Нийгмийн даатгал, халамжийн мөнгөтэй холбоотойгоор Нийгмийн халамж үйлчилгээний газрын дарга Д.Баярсайханыг  саатуулан шалгаж эхэлсэн нь өнгөрсөн долоо хоногийн дуулиант мэдээллүүдийн нэг байлаа.

Д.Баярсайхан болон тус газрын Санхүү, бүртгэл, төлөвлөлтийн газрын дарга Ч.Эрдэнэбулган нарыг Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлд заасан эд хөрөнгө завшсан гэсэн үндэслэлээр сэжигтнээр татаж, мөрдөн байцаалтын ажиллагаанд саад учруулж болзошгүй хэмээн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан гэдгийг прокурор болон шүүхийн эх сурвалжууд баталжээ. Халамж, даатгалын мөнгөтэй холбоотой энэ хэргийг Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газар шалгаж байгаа аж.

Монгол Улсад байхгүй хүн халамжийн мөнгө аваад л байдаг, нийгмийн даатгалын мөнгө нь сауны газар руу шилжээд байдаг гэх мэтчилэн олон асуудал гарч ирж байгаа гэнэ. Хэзээ ч байгаагүй хүнийг хэн хаанаас бий болгоод улсын бүртгэл данс руу оруулчихдаг, эзэн биегүй хүний мөнгө цаашаагаа явсаар хэний халаасанд ордог байсан гэхчлэн шалгаж тодруулах ажил их байгаа бөгөөд энэ хэргийн хамрах хүрээ экс хийгээд өдгөөгийн нэг бус улстөрчид рүү хүрч магадгүй гэдгийг ч зарим эх сурвалж хэлж байна.

Цагдаагийнхан энэ хэргийг шалгахад улс төрийн нөлөө орохоос ихээхэн болгоомжилж байгаа талаар хэвлэлүүд мэдээлж байгаа билээ. Энэ нь учиртай бололтой.

Нийгмийн халамж үйлчилгээний газрын дарга Д.Баярсайхан Архангай аймгийнх, тус аймгийн ИТХ-ын даргаар ажиллаж байсан нэгэн. Энэ утгаараа Архангайгаас гаралтай МАН-д харьяалагддаг экс сайд, гишүүн байсан нөхөр, мөн өдгөө парламентад сууж байгаа бас нэг гишүүний нэр даатгал, халамжийн мөнгөтэй холбоотой хэргийг шалгахад байн байн гарч ирээд байгаа сурагтай. Тиймээс нийгмийн даатгал, халамжийн мөнгөтэй холбоотой хэрэг улстөрчдөөр хүрээгээ тэлэхэд гайхаад байх юмгүй гэсэн үг.

Нийгмийн халамж үйлчилгээний газрын даргатай холбоотой энэ асуудлаар С.Эрдэнийн толгойлдог Нийгмийн хамгааллын яам хавиар ч бас ажилтнуудаас асууж мэдүүлэг авч шалгасан зүйл болсон гэдгийг зарим эх сурвалж хэлж байна.

 

Ц.ЭРДЭМЭЭ

Улаанбаатарын сонин”