timthumb.php

Захиргааны хэргийн шүүх дээр иргэний гомдол маргаан тасрахгүй байна. Зарим маргаан хэдэн жил дамжин үргэлжлэх болжээ. Маргаан шийдвэрлэгдэхгүй удах нь олон шалтгаантай. Гэхдээ голцуу захиргаа болон хариуцагч талаар “хор” найруулж төвөг уддаг гэж иргэд ярьж байна.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо буюу “Бага тойруу”-гийн хэсэг айлууд, “Эрдэм” сууц өмчлөгчдийн холбооноос захиргааны хэргийн шүүхэд хандсан гомдол шийдэгдэхгүй удаж байгаа ажээ. Тэнд “Гацуурт” компанийн эзэн Л.Чинбат хууль бусаар газар эзэмшиж, хууль бусаар 13 давхар барилга барьж буй нь ийнхүү маргаан үүсгэсэн байна.

Энэ оны 9 дүгээр сарын 4-нд Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн шүүгч О.Оюунгэрэлийн даргалсан шүүх хуралдаан “халуухан” болж өнгөрсөн байлаа.  Халуун гэсний учир нь нэхэмжлэгч тал буюу “Эрдэм” сууц өмчлөгчдийн холбооны Удирдах зөвлөлийн дарга Н.Бумбар, зөвлөлийн гишүүн Х.Бадам нар шүүхийн хэлэлцүүлгийн үеэр шүүх хуралдааны танхимыг орхин гарчээ.  Тэдний хувьд шүүх хуралдаанд хотын захиргааг төлөөлөн ирсэн хүмүүс нь хууль, журам болон хотын удирдлагаас өмнө нь гаргасан зарчмын дүгнэлт, байр сууриас илэрхий ухарч дан ганц Л.Чинбатын талд үйлчилсэн хэмээн үзэж тийнхүү хурлаа хаяж явсан байв. Энэ тухайгаа дараа нь тэд  Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлд хандаж илгээсэн хүсэлтэндээ тодорхой бичжээ.

Э.Бат-Үүлд илгээсэн тэдний бичигт, “Нийслэлийн Захирагчийн ажлын албаны дарга асан Ч.Бат, Газрын албаны дарга асан Ц.Сандуй, Ерөнхий архитектор асан Э.Хүрэлбаатар нар үгсэн хуйвалдаж, Монгол улсын хууль, шүүхийн шийдвэрийг илтэд зөрчиж, инженерийн шугам сүлжээ, төрийн өмчийн барилга байгууламжийн газар, иргэд, нийтийн эзэмшлийн газаргүй болгож, барилгын зураггүй, техникийн нөхцөл, стандартын шаардлага бүрэн хангагдаагүй байхад, оршин суугч иргэдийн хууль ёсны эрхийг шууд зөрчин Нийслэлийн Засаг дарга асан Г.Мөнхбаяр 2011 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 295 тоот захирамжийнхаа 40 дэх заалтаар “Гацуурт”-ын Л.Чинбатад 0.043 га газар олгож, зөвшөөрөлгүй 13 давхар барилгын хана босгуулсан юм” гэжээ.

Л.Чинбатын энэ барилга нь 2012 оны 9 дүгээр сард Нийслэлийн удирдлагын шийдвэрээр зөвшөөрөлгүй, дур мэдэн баригдсан барилгын жагсаалтанд орсон байв. Тэгээд ч хотын удирдлагууд оршин суугчдын төлөөллийг хүлээн авч уулзан, комисс томилж уг барилгыг газар дээр нь очиж үзээд, удирдлагын зөвлөлийнхөө хурлаар хэлэлцүүлэн, хууль зөрчсөн болохыг тал бүрээс шүүн хэлэлцэж нэг мөр ойлголттой болсон юмсанж. Энэ үеэр Э.Бат-Үүл, “Эрх мэдэлтэй, хөрөнгөтэй нь иргэдийг дээрэлхэж, илт хууль зөрчсөн ийм үйлдэл хийж байхад барилга барих зөвшөөрөл олгож, дулаан цахилгаанаар хангасан нь дэндүү увайгүй…” хэмээн бухимдаж байсан байна. Хотын захиргааны бусад албан тушаалтнууд, ялангуяа газар дээр нь очиж үзсэн Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун “Л.Чинбатын 13 давхар барилга бол хот байгуулалтын норм дүрмийг илт зөрчсөн. Барилгын болон газрын зөвшөөрөл нь ч хууль бус байх магадлалтай” гэсэн байлаа.

Гэвч өнгөрсөн 9 дүгээр сарын 4-нд болсон шүүх хуралд хотын захиргааны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүх, А.Алтанцэцэг, Д.Хан-Уул, Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын Ж.Мөнх-Эрдэнэ нар нь суудал дээрээ шууд Э.Бат-Үүлийнхээ  эсрэг хандаж, “…нэхэмжлэгч нарын эрх ашгийг хөндөөгүй…нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй…” гэсэн байх юм. Мөн Д.Хан-Уул нь “Иргэн Л.Чинбатын барилга бол хот байгуулалтын норм дүрэм, иргэдийн рэх ашгийг зөрчөөгүй” гэжээ.

Урьд нь Захиргааны хэргийн шүүхээс Э.Бат-Үүл дарга руу хэд хэдэн удаа бичиг илгээж байсан бөгөөд тэдгээрт нь “…маргаан бүхий захирамжтай холбоотой тайлбар, нотлох баримтуудыг тогтоосон хугцаанд шүүхэд ирүүлээгүй…тухайн газар нь нийтийн эдэлбэр газарт хамаарагдаж буй талаар хэрхэн шалгаж тогтоосон тухай дүгнэлт, судалгаа хийсэн нь тодорхойгүй байна. …газрын байршил, эзэмшлийг тодорхой мэдэхгүй, …хэргийн нөхцөл байдлыг огт судлахгүйгээр шүүх хуралд хариуцагчийг төлөөлөн оролцож байгаа нь …хүндрэл учруулж байгааг анхаарч холбогдох арга хэмжээ авахыг хүсье” гэсэн байлаа. Өөрөөр хэлбэл, захиргааг төлөөлж шүүх хуралд оролцох Б.Алтансүх, А.Алтанцэцэг, Д.Хан-Уул, Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын Ж.Мөнх-Эрдэнэ нар үнэн бодитой тайлбар, мэдүүлгүүдийг шүүхэд гаргаж өгөхгүй цааргалж байжээ. Э.Бат-Үүл нь болохоор шүүхээс тийм  бичиг ирснийг хараад “Хуулийн дагуу шийдэж, холбогдох баримтыг гаргаж өг” гэж цохолт хийгээд л доод албан тушаалтнууддаа илгээдэг байсан байна. Харин тэд нар нь тэрүүхэндээ хуйвалдаж, элдэв арга саам хэрэглэсээр иржээ. Иймээс Н.Бумбар, Х.Бадам нар Б.Алтансүх, А.Алтанцэцэг, Д.Хан-Уул, Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын Ж.Мөнх-Эрдэнэ, Т.Оюунсувд нарыг дараагийн шүүх хуралд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцуулахаас татгалсан байна. Ингээд Э.Бат-Үүл тэдгээр хүмүүсээ сольж өөр төлөөлөгч томилохоор болжээ.

Адгийн зарга арав хоног гэгчээр Н.Бумбар, Х.Бадам нар Л.Чинбатын өдүүлсэн захиргааны хэрэг маргааныг давж заалдах шатны шүүхэд хандан өмнөх анхан шатны шүүхийн 386 дугаар шийдвэр буюу “Л.Чинбат хууль зөрчөөгүй тул хэрэгсэхгүй болгох” гэсэн агуулгатай шийдвэрийг эс зөвшөөрч, хүчингүй болгуулах гомдол гаргажээ. Харин давах шатны шүүх уг сауудлыг авч хэлэлцээд гайтай 386 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүх рүү буцаасан байна. Өөрөөр хэлбэл, хэргийг хуулийн дагуу дахин хянан шийдвэрлэхээр болжээ.

Нэхэмжлэгч тал гол нь юу шаардаж байв гэхээр Л.Чинбатад анх Нийслэлийн Засаг дарга асан Ц.Батбаяр уг газарт 794 метр квадрат болгон хэмжээг өгсөж, үүнийхээ 504.3 метр квадратыг сонгон шалгаруулалтгүй, дуудлага худалдаагүйгээр олгож, төсөвт орох орлогыг зувчуулсан талаарх баримт нотолгоог шалгуулах явдал байв. Мөн Нийслэлийн удирдлага, НМХГ зэргээс зөвшөөрөл олгоогүйг тогтоож, дулааны сүлжээ, эрчим хүчний дүгнэлтүүд зөрүүтэйг нэг мөр болгохын тулд дахин шинжээч томилох зэрэг шинээр нотлох баримт гаргуулахыг хүсчээ. Энэ бүхнээс үзэхэд “Гацуурт”-ын Л.Чинбатын “хуйв уужуу”, хуулийг хэнтэй ч, яаж ч хуйвалдан гуйвуулж, төрийн захиргааны ажилтнуудыг өөртөө татаж чаддаг увидастай эр гэдгийг харж болохоор байна. Шүүх асуудлыг шударгаар шийдэх биз ээ.

Б.Отгонбаяр