Дөжирсөн асуудал...
2014/11/13
Монголчууд бид өвлийн улиралдаа утаагаар амьсгалаад олон жилийн нүүрийг үзэж байгаа. Намар сэрүүн орохтой зэрэгцэн "утаа" айлчлан ирсэн. Өвлийг "Өвөл" хэмээн нэрлэхээ болоод "Утаа"-ны улирал гэдэг болсон гэвэл та санал нийлэх биз.
Утааны улиралд агаарын 70 хувийг гэр хорооллын айлууд бохирдуулдаг гэж мэргэжилтнүүд онцолсон. Үлдсэн 20 хувь нь автомашин, 10 хувь нь цахилгаан станцаас гарсан утаа агаарыг бохирдуулдаг аж.
Нийслэлд 189 мянган айл гэр хороололд амьдарч байна гэсэн статистик мэдээлэл бий. Иймд гэр хорооллын айлуудыг адан үзэн утаа нэмэгчид хэмээн алаг үздэг. Айл өрх бүрийг хямд чанартай орон сууцаар хангаж чадахгүйгээс хойш яая гэхэв. Тэд нүүрсээ түлж өвлийг өнтэй давна. Ямар тэднийг өвлийн тажигнасан өдөр гал түлж болохгүй гэлтэй биш.
Нийслэл хотын агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийсэн ажлын үр дүнд хүйтний улиралд агаар дахь хүхэрлэг хийн хэмжээ 2012 оныхтой харьцуулахад 40 хувиар, агаар дахь азотын давхар исэл 26 хувиар, нарийн ширхэглэгт тоосонцор 28 хувиар, том ширхэглэгт тоосонцор 33 хувиар багассан үзүүлэлттэй гарсан гэж өнгөрсөн сар мэдээлсэн. Гэвч энэ нь стандартанд заасан хэмжээнээс 1,6-2,7 дахин их байгаа гэдгийг энд онцлоё.
Утааг багасгах талаар цэвэр агаар сангаас олон аргыг дэвшүүлсэн. 2013-2014 онд 45 000 хөнгөлөлттэй үнэ бүхий сайжруулсан зуухыг гэр хорооллын айл өрхүүдэд өгөхөөр төлөвлөснөөс 29 000-ыг нь түгээжээ. Энэ намар нэмж 22 000 зуух өгснөөр нийслэлийн гэр хорооллын 193 000 айл өрхийн 170 000 нь сайжруулсан зуухтай болсон. Мөн 45 мянган зуухнаас 29707 нь айлуудад очсон. Үлдсэн зуухыг энэ сарын 3-наас борлуулж эхэлжээ. Өмнө нь зуухны үнийн 90 орчим хувийг улсаас татаас хэлбэрээр олгодог байсан бол энэ жил 66 хувь болгож бууруулсан байна.
2014-2015 онд “Цэвэр агаар сан”-гаас 20 тэрбум 260 сая төгрөгийг нийслэлийн утааг бууруулахад зарцуулахаар болсон байна. Стандартын шаардлага хангасан сайжруулсан түлш үйлдвэрлэх, шинэ технологи нэвтрүүлэх, аж ахуйн нэгжүүдтэй бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулан ажиллаж байгаа гэнэ.
Тэгвэл тэдний дараагийн дэвшүүлж буй асуудал нь хийн түлш ажээ. Нийслэлийн дулаан хангамжийн хүчин чадал нэмэгдэж байгаа учир нам даралтын зуухыг татан буулгаж хэрэглэгчдийг төвлөрсөн дулаанд холбож байгаа аж. Өнгөрсөн жилүүдэд Цагаан даваа, Цагдаагийн академи орчмын айл өрх, албан байгууллагыг төвлөрсөн дулаан хангамжид холбох ажлын хүрээнд шинэ ус, дулаан дамжуулах төвийн барилга барих, инженерийн шугам сүлжээг шинээр байгуулах цогц ажлуудыг цэвэр агаар сангаас 5.4 тэрбум төгрөгөөр санхүүжүүлжээ.
Харин сайжруулсан зуухаа зөв түлбэл нийслэлийн агаарын бохирдол 50-60 хувь багасах боломжтой гэж цэвэр агаар сангийн гүйцэтгэх захирал байнга шахуу хэлж буй. Эхлээд нүүрс, дараа нь мод, цаас гэсэн дарааллаар түлэх ёстой юм байна. Энэхүү бидний ярьсаар багйаад бүүр сүүлдээ дөжирчихсөн асуудал болох "утаа"-ны асуудлыг энэ удаад сөхлөө.
Х.Даваа