Хөгжлөөрөө дэлхийд тэргүүлдэг орны залуус, амьдралдаа бүх талаар сэтгэл хангалуун байгаа зарим улс орны иргэд Ерөнхий сайд, том дарга нарынхаа нэрийг ч мэддэггүй байх нь бий.

Тэнэг мангартаа тийм биш юм билээ. Хэнээс ч дутахгүй амьдарч байгаа учраас тэдний хувьд хэн Ерөнхий сайд байх нь хамаагүй байдаг хэрэг. Харин манайд бол өөр. Цөөн хүн амдаа хэтийдэхээр их улстөржилт явагдаж, улсын толгойлогчид хэн байх нь хүн бүрт хамаатай. Яг өнөөгийн нөхцөлд Монголд эдийн засгийн эрх чөлөөнд хүрсэн хүн цөөн, дээрээс нь сайд дарга нар нь татвар төлөгчдийн мөнгө завшиж, өөрсдийнхөө төлөө ажилладагаас ийнхүү төрийнхөө толгойд хэнийг тавихаа анхааралтай ажигладаг байх.
 
Уг нь аз жаргалтай амьдарч байгаа иргэн хүнд Төрийн гурван өндөрлөгт хэн байх нь хамаагүй юм. Бид эдийн засаг хэцүү байна, гаднын хөрөнгө оруулалт сүйрлээ гээд л Н.Алтанхуяг гэдэг Ерөнхий сайдаа “аваад хаячихлаа”. Хуулийн дагуу одоо шинэ Засаг бүрдэнэ. Тэр болтол дор хаяж нэг cap, цааш хэр удахыг мэдэхгүй. Байдал бишдэж энэ бүхэн сунжирвал жинхэнэ утгаараа бүх төвшний хямрал үүснэ. Эзэнгүй айл шиг хоорондоо толхилцож байх зуур шатахууны үнэ, валютын ханш гэх мэт эмзэг зүйлүүд гаарах вий гэх айдас хүн бүрт байна. Засаглалын хямрал нүүрлэсэн энэ цагт бид маш хурдан учраа олох ёстой болж байна. Тэгэхгүй бол Н.Алтанхуягийг огцруулснаас хавьгүй илүү муу зүйл тохиолдож мэднэ.
 
Одоо залбирах ганц юм байна. Улс төрийн энэ хямрал, улстөрчдийн хагарал иргэн бидний хэтэвчнээс хол өнгөрөөсэй. Дорж, Дулмаагийн амьдрал сайхан байвал Ерөнхий сайд хэний хүү байх нь юуны хамаа. Харамсалтай нь бидний олонхийн амьдрал тааруугаас хэнийг төрийн өндөрлөгт залах вэ гэдэгт иргэн бүр толгойгоо гашилгах юм.


Зууны мэдээ
Ө.Батхүү