Зургийн эх сурвалж: www.jamestown.org

Сүүлийн үед Оросын зарим хэвлэл, нийгмийн сүлжээ сайтаар Монголын тухай онцгүй мэдээлэл тараах болжээ. Үүнтэй холбоотойгоор, дараах өгүүллийг та бүхэнд толилуулж байна.

Монгол Оросын эсрэг Украйнд зэвсгээр тусалж байна уу?

Энэ оны 9 дүгээр сард ОХУ-ын Ерөнхийлөгч Владимр Путин Монголд айлчлаад буцав. Путины айлчлалаас өмнө, манай зарим хэвлэлээр Путины гол зорилго яг юу вэ гэдгийг таамаглахыг оролдож байв. Харин Монголын нэр хүндтэй гэх зарим хэвлэлд Путин зээл өгөх болов уу, зам тавихад туслах байх гэх мэт шалдир булдир зүйл нийтлэх хооронд, олон улсын тоймч Ш.Гантулга тэднээс огт өөр таамаг дэвшүүлж байсан юм. Тэрээр Путины айлчлалыг дэлхий дахины улс төрийн хувиралттай шууд холбоотой хэмээн үзжээ.

Өнгөрсөн хавар Путин Крымийг Украйнаас тасдан авч, Орост нэгтгэсэнээр олон улсын харилцаанд том хувиралт гарсан юм. BBC агентлаг энэ үйл явдлыг "Хүйтэн дайн" дахин эхэллээ хэмээн зарласан бол, АНУ-ын нэрт эрдэмтэн, нийгмийн идвэхтэн Ноам Хомский дэлхий нийт аймшигт цөмийн дайны ирмэгт тулж ирсэнийг сануулсан билээ. Ийнхүү, Орос Барууны ертөнцтэй илэрхий сөргөлдөөнд орсноор, дэлхийн улс орнуудыг эрс талцуулах болжээ.

Барууны ертөнцтэй "хүйтэн дайн" эхлүүлсэн Путин Монголд айлчлахаасаа хэдхэн өдрийн өмнө хөрш улс Казахстанд нэгэн том сануулгыг өгчээ. Путин уламжлал ёсоор зохиогддог "Селигер" залуучуудын чуулганд оролцохдоо Казахстаны ерөнхийлөгч Нурсултан Назарбаевыг "урьд нь ямар ч улс оршин тогтнож байгаагүй нутаг дээр улс байгуулсан" онцгой хувьтай хүн хэмээн хэлсэн нь ажиглагчдын анхаарлын татсан юм. Тэдний үзэж буйгаар, Казахстаны тусгаар тогтнолыг хөндсөн Путины энэ анхааруулга Назарбаев Украйн, Европын Холбооны хооронд байгуулагдах гэрээг дэмжсэнээс үүдэлтэй ажээ.

"Хүйтэн дайн" эхлээд буй энэ үед ОХУ-ын үнэнч холбоотон гэгдэх Казахстаны ерөнхийлөгч Н.Назарбаев Барууны ертөнцтэй харилцаагаа муутгахыг хүсэхгүй байгаа нь ийнхүү Путинаас дээрх сануулгыг авахад хүргэв бололтой. Н.Назарбаев одоо тун тавгүй байгаа нь тэрээр саяхан ард түмэндээ хандан үг хэлснээс тодорхой. Тэрээр дэлхий нийтээрээ тулгарч буй шинэ хямралд бэлтгэлтэй байхыг ард түмэндээ анхааруулжээ.

Харин Путин Монголд ирсэн нь тийм ч сэтгэл хөдөлгөсөн айлчлал болж чадаагүй юм. Путины айлчлалтай бараг зэрэгцэн АНУ-ыг төлөөлөн суух элчин сайд, хатагтай Пайпэр Энн Уинд Кэмбэлл Монголд хандан гадаад харилцааны бодлогодоо анхаарахыг сануулсан байв. Тэрээр "Сүүлийн үед олон улсын хамтын нийгэмлэг, түүний дотор Монголын хамтрагчид маань "Гуравдагч хөршийн бодлого"-ын худалдаа, бизнесийн тулгуур багана дээр арай бага анхаарал хандуулах хандлага ажиглагдаж байна" хэмээн Монголчуудад хандан хэлжээ.

Хятад даргын айлчлалтай харьцуулбал, Путины айлчлал товчхон, цар хүрээ багатай өнгөрсөн ба тэр хүсч байсан хариултаа Монголчуудаас авч чадсан эсэх нь тодорхойгүй үлджээ. Учир нь, Монголын эрх баригчид Путинтай шууд тохиролцохгүй, харин оронд нь Хятадыг оролцуулсан гурван талт харилцааг санал болгосон юм. Гэтэл, олон улсын тоймч Ш.Гантулгын үзэж буйгаар, манай бүхий л хэвлэлээр шагшин магтаж буй Монгол-Орос-Хятадын энэ гурван талт уулзалт нь хэрэг дээрээ Монголыг бүр ч илүү аюултай байдалд оруулсан ба одоо Монгол Улс Хятадын даргын зөвшөөрөлгүйгээр Оростой дангаараа харьцаж чадахгүй болж байна.

Энэ бүхний эцэст, Путины айлчлалын дараа Монголд хандах Оросын хандлага ямар болов гэсэн асуулт гарч ирж байна. Үүнд одоохон, шууд хариулах хэцүү. Гэвч, анзаарч харвал, сүүлийн үед Оросын хэвлэлээр Монголчууд Оростой ойртох, хамтрах бодолгүй байгаа талаар мэдээ нийтлэх болжээ. Тэгвэл, хамгийн сүүлд Оросын gazeta-n1.ru, www.Livejournal.com сүлжээ зэрэг сайтад Монголын байлдааны нисдэг тэргүүд Оросын талыг баримтлагчдын эсрэг Украйны засгийн газрын талд тулалдах гэж байгаа талаар мэдээлжээ. Энэ мэдээллийг time.mn сайт орчуулан уншигчдад хүргэсэн байна (http://society.time.mn/content/51461.shtml).

Time.mn сайтын орчуулгаас иш татвал, Оросын сайтад "Монголын Зэвсэгт хүчний есөн нисдэг тэргийг тулаанд ашиглахаар завдаж байна. Монголын Агаарын цэргийн Ми-24В нисдэг тэргүүд Украины Конотопе хотод хэдэн жилийн өмнө ирж, засварт орж байсан юм. Нисдэг тэрэгнүүдийн үйлдвэрийн дугаар, ниссэн цаг, дараагийн засварт орох хугацаа бидэнд ил болсон" хэмээн мэдээлсэн байна.

Мөн, Оросын сайтад "Монголын Зэвсэгт хүчин 1980-аад онд ЗХУ-аас Ми-24В нисдэг тэрэг 10-ыг авч байжээ. Мөн 1992 онд хоёрыг дахин худалдаж авсан байдаг. ОХУ-ын хэвлэлд "Монголын нисдэг тэрэгнүүд Налайх дахь цэргийн ангид байрладаг. Зарим албан бус эх сурвалжаас үзэхэд нисэх ангийг нь татан буулгаснаас хойш нисдэг тэрэгнүүд хаа байгаа нь мэдэгдэхгүй сураггүй алга болсон" гэж бичсэн байна.

Энэ ноцтой мэдээллийг Монголын тал батлаагүй байна. Гэхдээ хэрэв энэ мэдээлэл үнэн болж таарвал, Монгол Улс тун хэцүү асуудалд орооцолджээ. ОХУ энэ асуудлыг зүгээр орхино гэж үү?

Өмнө нь, Монгол Умард Солонгост байлдааны нисэх онгоцны хөдөлгүүр худалдах гэж байсныг Өмнөд Солонгосын тагнуулынхан болон Оросууд илчилж, таслан зогсоож байсан юм. Тэгвэл, Монголын армийн нисдэг тэргүүд Оросын талыг баримтлагчдын эсрэг Украйны талд тулалдах гэж байна гэсэн мэдээлэл дээрхээс үлэмж ноцтой гэдэг нь тодорхой. Өөрөөр хэлбэл, энэ нь Монгол Улс Оросын эсрэг дайсагнаж буйтай агаар нэг болж хувирч байна.

Аль эсвэл, Оросын хэвлэлүүд Путины айлчлалын дараагаас Монголын тухай хуурамч мэдээллийг бодлоготой цацаж эхлэв үү?

Ш.Т.Лантуу