Эрэн сурвалжлагдаж байсан зургаан хүүхдийг илрүүлжээ
2014/12/18
Улаанбаатар хотын цагдаагийн газраас нийслэлийн Засаг даргын арванхоёрдугаар сарын 10-ны өдрийн А/1037 дугаар захирамжийг хэрэгжүүлэхээр нийслэлийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газартай хамтран “Гэр бүлээсээ дайжин хараа хяналтгүй яваа, хараа хяналт сул, хөдөлмөр эрхлэгч хүүхдүүдийг илрүүлэх, бүртгэлжүүлэх, тэднийг гэмт хэрэг, зөрчилд өртөх, осгох, хөлдөх аюулаас урьдчилан сэргийлэх” зорилгоор “Хараа хяналтгүй хүүхдийг илрүүлэх” нэгдсэн арга хэмжээг 12 дугаар сарын 16,17-ны өдрүүдэд халамж асрамжийн “Донбоско” төвд зохион байгуулжээ.
Нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт гар дээрээс жижиглэн худалдаа эрхлэгч, хаяг нь тодорхой болон тодорхойгүй 18 хүртэлх насны хүүхэд, төвлөрсөн зах, олон нийтийн газарт хүүхдээр гуйлга гуйлгаж буй иргэн, хүүхдийг хамруулан дүүрэг тус бүр дээр байгуулагдсан дүүргийн Засаг даргын тамгын газар, дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төв, дүүрэг дэх цагдаагийн хэлтсүүдийн хамтарсан ажлын хэсэг нутаг дэвсгэрийнхээ хүрээн дэх томоохон дэлгүүр, хүнс, худалдааны зах, кино театрууд, зорилтод бүлгийн хүүхдүүдийн байршдаг газрууд, шөнийн цэнгээний газрууд, олон нийтийн талбай, томоохон сүлжээ дэлгүүр, цахим тоглоомын газар, алслагдсан зочид буудал, цайны газруудад илрүүлэлт хийж ажилласан байна.
Энэ үеэр 12 дугаар сарын 16-ны өдөр 52, 17-ны өдөр 20 нийт 72 хүүхэд цуглуулж, бүртгэн, аюулгүй байдлыг хангах чиглэлээр тус хэлтсийн давхардсан тоогоор 16 алба хаагч 09.00-01.00 цаг хүртэл, 24 цагаар 4 алба хаагч хонож үүрэг гүйцэтгэжээ.
“Донбоско” төвд байрлан ажиллаж буй нийслэлийн Засаг даргын тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтэс, Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газар, Улаанбаатар хотын цагдаагийн газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтэс, Эрүүл мэндийн газрын дарга, ахлах мэргэжилтэн, мэргэжилтнүүдийн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг нь ирсэн хүүхэд тус бүр дээр “Хараа хяналтгүй хүүхдийг бүртгэх, тодорхойлох үнэлгээ, кейс шилжүүлэх, холбон зуучлах, эцэг, эх, асран хамгаалагчийн хамтын ажиллагааны гэрээ, хууль, журам тайлбарлах үйл ажиллагаа” зэргийг хийж, эрүүл мэндийн анхан шатны үзлэгт хамруулан, усанд оруулж, хооллон, шинэ хувцас өмсүүлэн ярилцлага, зөвөлгөө өгч ажилласан юм.
Дүүрэг дэх ажлын хэсгүүдээс илрүүлсэн нийт 72 хүүхдийн 68 нь эрэгтэй, 4 нь эмэгтэй хүүхэд байна. Үүний үр дүнд эцэг, эх, асран хамгаалагчид нь хүлээлгэн өгөх, “Гүнт” төвд бага насны 3 хүүхдийг хүүхэд асран хамгаалах төвд, хүүхэд, залуучуудын сургалт, хүмүүжлийн тусгай цогцолборт, гэрт нь хүргүүлэхээр хүүхэд асран хүмүүжүүлэх “Өнөр бүл төв”-д тус тус хүлээлгэн өгчээ. Мөн арга хэмжээний хүрээнд төөрсөн 1, эрэн сурвалжлагдаж байсан 6 хүүхдийг илрүүллээ гэж Цагдаагийн газрын ерөнхий газраас мэдээллээ.
Зочин · 2014/12/19
ewii dee ewii bidnii hoich ve ingej ch yawah gej.