"Монголын ардчилсан хувьсгал-25” Эрдэм шинжилгээний Бага хурал арванхоёрдугаар сарын 05-нд Төрийн ордонд болсон юм. Энэхүү хуралд нийтлэлч Баабарын тавьсан илтгэлийг бүрэн эхээр нь хүргэж байна.

 

Монгол орон мөхлийн ирмэгт тулчихаад байна. Монголчууд 2000 мянган жилийн түүхэндээ ингэж ядуурч уруудан доройтож байгаагүй. Монголын тусгаар тогтнол ямар ч баталгаагүй болжээ. Үндэсний аюулгүй байдал тэр чигээрээ алдагдлаа. Хүн амын ядуурлын хэмжээ 80 хувь гарчихлаа. Ард түмэн өлсгөлөнд нэрвэгдэж өдөр хоногийг арай гэж туулж байна. Өмнө үеийнхний бүтээсэн болгоныг эвдэн сүйтгээд үлдсэн юмгүй боллоо. Монгол хэл хүртэл мөхлийн шатандаа орсон тул үр хүүхэд маань монгол соёлоос хөндийрөн харьжих боллоо. Дайн болж буй Афганистан, Иракаас олон хүн Монголд үхэж үрэгдэж байна. Аллага, хүчирхийлэл, осол, гэмт хэрэг замаа алдаж иргэний дайны хэмжээнд хүрчээ. Архидалт бүхнийг хамарч, хүүхэд хөгшдөө оруулаад дундаж монгол хүн 50 литр архи уух боллоо. Эмнэлэгийн үйлчилгээ хэзээ ч байгаагүй доод хэмжээндээ тулан арьс өнгөний өвчин, хорт хавдар, ДОХ, гоц халдварт өвчний хэмжээ тоогоор дэлхийд тэргүүлэх болов. Бараг л бүх эрчүүд нь архичин, эмэгтэйчүүд нь биеэ үнэлэгч болжээ. Ном сонин уншихаа больж, хүүхдийн сургууль завсардалт хавтгайрчээ.  Монгол улсыг гадаадын шунахай этгээдүүд жолоодох болж газар нутгийг нь худалдан авч баялагийг зөөж дуусгаж байна. Хятад хүмүүс сүрэглэн ирж монголчуудыг зодож, хүүхнүүдийг хүчиндэн, хүүхдүүдийг нь хулгайлан авч  эд эрхтэний наймаанд зарж, малыг нь булаан авч хятад мянгат малчдыг олноор төрүүлж байна. Нийт төрж байгаа нялхсын дийлэнх нь хятадуудын хүчиндсэн хүүхнүүдээс төрж монгол цус булингартан алга болж байна. Хүүхдүүд үй олон мянгаараа траншейнд амьдрах болж, ядуу хүмүүс орон гэргүй болон хүүрийн газар, хогийн цэг дээр хэдэн мянгаараа амьдарч байна. Монгол оронд ямар ч ирээдүй байхгүй болсон тул тун удахгүй мөхөж алга болох үндэстний тоонд орох гэж байгааг дэлхийн нэр хүндтэй байгууллагуудаас анхааруулж байгаа юм.

 

Та бүхэн ийм мэдээг өдөр тутам мэдээллийн хэрэгслэлээр сонсч, үзэж, амталж, мэдэрч байгаа билээ. Бид бүхний өдөр тутам хоорондоо ярилцдаг гол сэдэв маань ч энэ байх. Үүнийг би үгүйсгэн тэмцэх гээгүй. Сүүлийн хорин таван жилийн албан ёсны статистикийг харьцуулан тоо баримт хэлэх гэсэн юм. Үүнд БНМАУ-ын Статистикийн төв газраас эрхлэн гаргасан 1971, 1981, 1986, 1991 оны эмхтгэлүүд, Үндэсний статистикийн хорооны 2010 оны Хүн ам орон сууцны тооллогын дэлгэрэнгүй бармт бичиг, Олон улсын валютийн сан, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкны 1992-2012 оны хоорон дахь жил бүрийн тайлан зэргийг ашигласан болой.

 

Хүний эрх, эрх чөлөө. Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх, эвлэлдэн нэгдэх, шүтэж бишрэх, төрөө чөлөөт сонгуулиар өөрийн итгэл үнэмшлээр сонгох, чөлөөтэй зорчих бүхий л эрх шинэ Үндсэн хуулиар нээлттэй болжээ. Одоо Монголд Төрийн бус байгууллага буюу иргэдийн сайн дурын эвслийн тоо 23 мянгад хүрсэн байна. 1990 оноос өмнө төрөөс оршин тогтнох эрхийг нь зөвшөөрөөгүй нэг ч байгууллага байгаагүй. Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн хэвлэлийн тоо хэдийнээ 600 гаруй байгаа бол 1990 онд төрийн мэдлийн 10 хүрэхгүй сонин байсан. Одоо зөвхөн хувийн хэвшилд хамаарах өдөр тутмын сонин 20 гаруй, радио 40 орчим, монгол хэлээр нэвтэрдэг зурагтын суваг хэдэн зуу байгаагийн дотор сум болгон өөрийн зурагтын сувагтай болжээ.

 

Амьдрах газраа иргэд өөрснөө сонгох болсноор 520 мянган хүнтэй байсан Улаанбаатар сая хоёр зуун мянгат болж, Дархан, Эрдэнэтэд тус бүрд нь 80-100 мянган хүн амьдарч байна. Үүнээс гадна Монгол улсын хүн амын 4 хувь нь гадаадад амьдарч байгаа. Үүнд иргэний харъяаллаа өөрчилж Казахстанд очсон 60 мянга орчим иргэдийг оруулаагүй болно. Монгол улсад тогтмол амьдран суугаа гадаадын иргэн ба харъяалалгүй иргэд нийт 15 мянга орчим байгаа нь нийт хүн амдаа 0,5 хувийг эзэлж байна. Монголд ирэх жуулчин 1990 онд жилд мянга хүрдэггүй басан бол одоо хэдийнээ 50 мянга давжээ. Монгол улсын хилийн дээсийг жилд сая орчим монгол хүн нэвтэрч гадаад орнуудад аялж жуулчилж, худалдаа наймаа хийж, сурч боловсорч байна. Шашин шүтлэгтэй хүний тоог 1990 оноос өмнө гаргадаггүй, ерөнхийдөө сүсэгтэн байхгүй гэж үздэг байсан бол 2005 онд гадны байгууллагаас тооцсон дүнгээр буддын шашинтан хүн амын 15 хувийг, христийнх 4 хувь, лалынх 2 хувь гэж гаргажээ. Улс төрийн нам МАХН-аас өөр байх нь хориглогддог байсан бол одоо бүртгэлтэй 17 нам байна.

 

Макро эдийн засаг. 1940-1990 оны хоорон дахь 50 жилд Монголын эдийн засаг 10,4 дахин өссөн бол 1990-2014 оны хоорон дахь 24 жилд 20 дахин өсчээ. Үүнээс 1990-2004 онд хоёр дахин өссөн бол 2004-2014 оны хооронд 10 дахин өссөн байна. Төсөв, хөрөнгө оруулалтын 70 хувийг ЗХУ-аас зээлж хэрэглэдэг байсан бол 1999 онд хандивлагч болон олон улсын санхүүнийн байгууллагын энэ талын дэмжлэг 40 хувьд болсон ба 2005 оноос төсөвийн бүрдлийг өөрснөө 100 хувь хангадаг болсон. Монголын өөрийн талаас оруулж буй төсвийн бүтцийн 42 хувь нь 1940 онд хувийн хэвшил эзэлж байсан бол 1980 онд огт үгүй болоод 2000 онд 80 хувь хүрчээ. Төсвийн нийт хэмжээ 1995 онд 250 сая доллар байсан бол 2010 он гэхэд энэ үзүүлэлт дөрвөн тэрбум долларыг давах болжээ. Монгол улсыг 2005 оноос ядуугийн зэрэглэлээс хасч ОУВС-ын олон олон хөтөлбөрөөс хаслаа. ДНБ-ий нэг хүнд ноогдох хэмжээгээр 1995 онд 400 орчим доллар байсан бол өдгөө бараг 5 мянган долларт очиж дэлхийн дундач төвшний эдийн засагтай оронд mооцогдох болов.

 

Ажилгүйдэл огт байхгүй гэж үздэг байсан бол ажилгүй байхыг гэмт хэрэгт тооцохоо больж, албадан хөдөлмөрийг хориглосноос хойш ажилгүйдлийн төвшин 5-7 хувийн хооронд хэлбэлзсээр буй, харин ажлын байр хэдэн зуун мянгаар эзэнгүй байна. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг сард 60-80 төгрөг авдаг байсан малчдыг эс тооцвол улсад ажиллагсдад 160 төгрөг байсан бол одоо 187 мянган төгрөг байна. Худалдан авах чадварыг нь тооцвол багаар бодоход хоёр дахин илүү болжээ. Энгийн жишээ хэлэхэд 160 төгрөгөөр 20-25 кг мах авдаг байсан бол энэ тоо өдгөө огт буураагүй. Харин бусад барааг чанар, хүртээмжтэй нь харьцуулан коэфицентлахад хавьгүй илүү болохыг янз бүрээр батлаж болно. Малын тоо толгой 1943 онд 27 сая хүрч байсныг эс тооцвол 1990 он хүртэл хэзээ ч 25 сая хүрч байгаагүй бол 2014 оны төлийн тоогоо оруулаад 59,2 сая толгойд хүрээд байна. Хэдийгээр малын тоо бараг гурав дахин нэмэгдсэн боловч ДНБ-д эзлэх хувь нь бараг гжрав дахин буурсан байна. Хатуу хучилттай зам 90 онд 1184 км байсан бол одоо бараг 7 мянган км болжээ. Нийт импорт найм дахин, экспорт долоо дахин өсчээ. 1990 онд ямар ч шатлалгүй ганц байнзтай байсан бол одоо арилцааны банк 17 байна. Хэдийгээр хагас нь татвар төлдөггүй ч гэсэн өнөөдөр 107 мянган аж ахуйн нэгж оршин буй.

 

Эрүүл мэнд. Хүн амын тоо 1990 онд 2,2 сая байснаа 2014 оны эцсаар 3 сая хүрч байна. Монгол хүний дундач наслалт сүүлийн 25 жилд долоон жилээр нэмэгдлээ. Одоо монгол эмэгтэйн дундач наслалт 75, эрэгтэйнх 66 болжээ. 1990 оны байдлаар ой хүртлэх насны нярайн эндэгдэл 128 промил байсан авч дэлхийд маш өндөр үзүүлэлт учир Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад 64 гэж мэдээлдэг байжээ. Одоо нялхсийн эндэгдэл 16 промил буюу тэр үеийнхээс даруй долоо дахин буурсан байна. Нас баралтын үзүүлэлт 10 мянган хүн тутамд 10,4 промил байсан бол одоо 6 промил болтлоо буурсан байна.  Төрөөс эрүүл мэндэд гаргадаг төсвийн хэмжээ 1992 онд 10 орчим сая доллар байсан бол 2011 оноос энэ тоо 500 сая долларт хүрчээ. ХДХВ-ын тархалт хүн амын 0,01 хувиас бага байвал аюулгүй гэж ДЭМБ-аас үздэг, манайд тархалт нь 0,0007 хувь орчим аж.

 

Боловсрол. Долоон дээд сургуультай, 16 мянган оюутантай байсан Монгол өнөөгийн байдлаар 150 орчим дээд сургуультай, гадаадад сурч байгаагаа оролцуулаад 200 мянга орчим оюутантай болжээ. Төсвөөс боловсролд өгч буй мөнгө 20 орчим хувь эзэлдэг хэвээр авч мөнгөн утгаараа доллароор тооцоход сүүлийн 25 жилд 10 дахин нэмэгджээ. 10 мянган хүнд ноогдох оюутны тоо 600 давж энэ үзүүлэлтээр дэлхийд нэгд орж байна. Дээд боловсролтой хүний тоо 1990 онд 100 мянга байсан бол одоо 400 мянга гаруй болжээ. Үүний 62 хувь нь эмэгтэйчүүд байна. Дунд сургуулийн 10 жилийн сургалтыг дэлхийн жишигт ойртуулан 12 жилийн сургалттай болголоо. Одоо нийт сумын бараг ихэнх нь 12 жилийн сургуультай болж байна. Сургуулийн насны боловч сургууль завсардсан хүүхдийн тоо нийт сурагчидтай харьцуулахад 0,8 хувь эзэлж байна. Улсын сургуулийн сурагчид үнэгүй үдийн хоол идэж, улсын цэцэрлэгт хүүхэд үнэгүй явдаг болсон нь урьд хэзээ ч байгаагүй үзүүлэлт юм.

 

Орон сууц. Тухайн цаг уур бүст амьдрах бололцоотой уламжлалт болон орчин үеийн сууцыг орон сууц гэж нэрлэдэг олон улсын жишигтэй. Монгол нь 2010 оны тооллогоор 713 мянган өрхийн 99 хувь нь орон сууцтай байсан энэ үзүүлэлтээр дэлхийд маш дээгүүрт орж байна. 322 мянга өрх гэрт, 382 мянган өрх байшинд амьдарч буйн дээр 8 мянган өрх зориулалтын бус сууцтай нь нийт өрхдөө нэг хувь эзэлж байна. Оюутан сурагчдын нийтийн байранд 1700 өрх буюу 0,2 хувь, ажилчдын нийтийн байранд 10 300 өрх буюу 1.5 хувь өрх амьдардаг аж.  Ийм нарийвчилсан тоог 1990 оноос өмнө гаргаж байгаагүй. Цахилгаан эх үүсвэргүй өрх 3,3 хувь, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэртэй нь 15.6 хувь ба төвийн эрчим хүчээр хангагддаг өрх 76,6 хувь байна. Таваас доош хүнтэй өрх 82 хувь аж.

Хүнсний хэрэглээ. 1990 онд дундач монгол хүний өдрийн хүнсний хэрэглээ 2 000 ккалори байсан бол өдгөө 2 800 ккалори болж энэ үзүүлэлтээр Японыг давах болжээ. Махны хэрэглээ 1985 оны Хүнсний программаар нэг хүнд жилдээ 88 кг болгохын төлөө зорилт тавьж байсан бол өдгөө махны хэрэглээ бараг 150 кг болжээ. Үүнээс дотоодод нядалсан тураг махны хэмжээгээр тооцвол 100 кг-д дөхөх ба махан дайвар бүтээгдэхүүн, гахай загас тахианы махны импорт болон бусад махан бүтээгдэхүүн, консервыг нэмэхээр дэлхийд хамгийн их мах хэрэглэдэг орон болжээ. Гурилын хэрэглээ байнга тогтмол байгаа боловч 1990 онд 2-р гурилын хэрэглээ 80 хувийг нь эзэлж байсан бол одоо дээд гурилын хэрэглээ 80 хувь болсон байна. Монгол улсын хилээр 60 мянга орчим нэр төрлийн бараа импортоор орж ирж буйн үлэмж олон нь хүнсний бүтээгдэхүүн юм. Хүнсний нэр төрөл олширсноос гадна чанар эрс дээшилж витамин, амин хүчил, чихэрлэг их болсноор хэдийгээр тоон судалгаа байхгүй ч залуучуудын өндөр, жин нэмэгдсэн нь нүдэнд харагдана. Хүнсний зохисгүй хэрэглээнээс болж 35-аас дээш насны хүмүүсийн хэт таргалалт, жингийн хэтрэлт 63 хувьд хүрч байна.

 

Ахуйн хэрэглээ. 1990 онд Улаанбаатарт 3300 автомашин хөдөлж байсны 100 орчим нь аминых байлаа. Одоо Улаабаатарт явж байгаа автомашины тоо өрхийн тоотойгоо тэнцэж байна. Харин гар утасны тоо нийт хүн амын тооноос хэтэрч давхардсан тоогоо 4 сая 300 мянга байна. Үүний дотор ухаалаг гар утас хэрэглэгчдийн 25 хувийг нь эзэлж байна. Нэг сая 200 мянга орчим компютер интурнэтийн сүлжээнд холбогджээ. Бүх өрх телевизортой. Ядуурлын тавшинг гаргая гэхээр янз бүрийн үзүүлэлттэй учир нэгэн утгаар тодорхойлоход хүндрэлтэй байна. 1990 оноос өмнө ийм судлагаа хэзээ ч хийж байгаагүй. Ядуу гэдгийг чухам аль төвшнөөс хэрхэн тогтоох нь тодорхойгүй байгаа юм. Хэрэв өнөөдөр НҮБ-аас гаргасан шалгуураар нэг хүнд нэг өдөрт нэг доллар гэдгээр хэмжих юм бол Монголд огт ядуурал алга. Хэрэв Үндэсний статистикийн газраас авсан багцаар хэмжих юм бол ядуурал хорь гаруй хувьтай байна. Хэрэв Дэлхийн банкнаас хэдэн жил дараалан нэг гараанаас тогтмол хэмжсэн шалгуураар авч үзвэл ядуурал арав гаруй хувьтай байна.