Гар утсаар худлаа ярин 2.5 сая төгрөгийг залилжээ
2014/12/20
Дархан-Уул аймгийн харьяат А.Болд гэгч Мобикомын үүрэн телефоны гар утсыг ашиглан Сүхбаатар аймгийн 9951-тэй дугаарын сүүлийн дөрвөн тоог сольж залган тус аймгийн иргэдийн гар утсанд холбогдон тэдний хамаатан садан, танил хүн нь мэтээр “Сүхбаатар аймаг руу явж байна, Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд машин эвдэрсэн, дугуй хагарсан, бензингүй болсон” гэж худал ярьж, залилдаг байжээ.
Тэрбээр нийт 8 удаагийн давтан үйлдлээр бусдын 2,5 сая төгрөгийг залилжээ. Түүний энэ үйлдэлд Монгол Улсын Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлснийг Сум дундын 19 дүгээр шүүхээр хэлэлцээд шүүгдэгч А.Болдыг Эрүүгийн хуулийн 148.2 дахь хэсэгт зааснаар 3.4 жилийнхорих ялаар шийтгэж, хохиролд 2,5 сая төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн байна.
Шүүгдэгч А.Болд нь гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаанаа “мөнгөгүй байсан болохоор танихгүй хүмүүсийн гар утас руу залгадаг, Сүхбаатар аймгийн хүмүүс миний үгэнд итгээд мөнгө явуулаад байдаг болохоор Сүхбаатар аймгийн иргэдийн утас руу байнга залгадаг байсан” гэж тайлбарласан аж.
Энэхүү мэдээллийг иргэдэд сэрэмжлүүлэг болгох үүднээс хүргэж байгаа болно.
Зочин · 2014/12/21