Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн Замын цагдаагийн тасагтай хамтран “Зам тээврийн ослоор хохирогчдын олон улсын өдөр”-ийг тохиолдуулан зам тээврийн ослоор амь насаа алдагсдын дурсгалыг хүндэтгэх үйл ажиллагааг маргааш буюу энэ сарын 16-ны өдөр зохион байгуулах гэж байна.

Энэхүү үйл ажиллагаанд Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоо, Засаг даргын орлогч П.Цэцэгмаа, НЗЦГ-ын дарга, хурандаа Ч.Жаргалсайхан, НЗЦГ-ын Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах хэлтсийн дарга Ц.Ариунболд, Баянгол дүүргийн Замын цагдаагийн тасгийн дарга Б.Батболд, МБШТөв Гандантэгчилэн хийдийн тэргүүн хамба Д.Чойжамц нар болон зам тээврийн ослын хохирогчид, тэдний ар гэрийнхэн оролцоно.

Үйл ажиллагааны үеэр МБШТөв Гандантэгчилэн хийдийн лам хуваргууд ном уншиж, ерөөл айлтгахаас гадна зам тээврийн ослоор амь насаа алдагсдын дурсгалыг хүндэтгэж бүрээ үлээн зул өргөх юм.

Дэлхий дээр жилд зам тээврийн ослоор 1.3 сая хүн амь насаа алдаж 50 сая хүн эрэмдэг, зэрэмдэг болдог бөгөөд энэ нь хүний нас баралтын тэргүүлэх шалтгаан болсоор байна. Монгол Улсад зам тээврийн ослоор жилд 500 орчим хүн нас барж байгаа нь 100.000 хүнд ногдох үзүүлэлтээрээ дэлхий дээр хамгийн өндөр түвшинд буюу  гамшгийн хэмжээнд хүрчээ.

Тиймээс замын хөдөлгөөний аюулгүй байдлын асуудалд бүх шатандаа онцгой анхаарал хандуулахаар Баянгол дүүргийн Замын цагдаагийн тасгаас иргэд, төрийн болон төрийн бус байгууллага, Монгол Улсын Засгийн газарт хандан уриалга гаргажээ.

УРИАЛГА

  1. Нийт ард иргэд хөдөлгөөнд оролцогчдыг:

Иргэн бүр Хөдөлгөөний аюулгүй байдлын хэм хэмжээг судлаж, хэрэгжүүлж хэвшүүлэх, хүүхэд залуучуудад үлгэрлэн хөдөлгөөнд оролцох сахилга хариуцлагаа өндөржүүлье.

2. Төрийн болон төрийн бус байгууллагуудыг:

Хүүхэд нэг бүрийг бага балчираас нь замын хөдөлгөөнд аюулгүй оролцох бүх шатны сургалтыг үр дүнтэй зохион байгуулах бүхий л арга хэлбэрийг эрэлхийлж ялангуяа хүүхэд залуучуудыг авто ослоос урьдчилан сэргийлье.

Хөдөлгөөнд оролцогчдын тав тухтай зорчих нөхцлийг хангасан зам, орчинг бүрдүүлэхэд онцгой анхаарч, замын нөхцлөөс шалтгаалсан хор хохирлыг бууруулцгаая.

Бүрэн бүтэн тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцуулах нөхцлийг бүрдүүлж, олон жил ашигласан хуучин автомашин, хуучин болон баталгаагүй сэлбэг, дугуйн импортыг зогсооцгооё.

  1.  Монгол Улсын засгийн газраас:

Нэгдсэн Үндэсний Байгууллагаас өгсөн чиглэлийг удирдлага болгож Хөдөлгөөний аюулгүй байдлын асуудлаар Засгийн газрын тэргүүлэгч бүтцийг тодорхойлж энэ ажилд улс төрийн санал санаачлага гаргацгаая.

Олон жил хүлээгдэж байгаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлаж, өнөөгийн нөхцөл шаардлагыг хангасан эрх зүйн бичиг баримтаа нэн даруй гаргаж мөрдөцгөөе.

“Зам тээврийн ослоор хохирогчдын дэлхийн өдөр”-ийг жил бүрийн 11 дүгээр сарын 3 дахь долоо хоногийн ням гаригт орон даяар тэмдэглэж байхыг тус тус уриалж байна.

 

Х.Даваа