-ТЭДНИЙГ ХАЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ САНГИЙН МӨНГӨНӨӨС 4.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ХУВЬДАА ЗАВШИЖ УЛСАД ИХ ХЭМЖЭЭНИЙ ХОХИРОЛ УЧРУУЛСАН ГЭЖ ҮЗЭЖ БУЙ БОЛОЛТОЙ-

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газрын дарга Д.Баярсайхан нарын дөрвөн хүнийг өнгөрсөн даваа гаригт ЦЕГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газраас ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулжээ. Дүүргийн нэгдүгээр шүүхийн шүүгчийн захирамжаар баривчлах шийдвэр гарсан байна. Түүнийг яг ямар үндэслэлээр баривчилсан талаарх мэдээллийг Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн шалгаж буй аж. Эх сурвалжийн мэдээллээр Д.Баярсайхан нь доод албан тушаалтнуудтайгаа хуйвалдан ахмад настны нийгмийн халамжийн үйлчилгээний сангийн мөнгөнөөс их хэмжээгээр завшсан байж болзошгүй гэнэ. Д.Баярсайхантай хамт мөн Санхүү, бүртгэл, төлөвлөлтийн газрын дарга Ч.Эрдэнэбулган нь сэжигтнээр татагдаад хоригдож буй бол төрсөн дүү болох Ч.Эрдэнэсувд, Д.Баярсайханы бас нэг төрсөн дүүг мөн баривчилсан байна. Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын эх сурвалжаас тодруулахад "Нийгмийн халамж үйлчилгээнд зарцуулагдах ёстой хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан байж болзошгүй гэдэг үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Гэвч шалгалтын явцад халамж үйлчилгээний сангийн мөнгийг угаасан байж болзошгүй гэж үзэж буй" гэдгээ ч хэлж байгаа юм. Одоогоор тэдэнд Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлд заасан эд хөрөнгө завшсан гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Энэ зүйл ангиар бол "Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн өмчийг итгэмжлэгдэн хариуцсан этгээд завшсан буюу үрэгдүүлсний улмаас бага бус хэмжээний хохирол учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасах буюу хасахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ" хэмээн заажээ.

Энэ хэргийг давтан буюу бүлэглэж үйлдсэн, энэ хэргийн улмаас бусдад үлэмж хэмжээний хохирол учирсан бол таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" хэмээжээ. Дээрх хүмүүсээс гадна энэ хэрэгт их бага хэмжээгээр олон хүн холбогдож буй гэдэг мэдээлэл ч бидэнд ирсэн юм.

ТЭД ХОЁУЛАА НЭГ НУТГИЙНХ

Д.Баярсайхан нь арав гаруй жил Нийгмийн халамж үйлчилгээний газрын даргаар ажиллаж буй аж. Тэрбээр энэ албанд ирээд Санхүү, бүртгэл, төлөвлөлтийн газрын дарга Ч.Эрдэнэбулганыг ажилд авсан бололтой. Ч.Эрдэнэбулганы хашдаг гэх энэ алба нь хяналт шалгалт, дотооддоо аудит хийдэг юм байна. Тодруулбал, Улсын хэмжээнд хүн амын хөгжил, нийгмийн халамж, асрамжийн үйл ажиллагааны хэрэгжилтийн үр дүн, хөрөнгийн зарцуулалт, үр ашиг, үйлчлүүлэгчийн сэтгэл ханамж зэрэгт хяналт, шалгалт, дотоод аудит хийх үүрэгтэй. Мөн байгууллагынхаа эрхлэх асуудлын хүрээний хүн амын хөгжил, нийгмийн халамжийн бодлого, төлөвлөгөө, хууль тогтоомж, хөтөлбөр, төсөл, хамтын ажиллагааны гэрээ, хэлэлцээрийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ хийдаг. Үр дүнд үнэлгээ өгөх төсвийн хөрөнгө, өр төлбөр, орлого, зарлага, хөтөлбөр, арга хэмжээ, хөрөнгө оруулалтад дотоод аудит хийх чиг үүрэгтэй ажилладаг юм байна. Тэгэхээр

Санхүү бүртгэлийн газар нь Нийгмийн халамж үйлчилгээний газрын бүх л хууль бус зүйлийг нуух бас илрүүлэх онцгой үүрэгтэй газар аж. Тийм ч болохоор Д.Баярсайхан нутгийнхаа дүүг томилсон бололтой юм. Учир нь Архангайн гаралтай хүмүүс аж. Д.Баярсайхан нь 1996-2000 онд АН-ынхан засаг барьж байх үед аймгийнхаа Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар ажиллаж байжээ. Иймд тэднийг үгсэн хуйвалдаж төрийн мөнгийг хууль бусаар ашиглан завшсан гэж хардаж буй юм байна. Тухайлбал аудитын шалгалт хийх нэрээр Ч.Эрдэнэбулган Д.Баярсайханы хамаг булхайг хаацайлдаг байсан бөгөөд сүүлдээ хамтран хувь хүртэх замаар нийгмийн халамж үйлчилгээний сангаас 4.5 тэрбум хүртэлх төгрөгийг завшиж зарим тохиолдолд компаниудын данс руу шилжүүлэн хэсэг хугацааны дараа буцаан төвлөрүүлдэг байж болох сэжүүр ч олджээ.

ХОРЬ ГАРУЙ КОМПАНИ БАЙГУУЛСАН БАЙНА

Халамж үйлчилгээний сангийн мөнгийг завшихын тулд Д.Баярсайхан нь өөрийн дүүгийн нэр дээр олон тооны компани байгуулсан байна. Нийгмийн халамж үйлчилгээний газрын дарга болсныхоо хоёр жилийн дараагаас төрсөн дүүгийнхээ нэр дээр компани байгуулж эхэлсэн аж. Харин Ч.Эрдэнэбулган газрын даргаар ажилласныхаа гурван жилийн дараа дүүгийнхээ нэр дээр компани байгуулж халамжийн мөнгө завшиж эхэлсэн байж болзошгүй гэнэ. Тэдний энэ үйлдэл нь баримтаар баталгаажиж байгаа бөгөөд Д.Баярсайхан Ч.Эрдэнэбулган нарын ойр дотнын хүмүүийн нэр дээр байгуулсан компани 20 гаруйд хүрээд буй аж. Шалгалтын явцад өөр компаниуд ч шинээр гарч ирж болзошгүй гэж үзэж буй гэнэ. Тэднийг саатуулахаас өмнө удаан хугацаанд мөрдлөг, шалгалт хийсэн гэдгийг албаныхан мэдэгдэж байна. Мөн шалгалт хийх явцад багагүй төрийн албан тушаалтан холбогдож болзошгүй байсан тул мөрдөн байцаалтын үйл ажиллагаанд нөлөөлнө хэмээн үзэж яаралтай таслан сэргийлэх арга хэмжээ авч цагдан хорьжээ. Учир нь Д.Баярсайханыг шалгах явцад УИХ-ын гишүүн С.Эрдэнэтэй холбоотой хэд хэдэн ноцтой зөрчлүүд илэрсэн байна. Энэ талаар хуулийн ажлын хэсгийнхэн ярилцаж хэргийн талаар хэвлэлийнхэнд дэлгэрэнгүй мэдээлэл агахгүй байх асуудлыг ч ярьсан тухай эх сурвалж хэлж буй юм. Тэд хэрэгт хөндлөнгөөс ямар нэгэн байдлаар улс төр орчихно гэж эмээж буй бололтой.

С.ЭРДЭНЭТЭЙ ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЭЛ ГАРСАН Ч …

Энэ хэргээс улбаалан Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнийг шалгаж магадгүй гэх мэдээлэл түгж зарим цахим хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарчээ. Энэ талаар Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнээс тодруулахад "Ингэж хүн гүтгэдгээ болих хэрэгтэй. Хууль хяналтын байгууллагууд нь шалгах асуудал байгаа бол шалгаад үнэн зөвийг тогтоох байх" хэмээн зарим нэг хэвлэлд хариу өгсөн байв.

70 ГАРУЙ ТӨРЛИЙН ХАЛАМЖ ТҮГЭЭДЭГ

Нийгмийн халамж үйлчилгээний газар нь нийтдээ 70 гаруй төрлийн халамжийг орон даяар түгээдэг. Хөндлөнгөөс харахад Засгийн газрын бодлогыг хэрэгжүүлдэг нэг газар боловч энэ байгууллагаар олон тэрбум төгрөг иргэдийн гар дээр очдог. Иргэний гар дээр очихдоо энэ мөнгө 200, 300 гэх бага мөнгөн дүнгээр тараагддаг боловч олон хүнийг хамруулж бодох юм бол энэ нь их хэмжээний дүн болоод явчихна. Тухайлбал, Нийгмийн халамжийн сангийн ахмад настны нийгмийн халамж үйлчилгээнд зориулсан мөнгөнөөс гэхэд нэг удаад 35 сая төгрөг компани данс руу шилжсэн гэх мэтээр баримт гарч ирж буй юм. Манай улсад мөнгө өгөх халамжийн үйлчилгээ нийт үйлчилгээний 95 хувийг эзэлдэг. Энэ нь албан тушаалтнуудад мөнгө завших сэдэл болсон бололтой. Халамж үйлчилгээнийхэн төрийн мөнгийг шамшигдуулсан хэрэг анх удаа илэрч буй тохиодол нь энэ уудагийнх биш юм. Дөрвөн жилийн өмнөөс гарч эхэлсэн бөгөөд эхний хэрэг хийсэн хүмүүс нь шүүхээр шийтгүүлсэн. Гэхдээ газрын даргын оролцсон энэ хэрэг арайл хэтийдсэн, бусдын дургүйг хүргэхээр байгаа гэдгийг эх сурвалж хэллээ.

Г.ТАНА