Япон орныг үл ойлгох ч юмуу буруу сэтгэх хүн байж магадгүй. Гэхдээ л ховордоо. Энэ юу харуулаад байна гэхээр өөрөө энэ хүмүүсийн хийж буй амьдрах явц хэв маяг чинь дандаа улс эх орноо нийгэмээ ард иргэдээ гэдэг учир энэ улс бүхэлдээ сайхан хүндлэлтэй энэ дэлхийд оршоод байна даа. ”IQ” өндөр улс эд шиг сэтгээд ирэх юм бол маш хурдан азийн дубай болно.

-Цаашдаа ямар бүтээл хийх гэж байна?

“Чингис хаан” жүжгийг тайзанд амилуулах л хамгийн эхний том зорилт маань байна.
-Урлагаар залуучуудыг хэрхэн хүмүүжүүлж болох вэ. Ялангуяа хүүхдэд соёлч боловсон иргэн болоход нь хэрхэн нөлөөлж байна вэ?

Одоо комик болон хүүхдийн киногоо хийх хэрэгтэй байна. Манай орон чинь маш залуу орон шүү дээ. Хүүхдээ багаас нь бэлдэхгүй бол хэрэггүй хулигаанууд /ёс зүйгүй хүмүүс/ захаар нэг дүүрвэл тэгээд л тэр нь өөрөө бас нэг нийгмийн өpгөс болно. Бид түүнийгээ одоо ч авч чадахгүй явна шүү дээ. Мөн урлаг гэхээсээ илүү эцэг эхийн суурь гэрийн хүмүүжил үүнд маш их хамаатай. Таарч тохирохгүй хүмүүс суугаад салсан аль нэг эцэг эх нь байхгүй хүүхэд гээд амьдралд юм юм л байна. Түүнийг маш сайн сэтгэл санаа оюун ухаанаар залж өсгөх хэрэгтэй. Тэгэхгүй бол одоо үед тэр буруу энэ зөв тийм болохоор чи ийм юм гээд багаас нь дайсан бэлдээд нөгөөх нь түүнийг гаргах газаргүй эргээд байгаа нийгэмдээ болон бусадруу тэр уураа гаргах жишээтэй. Тиймээс аль болох хүүхэд ахуй цагаас нь амьдралыг зөв зохистой ухаалаг хүмүүнлэг хүн болгож өсгөх үйлсд урлаг соёлч хамаатай эцэг эхийн үүрэг ч хамаатай. Үлгэр унших, дуу хөгжим гээд багаас нь хүүхдээ амьдралтай сайтар танилцуулж өсгөхгүй бол зөвхөн ном уншаад яах юм. Жишээ нь хоол хийхэд хамгийн сайн жор авахад заримдаа хоолонд үнэтэй хэрнээ бусад байгаа материалтайгаа таарахгүй зүйл байдаг түүн шиг болох вийдээ. Эцсийн эцэст бид хүн шүү дээ. Тэрнээс хаан биш, бурхан биш хүмүүнлэг ухамсартай хүн л бэлдэх хэрэгтэй.
-Та Монголдоо хэзээ ирж ажиллах вэ. Хийж бүтээх гэсэн хүсэл зорилготой залуусыг хэрхэн дэмжиж ажиллана гэж бодож байна?

Би тун удахгүй Монголдоо очиж суурин байна. Гэхдээ би наад асуултанд дургүй. Хэзээ ирэх вэ гэдэг. Би их ирдэг. Жилдээ 4-5 удаа Монголдоо ирдэг. Мөн үргэлж Монголын талаар санаа тавин хийж буй зүйлс ч гэсэн Монгол Японыг холбох үйлсд л хүчээ өгч байна. Тэгэхээр би бол жирийн нэг харь нутагт ажлаад байгаад Монголдоо юм хийхгүй байгаа мэт ойлголтод дургүй шүүдээ.

Хийж бүтээх гэсэн залууст нэг их сүрхий заагаад дээрээс харьцах хүн би бишээ. Зүгээр л хамт санаа нийлсэн залуустайгаа Монголоо эрүүл гаднаас хархад ядаж тугийг маань буруу харуулаад өлгөхгүй ядаж л вийз учир шалтгаангүй олгохгүй гэж доромжлуулахгүй л хүндэтгэлтэй хандах хүчтэй улс хамтдаа бүтээмээр байна. Манайхан уг нь тус тусдаа их хүчтэй улс юм. Гэхдээ багаар ажиллая гэхээр л бие биенээсээ дээр гарах гээд эхлэх болно. Би бодсон амбиц гэхээсээ илүү аливаа юмыг сайхан харагдуулаад ардуур нь өөрсдийн шунал хүслээ гүйцээе гэсэн баг өмссөн ардчилсан болж жүжиглэж буй хүмүүстэй л тэмцмээр байна. Нүүрийг нь улайтал хамт зөв замд нь чиглүүлэх нэг шатрын хүү магадгүй ирээдүйд ноён болно гэсэн мөрөөдөлтэй гүүр, нийгэмд хэрэгтэй зүйлс л хиймээр байгаа. Адгийн наад зах нь хогоо түүе, бүтээн байгуулалтыг хамаагүй хандивтай адил цаг нартай залуу үеэ дайчлаад хийугээе лдээ. Бид нөгөө том чуулган уулзалт боллоо гэхээр цэмцгэр Улаанбаатар хот болгодог тэрэн шиг л үргэлж байцгаая. Яагаав нөгөө “Schindler”-ын бүртгэл дээр нугас хийдэг өвөө немцүүдийн өмнө бол маш хурдан хийчихээд өдөржин хийдэг тоо нь бага байдаг шиг хандаад байвал бид хөгжихгүй шүү дээ. Цаг үргэлж ямагт нэг зүйл хөгжүүлье бид энэ Монголоо эх орноо унаган нутаг уул усаа сайхан болгох, улам амьдрах эрч хүчтэй байлгах гээд л бодоод эхлэх юм бол амархан шүү дээ.

-Өөрийнхөө хийж бүтээж буй бүтээлээрээ нийгэмд хэрхэн нөлөөлж хувь нэмэрээ оруулах гэж байна?

Нийгэмрүүгээ турхирч хэн нэгний эсрэг юм хийхгүй л гэж боддог юм. Бид цөөхөн шүүдээ. Мянга талцаад хэрэлдээд бие биенээ чичлээд эргээд л хэний ч хүү хэний ч охин бай Монгол гэдэг овог, Монгол хүн гэдэг том нэрэн дор л мөнх оршино. Тиймээс хийсэн юмаараа хоорондоо өрсөлдөх биш бие биендээ сургасан бие биенээ дэмжсэн “All Mongolia Team Mongolia” гэсэн л бодлоготой болмоор байгаа. Түүний төлөө ном, жүжиг, кино, дуу юу байдаг юм хийе гэж байгаа надаас л ийм санаа гарна гэхээс илүү хүмүүст дор бүрнээ бодож санаж сэтгэлээ зовоож яваа зүйлс байгаа. Түүнийгээ хоорондоо хуваалцаж зөв тийшээ хамтдаа алхах цуглаан семнар гээд бидний нийгэмд муу зүйлс шүүмж хийхдээ их сайн. Тэгвэл яагаад цагаа гэгээлэг зүйлсээ ярьж тэр дундаа болохгүй асуудлаа шийдэжболохгүй гэж. Энэ л миний хийх хамгийн чухал хүсэл юм.

-Таны яриаг сонсохнээ нийгэмдээ ихийг хийж ойлгуулах, юм үлдээх гэсэн тал ажиглагдаж байна л даа. Энэ чухам юунаас болов. ЭсвэлЯпон улстай Монгол орноо харьцуулахаар тэгж байна уу?

Мэдээж Монгол Япон бол хоёр өөр амьдрах арга адаглаад л цаг агаарын хувьд өөр. Гэхдээ энэ оронд ч газар хөдлөлт, цунами, хар салхи гээд олон хүчтэй байгалийн эрс тэс үзэгдэл зөндөө. Энэ хүмүүс амьдрал дундаас хатуужиж яавал алтан амь, үр хүүхэд гэр орноо алдахгүй байх вэ гэдгийг биеэрээ туулсан амьдралын хичээл нь энэ хүмүүсийг ийм болгож байна.
Гэтэл манай оронд болохоор сүүлийн 100 жил нэг их тийм айхтар том зүйлс гарсангүйлдээ . Халдварт өвчин болон хэлмэгдүүлэлтийн үед л эрсдсэн байх. Тэгэхээр чинь энэ хүмүүст бас амьдралын хичээл цонхлоод байсан юм шүү дээ. Тэгэхээр бид бэлээхэн жишээ авах түүхийн сургамжууд байгаад байхад манайх болоогүй ээгээд үхэр тэрэг шиг яваад байж болохгүй. 2011 он 17 хувь байсан ГДП чинь одоо 2014 онд 6 хувь болчоод байна шүү дээ. Тэгэхээр би кино урлаг гээд яриад байхаар миний дотор нэг сонин эх орноо урлаг соёлоор нь өөрчилнө гээд аав шигээ насаараа зүтгээд амьдралд юу өөрчлөгдөх үү гэхээр юу ч үгүй шүү дээ. Нэр л үлдэнэ гэхдээ энэ бол миний аавын амьдралыг үзэх үзэл нь нэр хүнд алдар цол биш байсан болохоор би бол хүлээн зөвшөөрч байгаан. Харин би бол өөр. Яагаад гэхээр нийгэм өөрөө хөгжөөгүй үед кино урлаг болон тайз дэлгэцийн урлаг өөрөө амьдрах арга биш юм л даа. Тэрний оронд Монголоо харин үр хүүхэд хойч үед нь жаахан ч гэсэн бусад оронтой энэ зэрэгцэх улс болгоод үлдээвэл адаглаад 50 жилийн дараа хүн зохиол бичээд хүн кино хийгээд хангалуун сайхан амьдрах эхлэл нь бие болог гээд л би ийм нийгэмдээ хандсан зүйл яриад байгаа. Хүн зорьвол юуг ч бүтээх хүчтэй байдаг. Дэндүү нуршиж байгаад уучлаарай.

- Цаг заваа гаргаж ярилцсан тань баярлалаа. Ажлын өндөр амжилт хүсье.

 

       Д.Шинээ