-ЗОЧИД БУУДЛЫНХАН ХҮҮГИЙН ЭЭЖИЙГ ХОЁР ӨДӨР ХҮЛЭЭГЭЭД ЭЦЭСТ НЬ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД ХАНДСАН БАЙНА-

Өнгөрсөн сарын 27-нд Сонгинохайрхан дүүрэгт байрлах "Хайрхан" зочид буудалд нэгэн эмэгтэй гурван настай хүүгээ орхиод явсан хэрэг гарчээ. Хүүгийн ээж "Би ойрхон дэлгүүр орчихоод ирье. Хүүг маань харж байгаарай" гэж тус буудлын ажилтнуудад хэлчихээд явжээ. Буудлынхан эмэгтэйг ирнэ, хүүгээ авах байх гэж хоёр өдөр хүлээгээд эцэст нь цагдаагийн газарт хандсан байна. Ингээд хүүг 29-ний шөнө дунд Хан-Уул дүүрэгт байрлах Нийслэлийн цагдаагийн газрын харьяа Түр хамгаалах төвд авчирчээ. Өчигдөр хүүг журмын дагуу тус төвийнхөнСонгинохайрхан дүүргийн Гэр бүлийн хөгжлийн төвд шилжүүлсэн байна.

Хүүг авчрахад хувцас хунар нь хиртэй, усанд ороогүй нэлээд удсан шинжтэй байжээ. Түүнийг эс тооцвол яриа хөөрөөтэй, хүнээс бишүүрхдэггүй сэргэлэн цовоо юм гэнэ. Төвд хүргэгдэн ирэхэд нь үзлэг хийхэд ямар нэг шарх сорвигүй, биеийн байдал нь сайн байжээ. Хүү чухам юу болсон талаар тус төвийн ажилтнууд болон зочид буудлын хүнд ийн ярьсан байна. "Ээж бид хоёр гэрт амьдардаг. Аав Зүүнхараад байдаг. Миний дүү ээжийн гэдсэнд байгаа. Ээж маань архи уучихаад байдаг. Намайг буудалд үлдээхдээ удахгүй ирнэ гэж хэлээд явсан. Аав маань бид хоёртой удаан байдаггүй. Би ээжийгээ санаж байна. Намайг ирж ав гэж хэлээд өгөөрэй. Ээжид гар утас байхгүй. Ээжийг Цэцгээ гэдэг. Саппорогийн Батаагаас асуувал мэднэ" гэж ярьж байжээ. Хүүг Түр хамгаалах байранд тав хоног байхад ар гэрийнхнээс нь гэж ямар нэг хүн сураглаж ирээгүй байна. Харин аав нь гэх хүний сураг дуулджээ. Ээжээс нь сураг гараагүй аж. Түр хамгаалах байранд янз бүрийн хүүхэд, хүмүүс ирдэг. Гэвч зочид буудалд хаягдсан хүүхэд ирж байсан тохиолдол үгүй гэнэ. Тус төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ч.Аюурзана "Эцэг эхийн хариуцлагагүй, хайнга байдлаас болж ийм явдал гардаг. Хүүхдээ жалга, орц гээд элдэв янзын газарт хаяж явдаг. Зочид буудалд хүүхдээ орхисон анхны тохиолдол нь энэ болж байна. Харин үүнд нэг зүйлийг онцлон хэлэхэд "Хайрхан" зочид буудлын ажилтнуудад талархах хэрэгтэй. Хэний ч юм хүүхдийг хоёр хоног буудалдаа байлгаж, хооллож ундлан ээжийг нь ирнэ гэж хүлээсэн байгаа юм. Хэрвээ тэдний оронд муу хүмүүс байсан бол яана гэж бодохоор. Энэ хүйтэн сэрүүн үед гудамжинд хөөгөөд гаргачихсан бол яах юм бэ. Ямар ч байсан сайхан сэтгэл гаргаж хоёр хоног дэргэдээ байлгаад эцэст нь иргэн хүнийхээ үүргийг биелүүлж цагдаагийн газарт хандсан байна" гэлээ. Иймэрхүү төрлийн хэрэг их гардаг болжээ. Эцэг эхчүүд өөрсдийн хайхрамжгүй байдлаас болж хүүхдээ алга болгочихоод араас нь нэхэл дагал болдоггүй байдал ч олон бүртгэгдсэн байна. Түр хамгаалах байранд эцэг эхээсээ төөрсөн нэгэн хүүхэд есөн сар болсны эцэст хамаатнууд нь хайж ирсэн тохиолдол гарсан гэнэ.

Түр хамгаалах төвийнхөн "Хүүг үлдээсэн зочид буудал Саппорогийн хойно, нэгдүгээр хорооллын арын зам дагуу байдаг гэсэн. Тэнд маш олон зочид буудал байдаг. Чухам хаана гэдэн нь тодорхойгүй. Тэнд л байдаг гэж авчирсан хүмүүс нь хэлсэн" гэж байлаа.

Нэгдүгээр хорооллын арын зам дагуу маш олон зочид буудал, дэн буудал, motel, hotel гэсэн нэршилтэй газрууд байна. Зарим нь ямар ч хаяггүй. Хаалганы бариулууд нь хугарчихсан учир үйлчлүүлэхээр очих хүмүүс хаалгыг нь өшиглөх буюу цонхны шилийг нь тогших аж. Тэндхийн буудлуудаас "Хайрхан" зочид буудлын талаар асууж, гурван настай хүүгээ орхиж явсан эхийн талаар сураглавал "Манай энэ хавьд тийм хэрэг болсон юм уу. Ямар хүн нь тэгдэг байна. Саппоро, 32-ын тэнэмэл, архичдаас л тийм хэрэг гарна даа. Энэ хавиар хайж явбал тэр буудал нь олдох байлгүй. Энд чинь зочид буудал оготнын нүх шиг олон" гэцгээж байлаа. Тэр хавийн буудлууд үнэ хямд, хоногийн 8-15 мянган төгрөгийн үнэтэй аж.

Тухайн хэсгийг хариуцдаг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэст очиж хэргийн талаар тодруулахад ямар нэг мэдээлэлгүй байлаа. Нэгдүгээр хорооллын арын зам дагуу маш олон хаягтай, хаяггүй, элдэв янзын муухай зочид буудал байдаг. Хүүхдээ зочид буудалд орхисон гэх ямар нэг дуудлага мэдээлэл тэмдэглэгдээгүй гэсэн хариулт өгсөн юм.

Саппорогийн арын 11 дүгээр байрны оршин суугчдаас хэргийн талаар тодруулахад "Манай арын энэ олон зочид буудлаас гарахгүй хэрэг гэж байхгүй. Юу ч гарч мэднэ. Орой үдэш хажуугаар нь явахад аюултай. Согтуу галзуу хүмүүс зодолдож хашгиралдаад түгшүүртэй. Саяхан энэ хавийн хэдэн буудлуудын үйл ажиллагааг зогсоосон гэсэн. Эдгээрийг эмх цэгцтэй болгох цаг нь болсон" гэж байлаа.

Д.САРУУЛ