Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм зөрчсөний улмаас 2012 оны есдүгээр сарын 3-ны өдөр нийслэлийн БГД-ийн тавдугаар хорооны нутаг дэвсгэрт Нэгдсэн III эмнэлгийн баруун талд бетон зуурмаг, шахуургын хоолой унаж, замын тусгаарлах хэсэгт явж байсан 12 настай Б.Есүгэн охины амь насыг хохироосон хэрэг гарсан.

Эл хэргийг Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны II шүүхэд өнгөрөгч наймдугаар сарын 4-ний өдөр хянан хэлэлцсэн юм. Шүүхээс шүүгдэгч Г.Гантөмөр, Б.Дашням, Д.Болд, Б.Саранхүү, Б.Буянтэгш, О.Батмөнх нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 183.1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, шүүгдэгч Г.Гантөмөр, Б.Дашням нарт 1.6 жил хорих ял оногдуулжээ. Мөн шүүгдэгч Д.Болдын барилгын үйл ажиллагаа явуулах эрхийг хоёр жилийн хугацаагаар хасч, хоёр жил хорих ял оногдуулан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52.5 дахь хэсэгт зааснаар жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид ялыг эдлүүлэхээр шийдвэрлэсэн юм.

Шүүгдэгч Б.Саранхүү, Б.Буянтэгш, О.Батмөнх нарын барилгын үйл ажиллагаа явуулах эрхийг хоёр жил хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 14.040.000 төгрөгөөр торгох ялыг тус тус оногдуулсан билээ. 

Харин хохирогчийн аав Ц.Батсайхан дээд шүүхэд гомдол гаргасныг энэ сарын 10-ны өдөр шүүн хэлэлцлээ. Уг шүүх хурлаар хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаалаа.

Хэргийг эргэн сөхвөл, “Монголын хот байгуулалтын хүрээлэн” ХХК-ийн захиалгаар “Төгс Гүрэн” ХХК-ийн барилга угсралтын ажил гүйцэтгэж байсан барилгын долоон давхарт цутгалт хийхээр автопомп байрлуулах явцдаа 10-38 УНУ улсын дугаартай краны жолооч 50 метрийн урттай бетон зуурмаг шахуургын хоолойг унагасны улмаас дээрх осол гарсан.

Х.Даваа