“Дуулиант-7”
2014/11/07
Өнгөрсөн долоо хоногийн "Дуулиант 7" үйл явдлыг онцолж байна. Энэхүү дуулиант долоогийн жагсаалтанд улс төр, эдийн засаг, нийгэм, спорт, соёл урлагт өрнөсөн үйл явдал болоод онцлох нийтлэлийг уншигч авхай танд тоймлон хүргэж байна.
1.-Нэг өдрийн дотор 32 хувиар унасан хувьцаа-
Монгол Улсын Их Хурлын гишүүн би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрийн хуулийг дээдлэн сахиж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая!
Хонгконгийн бирж дээр MONGOL MINING (0975.HK) кодоор бүртгэгдсэн хувьцааны үнэ 10 сарын 31-ний Баасан гаригт 32.04 хувиар уналаа. Энэ бол бидний хэлж заншсанаар Ухаа худаг, олон улсад бол Mongolian mining corporation гэх компанийн хувьцаа юм. Биржийн түүхэнд ганцхан өдрийн дотор хувьцааны ийм огцом уналт үзүүлэх нь өдрийн од мэт тохиолддог ховор үзэгдэл билээ. “Нарийн төмөр зам тавингуут бүх зүйл сайхан болно” гэх үлгэр жаргалтайгаар өрнөсөнгүй. Үлгэрт өгүүлснээр бол Ухаа худгийн хувьцаа ингэтлээ унах ёсгүй, эсрэгээрээ өдий хэмжээгээр суга өсөх ёстой биш билүү.
Уналт юунаас болов? Үлгэрийг үнэмшилтэй болгохын тулд УИХ-аар Ухаа худгаас улсын хил хүртэл нарийн төмөр зам тавих шийвэр гараад яг 7 хонож байхад л өнөөх итгэж найдсан “хөгжлийн галт тэрэг” нь Ухаа худгийнхныг орхиод хурдалчихав уу гэмээр үр дүн өглөө. Нарийн төмөр зам тавингуут л хөгжөөд, тасраад явах онолыг баримтлагчдын хүлээлт худлаа байсан нь түрүүчээсээ илрэв бололтой. Уг нь хятадын “хөгжлийн галт тэргэнд амжиж суухыг” шавдуулсан суртал УИХ-ын шийдвэрт голлох нөлөөг үзүүлсэн юм. Монголд MMC хувьцааын уналтын талаар хэн ч мэдээлсэнгүй. Bloomberg мэдээгүй царайлж, eagle news дуугаа хураав.
УИХ-ын 2014 оны 10 дугаар сарын 24-ний Баасан гаригын нэгдсэн хуралдаанаар Төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хуралдаанд оролцсон 51 гишүүний 43 нь буюу 84.3 хувь нь дэмжсэн. Энэ тогтоолд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын шинэ шугамыг 1435 мм-ийн нарийн царигтай байхаар зааж, ингээд л гацаанаас гарлаа хэмээн тунхаглаж, “итгэл үнэмшлээрээ” саналаа өгснөө гайхан бахдацгааж байлаа.
Гэвч хүлээлтээс огт өөр үр дүн гарав. Энэ нь юунаас шалтгаалсныг шинжиж үзэцгээе. Нарийн төмөр замтай замгүй хувьцааны өөрөөр хэлбэл монголын нүүрсний үнэ цэнэ ийм уналттай тулгарах нь зайлшгүй байжээ. Учир нь энэ уналтыг өдөөж байгаа гол хүчин зүйл нь төмөр замын цариг биш, хятад улс нүүрсний импортод таагүй хандаж 3-6 хувийн татвар тавьсан явдал юм. Ийм татвар тавигдсан цагт ганц худалдан авагчтай монголын нүүрс ямар царигтай замаар зөөхөөс хамааралгүйгээр уналтад орох байсан.
Хувьцааны үнэ унаснаар Ухаа худгийн уурхайн хяналт монголчуудын гараас мултарч эхэллээ. Хятадууд энэ уурхайд хяналтаа ихэсгэх тусам байдал улам дордох болно. Импортын татвар зөвхөн бидний хүсэлтээр цуцлагдахгүй нь тодорхой. Тэгвэл ийм татвар бий болгосны утга учир алга болно. Хятадад нүүрс нийлүүлэгч гол хоёр улс, Индонези, Австрали чөлөөт худалдааны гэрээ байгуулснаар импортын татвараас чөлөөлөгдөх гэж байна. Бидэнд ийм боломж бараг байхгүйтэй адил.
Нөгөө талаар энэ бол олон жилийн өмнөөс “нүүрс үнс болох цаг ирнэ” гэж ёрлож байсны дагуу л ирсэн үр дүн. Яагаад гэвэл бид нэг худалдан авагч, нэг зах зээлээс хамааралтай байхыг үргэлж мөрөөдөж, тэмүүлж ирсэн. Ганцхан худалдан авагчтай байх нөхцөлд нүүрс байтугай алт ч үнс болох нөхцөл бүрддэг. Энэ бол наймаа хийж үзсэн хамгийн тэнэг хүн ч урьдчилан хэлж чадах үр дүн байсан. Маш олон удаа сэрэмжлүүлж хэлээд, шаардаад, эсэргүүцээд бараагүй. Заавал алдаж байж ойлгох ёстой л байж дээ. Одоо илт харагдаж байгаа зүйл бол Ухаа худгийн араас том Тавантолгой үнэгүйдэж, харийнхны гарт зүйрлэшгүй хямдаар орно. Тэгээд “үнсний” үнээр нүүрсээ нийлүүлэх ёрлол бүрэн утгаараа хэрэгжих болно.
Нэг худалдан авагчаас хамааралтай байхаар яах вэ? Эдийн засаг, улс төрийн хамаарлын талаар манайдаа л хамгийн айхтар мэдээлэлтэй нийтлэлчид болох Баабар, Д.Жаргалсайхан нар Науру гэж арлын улсын талаар хоорондоо 4 жилийн зайтайгаар сургамжит нийтлэлүүд бичжээ.
Үргэлжлэлийг эндээс уншаарай
Эх сурвалж: battulga.niitlelch.mn
2.-Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцорууллаа-
УИХ-ын нэгдсэн чуулганаар Н.Алтанхуягийг огцруулах асуудлыг хэлэлцсэн. МАН-ын бүлгээс Монгол улсын эдийн засаг элгээрээ эвхэж байгаа тоог баримтыг хэлсэн бол АН-ын бүлгээс Монгол улс хөгжиж байгаа, цаашид хөгжих гээд байна гэдгийг мэдэгдэв.
Н.Алтанхуяг: Монгол улсын 27 дахь Ерөнхий сайдаар 2 дахь жилдээ ажиллаж байна. Огцор гэж сөрөг хүчин шаардсан. Бодит шаалтгаан хэрэгтэй. Үндэслэлгүй, хэн нэгний язгуур эрх ашигт үйлчилсэн шаалтгааныг өгсөн байна хэмээгээд нэр бүхий 28 гишүүний өргөн барьсан үндэслэл тус бүрээр нь тоо баримтыг хэлсэн юм.
Үүний дараагаар санал хураалт болсон бөгөөд санал хураалтад 66 гишүүн оролцсон. Улмаар гишүүдийн 54 хувь нь Н.Алтанхуягийг огцуулах нь зүйтэй гэж үзсэнээр Н.Алтанхуягийг огцорууллаа.
3.-Цагдаагийн нэр барьж залилан хийжээ-
Цагдаагийн алба хаагчийн хувцсыг өмсөн хуурам үйлдэл хийдэг Говь-Алтай аймгийн харьяат 25 настай Д.Хонгорзулыг 2014-11.05-06нд шилжих шөнө үйлдэл дээр нь барьжээ.
Наймдугаар сараас эхлэн цагдаагийн алба хаагчийн дүрэмт хувцсыг өмсөн залилан хийдэг байсан этгээд нь иргэн Б-ээс цагдаагийн байгууллагад ажилд оруулна гэж залилан сая төгрөг авсан байсныг шалгалтын явцад илрүүллээ.
Иймээс иргэд ялангуяа шөнө оройн цагаар сэжигтэй этгээд цагдаагийн алба хаагчийн хувцсыг өмсөж, таныг торгох бичиг баримтаа үзүүлэхийг шаардвал цагдаагийн байгууллагад хандахыг сэрэмжлүүлж байна.
4 .-Гурван настай охин цэцэрлэг дээрээ амиа алджээ-
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 108 дугаар цэцэрлэгт аравдугаар сарын 23-ны өдөр харамсалтай хэрэг гарчээ. Гурван настай охин өдрийн унтлагынхаа дараа дахин сэрсэнгүй. Эхний шинжилгээгээр охины хоолойд тээглэсэн зүйл байхгүй, ходоод гэдсэнд нь үхэлд хүргэх ноцтой зүйл илрээгүй байна. Иймд эд эсийн шинжилгээ авчээ. Одоогоор энэ шинжилгээний хариу гараагүй байна.
Хэрэг гардаг өдөр тухайн ангид 35 хүүхэд ирсэн байжээ. Сүүлийн жилүүдэд нийслэлийн цэцэрлэгүүд ихээхэн ачаалалтай ажиллах болсон. Иймд хэрэг гарсан ангид олон тооны хүүхэд байснаас агаарын дутагдалд орсон байж болзошгүй гэх таамаг байсан юм.
Энэ хэргийг Чингэлтэй дүүгийн Цагдаагийн хэлтэс Эрүүгийн тухай хуулийн 95 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн шалгаж байна. Золгүй байдлаар амиа алдахад хүргэсэн тохиолдолд иргэний гомдол хамааралгүй энэ заалт дээр тулгуурлан хэрэг үүсгэж шалгадаг юм байна. Хэрэв талийгаач бусдын нөлөөгөөр амиа алдсан нь тогтоогдвол Эрүүгийн тухай хуулийн 91, 92 дугаар зүйлийн дагуу шалгалт үргэлжилнэ.
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн мэргэжлийн эмч нарын дүгнэлт хэргийг үргэлжлүүлэн шалгах, эсэхийг шийдвэрлэх юм байна.
5.-2015 онд инфляци 19 хувьд хүрч болзошгүйг мэдэгдлээ-
Монгол Улсын 2015 оны төсвийн төсөлд энэ оны нэгдсэн төсвийн хүлээгдэж буй гүйцэтгэлтэй харьцуулбал нэлээн өөдрөгөөр төсөөлж боловсруулжээ хэмээн Нээлттэй Нийгэм форумаас мэдэгдлээ.
Эдийн засагчдаас бүрдсэн Зөвлөх баг Нээлттэй Нийгэм форумтай хамтран нэгдсэн төсвийн төсөлд тойм дүгнэлт хийдэг. Тэд уламжлал ёсоор ирэх оны төсвийн төсөлд дүн шинжилгээ хийсэн бөгөөд өнгөрсөн жилийн тойм дүгнэлт бодит байдалтай дүйцсэн хэмээн тодотголоо.
Өмнөх жилийн тойм дүгнэлтэд уул уурхайн салбарын өсөлтийг дотоодын эдийн засгийн нөхцөл байдал БНХАУ-ын эрэлт зэрэг эдийн засгийн хүчин зүйлстэй уялдуулалгүй хэтэрхий өөдрөгөөр төсөөлсөн хэмээн дүгнэж байсан. Энэ оны гуравдугаар улирлын дүн мэдээгээр уул уурхайн салбарын төсвийн гүйцэтгэл төлөвлөснөөс 60 хувийн бууралттай буюу төлөвлөсөн орлогын 1/3 хувьтай тэнцэж байгаа нь тэдний гаргасан дүгнэлттэй дүйж буй аж. Зөвлөх баг жил бүрийн төсвийн төсөлд үнэлгээ хийж тойм дүгнэлт гаргахдаа Сангийн яамны төсвийн мэдээлэл, Монголбанк, ҮСХ, Валютын сан, Дэлхийн банкны судалгаа, тайланг үндэслэдэг байна. 2015 оны төсвийн төслийн хувьд эдийн засгийн төлөв байдал, сайжирна гэсэн үндэслэлд тулгуурласан нь хэт өөдрөг байх вий гэсэн болгоомжлолыг тэд өгч байна. Төсөл боловсруулахдаа БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийн сүүлийн дөрвөн жилийн удаашрал, гадаадын хөрөнгө оруулалтын 8 улирал дараалсан бууралт, төлбөрийн тэнцэл, ханшийн дарамтыг бодитой тусгаагүйг тодотгов. Ингэснээр эдийн засгийн ерөнхий төлөв уруудаж, инфляцийн түвшин өсөх хүлээлт нэмэгдэх аж. Тодруулбал Монголбанкны энэ оны хоёрдугаар улирлын судалгааг үндэслэвэл 2015 онд инфляци 19 хувьд хүрч болзошгүйг мэдэгдлээ. Мөн Монголбанкны хэрэгжүүлсэн үнэ тогтворжуулах, ипотекийн хөтөлбөрүүдийг давхар иртэй тонгорог шиг байна хэмээн шүүмжлэв. Учир нь дээрх хөтөлбөрүүдийн хүрээнд эдийн засагт хэт их мөнгөний нийлүүлэлт хийснээр эерэг нөлөөтэй ч нөгөөтэйгүүр валютын ханшийн эрэлтийг огцом хөөрөгдсөн хэмээн тайлбарлалаа. Зөвлөх багийн танилцуулгад гадаадын шууд хөрөнгө оруулалт буурч, валютын нөөц хурдтай шавхагдаж ханшийн дарамт нэмэгдэж буйг онцолсон юм. Улмаар ирэх оны төсвийн төсөл нь тодотголтой харьцуулбал буурсан ч хүлээгдэж буй гүйцэтгэлтэй харьцуулбал өссөн дүр зурагтай байгаа аж. Манай улсын хувьд татварын орлого төрөлжөөгүйн улмаас орлогыг зохиомол өсгөх, зардалтай нийцүүлэх орон зайг уул уурхайн татварын орлого бий болгосон хэвээр байгааг дурдан ирэх оны төсөвт урсгал зарлагын тэлэлт үргэлжилж мэдэх нь гэсэн дүгнэлт өглөө. Урсгал зарлагын өсөлтөд цалин хөлс, тэтгэвэрийн нэмэгдэл ба зээлийн үйлчилгээний төлбөрийн өсөлт голложээ. Цаашид төсвийн орлогыг төрөлжүүлэх, уул уурхайн бус салбаруудын хөгжлийг дэмжих, аж ахуйн нэгжийн санхүүг бэхжүүлэхэд төрийн нэгдсэн бодлого шаардлагатай байгааг Нээлттэй нийгэм форумаас зөвлөлөө.
Б.Заяа /www.montsame.mn/
6.-Монголын сагсчдыг “Элсний IV их наадам”-д явуулсангүй-
Монголын сагсан бөмбөгийн холбооноос мэдэгдэл хийсэн юм. Тус мэдэгдлээр Монголын сагсан бөмбөгийн баг тамирчдыг 11 сарын 14-23-ны хооронд Тайландын Пукет хотод болох “Элсний 4-р их наадам”-ын 3×3 сагсан бөмбөгийн төрөлд оролцуулахгүй болсныг мэдэгсэн юм.
Монголын Сагсан бөмбөгийн баг тамирчид 2012 оноос эхлэн элсний наадамд оролцож эхэлсэн бөгөөд удаа дараа амжилт гаргаж Монголынхоо нэрийг дуурсгасан байна. Энэ удаад ч мөн баг тамирчдын бэлтгэл бүрэн хангагдаж Тайланд улс руу явах онгоцныхоо тасалбарыг хүртэл захиалчихаад байхад, шүүхийн шийдвэрээр уг тэмцээнд оруулахгүй гэсэн албан бичгийг хүргүүлжээ. Уг шийдвэрийг сагсан бөмбөгийн баг тамирчид болоод дасгалжуулагч нар нь эрс эсэргүүцэж байгаагаа мэдэгдэв.
Энэхүү шийдвэр нь ямар учраас гарсныг тодруулбал, 2014 оны 9 сард болсон Инчёны олимпд Монгол Улсын баг тамирчдыг оролцуулахгүй гэсэн шийдвэрийг шүүхээр баталгаажуулан гаргаж Монголын Олимпийн хороонд тэмцээнд оролцуулахгүй байхыг даалгасан байна. Уг шийдвэрийг зөрчин Монголын баг тамирчид тэмцээнд оролцсон нь хууль бус гэж үзэж байгаагийн улмаас “Элсний 4-р их наадам”-д оролцуулахгүй гэсэн шийдвэр гарчээ. Мөн Монголын Үндэсний Олимпийн хороо нь өөрсдийн нэр хүндээ өсгөхийн тулд тамирчдыг ашиглаж байна гэж үзжээ.
Эмэгтэй шигшээ багийн албаны дарга, эрэгтэй шигшээ багийн дасгалжуулагч Б.Мандуул "Тамирчин хүний хувьд томоохон тэмцээнд орно гэдэг бүтэн нэг жилийн бэлтгэлээс илүү туршлага суулгадаг. Бидний хувьд нэг тэмцээнд орохгүй үлдэнэ гэдэг маш том хоцролт гэж бодож байна. Тэгээд ч томоохон тэмцээн уралдаанд ороод амжилт гаргахад бидний нэр хүндээс гадна Монголын нэр хүнд ч өсч байдаг гэдгийг та бүхэн Инчёны олимпоос харсан биз. Энэ тэмцээнд оролцуулахгүй гэсэн шийдвэр гарахад бид үнэхээр гайхаж байна. Мөн бидэнд хурдан хариу өгөөсэй гэж шаардаж байна. Тайландын Пукет хотноо болох “Элсний 4-р их наадам”-д Монголын зургаан баг мэдүүлгээ өгч оролцоход бэлэн болсон байсан. Мөн энэ шийдвэрээр Монголын баг тамирчид дөрвөн жилийн турш Ази болоод улс хоорондын томоохон тэмцээнд оролцох эрхгүй болсон” гэсэн юм.
7.-Археологичид Чингис хааны онгоныг илрүүлээгүй гэв-
Гадны сайтад Чингис хааны онгоныг оллоо гэсэн мэдээлэл гарсан байсныг манай сайт уншигч та бүхэндээ хүргэсэн. Тэгвэл энэхүү мэдээ нь ташаа мэдээлэл юм. Энэхүү мэдээлэлд Соёл,спорт,аялал жуулчлалын сайдын зөвлөх PhD С.Урантөгс залруулга хийлээ.
Тэрбээр "Чингис хааны онгон олдсон гэх мэдээллийг гадны сайтуудаар бичиж эхлээд байна. Энэ талаар монголчууд сошл ертөнцөөр шуугиж, үнэхээр олдсон эсэх талаар нь эргэлзсэн иргэд Бээжингийн их сургууль дээр энэ талаарх асуудал яригдаж буйг мэдээлсэн юм. Тиймээс бид эхний ээлжинд орчуулгын мэдээллийг хүргэсэн бол одоо та бүхэнд албаны хүнээс авсан тодруулгыг хүргэж байна. Албаны тодруулгыг Соёл,спорт,аялал жуулчлалын сайдын зөвлөх PhD С.Урантөгсөөс авлаа. Тэрээр дээрх мэдээллийг үндэслэлгүй, худлаа гэдгийг онцолсон юм. Тэрээр: -Худал гэх учир нь Соёл, спорт, аялал жуулчлалын яамны Археологийн мэргэжлийн зөвлөлөөс малтлага, хайгуул, тандалтын экспедици ажиллах эрхийг жил бүрийн дөрөвдүгээр сарын 15-наас олгодог жишгээр манайхаас эрхээ авсан найман баг 2014 оны хувьд эрхээ аваад ажлаа гүйцэтгээд тайлан мэдээгээ эхнээсээ өгөөд эхэлсэн байна гэлээ. Харин гадны мэдээллийн хэрэгслүүдээр цацагдаж буй дээрх мэдээлэл тус яаманд огт очоогүй ажээ. С.Урантөгс “Түүний зэрэгцээ хиргэсүүр олдсон байлаа гэхэд Чингис хааны онгон мөн эсэхийг тогтоохын тулд шинжлэх ухааны маш олон үндэслэл бүхий судалгаа шинжилгээ хийх ёстой. Наад зах нь энэ боолын шарил гээд байгаа 68 палеоантропологийн материал дээр эхлээд краниологийн, морфометрийн хэмжилтүүд хийж ерөнхийд нь антропометрийн судалгаанд хамруулж реконструкцийн болон DNK шинжилгээ хийж байж сая Чингис байна уу Норов байна уу хэнийг нь тогтооно шүү дээ” гэсэн юм. Мөн тэрээр “ийм олон хүний шарил бүхий дурсгалыг замын компани олж малтаад хэн хүнд мэдэгдэхгүй ямар шинжлэх ухааны үндэслэл, эх сурвалжаар он цаг, нэр усыг нь тогтоосон бас бүр тодруулаад хөөхөд ямар нэртэй замын компани хаанаас малтлагын эрх аваад хаашаа авч яваад гэх мэт ямар ч баттай эх сурвалж байхгүй байна шүү дээ. Үнэхээр олдворт газар илэрсэн нь л бол Харьяа орон нутгийн удирдлагад мэдэгдэж орон нутгаас үнэн зөв мэдээллийн дагуу Мэргэжлийн зөвлөл баг бүрдүүлж яаралтай арга хэмжээг авах хүртэлх түвшинд ажилладаг” гэв.
Тоймыг бэлтгэсэн: Х.Даваа