Долдугаар сарын нэгэн
2014/12/07
2008 Оны 7-р сарын 1 бол XXI зууны Монголчуудын түүхэнд нэгэн том хар толбо болон үлдсэн өдөр. Өнгөрсөн зууны 37 оны их хэлмэгдүүллээс хойш шүүхийн тогтоолгүйгээр хэн нэгэн даргын нууц тушаалаар хүмүүсийг шууд буудан алж байсан явдал гарч байсангүй.
Хүний эрх, эрх чөлөөг хамгаас дээдэлдэг ардчилсан гэх тодотголтой энэ орны нийслэлийн төв талбайд төрөөс зохион байгуулсан ийм зэрлэг аллага гарсныг хэнбугай нь ч юугаар ч зөвтгөхийн аргагүй юм. Иргэдийнхээ өөдөөс аймшиггүйгээр буу шагайн тэднийг машинаар хөөж байгаад золбин нохой мэт буудаж хороосон, үй олноор нь хоморголон хорьсон энэ хэрэг ингэсгээд замхрах нь байж боломгүй асуудал.
Төрийн эрхийг хэнээс хэнд шилжүүлэхийг энэ улс оронд иргэд нь чөлөөт сонгуулиар шийддэг. 2008 оны УИХ-ын сонгууль дэндүү шударга бус явагдсаныг иргэд нэгэн дуугаар баталдаг. Эрх баригчид сонголтыг нь хулгайллаа гэж үзвэл жагсаал цуглаан хийж эсэргүүцлээ илэрхийлэх нь тэдэнд үндсэн хуулиар олгогдсон эрх.
Тэр өдөр МАХН-ын байрны урьд болсон жагсаал үймээн бол сүүлийн арван жил сонгогчдын дотор хуримтлагдсан бухимдлын тэсрэлт байсан болов уу гэж бодогддог. Жагсаалыг иргэдийн хууль ёсны ашиг сонирхол гэж хүндэтгэн үзэж, тэдэнтэй нүүр тулан уулзаж, тайвшруулах, тараах ёстой байтал төр засгийн удирдлагууд өрөө тасалгаандаа бүгчихээд ямар ч үйлдэл хийгээгүй байж байгаад шөнө дунд жагсагчид руу гал нээлгэснийхээ хариуцлагыг хэн нэгэн нь хэзээ нэгэн цагт хүлээх учиртай. Хэрэг хуучирдаггүй хэрээ цайдаггүй гэдэг дээ.
ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч, хошууч генерал Ч.Амарболд, Эргүүл хамгаалалтын газрын дарга Ш.Батсүх, Нийслэлийн цагдаагийн газрын дарга О.Зоригт, тус газрын хэв журмын хэлтсийн дарга Г.Ганбаатар нар иргэд рүүгээ буу шагайлгаж, буудах тушаал өгсөн хүний нэрийг хэлэлгүй байсаар байгаад ял авсан боловч өршөөлөөр суллагдсан байгаа. Иргэдийг буудах тушаал өгсөн хүнийг мэдсээр байж илчлэхгүй хаацайлна гэдэг нь өөрөө том гэмт хэрэг биш бил үү.
Тухайн хэргийг мөрдөж байсан УПЕГ-аас яг хэн гэдэг цагдаа хэнийг буудсаныг тогтоож чадаагүй ч цагдаа нар дөрвөн иргэнийг буудсаныг нь хөдөлшгүй баримтаар тогтоосон тухайгаа мэдэгдэл гаргаж байв.
Жагсагчдыг турхирагч хэсэг бүлэг хүмүүс МАХН-ын байр руу “Молотовын коктейль” гэгдэх шилтэй шингэнд гал өгөн шидэж байсан. Намын байр тоногдож, шатаж дуусан жагсагчид тарж байх үед буюу ерөнхийлөгчийн онц байдал тогтоох зарлиг шөнө дунд 00 цагт гарсны дараа хурц гэрэлтэй хар машинууд гэнэт орж ирэн хүмүүсийг элдэн хөөж буудаж байсныг харснаа олон хүн гэрчилсэн байдаг. Хар дарсан зүүд мэт тэр өдрүүдэд хэн юу ярьж байсныг эргэн сануулъя.
ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж
“Долдугаар сарын нэгний үеэр амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхэнтэй уулзаж нас барсан хүн бүрийн ар гэрт 50 сая төгрөг олгосон шүү дээ. Сүүлийн үед Үңдсэн хуулийн агуулга, зарчим их алдагдаж байна.
Мөрдөн байцаах байгууллага дээр шалгагдаж байгаа хэргийг энд авчирч шийддэг жишиг тогтлоо. Цагдаа буудсан гэдгийг Х.Тэмүүжингийн тэргүүлсэн дэд хороо тогтоочихсон шүү дээ. Түүний зохион байгуулан 7 сарын 1-ний асуудлаар хийсэн дэд хорооны хурал бол үнэндээ шүүх хурал л болсон”.
УИХ-ын гишүүн Х:Тэмүүжин
“Онц байдлыг Ерөнхийлөгч зарласан. Харин онц байдлын штабыг Ц.Мөнх-Оргил ахалсан. Штабыг ахалсан албан тушаалтан онц байдал зарласан үед төрийн байгууллагуудын үйл ажиллагааг хянаж чиглүүлэх ёстой.
Хүний амь эрсэдсэн тохиолдолд түүйг хянаж, зааварчилгааг бүрэн хянах үүрэгтэй учир Ц.Мөнх-Оргил үүнд тайлбар хийх ёстой. Онц байдал зарлах үед штабыг С.Баяр ахалж болох байсан. Гэвч Ц.Мөнх-Оргилоор ахлуулсан.
Тиймээс хариуцлага хүлээх хүн нь Н.Энхбаяр, Ц.Мөнх-Оргил хоёр. Онц байдал зарлахаас өмнө С.Баяр үүнийхээ хариуцлагыг хүлээх байсан. Харин онц байдал зарласны дараа С.Баяр тушаал өгсөн бол хуулийг ноцтой зөрчсөн хэрэг болно”.
Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр
“Ийм тушаал өгөх эрх мэдэл хэнд ч байхгүй. Ямар ч Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, дарга нар ийм эрх мэдэл эдэлдэггүй. Тушаал өгсөн байлаа ч гэсэн ийм тушаал хэрэгжүүлээд явж байдаг хүн байдаг юм уу.
Яг буудсан эзнийг нь хууль хяналтынхан шалгаад шүүх шийдэх ёстой асуудал Зарлиг гарахаас өмнө ҮАБЗ-өөс галт зэвсэг хэрэглэж болохгүй" гэсэн чиглэлийг Ч.Амарболд генералд өгөхөд "Мэдлээ, гүйцэтгэе" гээд гарсныг санаж байна. Баяр онц байдал зарлахыг надаас олон удаа шаардсан”.
Ч.Амарболд Би буудах тушаал огт өгөөгүй гэдгээ олон удаа хэлсэн. Байлдааны сум тавьж, өгч болохгүй шүү гэдэг үүргийг удаа дараа өгч байсан. Манай цагдаагийнхан ч миний үүргийг дагасан гэдгээ баталдаг.
О.Зоригт /НЦГ-ын дарга асан, цагдаагийн хурандаа/
Бид Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу жагсаал, цуглааныг тараасан. Хэн ч буудах тушаал өгдөггүй. Монголын цагдаад хүн буудах тушаал өгдөг дарга байхгүй. Миний цагдаа нар хүн буудаж алаагүй.
Шөнийн 01.00 цагт онц байдал зарласны дараа биднийг ор гээд оруулсан. Бид долоон машинтай цувраад орсон. Манай машинууд нэг нэгээрээ салаад явсан. 03.00 цагийн үед бүслэлтийг хаасан. Миний 69 цагдаа орсон. Байшин барилга, улсын байгууллагууд шатаад дууссан байсан.
Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу л бид очсон шүү дээ. Намын байр шатаад дуусч байхад 50-60 дээрэмчин тэндээс гарч ирсэн Мөрдөн байцаах алба дандаа л "цагдаа нар хүн буудсан нь тогтоогдсон" гэж ярьж ирсэн. Тогтоогдоогүй шүү дээ.
"Иргэдийн Алъяанс" төвийн тэргүүн Ж.Занаа
“Хүний эрх хэрхэн зөрчигдсөн талаар мониторингийн судалгаа хийсэн 17 байгууллага бий. Энэ судалгаагаар цагдаа нар хүний эрхэнд халдсан олон асуудлууд байгаа. Тухайн үед 1000 гаруй хүнийг баривчилж урьдчилан хорих байранд хүмүүсийг зодсон, нулимсан, хараасан, биед нь байсан мөнгө, гар утсыг нь хурааж авсан. Баривчилсны дараа хууран мэхэлж, эрүүдэн шүүж байцаан, хийгээгүй хэргийг нь хүлээлгэсэн. 200 гаруй хүнд хилсээр шахуу ял өгч явуулсан.
Тэнд хоригдож байсан 100 гаруй хүүхдээс судалгаа авахад бүгд эрүүдэн шүүсэн гэсэн хариулт өгсөн. Бүр бага насны хүүхдэд “бусдыг өдөөн турхирч жагсаал цуглаан зохион байгуулсан” гэсэн аймшигтай зүйл ангитай хэрэг тулгаж шийтгэсэн. Шүүх хурал дандаа хаалттай хуралдаж байсан гэх мэт хүний эрхийн том зөрчлүүд гарсан.
Бидний хийсэн судалгааны номонд 13 настай хүү зодуурынхаа шархыг дааж чадалгүй нас барсан тухай мэдээлэл ч байгаа. Дөрвийн дөрвөн хүнийг ангуучилж байгаад буудаж хороосноо хуулиа сахьсан, үүргээ биелүүлсэн, тушаалаар ажилласан гэсэн маягаар өөрсдийгөө хамгаалах оролдлого хийгээд байна” гэжээ.
Тэр шөнө цагдаад буудуулагсдын дунд насанд хүрээгүй хүүхэд ч байсан ба дөрвөн хүн амиа алдаж, нэг хүн угаартан нас барж, арваад хүн хүнд хөнгөн шархдаж, мянгаад хүнийг хомроголон баривчилж, шүүхээр оруулан үүнээс 200 гаруй нь ял аван шоронд орцгоосон ба намын байр руу чулуу шидсэн залууд зургаан жилийн хорих ял өгсөн мөртлөө хүн буудсан цагдаа нарт хариуцлага хүлээлгэж чадаагүй нь гайхалтай.
Энэ хэрэг явдалд холбогдуулан шүүхээс хошууч генерал Ч.Амарболд, хурандаа О.Зоригт, Ш.Батсүх, Г.Ганбаатар нарыг 72 цаг саатуулах шийдвэр гаргатал тэд айхтар айж айсандаа даралт нь 200 хүрч, зүрхний хэмнэл нь алдагдсан гэх шалтгаанаар шорон руу биш эмнэлэг рүү түргэний машинаар хүргэгдэж байсан нь түмний нүдэн дээр шүүхийн хувьд ч шүүгдэгч нарын хувьд ч дэндүү ичгэвтэртэй үйл явдал болсон билээ.
Ниргэсэн хойно хашгирав гэгчээр Н.Энхбаяр шөнө дөлөөр онц байдал зарлаагүй бол тэр сайхан залуус өдийд амьд байх байсан. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн даргын хувьд тэрээр уучилшгүй алдаа гаргасан хүн. Ч.Амарболд тэр шөнө С.Баяртай шууд харьцаж байсан хүн гэлцдэг.
22 цаг хүртэл "Онц байдал зарлах хэрэггүй, цагдаа зохицуулчихна" гэж ярьж байсныг нь Н.Энхбаяр баталдаг. 22 цагаас хойш "Дийлэхээ болилоо. Онц байдал зарлъя" гэсэн байдаг.
Ш.Батсүх нь эргүүл хамгаалалтын газрын даргын хувьд галын шу¬гамд гол үүрэгтэй ажиллаж байсан нэгэн. Тэр галт зэвсгийг цагдаа нарт тараасан тухай эргүүл хамгаалалтын газрын нэгэн цагдаагийн тэмдэглэлд байдаг. Г.Ганбаатар нь НЦГ-ын Хэв журмын хэлт¬сийн даргын хувьд хэв журам сахиулах тал дээр ажиллаж байсан гэсэн.
Цагдаагийн эдгээр дарга нар иргэдээ буудах тушаал өгсөн хүнийхээ нэрийг хэлэхгүй хаацайлж байгаа ч яаж өөрсдийгөө зөвтгөсөн Н.Энхбаяр, С.Баяр, Ц.Мөнх-Оргил нар цагдаад түмэн олныхоо эсрэг галт зэвсэг хэрэглэх бололцоог гаргаж өгсөн гэдэгтэй хэн ч маргахгүй.
Энэ явдлын дараа МАХН-ыхан намынхаа байрыг шатаалгасны нөхөн төлбөрт төсвөөс 11 тэрбум төгрөг гаргуулж авсан бол хохирогчдын ар гэрийнхэнд нь таван хүний амь насны төлбөр болгож тус бүрт 50 сая төгрөг өгсөн.
Шүүх хурал гурван удаа хойшилсны эцэст шийдвэрээ гаргасан даруйд шүүхийн шийдвэрийг хууль бус гэж үзэн шүүгдэгчдийн хамаатан гэх Ч.Зоригт гэх эр шүүхийн танхимд шүүгчийг нь шууд боогоод унагаж байв.
Шүүх хурал дээр жагсагчдын эсрэг галт зэвсэг хэрэглэх тушаалыг Ерөнхийлөгч, Ерөнхий сайд Хууль зүйн сайд нарын хэн нь өгснийг илчлэх учиртай байлаа. Харамсалтай нь Ч.Амарболд нар хэний тушаалаар хүн буудаж хөнөөснөө хэлсэнгүй, шүүх тэднээс энэ талаар ганц ч үг унагаж чадаагүй.
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжиний гарт байсан амьд гэрчийн хар дэвтэрт тэмдэглэгдсэнээр буудах тушаалыг дээрх цагдаагийн дарга нар өгч, тэр бүү хэл хурандаа Ш.Батсүх нэг хүүгийн хэвлий рүү буудахыг нь харсан гэх ноцтой баримтуудыг бичсэн байсан.
Харин Ш.Батсүх хурандаагийн ярьснаар цагдаа нар тухайн үед дээрээс өгсөн тушаалыг биелүүлсэн. Макаров буугаараа хүн буудсан, арав гаруй сум тэр бууных байсан гэх гэрчийн тэмдэглэлийг үгүйсгэжээ. Хэрэв цагдаа нарын оронд энгийн иргэд галт зэвсэг хэрэглэж, хүний аминд хүрсэн бол өдийд аль хэдий нь цаазлуулчихсан байх байлаа.
Монголын шүүх нь цагдаагийнхаа өмнө ингэж хүчин мөхөсдөж байгааг харахаас өрөвдмөөр. Харин Монголын цагдаа амьд явах эрхийг тань яаж хамгаалдгийг иргэн та тэр үед харсан буйз аа.
Ш.Пүрэвсүрэн /“Хорвоогоор аялахуй” номноос/
энхтөр · 2014/12/08
Хэрэв онц байдал зарлаагүй бол тэр үед дэгдсэн************* Улаанбаатар хотыг нийт нь хамрах байсан.Ингэж нэг талыг барьж бичиж болохгүй.Тэгвэл энэ*************ийг эхлүүлсэн, өдөөсөн АН-ын дарга Элбэгдорж,үйл явдлыг ц****** хөгжөөсөн, дэвэргэсэн Батзандан,Магнай,Буян овогт Жаргалсайхан эдгээр хүмүүс бас буруутай.Ш.Пүрэвсүрэнтэй санал нийлэхгүй байна.Цагдаа гэхээр иргэдээс өөрөөр авч үзэж болохгүй энэ хүмүүс чинь Монгол төрийг хамга******** тангараг өргөсөн албан үүргээ гүйцэтгэж байгаа ажилчид цагдаа нарыг жирийн иргэдтэй адилтгаж болохгүй.Монгол төр одоо л өөрийгөө хамга******** чадваргүй болж байна даа.
Зочин · 2014/12/08
хүмүүсийг хөөрүүлэхээр араатнаас ч дор болдог . сонгуулийн будилаандаа ч биш далимдуулан танхайчууд тэр дунд олон байсан байхаа адаглаад л хулгайчууд.......тэртээ хойно байсан филормоны байр тэнд байсан өрөө тасалгаанд байсан эд зүйлс цонхон дээр байсан цэцгүүд ямар гэмтэй байсан юм болдоо .ямар нэг этгээд ямарч хэрэг үйлдсэн байж болох.
Зочин · 2014/12/08
Хэрэв тэр өдөр тэнд цугласан олон залуусыг Элбэгдорж магна нар турхираагүй бол 5-н сайхан Монгол залуу амиа алдахгүй энх тунх байлаа гэдгийг эрүүл ухаантай хэн бүхэнд ойлгомжтой байсан ш дээ. Харин тэнэг Н.Энхбаяр тэр ****** турхирагчдыг барьж ял асуугаагүй өнгөрөөснөөрөө өөрөө шангий нь хангалттай амсах шив дээ
Зочин · 2014/12/08
Еэ ****** хар тэнэг малнуудаа тэр хар машинтай хүмүүс чинь хятадын тусгай албад. Тэд нар чинь ийм юм хийх гээд анхлан*******************************************д турхирсан хятадын тагнуул Эбэ, Жагаа, магнай нартай тохирчихсон байсан ш дээ. Тэр байтугай шар хаданд бүрэн ************лэсэн хятадууд хүлээж байсан гэдгийг тэнд амьдардаг Лхамсүрэн гэдэг хүн сонин, хэвлэлээр олон удаа баримттай нь гаргаж тавма биз дээ
Зочин · 2014/12/08
цагдаа нар буудсан л юм бол ил гаргаж болохгүй яасийн. Хар машинтай хүмүүсийг олохгүй л байв гэждээ. Жагсаал үохион байгуулсан хүмүүсийг яагаад хаацайлаад байгаан. Ийм юм болно гэдгийг урьдаас мэдэж байсан юм бишүү. Одоогийн ерөнхийлөгчөө
Зочин · 2014/12/08
MANAI TSAGDAA NAR TEHEER NOHOINOOS DOR SETGEHUITEI BGAA NI HARAGDAJ BGAA BIZ.
Зочин · 2014/12/08
Зочин · 2014/12/08
TEMUUJIN CHI HOOSON HONGOI HENEES HAANAAS ABSAN YUM ELBEGDORJ MINII JARMAND HUN BUUDSAN SUMNII HONGOI BAINA GEED HUTSAAD BAISAN TA NAR BUUNII HONGOI TUUGEED YABJ BAISAN YUM UU TIIM BOL HEN BUUDSANIIG ELBEGDORJ TA HOER HONGOIG ENE TUUJ YABSANAARAA OORSDOO UNENEER HELELDEE
Зочин · 2014/12/08
TEMUUJIN CHI HOOSON HONGOI HENEES HAANAAS ABSAN YUM ELBEGDORJ MINII JARMAND HUN BUUDSAN SUMNII HONGOI BAINA GEED HUTSAAD BAISAN TA NAR BUUNII HONGOI TUUGEED YABJ BAISAN YUM UU TIIM BOL HEN BUUDSANIIG ELBEGDORJ TA HOER HONGOIG ENE TUUJ YABSANAARAA OORSDOO UNENEER HELELDEE
Зочин · 2014/12/08
yg unendee tsagdaa bish bh har mashintai hart bagtai humuus bsan dalimduulj hagaralduulah gesen l humuus bsan bh