Хүн бүр эхийнхээ хэвлийд бүрэлдэж эцэг эх гээд олон хүнийг баярлуулан төрдөг билээ. Тэгвэл энэ баярт үйлийг нүгэл болгодог үйл манай улсад хэрээс хэтэрч байгаа тухай албаны хүмүүс тайлбарлаж буй.

Энэ бол “Үр хөндөлт”. Эхийн хэвлийд боожиж буй үр хичнээн хөөрхөн, хичнээн цагаахан гээч. Хүн төрлийг зүүний үзүүр дээр будаа асгахад тогтохтой адил ховор тохиолоор олоод эхийнхээ хэвлийд хүн болон бүрэлдээчгүй байхад нь арга алдарсан эх нь гадагшлуулан хаядаг.

 

   Орчин үед жирэмслэлтээс хамгаалах олон арван арга байдаг. Үр хөндүүлэх нь олон шалтгаантай ч гэлээ манай улсын охид бүсгүйчүүд жирэмслэлтээс хамгаалах эм бэлдмэл, аргуудын талаар ойлголт мэдээлэл дутмаг байдгаасаа болж хүсээгүй жирэмслэлтэд өртөж ийнхүү үр хөндүүлэхэд хүрдэг байна. Хамгийн эмгэнэлтэй нь үр хөндүүлж буй иргэдийн 50-с илүү хувь нь насанд хүрээгүй охид байгаа нь асуудал үүсгэж байгаа юм. Ирээдүйд хэн нэгний эхнэр, ээж болох насанд хүрээгүй охид өдгөө өөрөө хүүхдээрээ атлаа хүүхэдтэй болж үр хөндүүлж байгаа нь харамсалтай

 

    Өнгөрсөн жил 12 настай таван охин жирэмсэлж, үр хөндүүлж байгаад нэг охин нь хүүхдийнхээ хамт нас барсан нь олныг шуугиулаад л өнгөрсөн. Эмч нарын хэлж байгаагаар “13 настай охидууд ирж үр хөндүүлэх нь хэвийн үзэгдэл болсон бөгөөд, өмнө нь хамгийн отгон охид нь 17-18 настай охидууд ирдэг байсан бол өдгөө 13-16 настай охидууд ирдэг болсон” гэжээ. 13 нас гэдэг хэвлийдээ үр тээх байтугай хүний бие организм ч бүрэн бүрэлдэж тогтож насанд хүрээгүй, ухаан сууж өөрийн үзэл бодол нь бүрэлдэн төлөвшөөгүй хүүхэд нас шүү дээ. Өдийд тэд хүүхэлдэйгээр тоглохгүй юмаа гэхэд хүүхэд насны томоогүй зангаасаа салаагүй байдагсан. Судалгаанаас үзэхэд нийт үр хөндөлтийн 46 хувь нь анхны тохиолдол, тэдний 16 хувь нь оюутан, 54 хувь нь давтан хийлгэж буй гэжээ. Сүүлийн хоёр жилд 30 мянга гаруй эмэгтэй үр хөндүүлсэн гэсэн статистик мэдээ байна.  

 

   Нийт эмэгтэйчүүдийн 24 хувь нь үр хөндүүлдэг бол үүнээс 52 хувь нь 25-аас доош насныхан байдаг байна. Үүнийг дагаад гам сайн бариагүйгээс болоод насаараа үргүй болох эмэгтэйчүүд ихэссэн байна. Үр хөндүүлэх нь өөрөө өндөр эрсдэлийг дагуулдаг. Эм ууж ургыг гадагшлуулах аргаар үр хөндүүлж буй охидууд их хэмжээгээр цус алдан амиа алдах, эм уусны дараа эхэс нь бүрэн гаралгүй үлдэх тохиолдол цөөнгүй байдаг байна. Мөн үр хөндөх явцад эмчийн буруугаас умай цоорох явдал гардаг байна.

 

   Охид эмэгтэйчүүд минь жирэмсэн болохоосо өмнө мөн жирэмсэн болсон хойноо ч өөрийгөө эрсдэлд оруулах үр зулбуулах эм бэлдмэл хэрэглэж амь насаараа хохирсон тохиолдлууд гардаг. Тодруулбал Нарантуул худалдааны төв дээр хууль бусаар буюу хулгайгаар зарагддаг эмийг эмэгтэйчүүд үнэ хямдыг нь бодоод авч хэрэглэдгээсээ болоод ийнхүү хохирдог байна.

 

    Нийслэлийн Эрүүл мэндийн газар,  Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газартай хамтран Нийслэлийн  Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо  “Нарантуул”  захын нутаг  дэвсгэрт үр зулбуулах эмийн хууль бус худалдааг илрүүлэх,  хууль бус эмийн наймааг таслан зогсоох шалгалтыг зохион байгуулжээ.
Шалгалтаар  “Нарантуул” зах дээр худалдаа эрхэлдэг нэгэн эмэгтэй лангуун дээрээ үр зулбуулдаг цагаан өнгийн хайрцагтай хуурамч эм зөвшөөрөлгүй худалдан борлуулж байсныг илрүүлж, харъяа дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн жижүүрийн албанд хүлээлгэн өгсөн байна. Мөн тус зах дээр энэ төрлийн худалдаа хийж байсан 2 иргэнийг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн албан хаагч нар  7, 8 дугаар саруудад тус тус  илрүүлж, эрүүгийн хэрэг үүсгэсэн байна.

 

    Ийм учраас нийслэлийн Эрүүл мэндийн газраас иргэдэд энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх,  Монгол  улсын эмийн бүртгэлд ороогүй, баталгаагүй, хятад улсад үйлдвэрлэсэн, хятад хэлээр бичсэн, хадгалалт тээвэрлэлт хэрхэн хийгдсэн нь тодорхойгүй эм, эмийн бэлдмэлийг хувь хүний гар дээрээс авч амь нас эрүүл мэндээ хохироохгүй байх, эм, эмийн бэлдмэлийг баталгаатай эмнэлэг, эмийн сангаас авч эмчийн хяналтан доор хэрэглэх талаар анхааруулж байна.

 

      Энэ их эрсдэлийг давж, сэтгэл санааны болоод биеийн маш их зовиурыг тэвчин байж юунд бяцхан үрээ хөнөөнө вэ? Мэдээж цаг нь болоогүй, эцэг нь хүлээн зөвшөөрөөгүй гээд тэднийг өмөөрөх олон ч шалтгаан бий. Гэвч өөрийгөө болоод хэвлийдэх үрээ бодоод ухаалаг, үнэнч, сэрэмжтэй байж, эрүүл хүүхдийнхээ эрүүл ээж нь байгаасай.