Хошин урлагийн “Шинэ үе” продакшны жүжигчин Д.Оюунтуул, Ц.Алдармаа нар нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын “Сонорхайрхан” зочид буудалд бие бие рүүгээ халуун ус цацаж гэмтэл учруулсан хэрэг гарсан билээ.

Энэ хэргийг хуулийн байгууллага хянаж Д.Оюунтуулд Эрүүгийн хуулийн 99.1 буюу бусдын биед санаатай хөнгөн гэмтэл учруулсан гэж үзэж байгаа бол Ц.Алдармаад Эрүүгийн хуулийн 96.2.6 буюу онц хэрцгий аргаар бусдын биед хүнд гэмтэл санаатай учруулсан гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн байгаа. Улмаар анхан шатны шүүхээс тэднийг буруутай гэж үзэн Д.Оюунтуулд мөнгөн торгууль, Ц.Алдармаад 7.1 жилийн хорих ял оногдуулсан. Харин давж заалдах шатны шүүх хурлаас дээрх хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан бөгөөд энэ нь анхан шатны шүүхийн шийдвэр хүчингүй болж байгаа гэсэн үг юм. Тиймээс Ц.Алдармааг энэ сарын 08-ны өдөр батлан даалтад гаргасан байна.

Харин Ц.Алдармаа өнгөрсөн хугацаанд бүх өмгөөлөгчөөсөө татгалзаад байгаа юм. Бид түүний өмгөөлөгч н.Энхцэцэгээс цөөн зүйл тодруулснаа хүргэж байна.

- Ц.Алдармаа бүх өмгөөлөгчөөсөө татгалзсан гэж үнэн үү?

- Өмгөөлөгч авах эсэх нь тухайн хүний эрхийн асуудал.

- Д.Оюунтуул эмчилгээнд явсан, хэрэг нэмэлт мөрдөн байцаалтад буцсан болохоор Ц.Алдармаагийн ял хөнгөрөх үү?

- Ял завших гэсэн ойлголт байхгүй. Хуулийн хүрээнд л асуудал шийдэгдэн. Магадгүй эцсийн шийдвэр гарсны дараа магадгүй тодруурдага авбал зохистой юм болов уу гэж бодож байна. Одоо бол яриа өгөх үнэхээр боломжгүй байна.

- Яагаад?

- Анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр бус болчихсон учраас хэрэг дахиад шалгагдаад явна.

 

Хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж байгаа нь Д.Оюунтуулын гэмтлийн зэргийг дахин тогтоох зорилготой юм. Өөрөөр хэлбэл Д.Оюунтуулын гэмтлийн зэрэг нь хүнд болохоор Ц.Алдармаад эрүүгийн хуулийн 96.2.6-г үндэслэн эрүүгийн хэрэг үүсгэсэн байгаа.

Хэрвээ Д.Оюунтуулын гэмтлийн зэрэг нь хүнд бус хүндэвтгэр гэж гарсан тохиолдолд Ц.Алдармаа Эрүүгийн хуултийн 98.1-ээр зүйлчлэгдэж ял нь 5 хүртэл жил болох юм. Ингэснээр тэнсэн харгалзахаар эрх чөлөөтэй болох боломж бүрдэж байгаа юм. Харин Шүүхийн эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд биеийн 31 хувийн түлэгдэл нь хүнд гэмтэлд тооцогддог. Тэгэхээр Д.Оюунтуулын гэмтлийн зэргийг хэрхэн шүүх эмнэлэг тогтоож, шударга ажиллах эсэхийг харах үлдээд байна. Д.Оюунтуулд оногдуулсан ял хүчингүй болсон бөгөөд түүний хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг үндэслэлээр тэрбээр торгууль төлөхөөргүй болж байгаа юм.

Харин энэ хэрэгт “Шинэ үе” продакшнийхан гэмт хэрэг гарах орчинг бүрдүүлсэн гэдэг утгаараа сэжигтнээр эсвэл иргэний хариуцагчаар татагдах сураг байгаа. Бид энэ талаар эргэж мэдээлэх болно.

А.Баярмаа