Билгүүтэй хүүгийн ээж Ц.Булган: Одоо хандиваа зогсооё
2014/11/24
Оюутны хүч оломгүй далай
"...Дүү маань үеийнхээ найзуудтай тоглоод гүйх цаг мөдхөн ирнэ дээ, эгч ээ" гэх оюутнуудын чин сэтгэлийн үгс хөөрхий эхийн энэ өдрийн зовлонг өчүүхэн ч атугай нимгэлсэн болов уу. Арчаагүй хүмүүсийн хариуцлагагүй үйлдлээс болж хоёр настай Билгүүдэй хүү Бээжингийн Цэргийн 304-р эмнэлгийн түлэнхийн төвд өвчиндөө шаналан хэвтэж байна. Түлэгдэлтийн 4 дүгээр зэрэг буюу хамгийн хүнд, бүр ясандаа хүртэл түлэгдэж зүүн хөлийнх нь чөмөг хайлж ээ, эвий нялх амьтны. Зулайн арьсаар нь хонго, гэдэс зэрэг түлэгдсэн хэсгийг нь нөхөх эхний хагалгааг хийснээс хойш өндөр халуурч, халуун нь ердөө буухгүй байна. Гэвч Билгүүдэй хүү газар газрын монголчуудын халуун сэтгэл, эв эе, өгөөмөр буяныг зөнгөөрөө мэдрэх шиг бяцхан нүүрэндээ инээмсэглэл тодруулан "ээж ээ, гоё оо" гэж шулганах нь гол зурна...
Долоохон хоногийн дотор бүх хүчээрээ цуглуулсан 134553 юань буюу 40 гаруй сая төгрөгийн хандивыг гардуулах гэж Хятад дахь Анагаахын Монгол Оюутны нэгдсэн холбооны залуус Бээжин, Шанхай, Хөх хотоос цугларч хүүгийн ээж Ц.Булгантай уулзаж суугаа нь энэ. Шанхайн хоёр оюутан 13 цагийн турш суудалгүй вагонд зогсоогоороо иржээ. Зарим нь Замын-Үүд орж Хаан банкны хандивын дансан дахь мөнгөө юань болгож авчирсан байна. Энэ бол зөвхөн анагаахын оюутны холбоо. Түүнээс гадна Хятадын олон хот дахь Монгол оюутны холбоо эрвийх дэрвийхээрээ зүтгэсэн. Бээжингийн Монгол оюутны холбоо гэхэд л сургуулиудад ээлж гаргаж өдөр бүр 3 оюутнаар эмнэлэгт орчуулга хийлгэж байна.
Хятадад суралцаж буй анагаахын монгол оюутнууд өөр өөрийн багшаасаа сайн эмнэлэг сураглаж эцэст нь 304-р эмнэлэгт эмчлүүлэхээр болсон тухай оюутнууд Хятадын Олон Улсын Радио, ССТV-ийн Монгол сүлжээний сурвалжлах багийнханд ярьж байлаа. Билгүүдэй хүү Бээжинд ирэхээс өмнө тэдэнд хятад данс байгаагүй учир залуус өөрсдийн хятад, монгол картаараа хандив цуглуулжээ. Хөх хотын Анагаахын сургуулийн оюутан Отгондуламын утас өдөртөө 400-500 удаа дуугарч байсан гэнэ. Оюутны холбооны залуус өөр өөрийн сургуулийн монгол төдийгүй, гадаад оюутнуудаас хандив цуглуулж өгчээ.
Хүний нутаг гүний хошуунд
2012 оны 11 сарын 12-нд тэднийг анх Бээжинд ирэхэд Баатар гэдэг Өвөр Монгол эмч эмнэлгээс машин гаргуулан тосжээ. Шаньдунд анагаахын чиглэлээр сурдаг Цаглашгүйнар гэдэг монгол залуу тэднийг зорин ирж 7 хоног төлбөргүй орчуулга хийж өгөөд буцсан байна. Мөн БНХАУ-д суугаа Монгол Улсын Элчин Сайдын Яамныхан Ц.Булганы дүү Ц.Бадамхандад байр гаргаж өгчээ. Ийнхүү элгэн садан монголчууд эв эеээ нэгтгэж хэн юу чаддаг түүгээрээ тусалж байлаа.
Арьс нөхөх анхны хагалгаа амжилттай болж нөхсөн арьсны 90 хувь нь наалдан төлжиж эхэлжээ. Гэвч зүүн хөлийн шархнаас нь болж халуун нь буурахгүй байгаа бөгөөд хүүгийн биеийн байдлаас шалтгаалж хоёр дахь хагалгаагаар хөлийг нь тайрах эсэхийг шийдэх ажээ. Хүүгийн зүүн хөлийг нэг л судас тэжээж байгаа бөгөөд хагалгааны үеэр тэр судас гэмтэхгүй гэсэн баталгаа алга. Хөлийг нь тайрахгүй, хагалгаа амжилттай боллоо гэхэд хөдөлгөөний 80 хувийн чадвараа алдана гэж эмч нар хэлж байна.
"Монголын эмч нар миний хүүгийн төлөө чадахаасаа чадахгүй хүртлээ зүтгэсэн. Энд ч гэсэн маш хүнд түлэгдсэн гэж үзэж эрчимтэй эмчилгээ хийж байна. Бүрэн эдгэрэх найдвар бага. Гэвч үхтэл үр харам гэдэг. Гомдлын мөр эцсийн горьдлогоо тасартал эмчлүүлнэ. Та нартаа бүгдэд нь баярлалаа. Ийм олон мянган хүн миний хүүд гар сунган тусална гэж ер санасангүй /уйлав/. Энэ бүх үйл ажиллагааг зохион байгуулсан оюутнууд, газар газрын монголчууд, монголын ард түмэнд баярлалаа. Сайн хүмүүсийн буянаар эмчилгээний мөнгө цугларсан. Одоо хандивын аянаа зогсооё" гэж хүүгийн ээж Ц.Булган ярив. Түүнтэй ярилцах зуур гар утас нь байнга дуугарч Өвөр Монгол ахан дүүс хүүгийн биеийг асууж, хандивын дансыг лавлаж байлаа.
Үсэрсэн цус тасарсан мах
ССТV-ийн монгол сүлжээний редакцийн утас дахиад л хангиналаа. "Хүү минь, танай сайтаас харлаа. Монгол улсын Билгүүдэй хүүгийн бие яаж байна? Бид сэтгэлийн дэм болгож түмэн төгрөг хандивлъя..." Шинжааны Баянголын малчин Сангаж ураг удмын 10 гаруй айлыг дайчилж ийнхүү хүүд туслахаар болжээ. Билгүүдэй хүүгийн талаар мэдээлэл цацсанаас хойш Өвөр Монгол, Шинжаан, Хөхнуур, Ляонин гээд Хятад дахь монгол үндэстнүүд Төв телевизийн Монгол сүлжээ рүү зогсоо чөлөөгүй утасдах болсон гэж найруулагч Төмөрголт хэллээ.
Сүүлийн арваад хоног Хятадын олон нийтийн цахим сүлжээгээр хүүд туслах аянд уриалсан мэдээ тасарсангүй. Бээжин, Хөххот, Хайлаар, Авга, Шулуунцагаан, Хөвөөтшар, Урудын дунд хошуу, Баруун үзэмчин, Ордос, Шинжааны Үрэмч хотод Наянбат тэргүүтэй Өвөр Монгол залуусын зохион байгуулсан "Амьддаа бие биенээ хайрлая" хандивын тоглолт болов. Тэд Хөвөөт шараас 16000, Авгаас 37900, Өрөмчөөс 37000 юань босгож чадсан байна. Сургуульд сурч байхдаа давхар ажил хийснээс болж Монгол улсаас хөөгдсөн Шинжааны монгол бүсгүй Ө.Оюунчимэг 20.000 гаруй юанийн хандив цуглуулж өгчээ.
Хүүгийн хоёр хагалгааны зардал нийлээд 200,000 юань болно гэж эмч нар хэлсэн. Түүний дараа нөхөн сэргээх, физик эмчилгээнд багагүй зардал гарах нь мэдээж. Монгол улсын иргэдээс гадна Япон, Солонгос, Австралид ажиллаж амьдарч буй монголчууд Хятадад сурч ажиллаж буй монгол оюутан залуус, гадаад оюутнууд, Өвөр Монгол, Шинжаан, Хөхнуурын монголчууд эв эеэ нэгтгэж халуун гараа сунгасан юм. Одоогийн байдлаар дансанд 400.295 юань орсны 70 хувийг Хятадад буй монгол үндэстэн буюу Өвөр Монгол, Шинжаан, Хөх нуурын монголчууд цуглуулж өгсөн байна. Билгүүдэй хүүд 5000 шахам монголчууд тусалжээ. Энэ олон хүний сэтгэлийн дэмээр хүү эрүүл энх болж Монгол туургатнаа баярлуулна гэдэгт эргэлзэхгүй байна.
До.Болдхуяг
Бээжин хот. 2014 оны 11 дүгээр сар 25
Зочин · 2014/11/30
Mongolchuud maana ewtei bhdaa xvchtei ymaa baxarxaltai bn xurdan edgeerei bytsxan oxin mine
Зочин · 2014/11/30
Saihan medee bna hurdan idgeerei
Ard · 2014/11/29
mash saihan medee bn
Зочин · 2014/11/27
й · 2014/11/25
баярлаж байнааа
Зочин · 2014/11/25
Mongolchuud ewtei baihdaa huchtei gdg shu, bvr nulims tsiilegmej bna gaihaltai
Зочин · 2014/11/25
Handivaa zogsooh yahav emchilgeenees iluu garsan handiv baival tselmuun geed neg ohin bas ih hemjeenii tulegdeltei zovj yavaa yum bn lee. Ijilhen zuil amssan bolohoor zovlong ni sain oilgoh bh daa. Ter ohind o****hgui yu
Зочин · 2014/11/25
Сайхан юмаа адилхан үр хүүхэдтэй болохоор сайхан сонсогдож байна одоо монголд түлэгдсэн хүүхдүүд зөндөө байна ядаж амьдрал үзээгүй нялх нойтон үрсүүддээ ч гэсэн тус болцгооёдоо түлэгдэнэ гэдэг ёстой аймар эдгэж өгдөггүй гэсэн шүү манайхаан