shatahuun_320_songuuli-middle

                      Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг хэр хэмжээнд байлгахыг бараг нефть импортлогч хэдхэн компаниуд мэддэг боллоо гэхэд хэлсдэхгүй.
 
Тэд маргааш өглөө босоход бензиний үнээ нэмсэн байвал тэр даруйдаа талх, гурил, такси гээд бензин, түлштэй холбогдсон бүхий л бараа бүтээгдэхүүн үнээ нэмдэг жамтай. Шатахууны үнэ нэмэгдвэл дагаад барааныхаа үнийг өсгөнө гэсэн ойлголт худалдаачдын дунд бараг л ёс юм хэвшжээ. Нөгөө соц нийгмийн үед Москва найтаахад Монгол ханиад хүрдэг гэдэг шиг. Магадгүй энэ үг одоо ч үнэ цэнээ алдаагүй байна. Яагаад гэвэл Оросын томоохон нефть экспортлогч компани Росснефть үнээ нэмбэл манайх дагаад энд хямралд орох жишээтэй. 
                                   Сүүлийн жилүүдэд байс хийгээд л нэмэгдэх шатахууны ханшаас болж монголчууд үгээ хэлж сууна. Харин өнгөрсөн сард “нурсан” Шинэчлэлийн засгийн газрын үед шатахууны үнэ нэмэгдээгүй ирсэн сайн талтай. Энэ нь магадгүй Н.Алтанхуягийн Засгийн газрын хийсэн тоотой хэдэн амжилттай ажлынх нь нэг байх. Гэхдээ баярлах болоогүй ээ. Шатахууны үнийг өнгөрсөн засаг эрийн сайндаа ч барьж, тогтвортой байлгаж байсан юм биш аж. Учир нь тэд “Үнэ тогтворжуулах хөтөлбөр” гэдэг төслийг өнгөрсөн хоёр жилд хэрэгжүүлсний ачаар ийм үр дүнд хүрсэн байна. Тэр ажлынхаа хүрээнд хойд хөршөөс нефть импортлодог нэр бүхий компаниудад 195 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосон байх юм. Мөн тус компаниуд нэг ам.долларыг 1443 төгрөгөөр тооцож авдаг. Ам.долларыг 1143 төгрөгөөр авна гэдэг нь жирийн нэг албан байгууллагаас даруй 400 төгрөгөөр хямд авч байна гэсэн үг. Энэ бол жирийн татвар төлөгч бидний мөнгөөр зүгээр л хэдхэн компаниудыг эрхлүүлж байгаатай адил зүйл. Гэтэл иргэд шатахууны үнэ урд жилүүдийнх шигээ огцом нэмэгдэхгүй байна гээд баярлаад яваад байдаг. Цаагуураа төр гэдэг нэртэй “задарсан хулгайчид” бидний хөлс хүчээ дуслуулан байж олсон татварын хэдэн төгрөгөөр нефть импортлогчид гэх сэтэртэй даварсан компаниудад ямар ч үр дүнгүй тарааж өгөв.
                             Нефть импортлогч компаниуд шатахууны үнэ нэмэх шалтгаанаа ердөө хоёрхон зүйлтэй холбож тайлбарладаг. Тэр нь нэгдүгээрт гадаад зах зээл дэх газрын тосны үнийн өсөлт. Хоёрдугаарт валютын ханшийн тогтворгүй байдал. Газрын тосыг худалдан авахдаа ам.доллараар тооцоогоо хийдэг. Шатахууны үнэ нэмэхдээ дээрх хоёр шалтгаантай холбоотой баахан зовлон тоочиж “Хүндхэн нөхцөл байдал үүссэн учир үндэсний компаниуд нь арга буюу үнээ нэмчихлээ шүү иргэдээ” гэдэг тайлбарыг хэлдэг. За яахав, үнэхээр тийм зовлон байдгыг үгүйсгэхгүй. Гэтэл хамгийн хачирхалтай нь зургаан сарын өмнө дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ 50 хувиар буурчээ. Тодруулбал зургаан сарын өмнө нэг баррель нь 117 ам.доллар байсан нефть өнөөдөр 58 ам.доллар болж үнэ нь уналаа. Нефть импортлогчид өнөөдөр 1895 төгрөгийн ханштай байгаа нөгөө ноён ам.доллараа зах зээлийн ханшаас хэт доогуур үнээр буюу 1443 төгрөгөөр авч байна. Тиймээс валютын ханшнаас болж шатахууны үнээ бууруулж чадахгүй байна гэж хэлэх ямар ч эрх тэдэнд байхгүй. Мөн газрын тосны зах зээлийнх нь үнэ ч буучихсан байна.  Шатахууны ханш тогтворгүй болоход хамгийн их нөлөөлдөг үндсэн хүчин зүйлүүд нь ийнхүү таатай нөхцөл байдлыг бүрдүүлээд зургаан сарыг ардаа үдлээ. Гэтэл нөгөө шатахуун импортлож зардаг компаниуд нь бахь байдгаараа, хөлдүү толгой оргиод сууцгааж байх юм. Хүний урманд ядаж тав, гурван төгрөгөөр ч гэсэн үнээ хямдруулсангүй. Тэгвэл монголчууд бидэнд л хэрэгтэй шүү дээ. Цаашлаад тэр нь хямралтай байгаа эдийн засагт нөлөөлж ч болох сайхан мэдээ юмсан. Үргэлж араасаа асуудал дагуулж байдаг шатахууны үнэ нь буурвал идэх талхны үнэ нь ч гэсэн бага зэрэг буурах ёстой. Гэтэл эсрэгээрээ харин ч нэмэгдсээр л байх юм. Яагаад олон улсын зах зээл дээрх түүхий нефтийн үнэ хэд дахин хямдарчихаад байхад шатахууны үнэ хямдрахгүй байгаа юм бэ. Дээрээс нь сайн муугаар хэлүүлэн байж валютын ханшаар нь хүртэл харж үзээд байхад шүү дээ.
                           Мэдээж өнөөдөр Орост түүхий нефть хямдарлаа гээд маргааш өглөө босоод шууд бензинээ зарна гэж байхгүй. Яагаад гэвэл өндөр үнээр авчихсан шатахуунаа маргааш нь дэлхийн зах зээлийн үнэ буурлаа гээд хямдхан түгээвэл ихээхэн алдагдал хүлээнэ. Импортлогчид ч тийм л зовлонг тоочдог. Тэр зовлонг нь ч бид ойлгож байгаа. Тийм ч учраас бид зургаан сарын өмнө үнээ буулга гэдэг шаардлагыг тавиагүй. Харин түүнээс хойш зургаан сарын хугацаа өнгөрчихөөд байхад чухам яагаад үнэ тарифаа буулгаж улс орон, ард иргэдээ бодохгүй байгаа юм бол. Нэг, хоёр сар биш бүхэл бүтэн хагас жил өнгөрчихөөд байхад дуусдаггүй яасан арвин ундрагатай шатахууны нөөц вэ тэр. Үүндээ эрүүлээр дүгнэлт хийж, үүрэг хариуцлагаа ухамсарлан ойрын өдрүүдэд шатахууны үнээ хямдруулах шаардлагтай байна. Хямдруулах ч ёстой. Үнээ хямдруулах бүхий л боломж бололцоо нь бүрдчихсэн байгаа шүү дээ.