Нийслэлд зөвшөөрөлгүй 102 зочид буудал, дэн буудал үйл ажиллагаагаа явуулж байжээ
2014/11/27
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2011 оны 120 дугаар тогтоолоор баталсан “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт аялал жуулчлалын байр сууцын үйл ажиллагаа эрхлэх журам”–ын дагуу стандартын шаардлага хангасан зочид буудал, дэн буудлуудад зөвшөөрөл олгохоор шийдвэрлэсэн.
Журмын хэрэгжилтийг хангах зорилгоор Нийслэлийн Аялал жуулчлалын газраас Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 460 зочид буудал, дэн буудалд аттестатчилал явуулж, стандартын шаардлага хангаагүй зочид буудал, дэн буудлуудад үйлчилгээгээ сайжруулах зөвлөмж, шаардах хуудас өгчээ.
Гэвч зөвлөмж, шаардлагыг үл тоож ариун цэвэр, эрүүл ахуй, аюулгүй байдлын энгийн нөхцөлийг бүрдүүлээгүй тул 99 зочид буудал, дэн буудалд үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгоогүй байна. Эдгээр газрууд нь орчин, нөхцөлөө сайжруулаагүйгээс гадна насанд хүрээгүй хүүхдэд үйлчилсэн зэрэг хууль бус үйлдлийг удаа дараа гаргасан юм.
Тиймээс үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлгүй зочид буудал, дэн буудалд зохих журмын дагуу арга хэмжээ авахаар нийслэлийн Засаг дарга “Зөвшөөрөлгүй зочид буудал, дэн буудлуудад авах арга хэмжээний тухай” захирамж гаргаж, үүний дагуу Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй үйл ажиллагаа эрхэлж байгаа зочид буудал, дэн буудлуудад энэ оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн нийслэл хотын хангамж үйлчилгээ /цахилгаан, дулаан, ус, хог тээвэрлэлт/ үзүүлэхгүй байхыг үүрэг болгосон.
Энэ хүрээнд Нийслэлийн Аялал жуулчлалын газраас зөвшөөрөл аваагүй 102 зочид буудал, дэн буудлын судалгаа ирүүснээс 7 дүүргийн 18 зочид буудал, 63 дэн буудал буюу
- Баянгол дүүргийн-17,
- Баянзүрх дүүргийн -16,
- Хан-Уул дүүргийн -1,
- Сонгинохайрхан дүүргийн -16,
- Сүхбаатар дүүргийн -14,
- Чингэлтэй дүүргийн-15,
- Налайх дүүргийн -2 нийт 81 газар буюу 79.4% нь шалгалтад хамрагджээ.
Шалгалтанд хамрагдсан газруудын 10 нь Нийслэлийн Аялал жуулчлалын газрын зөвшөөрөлтэй, 7 нь засвартай, 8 нь үйл ажиллагааныхаа чиглэлийг өөрчилсөн байв.
Мөн Баянзүрх дүүргийн “Браво” ХХК-ийн “Болор”, “Намуун талст” ХХК-ийн 6:45, “Эгэлмон” ХХК-ийн “Сэлэнгэ”, “Эм Жи Юу” ХХК-ийн “MJ”, “Санни” ХХК-ийн “Санни” зэрэг 5 дэн буудал нь үйл ажиллагаагаа бүрэн зогсоож засварт орсон байна.
Шалгалтын явцад 199 зөрчил илрүүлэн 46-г нь газар дээр нь арилгуулж, илэрсэн зөрчлийг үндэслэн 16 газарт 89 заалт бүхий улсын байцаагчийн хугацаатай албан шаардлага хүргүүлжээ.
Цаашид зочид буудал болон дэн буудлуудын үйл ажиллагааг сайжруулах үүднээс дүүрэг тус бүр нутаг дэвсгэртээ зочид буудлын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй газруудад олон нийтийн хяналтыг бий болгох, зөвшөөрөлгүйгээр, хууль дүрэм, журам зөрчин ажиллаж буй газруудын талаар тухай бүрд нь холбогдох мэргэжлийн байгууллагуудад мэдэгдэж үйл ажиллагааг зогсоох арга хэмжээ авч ажиллах нь зүйтэй юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.