Хүн тээвэр угсархаасаа өмнө ачааны машин үйлдвэрлэж үзээч ээ


Цахилгаан тээвэр компанийн захирал асан, өдгөө Төмөрлөг, машин үйлдвэрлэлийн холбооны тэргүүн, Эко автобусыг санаачлагч Д.Жаргалсайханд хүний амьнаас илүү төрийн мөнгө чухал байгаа бололтой.
Шуудхан хэлэхэд Нийтийн тээврийн паркийг шинэчлэхээр худалдан авалтын санд нь 24 тэрбум төгрөг орж ирсэн болохоор түүний төлөө шунаж, эхний ээлжинд үйлдвэрлэсэн 20 автобусаа улсын автобус компаниудад шахахаар зүтгэж байна уу даа гэж харагдах аж. 
Д.Жаргалсайхан төрд санал болгосон эко автобусаа нэг бүрийг нь 160 мянган доллараар үнэлсэн байна. 
БНХАУ-ын дэлхийд чанар, чансаагаар тавдугаарт ордог, Үйлдвэрийн аргаар хийгдсэн автобусыг монголын компаниуд 50 мянган доллараар оруулж ирчихээд байхад Д.Жаргалсайхан Монголдоо үйлдвэрлэсэн гэх энэхүү автобусаа 160 мянган доллараар төрд шахах гэж хичээж байгаа нь цэвэр мөнгө угаалт шиг харагдахгүй байна гэж үү. 
160 мянган доллар нь 270 гаруй сая төгрөг. Нэг автобус бүрийг 270 сая төгрөгөөр авсанаас дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн Хятадын үйлдвэрийн автобусыг 50 мянган доллараар авч, эдийн засаг хүндэрсэн энэ үед бүсээ чангалсан нь дээр биз дээ. 
Уг нь Монгол хүнийхээ ухаанаар бүтсэн үндэсний үйлдвэрлэлээ дэмжих нь зүй ёсны хэрэг. Гэтэл Д.Жаргалсайхан нь үнэндээ эдгээр автобусныхаа эд ангийг зүгээр л хятадаас оруулж ирээд угсарсаныгаа үйлдвэрлэл хэмээн монголчуудыг луйвардаж байгаа талаар мэргэжил нэгт инженерүүд нь хэлдэг. 
Тэгээд ч дотоод бүтээгдэхүүн экспортын бүтээгдэхүүнээс асар өндөр үнээр зах зээлд борлогддог хууль байхгүй.  Юун төлөө дотооддоо үйлдвэрлэж байгаа билээ, хямд төсрөөр худалдаалах нь зах зээлийн жам шүү дээ.


Тэгтэл Д.Жаргалсайхан Монгол инженерийн ухаанаар бүтсэн гэх анхны бүтээлээ асар өндөр үнээр зарж, мөнгө угаахаар зүтгэж буй нь Монгол хүний эмгэнэл биш гэж үү. 
 Та бодоод үз дээ, бүхэл бүтэн автобусыг нь хятадаас 50 мянган доллараар оруулж ирж байгаа бол Д.Жаргалсайхан түүнээс ч бага үнээр эд ангийг авч, угсарсан байж таарна. Босгосон автобуснаас өндөр үнэтэй эд анги, тоног төхөөрөмж гэж юу байх вэ. Ингээд бодохоор 20, 30 мянган долларт багтаж угсарсан автобусаа 160 мянган доллараар төрд шахахаар санаархсан бололтой.    
Тэрбээр Цахилгаан тээвэр компанийн захирал байхдаа 2009 онд “Дуобус” маркийн тролейбусыг эх орондоо угсарлаа гэж сенсацилж байлаа. Монголчууд өөрсдөө машинаа үйлдвэрлэдэг боллоо, Монгол инженерийн гараар бүтсэн унаагаар дэлхийг тамгалах өдөр ирлээ гэх мэтээр үндсэрхэг үзэлтэй ард түмний тархийг угаавал их мөнгө халаасалж болох нь гэдгийг анзаарсан Д.Жаргалсайхан энэ цагаас хойш автобус угсарч, төрд шахах “мэргэн” санаандаа умбасан гэж болно. 
“Ecobus” компанийн анхны бүтээл Эко автобусыг Монгол инженерүүд бүтээлээ гээд л энэ оны эхээр буюу нэгдүгээр сард бөөн дуулиан болгож, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс эхлээд УИХ-ын дарга, Ерөнхий сайд, НИТХ-ын даргаа хүртэл очиж балейшигласныг уншигчид санаж буй байх.
J-800T маркийн автобусаа утаа цацдаггүй, эко тээврийн хэрэгсэл гэж нэрлэж байсан бөгөөд үүнийгээ 200 орчим мянган доллараар зарна гэдгээ ч зарласан билээ. 

Тэд нэг автобус үйлдвэрлэхэд 15 хоног шаарддаг, жилд 120-180 ширхэгийг үйлдвэрлэж зах зээлд нийлүүлэх боломжтой. Мотор хэсгийг Шведийн  алдарт  Volvo компанийн  Шанхай дахь салбараас нийлүүлдэг, бусдыг нь эх орондоо үйлдвэрлэдэг хэмээн нээлтэн дээрээ дурьдаж байсан. 

Гэтэл үнэндээ Д.Жаргалсайхан нь эдгээр автобусыг үйлдвэрлэх бус зүгээр л угсрагч нэгэн юм. Яг үнэндээ энэ салбарт амь амьдралаа зориулж байгаа бусад инженерүүд Эко автобусыг Монголд үйлдвэрлээгүй, зүгээр л урд хөршөөс оруулж ирээд угсардаг, ядаж ганц боолтоо үйлдвэрлэдэггүй газар шүү дээ гэж ярьдаг юм билээ. 
Үүнээс гадна энэхүү автобусаа ганц ч удаа туршилтад оруулж үзээгүй нь хамгийн том асуудал юм. Ядаж л ганц удаа туршилтад оруулж, осолд орсон тохиолдолд уг автобус хэрхэн онхолдож, аль хэсэг нь эрсдэл дагуулахын зэрэгцээ зорчигчдынхоо амь насыг хамгаалж чадах эсэхийг магадалж үзэх хэрэгтэй шүү дээ. 
Олон хүний амь насыг тээвэрлэж яваа автобус хамгийн чанартай, хамгийн найдвартай унаа байх ёстой. Тэгтэл шууд л харанхуйгаар хэдэн төмөр нийлүүлж, угсарчихаад улсад шахах гээд байгаа Д.Жаргалсайханд монголчууд бидний амь нас, эрүүл мэндээс илүү төрийн мөнгө л чухал байгаа бололтой.  


Байгаль орчинд ээлтэй Эко автобус гэж монголчуудыг хошгируулж байна


Нийслэлд тулгамдаад буй томоохон асуудлыг нэг нь агаарын бохирдол бөгөөд автомашины утаа Улаанбаатар хотын агаарын бохирдлын 20 орчим хувийг эзэлдэг. Тиймээс уг автобусанд “Евро 4” буюу бүрэн шаталтат хөдөлгүүр суурилуулсан учраас агаарт ялгарч буй хорт хийг бууруулна гэж Д.Жаргалсайхан нар рекламддаг.
Естой л эх орон, ард түмнийхээ эмзэг сэдвийг олж хөндсөн тэд ямар арга хэрэглэвэл нийтийг донсолгож чадах вэ гэдгээ мэддэг бололтой. 
Үнэндээ түлш хэрэглэж байгаа л бол утаа хаяж л таарна. Утаа хаяж байгаа тохиолдолд агаарын бохирдолд нөлөөлж л байгаа шүү дээ. Үнэхээр эко автобусыг үйлдвэрлэж болдог юм бол дэлхийн томоохон үйлдвэрүүдийн шилдэг инженерүүд энэхүү шийдлийг аль хэдийнэ олоод, угаарын асуудлыг зохицуулчихсан байх байсан биз. 
Ядаж л утааг багасгах тоноглол суурилуулсан юм бол утаа хаяхгүй байна гэсэн туршилт, судалгаа, баримттай зүйлийг ил гаргаж, гарт баригдаж, нүдэнд харагдтал бодитой зүйл хийх хэрэгтэй шүү дээ. 

Эхлээд ачааны машинаа үйлдвэрлэчихээд дараа нь хүн тээвэрт орвол яасан юм бэ?
  
Ер нь аль ч салбарынхан шинэ ажлыг багаас эхэлдэг. Эхлээд хүн тээврийн унаа үйлдвэрлэхчихээд дараа нь ачааны машин үйлдвэрлэнэ гэдэг урвуу ойлголт байж боломгүй. 
Тэгтэл Д.Жаргалсайхан нар өдгөө автобус угсарчихаад “Удахгүй уул уурхайн томоохон автомашинуудыг үйлдвэрлэх зорилт тавьж байна” хэмээн ярьцгаадаг. Иймээс Д.Жаргалсайхан дарга аа, эхлээд ачааны машин угсарчихаад дараа нь хүн тээвэрт орвол яасан юм бэ, Монгол хүн тийм үнэ цэнгүй болсон юм уу гэж танаас асуумаар байна. 
 
Үргэлжлэл бий