Өнөөдөр Таван толгойн ордын хөрөнгө оруулагчид болон Монгол улсын Засгийн газрын ажлын хэсгийн  хэлэлцээр эхэлж байна. Үүнтэй холбоотой Монгол Улсын сайд, уг ажлын хэсгийн ахлагч М.Энхсайханы хийлгэсэн хэвлэлийн бага хурлын бүрэн тэмдэглэлийг хүргэе.



 

 
Таван толгойн хэлэлцээр ил тод явагдана
 
Таван толгой бол мегатөсөл. Мегатөслийн онцлог нь нийгэм, эдийн засгийн маш чухал ач холбогдолтой учрааас олон нийтийн анхаарал татдаг, улс төрчдийн анхаарлыг татдаг. Дээд зэргийн улс төржилт дагуулдаг, хардлага сэрдлэг дагуулдаг. Шийдэх орчин, эрх зүйн орчин нь төгс болчихоогүй. Дэд бүтцийн орчин сайн биш, их олон оролцогчидтой. Олон оролцогчидтой гэдэг утгаараа сонирхолын огтлолцол, зөрчил ихтэй. Ийм олон шинжтэй болохоор мегатөсөл гэж тодорхойлдог юм.   Тийм ч учраас мегатөсөл хийгдэхээсээ эхлээд хэрэгжиж дуусах хүртлээ мэдээллийн ил тод байдлыг зайлшгүй шаарддаг. Түүнчлэн дэлхийн хэмжээний төслүүд яаж явагддаг яг тэр арга зүйг баримтлаад ажиллахыг эрмэлзэж байна. Үүний нэг нь мэдээлэл ил тод байх явдал юм.
 
Таван толгойн хэлэлцээрийн ажил олон нийтэд ил тод байх ёстой. Ажлын хэсэг www.megeprojegt.mn гэсэн сайт нээсэн. Энэ сайтаас төсөлтэй холбоотой бүх төрлийн мэдээлэл авч болохоор хийж байгаа. Сүүлд хийгдсэн Ажлын хэсгийн мэдээлэл цомоороо байгаа. За явцын дунд төслийн үзүүлэлтүүд бүгд энэ сайтад тавигдана. Тийм учраас www.megeprojegt.mn гэсэн сайт руу та бүгдийг хандаж байхыг хүсэж байна.
 
 
Мега төслийг хариуцсан сайд гэдэг нь тохиолдлынх биш
 
УИХ, Засгийн газрын шинэ бүтэц, зохион байуулалтыг хийхдээ мега төслийг хариуцсан Монгол улсын сайд байя гэж шийдсэн. Би үүнийг тохиолдлын биш гэж бодож байна. Учир нь дэлхийд яригдаж байгаа том мегатөслүүдийн 2/3 нь унадаг, 1/3 нь л амжилт олдог. Энэ утгаараа өнөөгийн ертөнц дээр мега төсөл бол баялагыг бүтээхээс илүүтэй, баялагыг утсгагч болоод байгаа юм. Тийм ч учраас мегатөсөлд болгоомжтой хандах, шинжлэх ухааны үндэстэй хандахын тулд бүхий л орон бүхий л компаниуд эрмэлзэж байна. Энэ эрмэлзлийн нэг хэлбэр болж Монгол Улсын Их Хурал энэ том төслүүдийг анхааралдаа төлөврүүлж харьцаж байхаар Монгол Улсын Сайд гэсэн орон тоо бий болгосон байх гэж би бодож байна.
 
Таван толгойн хөрөнгө оруулагчийг тодруулах энэ уралдаант шалгаруулалт үнэн хэрэг дэрээ таван жил  үргэлжилж байгаа юм. Хугацааны хувьд авч үзвэл 2010 онд энэ уралдаант шалгаруулалт эхэлсэн.  Олон компаниуд оролцсон. Тэр үед нүүрсний үнэ их өндөр байсан. Ер нь мегатөсөл шийдвэр гаргахдаа зах зээлийн суперциклийн үед гаргадаг гэдэг нь бараг жам юм. Үнийн өндөр өсөлттэй, суперцикл дээр их олон компаниуд тавантолгой төсөлд хөрөнгө оруулья, мөнгөө хийе гээд гүйлдэж байсан нь үнэн. Гэхдээ тэр суперциклийн моментыг бид нар ашиглаж чадаагүй. Одоо суперцикл нь унчихсан, нүүрсний үнэ унасан ийм нөхцөлд уралдаанд шалгаруулалт тав дахь жилийн нүүр үзэж байна.
 
 
Экспортыг нэг цонхны хүрээнд  олон улсын зах зээлд борлуулна
 
Өнөөдөр УИХ энэ асуудлыг анхааралдаа аваад, УИХ 2014 онд 34-р тогтоол гаргасан. 34-р тогтоол нь эдийн засгийн идэвхжлийг  нэмэгдүүлэх, зарим арга хэмжээний тухай арга хэмжээний тухай гэсэн тогтоол гаргасан. Энэ УИХ-ын тогтоолд их олон заалт бий. Би тэрнээс хоёр заалт нь дээр анхаарал хандуулж байна.
 
Анхаарал хандуулах нэг заалт нь “Нүүрсийн экспортын нэг цонхны бодлогын хүрээнд олон улсын зах зээлд борлуулж байх нь зүйтэй юм” гэсэн шийдвэрийг УИХ гаргасан. Би энийг маш их чухал гэж бодож байна. Яагаад гэвэл нүүрс гэдэг бизнес бол эдийн засгийн ухаанд бол Economies of scale буюу хэмжээнээс хамаардаг бизнес байгаа юм.  Аль болох их хэмжээгээр нүүрс үйлдвэрлэвэл тэр хэмжээгээр өндөр ашиг өгч чаддаг. Олон жижиг компаниуд нүүрсний үйл ажиллагаа явуулаад тэр тусмаа өөр хоорондоо өрсөлдөөд жижиг, жижигээр машинаар тээвэрлэсэн байдлаар бид нар дэлхийн нүүрсний зах зээл дээр өрсөлдөж  чадахгүй. Чадахгүй, бололцоо байхгүйг эдийн засгийн ухаан өөрөө хэлж өгч байна. Тийм учраас УИХ-ын 34-р тогтоолын нэг чухал заалт бол экспортыг нэг цонхны хүрээнд  олон улсын зах зээлд борлуулах хэрэгтэй гэсэн ийм шийдвэр гаргасан.
 
Анхаарал хандуулах өөр нэг чухал заалт нь “Тавантолгой, Гашуунсухайтын төмөр зам болон тээврийн бусад дэд бүтцийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн зарчимаар барьж байгуулах хэрэгтэй” гэж УИХ-ын тогтоолд байна. Яагаад ийм асуудал дэвшүүлсэн бэ гэхээр нэгэнт нүүрсний бизнес үйлдвэрлэлийн хэмжээгээр, борлуулалтын хэмжээгээр шийдвэрлэгддэг юм бол тээвэрлэлт өөрөө хүчин чадалтай байх хэрэгтэй.  Тавантолгойгоос Гашуунсухайт, Гашуунсухайтаас Хятадын зах зээл, Хятадын төмөр замаар дамжаад далайд хүрэх нь ийм бизнесийн асар том чухал ач холбогдол нь байгаа юм. Тийм учраас УИХ шийдвэр гаргахдаа экспортын нэг цонх, төмөр зам барих гарцтайгаа цуг байх ёстой гэсэн ийм шийдвэр гаргасан юм аа гэдгийг хэлмээр байна. Энэ бол УИХ-ын 34-р тогтоол. Энэ тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Монгол Улсын Засгийн газар 268-р тогтоол гэдгийг гаргасан байдаг юм.
 
Энэ 268-р тогтоол дээр:
 “Таван толгойн орд Монгол улсын төрийн өмчит байх ёстой” гэдгийг хатуу зааж өгсөн. Түүнчлэн
• Эрдэнэс Тавантолгойд учраад байгаа хүндрэл бэрхшээлүүдийг шийдэх,
• Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг хувийн хөрөнгө оруулалтаар нь бариулаад  30 жилийн дараа суурь бүтцийн 51 хувийг төрийн өмчит үнэ төлбөргүй шилжүүлэх,
• Таван толгойн орд газрыг ашиглахдаа оператор компаний 51 хувь нь үндэсний компани байх шаардлагатай гэсэн ийм хатуу шаардлага тавьсан.
 
Нэлээн бэрх шаардлага тавьсан ийм олон улсын уралдаант шалгаруулалтыг өмнө нь явж байсан шалгаруулалтын үргэлжлэл болгон шинэ нөхцөл тавьж зарласан юм. Энэ бол засгийн газрын 268-р тогтоолооор хийгдэж байгаа ажлууд.
 
 
Уралдаант шалгаруулалтын үргэлжлүүлэн зохион байгуулсан

 
Уралдаант шалгаруулалтын нөхцөлүүд бол нэлээд хатуу нөхцөл. 2010 оноос манай Таван толгойн нүүрсний ордод хөрөнгө оруулья гэж байсан, саналаа хэлж байсан компаниудад шинэ нөхцөл тавьж урилгаа явуулъя гэж бид тохирсон юм. Энэ дагуу урилга явсан. Урилгыг Хятадын Shenhua Energy, ОХУ-ын РЖД компани, Америкын Peabody energy, ArcelorMittal зэрэг дэлхийн хэмжээний том компаниудад  урилга хүргүүлсэн.  
 
Энэ урилгын хариу нь 2014 оны 12-р сарын 1-нд гэхэд ирсэн байсан. Үндсэндээ бол хоёр компаниас  санал ирсэн гэж хэлж болно. Тэр нь China Shenhua Energy, Sumitomo, Энержи Ресурс ХХК гэсэн компаниудын консерсум, Peabody energy гэсэн Америкын компаниас  ирсэн.
 
Бусад компаниуд нь “Бид нарыг энэ уралдаант шалгаруулалт оруулах гэсэнд талархал илэрхийлж байна” гэсэн ийм захидал ирүүлсэн байна. Ийм учраас уралдаант шалгаруулалт үндсэндээ хоёр компаний дунд болсон. Манай Ажлын хэсэг доороо Дэд ажлын хэсэгтэй. Дэд ажлын хэсэг голцуу мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн баг. Энэ Дэд ажлын хэсэг баталж өгсөн аргачлалын дагуу энэ хоёр компаний шалгаруулалтыг дүгнэсэн. Эхлээд техникийн үнэлгээгээр нь үзээд, дараа нь санхүүгийн саналыг нь нээх ажиллагаа явагдсан.
 
Бүх ажлын саналуудыг авч, дүгнэсний үндсэн дээр Энержи Ресурс ХХК,  China Shenhua Energy, Sumitomo гэсэн Монгол, Хятад, Японы хамтарсан консерцум Тавантолгойд хөрөнө оруулья, үйл ажиллагааг нь явуулья гэсэн санал шалгарсан.
 
Peabody Energy асуудалд хандахдаа арай өөрөөр хандсан юм билээ.  Манай Засгийн газрын тавьсан шаардлагыг шууд утгаар нь биелүүлж чадаагүй. Өөрсдийнх нь хандсан хандлагыг бид хүлээн зөвшөөрч байгаа. Тэр нь юу гэхээр “Энэ Таван толгойн орд гэдэг нүүрсний орд чинь ямар үнэтэй юм, ямар үнэ цэнэтэй юм, тэр үнэ цэнийг эхлээд гаргая, тэр үнэ цэнээс  нь бодоод бид саналаа хэлмээр байна” гэсэн ийм л санал байсан.  Өөрөөр хэлбэл “Хөрөнгө оруулалт хийе” гэсэн хатуу үүргийг аваагүй. Асуудалд   хэрхэн хандах бодол санаагаа хэлсэн. Хүндэтгэж болох үзэл бодол.
 
 
Олон улсын хөрөнгийн биржд бүртгэлтэй компаниуд шалгарсан

 
Шалгарсан консерцум маань ямар компаниудаас бүрдсэн тухай мэдээлэл та бүхэнд өгье. Бидний нүдээр бол харин ч их боломжийн консерцум бий болчихсон юм уу даа гэж харагдаж байна. Яагаад гэвэл маш том үйлдвэрлэлийг хийх гэж байна. Маш том тээвэрлэлт хийх гэж байна. Маш том борлуулалт хийх гэж байна. Яг энэ чиглэлээр аль алийг нь мэддэг дэлхийн хэмжээний том компаниуд нэг консерцум болсон байна гэж хэлмээр байгаа юм. Жишээлбэл China Shenhua Energy группын өнөөдрийн /2014.12.25/ зах зээлийн үнэ цэнийг интернетээр хараад үзвэл 60 тэрбум ам.долларын үнэ цэнэтэй компани байна. Sumitomo гээд Японы энэ компанийг харахад зах зээлийн үнэлгээ нь 13 тэрбум ам.долларын үнэтэй үнэтэй компани байна. Энержи ресурс мэдээж дээрх хоёртойгоо харьцахгүй ч гэсэн 500 сая долларын үнэ цэнэтэй.
 
Энэ компаниуд бүгдээрээ хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй. Хөрөнгийн биржд бүртгэлтэй компаниуд гэж юу вэ гэвэл энэ компаниуд өөр хоорондоо зөвхөн англи, япон, хятад хэлээр ойлголцох тухай биш бүгдээрээ дундаа бизнесийн нэг хэлтэй юм шиг харагдаж байгаа юм. Бизнесийн нэг хэлтэй байна гэдэг маш чухал. Яагаад гэвэл хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй компаниудын хувьд хэрхэн нягтлан бодохоо хөтлөх үү, хэрхэн яаж олон нийтийн хувьцаа авах уу,  хэрхэн хяналт  тавих уу зэрэг энэ бүх шалгуур өөрөө маш том үзүүлэлт.
 
China Shenhua Energy компаний хувьд гэвэл өөрийн төмөр замтай, өөрийн үйлдвэрүүдтэй, өөрийн том борлуулах зах зээлтэй, асар том компани энэ тухай бол ярих юм байхгүй. Японы Sumitomo компани бол мөн  Ази, Нномхон далайн бүс нутагт нүүрс болоод бусад ашигт малтмалын борлуулагч том тоглогч, мөн том компани. Монголын Энержи ресурс Монголдоо хэнтэй ч харьцуулашгүй том туршлагатай, 15 сая тонн нүүрс боловсруулах үйлдвэртэй, өөрийн гэсэн цахилгаан станцыг барьсан, хамгийн гол нь нийгмийн арга хэмжээг маш сайн зохион байгуулсан компани байдаг. Ухаа худаг уурхай дээр очсон бол сургууль, цэцэрлэг барьсан, ажилчид, орон нутгийн нийгмийн асуудлыг шийдвэрлэсэн байгааг олж харах болно. Том уул уурхайн компаний мэргэжилтнүүд  Монголын компани ийм үйл ажиллагаа явуулж чадсан байна гэдэгт гайхдаг юм билээ. Тэр утгаар Энержи ресурс бол нийгмийн хариуцлагтай компани. Энержи ресурс гэдэг компаний хийсэн ажлын талаар өчигдөр Shenghua Energy, Sumitomo компанитай уулзахдаа “Та бүгд яг энэ жишгээр Монголын нийгэмтэй харьцаж ажиллана. Та бүгд яг энэ жишгээр Монголын нийгийн асуудлыг шийдэхэд оролцох ёстой. Энэ төслийг хөгжүүлье гэж байгаа бол энэ жишгээр орон нутагтай ажиллах ёстой. Орон нутгийн эрх ашгыг хамгийн түрүүнд анхааралдаа авдаг байх ёстой. Монголын уламжлалт соёл иргэншлийг хүндэтгэж хөгжүүлэхийн төлөө харьцдаг байх ёстой” гэж хэлсэн.
 
 
Засгийн газраас тавьсан хатуу нөхцөлийг хүлээж авсан
 
 Уралдаант шалгаруулалтын нөхцөлийг эдгээр компаниуд, ялангуяа гадны компаниуд маш сайн хүлэээж авсан гэдгийг та бүгдэд хэлмээр байна. Шалгарсан консерцумын тавьсан саналын талаар товчхон мэдээлэл өгье:
 
• Тавантолгойн нүүрсний уурхайд нийтдээ 4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх,
• Нүүрсний орд газарт нэмэлт хайгуулал хийх,  нөөцийг нэмэгдүүлэх үүрэг авах,
• Тавантолгой - Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг хариуцах,
• Төмөр замыг барьж, өмчилж, ашиглаж, Монголын төрд буцааж өгөх. 30 жилийн дараа суурь бүтцийг  51 хувийг төрийн өмчит үнэ төлбөргүй шижүүлэх,
• 2,5 жилд Таван толгойн нүүрсний ордод 30 сая тонн нүүрс боловсруулах хүчин чадал бүхий үйлдвэр барих,
• Чалкогын өрийг шийдвэрлэх гэсэн санал тавьсан.
 
Мөн “Эрдэнэс Тавантолгой” ТӨХК дээр бас олон асуудал байгаа. Зөвхөн өр зээлийн асуудал биш Монголын ажилчид, Монголын олон сайхан мэргэжилтнүүд тэнд ажиллаж байгаа. Тэр хүмүүсийг энэ төсөлд авч ажиллуулая, нийгмийн асуудалд нь оролцоё гэдэг санал илэрхийлсэн. Энийг би сайхан санал хэлсэн гэж бодож байна. Хэрвээ Монголын Засгийн газар хүсвэл эргэн суутгаж авах нөхцөлтэйгөөр 250-300 тэрбум төгрөгийг урьчилгаа болгож өгч болох юм. Гэхдээ энэ хэлэлцээний асуудал гэж санал оруулж ирсэн байна.Энэ бүгдээс авч үзвэл Засгийн газрын 268-р тогтоолд тавьсан шаардлагуудыг энэ гурван том компаний консерцум хангаж байна гэж хэлмээр байна.
 
Хэлэлцээг богино хугацаанд хийхийг эрмэлзэж байна
 

Өчигдөр /2014.12.24/ консерциумын төлөөлөлтэй Уул уурхайн сайд, Ажлын хэсгийнхэн бүгд уулзалт хийгээд “Хэлэлцээрээ хэзээ хийж эхэлэх үү гэдэг цагийн товыг хоорондоо ярьсан. Цаг алдаад хэрэггүй. 1-р сарын 5-нд буюу шинэ оны хамгийн анхны ажлын өдөр. Энэ өдөр бид нар хэлэлцээрээ эхэлье гэж товоо тогтсон. Энэ товыг тогтохдоо бид нар ямар хугацаанд хэлэлцээр хийж болох уу гэдэг талаар  ярилцсан. Би нэг санал дэвшүүлсэн. Япон, Хятад, Монголын тал байна. Бид нар бүгдээрээ Цагаан сар гэдэг баяртай. Дорнын хүмүүсийн сайхан баяр. Баяр хүрэхэд бид нар асуудлаа шийдвэрлэсэн байя гэдэг асуудал би дэвшүүлсэн юм.
 
Энержи Ресурс ХХК-ын Г.Батцэнгэл захирал “Монголчуудын хувьд морь жилдээ багтаагаад шийдчихвэл сайхан л байна” гэж хэлсэн. Би эрмэлзэл байгаа юм байна гэж үзсэн. Sumitomo, Shenhua Energy бид хурдан хийхэд бэлэн бүгдээрээ нягт сууж ажиллая гэж ярьсан.
 
Манай Ажлын хэсгийн зүгээс хэлэлцээнд  “Харилцан ашигтай стратеги” баримтлахыг санал болгосон юм. Том төслүүд дээр англи бол Win-Win буюу харилцан ашигтай байх, хэн хэн нь хожоод гарсан байх ийм стратеги баримтлая гэж ярьсан. Энийг бид тал талдаа хүлээн зөвшөөрсөн гэдгээ хэлмээр байна.
 
Харилцан ашигтай байх стратеги гэдэг нь нэгдүгээрт бүгдээрээ хэлэлцээр хийхдээ бие биедээ бүрэн итгэлцлийн хэмжээнд ажлаа итгэж явуулья. Хэрвээ ямар нэг нь санаа зовох асуудал байгаа бол асуудлаа эмээх зүйлгүй, санаа зовох зүйлгүй асуудлаа хэлэлцэе. Санаа зовоож байгаа бүх асуудлаа хэлэлцэе. Санаа зовж байгаа бүх асуудалаар хамтарсан шийдэл олох гэж бүгдээрээ бүтээлч санаачлагатай ажиллая гэсэн ийм хэд хэдэн чухал зарчимууд энэ харилцан ашигтай стратеги дотор багтдаг юм. Энэ стратеги дээр бүгдээрээ санал нэгдсэн.
 
 
 
Төслийг амжилтад хүргэхийн тулд Монголчууд бүгдээрээ нэг ойлголттой байх ёстой

 
Бидний өмнө маш том хэлэлцээ хийх ажил хүлээж байна.  Мэдээж хэлэлцээ болсон хойно амаргүй болох байх. “Төслийн хэлэлцээ эхлэж байна” гэдэг мессеж бол Монголоос гадны хөрөнгө оруулагчдад хүргэх хамгийн сайн мессеж гэдгийг би энд хэлмээр байна.
 
Бид нар Оюутолгойг тойроод дэндүү их цаг алдаж байна. Оюутолгойг тойроод   дэндүү их маргалдаж байна. Рио Тинто гэдэг компаний тухай сайхан, муухай яриад дэндүү их удаж байгаа. Таван толгойд орж ирье гээд байгаа Shenhua Energy, Sumitomo компани Рио Тинтогоос ч дутахгүй том компани гэдгийг бас ойлгох хэрэгтэй.
 
Тийм учраас Таван толгой төслөөс,  одоо явж буй ажлын явц, энэ үйл явдал бол дэлхийн зах зээлд Монголоос өгч байгаа асар том мессеж болж хувирна гэж би дотороо бодож байна. Сэтгүүлчид та бүхэн бидэнд тус болоорой гэж хэлмээр байна.
 
Том төсөл байх тусмаа улстөржилт, хардлага, сэрдлэгэ дагуулдаг учраас  аливаа төслийн үйл ажиллагаа мэдээллийн ил тод  орчин зайлшгүй байна.  Бид нар энэ зарчмыг хатуу барьж ажиллана.  Мэдээллүүдийг өгч явна. Цаг тухай бүрд нь өгч явна. Та бүгдийн зав чөлөө бас хэцүү байдаг учраас сайт нээчихсэн байгаа гэж хэлсэн тэр сайтаас мэдээллийг авч болно. Удахгүй энэ сайтад ярилцлага, түгээмэл асуулт-хариулт, үйл явцын мэдээллүүд нийтлэгдэнэ. Хэвлэл, сайтуудын мэдээ уншиж байхад “Монголчууд бид нар өөрсдөө нүүрсээ ухаж болоогүй юм уу” гэсэн түгээмэл асуулт байдаг. Маш зөв асуулт гэж би хэлмээр байна.
 
Монголчууд нүүрсийг ухаад, ашиглаад, борлуулаад сурчихсан, чадна, гэхдээ бидний энэ Таван толгой төсөл дээр ярьж байгаа яриа бол жижигхэн хэмжээний тухай яриа биш ээ. Асар том хөрөнө оруулалт хийж, асар том үйлдвэрлэл явуулж, асар том тээвэрлэлт хийж, асар том борлуулалт хийх гэж байгаа юм. Ийм юманд монголчууд бид хараахан чадахгүй. Бололцоо байхгүй. Хөрөнгө босгох хэрэгтэй.
 
Жишээлбэл: энэ Таван толгой гэдэг төслийн хамгийн их хөрөнгө шаардах том хэсэг нь бол төмөр зам байгаа юм. Нарийн дээрээ бол Таван толгой гэдэг нүүрсний ордын тухай ярьж байгаа юм шиг хэрнээ цаад талд нь нуугдаж байгаа асуудал төмөр зам гэдэг агуу  том юмны тухай яригдаж байгаа юм. Бүх зүйл өөр хоорондоо уялдаа холбоотой. Тийм учраас Таван толгой төсөл амжилттай хэрэгжиж чадвал, Монгол улс дэлхийд нүүрсээрээ дэлхийд том  нийлүүлэгч  улс орон болж хувирах юм. Үүний төлөө бүгдээрээ улс нийгэмээрээ, шийдвэр гаргагч нар, хууль тогтоогч, Засгийн газрын хэмжээнд, бүгдээрээ нэг ойлголттой байж зэрэг хөдлөх ёстой.  Тэгж байж амжилтад хүрдэг. Монголчууд амжилтанд хүрэх ёстой. Чадна гэдэгт би итгэж байна гэдэг сайхан үг хэлээд миний үг дуусаж байна. Сонирхсон асуулт байвал Уул уурхайн сайд Р.Жигжид,  Эрдэнэс Тавантолгой ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Я.Батсуурь даргатайгаа нийлээд хариулахад бэлэн байна.  За баярлалаа
 
 
Сэтгүүлчийн асуулт: Үндэсний радио

 
-1-р асуулт нь: Shenhua Energy компанитай манай улс 20 жилийн хугацаанд нэг тэрбум тонн нүүрс нийлүүлэх гэрээ хийсэн байгаа. Тэгэхээр Shenghua компани хөрөнгө оруулагчаар ороод ирсэн гэхээр өөрөө өөртөө нүүрс худалдаад байх юм уу. Энэ гэрээнд өөрчлөлт орох юм уу гэсэн асуулт байна.
 
-2-р асуулт  нь: Баруун, Зүүн цанхи дээр гэрээт олборлогчид үйл ажиллагаа явуулж байгаа. Баруун цанхи дээр үндэсний үйлдвэрлэгчид, зүүн цанхи дээр Macmahon Mongolia үйл ажиллагаа явуулж байгаа. Macmahon-н хувьд манай улс таван жилийн гэрээ байгуулсан. Тэгэхээр энэ гэрээг цуцалж байж хөрөнгө оруулагчдыг  баруун, зүүн цанхи дээр оруулах гэж байгаа юм уу гэсэн хоёрдугаар асуулт байна.
 
-3-рт асуулт нь: Эрдэнэс Тавантолгой компанид Чалькод төлөхөөс гадна өөр зээлүүд байгаа. Дотоодын компаниудад, миний ойлгосноор хөгжлийн банкнаас 200 сая доллар, 80 сая долларыг арилжааны банкуудад тавьсан өр зээл байгаа. Тэгэхээр энэ өр зээл хэрхэн яаж шийдэгдэх юм бэ?
 
-4-р асуулт нь: Хувьцааг хэрхэн яаж шийдэх юм бэ?  Хөрөнгө оруулагчид орж ирээд Эрдэнэс Тавантолгойн хувьцааг дэлхийн зах зээл дээр гаргана гэсэн мэдээлэл сүүлийн үед яваад байгаа энэ хэрхэн яаж шийдэгдэх юм бэ?
 
-5-р асуулт нь : 4 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийнэ гэж байна. Тэгэхээр 4 тэрбумын 51 хувийг Энержи Ресурс гаргах юм уу?
 
 
 
Ажлын хэсгийн ахлагч, Монгол Улсын сайд М.Энхсайхан:
 
-За баярлалаа. Бидэнд байгаа мэдээллийнхээ хэмжээнд хариулт өгье. Монгол Хятадын харилцаа сүүлийн үед өндөр түвшинд маш сайн явж байгаа. Сайн харилцаа байгаа энэ үед. Цаашаа наашаа хэлэлцээр хийж байх энэ үед бол Хятад улс манайхаас ихээхэн хэмжээний нүүрс авья гэсэн ийм амлалтыг өгсөн. Ер нь бол улс төрөөр харах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл Монголын том үйлдвэрлэгч болоод борлуулна гэвэл Хятадын зах зээл бэлэн байна шүү гэдгийг хэлж байгаа мэдэгдэл хэмжээний юм гэдгийг би ойлгож байна. Бид нар үүнийг хэрхэн зөв хэрэгжүүлэх вэ гэдэг асуудал байгаа юм. Тавантолгой нь төслийн тухай ярьж байна гэдэг бол. Бид нар өнөөдөр тэр тухай л ярьж байгаа хэрэг. Мэдээж Засгийн газрын 268-р тогтоол гарахдаа баруун, зүүн цанхи дээр том хөрөнгө оруулагчийг оруулья гэж ярьсан.
 
Дээр нь УИХ экспортын бодлогыг нэг цонхоор хэрэгжүүлэх нь үр ашигтай гэдгийг ойлгож мэдэж байгаа учраас тогтоол гаргасан. Энэ бүгд хоорондоо уялдаатай. Гэхдээ хөрөнгө оруулагчидтай эхлээд хэлэлцээ хийнэ. Хэлэлцээ амжилтад хүрвэл Засгийн газар болоод УИХ-д танилцуулна. Эцсийн шийд тэнд гарна. Тэр эцсийн шийд гарахдаа холбоотойгоор урьд өмнө энэ шийдэлтэй зөрчилдсөн бүх шийдлүүд  хүчингүй болох жишээтэй. Одоо бол хүчингүй болгож болохгүй. Одоо дөнгөж хэлэлцээний шатанд явагдаж байгаа гэдгийг одоо бид хэлмээр байна.
 
Эрдэнэс Таван Толгой зөвхөн Чалькод өртэй биш банкуудад өртэй бусад олон өрнүүд байгаа. Гэхдээ бид Тавантолгой гэдэг нүүрсний ордыг ашиглах тухай ярьж байгаа болохоос аж ахуйн байгуулагын өөрийнх нь өөр бусад үйл ажиллагаатай хамаарсан өөр өр зээл байх юм бол тэрнийг хөрөнгө оруулагчидад шууд үүрүүлнэ гэж ярихад хэцүү. Гэхдээ яг энэ ордыг ашиглахдаа холбоотой хөрөнгө оруулагчид зөвшөөрөх ёстой ийм зардал чирэгдэл байгаа бол бид хөрөнгө оруулагчидтайгаа ярьж үүнийг шийдвэрлэх арга замыг олох ёстой энэ бол хэлэлцээний ширээний ард шийдэгдэх ёстой асуудал юм аа гэж хэлмээр байна.
 
Олон түмэнд тараасан 1072 гэж нэрлээд тогтчихсон хувьцааны асуудал бол үндсэндээ Монгол Улсын Засгийн газрын асуудал л даа. Яагаад гэхээр энэ орд Монгол Улсын төрийн өмч. Монгол Улсын төрийн өмчөөс Монголын ард түмэн хувьцаалаад эзэмших эрхтэй болчихсон байгаа. Энэ зайлшүй хэрэгжинэ. Чухам яаж, ямар үнийн дүнтэй, хичнээн хэмжээтэй байх уу гэдэг хэлэлцээрийн ширээний ард шийдэгдэнэ. Бүгдээрээ шийдье гэдэг эрмэлзэл дээр хоорондоо тохирчихсон байгаа гэж хэлмээр байна.
 
4 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийгдэнэ. Мегатөсөлийн санхүүжилтын орчин өөр байдаг. Мегатөслийн санхүүжилт үндсэндээ том банк санхүүгийн байгууллагаас зээл авч хийдэг. Дөрвөн тэрбум долларын том төслийг ганцаараа санхүүжүүлдэг нэг ч  улс байхгүй.  Ганцаараа санхүүжүүлдэг нэг ч компани байхгүй гэж хэлэхэд бараг буруудахгүй. Тийм учраас бид нар мегатөслийн санхүүжилтийн орчин гэдгийг сайн мэддэггүй учраас “Өөрсдөө халаасаа ухаад санхүүжүүлнэ” гэж бодож ерөөсөө болохгүй. Ихэнх санхүүжүүүлэлт нь том банк санхүүүгийн байгууллагаас санхүжүүлэх нь ойлгомжтой.  Харин банк санхүүгийнхээ байгууллагд энэ консерцум яаж төслөө зөв танилцуулж, үнэхээр амьдрах төсөл гэдгээ харуулж чадахаас хамаардаг. Тийм учраас эцсийн санхүүжилт, үүргээ хэрхэн яаж дотроо хувиарлах уу гэдэг нь хэлэлцээрийн явцад  тодрох байх аа. Тэр үед энэ мэдээллийг өгье гэж  бодож байна. За баярлалаа.
 
Сэтгүүлчийн асуулт:
 

- “Эрдэнэс Тавантолгой” ТӨХК-ий үүрэг Тавантолгой орд дээр ямар түвшинд байх вэ? Эрдэнэс Оюу толгой гэдэг компани шиг төрийг төлөөлөх маягтай суух юм уу? Эсвэл тодорхой хэмжээнд нүүрс борлуулах, экспортлох ч  юмуу? эсвэл ажлын байр бий болгох чиглэлээр тодорхой ажил хийгээд явах уу?
 
-Та сая хэллээ. Санхүүжилт нь банк санхүүгийн байгууллагаар нь дамжина гэж байна. Оюутолгой дээр үүсээд байгаа шиг банкаар санхүүжих тохиолдолд банкны хүү ямар байх вэ гэх зэргээр маш олон асуудал үүсч байгаа. Барьцаанд нь тавантолгой ордыг барьцаалах гэх мэтээр улс төржүүлэх тохиолдол байдаг аа. Энэ талаар санхүүжилтын өөр арга хэрэгсэл нь юу байх юм  бол. Оюутолгой дээр байсан шиг давуу эрхийн хувьцаа гаргах ч юм уу иймэрхүү асуудал бас яригдаж байгаад буцсан шүү дээ. Яг энэ санхүүжилтийн нөхцлийг ямар байдлаар харж байна вэ?
 
 
-Ажлын хэсгийн ахлагч, Монгол Улсын сайд М.Энхсайхан:

 
-За маш чухал асуудал хөндлөө. Таван толгой гэдэг энэ орд төрийн өмч хэвээрээ үлдэнэ. Хэвээрээ үлдэнэ гэдэг нь “Эрдэнэс Тавантолгой компани Монгол Улсын төрийн нэрийн өмнөөс лиценз өмчлөгч. Эрдэнэс Тавантолгой дээр энэ лиценз хэвээрээ үлдэнэ” гэж ойлгоно. “Эрдэнэс Тавантолгой” компаний боловсон хүчин манай нүүрсний салбарт бэлтгэгдсэн боловсон хүчин. Мэдээж энэ том төсөлд дайчлагдах нь гарцаагүй. Хэрхэн яаж дайчлагдах гэдэг нь хэлэлцээний асуудал. Эрдэнэс Тавантолгой нь лиценз баригч Монгол улсын нэрийн өмнөөс лиценз баригчийн хувьд консерцум бид нарт төлбөр төлнө. Тэр төлбөр нь одоогоор яригдаж байгаа хэмжээ нь ашигт малтмалын роялти гэдэг төлбөр байдаг.
 
 Тэр роялти хувиар 40 хувиар төлбөр төлөхөд бэлэн байна аа гэж консерцум бидэнд мэдэгдсэн байгаа. Өөрөөр хэлбэл Эрдэнэс Тавантолгой төрийн өмчит лицензийг эзэмшигч компани роялти хэрэглэж байгаа нь Монголын  хувьд шинэдээд байгаа юм шиг байна. Магадгүй Монголын төрийн өмч учраас Монголын төрийн өмчийг түрээсэлж байгаа гэдэг утгаар түрээсийн төлбөр гэж нэрлэмээр ч юм шиг ийм юм байна. Энэ тоонууд хэлэлцээр хийх анхны тоонууд хэлэлцээр эхлэхэд ширээний ард ярьж шийднэ гэсэн ийм байдалтай байгаа.
 
Мэдээж банк санхүүгийн байгууллагуудаас ийм том төсөл мөнгө авч таарна. Энэ нь угаасаа мега төслийн онцлог. Гэхдээ банк мөнгөө өгч байгаа учир “Ямар нөхцөлтэй консерцум Монгол Улсын Засгийн газартай гэрээ хийв” гэдгийг зайлшгүй хянана.
Тов тодорхой, ойлгомжтой зүйл бол төрийн өмч барьцаалагдахгүй, лиценз барьцаалагдахгүй. Тийм учраас банк тухай үед энэ консерцумд мөнгөө өгөх үү, өгөхгүй юу гэдэг нь өөрсдөө шийдэх асуудал.
 
 
Сэтгүүлчийн асуулт: MN25 суваг телевиз

 
-Санхүүжилт орж ирэхдээ Монголын банк санхүүгийн байгууллагаар орж ирэх үү ? Жишээлбэл: Оюутолгойн  хөрөнгө оруулалт гадаадын банкинд байрших заалт гэрээнд орсоноос болоод одоог хүртэл гадагшаа экспортолж байгаа мөнгөний борлуулалтын орлого орж ирэхгүй байгаа асуудал байгаа тэгэхээр энэ тал дээр хэлэлцээр хийхдээ анхаарах уу? Нөгөө талаар 4 тэрбум ам.доллар гэдэг хөрөнгө оруулалтыг ямар журмаар  тогтоосон мөнгөн дүн бэ? Үүнээс дээш болгох боломж байсан уу? Ер нь цаашдаа энэ хөрөнгө оруулалтыг Оюутолгой шиг анхны хөрөнгө оруулалтай гэж дураараа нэмээд явчих ийм  байдал үүсгэх бий гэсэн болгоомжлол байна.
 
 
-Ажлын хэсгийн ахлагч, Монгол Улсын сайд М.Энхсайхан:

 
-За баярлалаа. Би нэг асуудлыг яг энэ асуудалтай холбоотойгоор ахиж тодруулж хэлмээр байна. Том бизнесийн байгууллага ийм том төсөл хэрэгжүүлж байхад дундаа бизнесийн нэг хэлтэй байх ёстой гэж юм ярьдаг. Бизнесийн нэг хэлтэй болж чадаагүй бол бие биенийгээ харддаг. Тийм ч мөнгийг тэгчихсэн байна. Ийм ч юм яачихсан байна. Энийг ч санхүүжүүлсэн байна гээд. Иймэрхүү яриа болдог. Монголд бас нэг тулгараад байгаа бэрхшээл гэвэл бизнесийн нэг хэлтэй болох асуудал маш чухал байна.
 
Бизнесийн нэг хэлтэй болох гэдэг дээр юу хэлмээр байна гэвэл олон улсын нягтлан бодох стандарт гэж байдаг юм. Жишээ нь: Оюу Толгой дээр International Financial Reporting Standards гэсэн стандартыг хэрэглэдэг юм.
 
Олон орон том төслийг өөртөө хэрэгжүүлэх гээд том хөрөнгө оруулалтыг өөртөө татахын тулд үндэснийхээ нягтлан бодох стандартыг олон улсынх руу шилжүүлдэг. Үүн дээр асар их бэлтгэл хийж байгаад шилждэг юм. Хэрвээ энэ бизнесийн хэл, нягтлан бодох стандарт яг олон улсын түвшинд байх юм бол тэр мөнгө хаана байрлаж байна зэрэг маргаан гарахгүй.  
 
Угаасаа энэ консерцумууд бүгд олон хүнд хувьцаа худалдаж мөнгө босгосон ил тод компаниуд. Биржд бүртгэлтэй компаниуд олон түмний эрх ашгийг хамгаалахын тулд олон улсын байгууллага нэг стандартад ажиллуулж, өөрсдөө хяналтаа тавьдаг. Тэгэхээр бид нар тэр зүй тогтлуудаас дундын бизнес хэлээ муу мэдэж байгаагаас олон хардлага, сэрдлэгийн ярианууд гардаг юм. Аль болох бага хальтрах хэрэгтэй. Гэхдээ хариулт ойлгомжтой, юу хийх нь ойлгомжтой байх хэрэгтэй. Монголын өмнө тугамдаж байгаа нэг асуудал бол том бизнес төсөл явуулья, том хөрөнгө оруулагчийг татая л гэж байгаа бол бид нар бизнес хэл нэг байх хэрэгтэй.  Тэгэхээр монголын нягтлан бодох стандарт олон улсын стандарт луу шилжих шаардлагатай гэж хэлмээр байна.
 
4 тэрбумын хөрөнгө оруулалт дээр хэтэрчих вий, багадчих вий гэсэн янз янзын яриа байна. Одоохондоо энэ бол бидний тооцоолсон тооцоо гэж хэлж байгаа. Техник эдийн засгийн үндэслэл маш олон шаттай хийгддэг. Урьдчилсан тооцоо, яг хэрэгжүүлж эхлэх тооцоо гээд та нар бүгдээрээ интернетээр орж харахад уул уурхайн техник, эдийн засгийн үндэслэл гэсэн интернетийн википедиаг (http://en.wikipedia.org/wiki/Mining_feasibility_study  ) та нар унших хэрэгтэй. Тэгээд харах юм бол тоо оновчтой байдлаараа бол дандаа зөрж байдаг. Урьдчилсан тооцоо бол ерөнхийдөө 40 хувь зөрж байх жишээтэй. Эцсийн гээд батлаад ажилдаа ороход  аливаа тоонууд 15 хувь зөрж байх жишээтэй. Энэ бол өөрөө дэлхийн олон улcын практик. Тийм учраас нэг тоо сонсчихсон тэр тоог нь хатуу гэж хамаагүй ойлгож болдоггүй юм.
 
 
 
Сэтгүүлчийн асуулт:  Ийгл телевиз

 
-Консерцумд нэгдэж байгаа 3 компаниудын хоорондын гэрээний талаар ажлын хэсэгт мэдээлэл бий юу? Peabody Energy ажлын хэсэгт яг ямар санал ирүүлсэн юм бэ? Peabody Energy-г шалгарсан консерцумд нэмэж оруулна гэдэг яриа сонсогдоод байгаа зүйлийг яриад байгаа та энэ талаар хариулт өгөхгүй юу?
 
 
-Ажлын хэсгийн ахлагч, Монгол Улсын сайд М.Энхсайхан:
 
-Та бүгд хэлэлцээний явцад гарах олон асуудлыг одоо асуугаад байгаа юм. Бид тухайн үед нь ийм байдалтай явж байна гэдэг мэдээллийг өгнө. Мөн сайт дээрээ байруулна.  Урьдчилсан байдлаар надад хэлж байгаа санал, харагдаж байгаа нь юу вэ гэхээр. Энэ том таван толгой төслийг хэрэгжүүлэхийн тулд  дор хаяад гурван хэсэг ажил шийдэгдэх хэрэгтэй болно. Үйлдвэрлэлээ дагнасан нэг хэсэг хэрэгтэй болно. Тээвэрлэлтээ дагнасан нэг хэсэг хэрэгтэй болно. Борлуулалтаа дагнасан хэсэгтэй болно. Энэ зохицуулалтуудаа тэд нар дотроо өөрсдөө нарийн яриад, урьдчилсан байдлаар бид нарт мэдээллэх ёстой.
 
 Дангаараа ганц компани байгууллагдаад тэр компани үйлдвэрлэл явуулаад, тээвэрлээд, борлуулна гэдэг ойлголт бид нарын хэмжээнд байгаа болохоос мегатөслийн хэмжээнд тийм юм байж болохгүй.Тийм ч учраас ийм том мэргэжлийн компаниуд хүрээд ирчихсэн байгаад би дотроо талархаж байна. Гэвч хэлэлцээрээс олон юм хамаарна гэж хэдмээр байна.
 
Peabody Energy-н саналын хувьд бол Засгийн газар маш хатуу нөхцөлтэй уралдааант шалгаруулалт зарласа. Сая дурьдсан дэлхийн том зургаан компани зарлачихаад байхад дөрөв нь баярлалаа гэж хэлээд хөрөнгө оруулж чадахгүй гэдгээ хэлсэн. Хоёр нь бол санал гэж ирүүлсэн. Ирсэн санхүүгийн саналын задлаад үзэхээр хөрөнгө оруулья гэсэн амлалт бол аваагүй. Таван толгойн төсөлд ийм л хөрөнгө оруулах байх. Би төмөр зам барихыг бол чадахгүй. Одоохондоо бид нар шийдэхгүй. Тийм зүйл ярихгүй. Манай талаас тавьсан шаардлага бол төмөр замынхаа ажлыг үргэлжлүүлээд  хамтран шийдэх гэсэн тэр нөхцлөөс зайлсхийсэн.
 
Хандлага нь ер нь ямар үнэтэй орд юм бэ? Эхлээд тэрнээс нь хандаж юм хийвэл зүгээр байна гэсэн. Ийм л саналаа ерөнхийлөн бичиж өгсөн.  Түүнээс биш тов тодорхой хөрөнгө оруулалт хийе гэсэн тийм амлал бол бид нарт өгөөгүй. Тийм учраас уралдаант шалгаруулалтад консерцум  шалгарсан. Гэсэн хэдий ч би консерцум болоод Peabody energy компаниудад Монголын Засгийн газрын өмнөөс талархал илэрхийлэх ёстой. Маш хатуу нөхцөлд өөрийн гэсэн бодлоо нэмэрлээд ороод ирсэн.
 
 Би Peabody Energy-н төлөөлөлтэй уулзаж байхдаа тэдний барьсан философи, үзэл баримтлал Таван толгойн төсөлд ямар нэгэн хэмжээгээр суух ёстой юм байна гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа.  Үүнийг бид консерцумтай дараа цаг олдохоор ярих байх. Peabody бас нэг гол шаардлагаа биелүүлээгүй.Монголын үндэсний компанийг өөртөө тээж орж ирэх ёстой. Үндэсний компаниа дэлхийн зах зээл рүү гаргая. Өндөр чадалтай компани болгоё. Нэг биш тэрний ард олон олон Монголын компаниуд  өсч, өндийж босч ирэх ёстой. Энэ стратеги зорилго тавьсан. Яг энэ шаардлагад Peabody тодорхой хариутай орж ирээгүй. Хэрвээ Peabody шалгарсан консерцумтай хэлэлцээр хийе гэж байгаа бол тэр асуудал тэд нарын асуудал. Энэ бол Ажлын хэсгийн ажил биш ээ гэж хэлмээр байна.
 
За баярлалаа.