МҮОНРТ-ийн Ерөнхий захирал  М. Наранбаатарын эрх мэдэл, албан тушаалаа хэтрүүлж,хууль зөрчсөн ажлын талаарх мэдээлэл ар араасаа хөвөрсөөр байна. 

  Тус телевизийн дэд захирлаар ажиллаж байсан Ё.Батбаяртай уулзаж МҮОНРТ-ийн дотор юу болсон талаар дэлгэрэнгүй ярилцлаа.

-Байс хийгээд л салбарынхаа захирлыг хэл амтай халж бөөн шуугиан тарьдаг МҮОНРТ нам жим байснаа сүүлийн үед олны анхаарал татах боллоо. Чухам юу болсон, юуны учир гэнэт хоёр удирдлагаа ажлаас халах болов?

-Би хангалттай олон баримтыг дэлгэж болно. Гэхдээ би хэд хэдэн ноцтой баримтыг энд ярья. М.Наранбаатар өнгөрсөн долоо хоногт томилолтоор гадагшаа явж ирээд ажлын өдөр эхлэнгүүт Д.Энхтуяа бид хоёрыг халах тушаал гаргачихсан. Энэ нь  их учир шалтгаантай.

-Халах тушаалаа олон нийтийн сүлжээгээр цацсан байна лээ. Таныг эрх мэдлээ хэтрүүлсэн, техник хэрэгсэл байгууллагадаа шахах гэж завдсан гэсэн ?

-Харин тийм ээ. Яг үнэн бодит байдал тийм биш шүү дээ. Одоогоос нэг жилийн өмнө тодруулбал 2013 онд М.Наранбаатар Оросын дуу хоолой радиогийн эфирийг зогсоох хүсэлт гаргасан. Харин оронд нь Хятадын радиог оруулж ирэх саналаа бидэнд удаа дараа хэлж байсан юм. Үүнийг би эсэргүүцсэн. Оросын радиотой 30 гаруй жил хамтран ажиллачихаад  ямар ч үндэслэлгүйгээр эфирийг нь хаана гэж байж боломгүй хэрэг. Гэтэл бидний хэнд нь ч мэдэгдэлгүй албан тоот ОХУ-ын ЭСЯ руу явуулсан байсан. Бидэнд тайлбарлахдаа Оросууд тийм хүсэлт ирүүлсэн гэдэг. Үнэндээ өөрийнх нь хүсэлт, гарын үсэг, тамга тэмдэг бүхий бичиг ЭСЯ-нд бий. Яагаад Хятадын радиог сонирхоод байгаа нь ойлгомжтой. Их хэмжээний мөнгөтэй холбоотой гэдгээ ил цагаан бидэнд хэлсэн. Гэхдээ бид хүлээн зөвшөөрөөгүй, шууд эсэргүүцсэн. Нэг шалтгаан нь энэ.

Манай байгууллагыг онцгой обьектийн жагсаалтаас хасах шийдвэр гаргасныг хүн бүхэн мэдэх байх. Энэ үед  Үндэсний зөвлөлийн дарга Л.Пүрэвдорж тогтоол гарган аюулгүй ажиллагааг хангах үүднээс харуул хамгаалалтын компанийг сонгон шалгаруулах тендер зарлан, хамтран ажиллах байгууллага сонго гэсэн үүрэг өгсөн байдаг. Гэтэл М.Наранбаатар тендер зарлалгүй өөрийн дүүгийн компанитай гэрээ хийхээр болсон. Үүнийг нь бид эсэргүүцсэн. Тендерээ зарлаад хяналтын зөвлөлд танилцуулж, Үндэсний зөвлөл эцсийн шийдвэр гаргах ёстой ч өөрийнхөөрөө зүтгэсэн. Удаа дараа шаардаад байхаар ажлын хэсэг Үнэлгээний баг байгуулсан. Энэ багт нь өөрийг нь тойрон хүрээлдэг Ц.Лхагвадаш, Ерөнхий нягтлан бодогч О.Сүхбаатар гэх мэт хүмүүс багтсан. Ийм ажил хийсэн болоод нөгөө сонгосон компанитайгаа гэрээ хийчихсэн. Манай телевизийг үндсэндээ таван пост хамгаалдаг. Гэтэл бид тэр хүмүүст сард 42 сая төгрөг зарцуулах гэрээ хийчихэж байгаа юм. Би ийм мөнгөн дүнтэй гэрээ хийснийг нь огт мэдээгүй.

-Захирлуудаасаа нуусан  гэрээ нь  танд байна. Яаж олж авав?

-Томилолтоор явсан ард нь би орлон гүйцэтгэх эрхтэй үлдсэн. Ингээд би энэ гэрээ хэрхэн хийсэн,  хэдэн төгрөг болж гэдгийг нь шалгахыг хичээсэн юм. Гэтэл надад гэрээг нь үзүүлдэггүй. “Та орлох эрхгүй. Таныг орлон гүйцэтгэгчээр дарга томилоогүй” гэсэн. Энэ асуудлаар захирлуудын зөвлөл хуралдах гэсэн боловч гар хөл бологсод нь эсэргүүцсэн. Хууль дүрэмдээ захирлуудын зөвлөл зөвшөөрвөл хуралдана гэсэн заалттай. Долоон захирлын зургаа нь зөвшөөрснөөр энэ гэрээг үзэж, хууль бус болсныг хэлэлцсэн. Ийм зүйл болсныг сонсоод ирэнгүүтээ халсан.

-Би нэг ноцтой баримт олж сонссон юм. М.Наранбаатар захирал 2007 онд МҮОНРТ-ийг 17 сая ам.долларын барьцаа болгон Хятадын компанид тавих гэж байсан гэсэн. Энэ үнэн юм болов уу?

-Үнэн гэсэн. Олон хүн энэ талаар ярьдаг. Тухайн үеийн Үндэсний зөвлөлийн гишүүд нь мэдээд хариуцлага тооцсон баримт нь хүртэл байдаг юм билээ. Хууль зөрчсөн шийдвэр үйлдэл нь олны дургүйцлийг хүргэсээр байна.

Тухайлбал өнгөрсөн шинэ жилээр 780 хүнд гарын бэлэг өгөхөөр бэлтгэсэн. Үнэтэй, залуусын хэлдгээр тасархай бэлэг өгдөг юм билээ. Би бэлгийг нь хараад гайхаж байсан. Бэлгэн дотор эхнэрийнхээ оруулж ирдэг франц дарсыг өгсөн. Дарс хамгийн хямд нь 15 000 төгрөг гэж бодохоор 780 ширхэг нь  12 сая орчим төгрөг болно биз дээ. Ингэж болохгүй гэдгийг нь тухайн үед бас сануулж хэлсэн.

Бэлгэн дотор эхнэрийнхээ оруулж ирдэг франц дарсыг өгсөн. Дарс хамгийн хямд нь 15 000 төгрөг гэж бодохоор 780 ширхэг нь  12 сая орчим төгрөг болно биз дээ.

-Таныг төрийн байгууллагад ажиллахаас өмнө аялалын нэвтрүүлэг хийж байсныг хүмүүс мэднэ. Та олон улсын телевизийн хөгжил, дэвшилтэд талыг нэвтрүүлэхийг хичээсэн үү?

-Олон санал хэлдэг ч огт хүлээж авдаггүй. Өөрийн багаа бүрдүүлж, тойрон хүрээлэгчдээрээ бүх хууль бус ажлаа хийлгэдэг. Энэ ажилдаа гаршчихсан юм билээ. Ерөнхий захирал алдаа гаргасан хэнийг ч халж сольж болно. Гэтэл ноцтой зөрчил гаргасан хүнд ямар ч хариуцлага тооцохгүй хэрнээ үнэнийг, хууль бус ажлыг нь хэлж, засч залруулах гэсэн хүнийг халсан нь инээдтэй байгаа юм.

-Ингэхэд танд санхүүгийн эрх мэдэл байдаг юм уу?

-Журмаараа таван сая төгрөгийн асуудал шийдэх эрхтэй ч нэг ч удаа энэ эрхээ эдлээгүй. Салбарын захирлууд 1-2 сая төгрөгийн л эрхтэй. Бүх санхүү, мөнгөний асуудлыг М.Наранбаатар мэдэж шийддэг. Би зөвхөн надад хүсэлт гаргасныг санхүүд шийдэж өгнө үү гэж цохдог. Миний цохолтыг М.Наранбаатар хянаад олгох эсэхээ шийднэ. Ийм л тогтолцоотой. Манай сайтынхан техник хэрэгслийн шинэчлэл хийх хүсэлтээ ирүүлж 10 сая төгрөг шаардлагатай байна гэсэн. Би санхүүд боломжоороо шийдэж өгнө үү гээд цохсон юм. Санхүү үнийн саналгүй байна гэснийг ёсоор болгож шаардлагатай тоног төхөөрөмжийг нийлүүлдэг компанийн үнийн саналыг нь явуулсан. Үүнийг л ноцтой алдаа, ажлаас халах үндэслэл болгож байгаа бололтой юм.

-Японы “NHK” компанийнхан  МҮОНРТ-д багц кино өгч, орчуулгын зардлыг даасан юм билээ. Гэтэл танай телевизэд энэ мөнгө нь орж ирээгүй, хувийн компанид шилжсэн гэсэн үү?

-Манай улсад суугаа Японы ЭСЯ-наас энэ талаар асуугаарай. Хандив тусламжаар кино ирүүлж, монголчуудын хүртээл болгох орчуулгын мөнгийг нь бас өгсөн байгаа юм. Гэтэл МҮОНРТ-ийн кино албаар энэ ажлыг хийлгэлгүй, хувийн компаниар хийлгэсэн байх жишээтэй.

-МҮОНРТ шиг бүлтэй хэвлэлийн байгууллага байхгүй. Сэтгүүлч, уран бүтээлчид удирдлагынхаа хууль бус ажлыг нь яагаад хэлэхгүй, илчлэхгүй, эсэргүүцэхгүй байгаа юм бол?

-Уран бүтээлчид дээгүүр юу болж буйг ер нь огт сонирхдоггүй, мэддэггүй. Сэтгүүлч уран бүтээлчид маань бага цалинтай  шүү дээ. 400-600 мянган төгрөг л авдаг. Тэд уран бүтээлээ хийгээд, цалингаа аваад л явж байя гэсэн бодолтой. Бодолтой ч гэж М.Наранбаатар тийм болгочихсон. Долоон зуу гаруй хүн дотор чинь түүний ашгаас хүртэж, гар хөл нь болсон хүмүүс олон шүү дээ. Тэр хүмүүсээрээ дамжуулж уран бүтээлчдийн талаар мэдээлэл цуглуулж арга хэмжээ авдаг арчаагүй аргатай хүн. Би нэг жишээ хэлье.

Манай телевизийнхэн олон сайхан нэвтрүүлэг хийе, бүтээе гэсэн санал гаргадаг ч М.Наранбаатарын эрх ашигт нийцээгүй, тэдний багт ашиггүй л бол дэмждэггүй. АН-ын генсек Ц.Оюундарь телевизэд байхдаа “XX зуун” гэх үр өгөөжтэй, сайхан төсөл хэрэгжүүлсэн. Гэтэл тэр багт ажиллаж байсан хүмүүсийг одоо дэмжихгүй, Оюундарийнх гээд халгаадаггүй. Юм хийж бүтээе гэсэн оргилуун хүсэлтэй хүмүүсийг дарамталж, гадуурхаж болохгүй шүү дээ. Тэр багийнхан хөгжлийн бэрхшээлтэй залуу гэр бүлийн талаар нэвтрүүлэг хийж олны хүртээл болгосон. Хөгжлийн бэрхшээлтэй ч ажил, амьдралынхаа төлөө зүтгэж буй гэр бүлийн тэргүүн нь Швед явахаар болж, Бээжингээс виз авах болсон. Эхнэрээ тэргэнцэр дээр түрээд Бээжингийн гудамжаар алхаж буй  болон виз авах хүсэлтээ хэрхэн гаргаж байгаа гээд дахин давтагдахгүй үйл явдлыг дагаж очоод баримтжуулъя гэхэд М.Наранбаатар зөвшөөрөөгүй. Тэр мөнгө нь ердөө хоёр сая орчим төгрөг. Уран бүтээлчдээ ингэж хавчиж болохгүй шүү дээ. Сайхан нэвтрүүлэг болсон. Тэр үйл явдлыг бичээд ирсэн бол бүр ч сайхан болох байсан юм. Уран бүтээлчдээсээ мөнгөө харамлаад байгаа хэрнээ өөрөө дандаа бизнес ангиллын онгоцны  тасалбар авдаг. Хүмүүс мэднэ дээ. Бизнес ангиллын тасалбар ердийнхөөс гурав дахин үнэтэй гэдгийг. Нэг хөгтэй явдлыг манайхан ярьдаг юм. Манай нэг ажилтан интернэтээр М.Наранбаатарын хууль бус үйлдлийг гэрчилсэн мэдээлэл уншиж байхад автоматаар лайк дарагдчихаж. Гэтэл тэр даруй тэр хүн рүү утасдаад “Аятайхан байгаарай” гэж загнасан гэсэн. Нөгөө хүн сандарч яаж лайкаа устгах аргаа ололгүй тэвдсэн юм билээ. Хүний үзэл бодлоо илэрхийлэх эрхийг ингэж хааж, дарамталж болохгүй биз дээ. Өнөөдөр ямар 37 он биш дээ.

-Улсаас мөнгө авдаг телевиз МҮОНРТ-ээс өөр байхгүй. Гэхдээ мөнгөн дүн нь маш өндөр шүү?

-Тиймээ, төсвөөс их мөнгө авдаг. Тухайлбал 2013 онд телевиз нийт 17 тэрбум төгрөг зарлагадсан байна лээ. Үүний дөрвөн тэрбум нь төсвийн хөрөнгө оруулалт, 6.9 тэрбумыг төсвийн дэмжлэг гэж улсаас өгсөн. Манай телевиз айл өрх бүрээс сар бүр 1100 төгрөг авдаг. Энэ нь жилдээ гурван тэрбум төгрөг болдог. Нэвтрүүлгээсээ 2.5 тэрбум төгрөг, бусад орлого нь зургаан сая төгрөг манай санхүүд орсон байх жишээтэй. Нийт хүмүүсийн цалинд жилдээ 7 тэрбум төгрөг зарцуулдаг. Уншигч олон энэ тооцоог хийгээд үзээрэй. Цалингаа өгөөд үлдсэн мөнгөөр нь чанартай нэвтрүүлэг хийж, дэлхийд жишиг болох телевиз байгуулах бүрэн боломжтой байгаа биз дээ. Энэ салбарт ажиллаж буй хүмүүс үүнийг сайн мэдэж байгаа.

 -Би нэг зүйл асуумаар байна. Уучлаарай, гэхдээ үзэг нэгт нөхдөө муулж байгаа хэрэг биш шүү. МҮОНРТ-ээс часхийсэн, олны анхаарал татсан бүтээл тоотой хэд л гарах юм. Уран бүтээлчдээ дэмждэггүй болохоор тэр үү. Ийм их мөнгөнөөсөө чанартай нэвтрүүлэг хийхэд зарцуулдаггүй юм уу?

-Манай сэтгүүлч, уран бүтээлчид ийм их мөнгө эргэлдэж буйг мэддэггүй. Би бүх үйл ажиллагаагаа ил болгоё, шилэн данстай байя, тэр бүү хэл санхүүгийн баримт үзэх хүсэлтэй манай ажилтнууд нууц кодоор орж үзэх эрхтэй болгоё гэж хүртэл санал тавьсан. Гэтэл зөвшөөрөөгүй. Энэ их мөнгө хаагуур, ямар замаар хаашаа урсаад байгааг М.Наранбаатар, түүнийг тойрон хүрээлэгчид л мэддэг. Яг үнэндээ салбарын захирлууд нь ч мэддэггүй. Уран бүтээлийг нь дэмжихгүй байхад хэн сэтгэл зүрхээ зориулж, сайн зүйл хийхийг бодох билээ.

Манай шинэ жилийн хөтөлбөр эхлээд явж байна. Сүлжээгээр 15 багц шинэ жилийн нэвтрүүлэг хийх учиртай. Гэтэл энэ бүх нэвтрүүлгийг 40 сая төгрөгт багтааж хий гэж үүрэгдсэн. Энэ мөнгөн дүнгийн 14 сая төгрөг нь бартераар санхүүжих болсон. Үлдсэн 26 сая төгрөгийг л өгнө гэж байгаа. Энэ мөнгө нь 15 нэвтрүүлэг хийхэд хангалтгүй. Чанартай зүйл хийхэд энэ мөнгө хаанаа ч хүрэхгүй шүү дээ.

-“Үхэхдээ үхэр буугаа тавина гэгч боллоо” гэж та жиргэсэн байсан. Ингэхэд М.Наранбаатарыг ажлаас нь чөлөөлөх яриа гарсан бололтой?

6.7 тэрбум төгрөгийн тендерийн 6.4 тэрбумыг ганцхан энэ компанид олгож байх жишээтэй. Үнэхээр сайн техник хэрэгсэл нийлүүлж байна уу гэвэл бас тийм биш.

-Энэ хүн ажлаасаа халагдах нь тодорхой. Бид хууль бус ажлынх нь баримтыг баталгаажуулаад Үндэсний зөвлөлд өгсөн. Ганцхан энэ баримт түүнийг ажлаас халах хангалттай үндэслэл болно. Тэгэхээр М.Наранбаатар  халагдана гэдгийг мэдэж байгаа болохоор ирэх долоо хоногт ажлаа хийх боломжгүй боллоо гэсэн хүсэлтээ өөрөө гаргах байх. Тэр хүн халагдсан тушаал гардахыг хүсэхгүй шүү дээ.  Зөвхөн ганц энэ баримт ч биш санхүүг шалгаад үзэхэд сүүлийн хэдэн жил ганцхан “Глобаль электроникс” гэх компани манай бүх тендерийг авсан байх жишээтэй. 6.7 тэрбум төгрөгийн тендерийн 6.4 тэрбумыг ганцхан энэ компанид олгож байсан. Үнэхээр сайн техник хэрэгсэл нийлүүлж байна уу гэвэл бас тийм биш. Өмнөх оны бараа, техник хэрэгслээ өгөөгүй тохиолдол цөөнгүй юм билээ. Үүнийг уран бүтээлчид хэлдэг.

-МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд нэр хүндтэй олон хүн байдаг юм билээ. Тэд яагаад үүрэгт ажлаа хийхгүй байгаа юм бол. Хууль зөрчсөн хариуцлагагүй хүнд арга хэмжээ авах, ажлаас халах эрх тэдэнд л байгаа биз дээ?

-Одоогийн байгаа Үндэсний зөвлөлийн гишүүдийн тал нь хувийнх нь сонгуульт хугацаа нь дуусч байгаа. Энэ хүмүүсийн дунд ч М.Наранбаатарын талынхан бий. Түүнтэй холбоотой асуудал хэлэлцэх гэхээр ирэхээ больчихдог. Ингэсээр сүүлийн хоёр сар хурлаа хийгээгүй. УИХ-ын чуулганаар МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд шинээр орох долоон хүнийг удахгүй томилно. Тэр хүмүүс ажлаа аваад бидний гаргасан өргөдөл, гомдлыг хэлэлцэж шийдвэрээ гаргах байх. Шударга хүмүүс ирээсэй гэж хүсч байна.

-Нэг зүйл миний анхаарлыг их татдаг юм. М.Наранбаатарын тушаалаар халагдсан хүмүүс шүүхэд ханддаг. Гэтэл нэхэмжлэлийг хэлэлцээд үнэн худлыг тогтоосон эсэх нь тодорхойгүй болчихдог?

-“Би таван засгийн нүүр үзлээ” гэж ярьдаг хүн. Энэ үг нь учиртай байх. Түүнээс гадна өөрийгөө олон нийтийн саналаар сонгогдсон гэж ташаа ойлгодог юм билээ. Түүнтэй үргэлжлүүлэн ажиллах эсэхийг Үндэсний зөвлөл л шийднэ. Зөвлөлд байгаа 15 хүн хэнийг ерөнхий захирлаар тавихаа шийднэ. МҮОНРТ-ийн бүх ажилтнуудын дунд нууц санал хураалт явуулбал 90 хувь нь түүнийг дэмжихгүй. Энэ бол уран бүтээлч, сэтгүүлчдийн үнэлгээ юм шүү. Тэд ингэж л ярьдаг.

Шүүх хяналтын байгууллага өөрчлөгдөн, шинэчлэгдэж байна. Баримттай зүйлд манай шүүх хуумгай хандахгүй гэдэгт итгэж байна. М.Наранбаатараас гадна телевизийн бүх тендерийг зарлаж, өөрийн танил тал найз нөхдөө  хууль бусаар шалгаруулдаг MNB-2 сувгийн захирал Ц.Лхагвадашийг АТГ шалгах хэрэгтэй. Тэгж байж МҮОНРТ доторхи авлигалын сүлжээг илрүүлнэ.

-Та шүүхэд хандах уу. Хэрвээ М.Наранбаатар ажлаа өгөөд шинэ захирал таныг эргүүлэн ажилдаа ор гэвэл та бэлэн үү?

-Шүүхэд хандана. Шинэ захирал ирээд хууль бус энэ шийдвэрийг цуцлах байх гэж итгэж байна. Гэхдээ би ажилдаа орохгүй.

-Яагаад?

-Би уран бүтээлч хүн шүү дээ. Тэр ажлаа хийх хүсэлтэй. Хамгийн гол нь би уран бүтээлчдийн мөнгө рүү хуруу дүрээгүй, завдах нь бүү хэл тийм бодол ч байгаагүй гэдгээ нотолно. Тэр нотолгоо нь тушаал цуцалснаар биелэлээ олно.  Би ийм л бодолтой байна.