Бусдын бүтээлийг зөвшөөрөлгүй олон нийтэд түгээсэн бол 3-5 жилийн ял сонсоно
2014/12/20
Зохиогчийн эрх гэдэг нь зохиогчийн оюуны бүтээлч үйл ажиллагааны үр дүнд бий болсон утга зохиол, урлагийн бүтээлийг өмчлөх эрх юм.
Манай улсад хамгийн түгээмэл гарч байгаа зөрчил бол шинээр нээлтээ хийж байгаа уран сайхны киног хууль бусаар олж авах, олон нийтэд түгээх, олшруулж борлуулах зэрэг бөгөөд үүнд МУ-ын Эрүүгийн хууль, Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн холбогдох зүйл заалтын дагуу хариуцлага тооцдог. МУ-ын Эрүүгийн хуульд:
140.1.Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн бүтээлийг зөвшөөрөлгүй хуулбарлан нийтлүүлсэн, түгээсэн, борлуулсан, тэдгээрийн улмаас их хэмжээний орлого олсон бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
141.1.Шинэ бүтээл, бүтээгдэхүүний загварын патент, ашигтай загварын гэрчилгээ эзэмшигчийн эрхийг зөрчсөн эрхийн хамгаалалт хийгдсэн шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загварыг ашиг олох зорилгоор зөвшөөрөлгүй ашигласан, үүний улмаас их хэмжээний орлого олсон бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Сүүлийн өдрүүдэд шинээр нээлтэй хийсэн Монголын уран сайхны кинонуудыг хууль бусаар хуулбарласан болон өөрийн ажиллуулдаг интернэт киноны сайт, www.youtube.com сайт, фэйсбүүк хуудас зэрэгтээ ашиг олох зорилгоор байршуулж олон нийтэд түгээсэн 5 хүнд холбогдох хэрэг үйлдлийг илрүүлэн эрүүгийн хариуцлагад татжээ.
Уг хэрэгт холбогдогч этгээд нь хууль, эрх зүйн мэдлэг дутмаг, кино театраас буусан бол үнэгүй тарааж болно, фэйсбүүк хуудсандаа Like авах гэсэн болон бусад өчүүхэн санаа сэдлээр дээрх хэргийг үйлдэж байгаа нь өөрөө ч мэдэлгүй гэмт этгээд болж ихээхэн хэмжээний торгууль төлөх, цаашлаад хуулийн бусад арга хэмжээ авагдах хэмжээнд очиж байгаа гэдгийг цахим гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэсээс анхаарууллаа.
Иймд нийт кино сонирхогч, кино сайт ажиллуулж байгаа болон ажиллуулахыг хүсэж байгаа хүмүүст болон интернэт орчинд ажил хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүст дээрх байдлаар битгий өөрийнхөө үйл ажиллагааг сурталчлахыг оролдоорой, энэ нь буруу бөгөөд хуулийн хариуцлагатай нөгөө талаас өөрийн хүч хөдөлмөрийг зарцуулан байж хийж бүтээсэн уран бүтээлчдийн бүтээлийг нь ийм байдлаар үнэгүйдүүлэхгүй байхыг анхааруулж байна.