Түшмэдэд өрөө нь томдож байхад иргэн нь хэвтэх эмнэлэггүй зовж байна
2014/12/04
Монголчууд удахгүй гурван сая дахь иргэнээ өлгийдөхөөр зэхэж байна. Гэтэл төрөх эмнэлэг хүрэлцээгүй хэвээр. Улаанбаатар хотын хүн ам өдөр ирэх тусам нэмэгдэж байгаа.
Нийслэлийн Сүхбаатар, Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан дүүрэгт эмнэлгийн хүрэлцээ тааруу. Баянгол дүүргийнхэн л эмнэлгийн шинэ байртай болж магнай нь тэнийв. Яармагийн дэнжид төрөх эмнэлгийн барилга эхлүүлээд “дутуу алсан могой” шиг болгоод орхисон. Түлэнхийн төв нь байргүйгээс хувийн эмнэлгийн байрыг түрээсэлж байгаад бараг л хөөгдөх шахам гарсан. Сэтгэл байвал бүтдэг гэдгийг Ажаа Гэгээн харуулсан. Монголчуудын, сайхан сэтгэлт хүмүүсийн хандиваар хүүхдийн цусны эмгэг хавдрын эмнэлэг байгуулж хүлээлгэн өгсөн. Эрүүл мэндийн яам, УИХ-аас бага зэргийн дэмжлэг байсныг үгүйсгэхгүй. Ажаа гэгээн төр, түмнийхээ төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэх тангараг өргөсөн төрийн албан хаагч биш. Харин эсрэгээр тангараг өргөсөн төрийн албан хаагчид олон давхар шинэ барилга сүндэрлүүлж тансаглаж, томдсон өрөөндөө, хийх ажил багатай суудаг. Тэр нь эмнэлэгт хэвтэх гээд чадахгүй байгаа иргэдээс нь авсан татварын мөнгөөр сүндэрлэсэн байж таарна. Нийслэлийн Баянзүрх дүүргийн Тамгын газар шинэ байранд орсон. Төрийн үйлчилгээг иргэндээ ойртуулах нэрийдлээр тансаг харшид суудаг дарга, түшмэдүүд Баянзүрх дүүргээр зогсохгүй. Сүхбаатар дүүргийн ЗДТГ АНУ-ын Элчин сайдын яамны өмнө олон давхар, гоёмсог, шилэн өргөөнд нүүж орсон. Хуучин хоёр давхар барилга нь ашиглагдахгүй шахам хоосон. Заримд нь илүүдэж, нөгөөд нь дутахын зовлон энэ.
Шинэ байрандаа Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ынхан нүүж ороод, цайны газартаа тоног төхөөрөмж нийлүүлэх тендер хүртэл зарласан. Хурган дарга нар дулаан байрандаа тухалж, цайны газраа хүртэл хажуудаа байгуулж байхад, иргэд нь хэвтэх эмнэлэггүй, эмнэлгийн ажилтны царай харж, дугаараа хүлээж, өвчиндөө шаналж, өдөр, хоногийг өнгөрөөж байна. Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгийн барилга 1970 онд баригдсан. Хүүхдийн эмнэлэг нэрийн дор баригдсан ч томчуудын эмнэлэг болсон. 130 мянга гаруй хүн амтай энэ дүүргийн эмнэлгийн хүчин чадал 150 хүний ороор хэмжигдэнэ. 2008 оны УИХ-д энэ дүүргээс Ерөнхий сайд асан С.Баяр, С.Батболд нар УИХ-д нэр дэвшин сонгогдож байв. Хоёр ч Ерөнхий сайд гарсан дүүргийнхэн эмнэлгийн барилга нь хуучирч элэгдсээр. Гурван удаа их засвар хийсэн ч сэхэл авахаасаа өнгөрсөн бололтой. Хан-Уул дүүргийн ЗДТГ-ынхан бас өндрөөс өндөр гоёмсог харшид тухалсан. Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн нэгдэл нь дөрвөн давхар барилгатай. 1990 онд ашиглалтад орсон. Анх 80 мянган хүнд үйлчлэхээр тооцоолсон юм билээ.
Өдгөө хүн ам нь 160 мянга хүрсэн. Нийслэлийн дүүргүүдийн удирдлагууд иргэдийнхээ сайн сайхны төлөө , ахуй амьдралыг дээшлүүлнэ гэж амлалт өгч сонгогддог. Сонгогдсоныхоо маргаашаас мартаад эхэлдэг. Үүний жишээ дүүргүүдийн Тамгын газрууд шинэ байшинд тухалж, иргэд нь эмнэлэгтээ багтахгүй коридороор нь хөглөрдөг дүр зураг. Эмнэлэгт танилтай бол сараар хүлээлгэх дугаарт орохгүй хэвтэх магадлалтай. Дүүргийн хурган түшмэдүүдийн өргөө хэдхэн сарын дотор сүндэрлэж байхад, иргэдэд нь эмнэлгийн барилгыг шинэчлэх хөрөнгө олдохгүй 20-30 жилийг үднэ. Төрийн өндөр албан тушаалтнууд, мөнгөтэй эрхмүүд гадаадад гараад эмчлүүлчихнэ. Монголынхоо эмнэлэгт, эрүүл мэндийн салбарт, эмч мэргэжилтнүүдэд итгэхээ больсоны шинж гэвэл зохилтой. Гадаадад эмчлүүлэх нь бүү хэл хоногийнхоо хоолыг арай ядан залгуулж буй иргэд яах вэ. Түшмэдүүдийн тансаглаж суудаг ордныг түмний эмнэлэг болгоё гэж “Өдрийн сонин”-ыхон уриалсан байсан.
Иргэд нь эмнэлэгтээ багтахгүй коридортоо хэвтэж, сурагчдад нь сургууль олдохгүй коридортоо хичээллэж байхад төөрдөг байшиг шиг, тансаг өргөөнд , томдсон өрөөндөө, цацсан шагай шиг ганц, нэгээрээ суугаа төрийн албан хаагчид санаа зовохгүй байна гэдэг бөх зүрх шүү. Төсөв, мөнгө хүрэлцэхгүй л гэх байх. Дээрээ гүйдлээ олохгүй бол дороо суудлаа олохгүй гэдэг үнэн аж. УИХ 2015онытөсвийг батлахдаа Гандантэгчинлэн хийдийн дэргэд баригдаж буй Цогчэн дуганд 5.4 тэрбум төгрөг төсөвлөсөн. 1000 гаруй лам хурах багтаамжтай гэсэн.
Сүүлдээ шүүмжлэлд өртөөд эхлэхээр “Тайлбар нь буруу болсон. Соёл, дурсгалын музей байгуулах” болоод явчихсан. Төрийн түшмэдүүд ядаж хуучин барилгаа иргэдийнхээ эрүүл мэндэд зориулж болохгүй гэж үү.
Зочин · 2014/12/06
монголд энэ 76 гишүүдээс дээр ухаантай эх орон ард түмэн газар шороо уул усаа хайрлаж монгол ороноо удирдаад аваад явчих хүн үнэхээр байхгүй гэж үү.
Зочин · 2014/12/06
76-Н ХУЛГАЙЧУУД · 2014/12/05
76-Н ХУЛГАЙЧУУДАА ИДЭЖ УУЖ ХАНАЖ ЦАДАХГҮЙ БАЙНА УУ ОДОО МОНГОЛООС ЗАЙЛ БҮР ДЭЛХИЙГЭЭС ЗАЙЛ
өндөр болгох ну · 2014/12/05
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. ҮНэ: 22 000₮
Зочин · 2014/12/05
Баянгол дүүргийнхэн л эмнэлгийн шинэ байртай болсон хэдийч бас л түшмэдүүд эмч нар нь тус ту******а нэг өрөөтэй тансаглаад ... Дүүргийн хүүхдүүд нь СХД-ийн эмнэлэгийн кордорт оргүй хэвтсээр л байна шүүдээ...
Зочин · 2014/12/05
buyn uilddeg lam gej bdag yumuu