Шинэ жилийн баярын өдрүүдээр амралтаа зөв боловсон, цэвэр агаарт гэр бүлээрээ, найз нөхдөөрөө амрах гэсэн иргэд цөөнгүй. Тиймдээ өнгөрсөн өдрүүдэд “Sky resort”, “Хандгайт” гээд цана чаргаар гулгадаг талбай хөл хөдөлгөөн ихтэй байв.

Ялангуяа шинэ оны дараахан буюу нэгдүгээр сарын 2-ны өдөр “Хандгайт” битүү хүний хөлд дарагджээ. Найман настай балчираас авахуулаад наян настай хөгшид хүртэл гэр бүлээрээ зугаалахаар ирсэн байв. Харин харамсалтай нь “Хандгайт”-д иргэд аюулгүй амарч, зугаалах, гулгах баталгаа алга.

“Sky resort” бол эмх цэгцтэй. Иргэд гулгаад лифтээр гарах ч юм уу, хоёр талаар нь авирдаг. Гэтэл “Хандгайт”-д ямар ч аюулгүй ажиллагааны дүрэм журам үйлчилдэггүй, зохион байгуулалт, хяналт байхгүй. Хэн дуртай нь хэдэн настай нь хамаагүй хүмүүс тэр уулын өндөр бэлээс хурд аван гулгацгаана. Доошоо гулгаж буусан хүмүүс дахин дээшээ авирахдаа дээрээс гулгах хүмүүсийн эгц урдаас чаргаа чирэн алхацгаана. Дээрээс гулгах хүмүүс ямар ч удирдлагагүй урагшилж буй тул “холдоорой” хэмээн орилохоос өөр юу ч хийж чадахгүй. Тэдний орилох дуунаар чаргаа чирэн өгсөх хүмүүс яаран сандран зай тавьж өгч буй дүр зураг тэнд хүн амьд явах баталгаа байхгүй байгаагийн тод жишээ. Үүний нэг жишээ ч өнгөрсөн нэгдүгээр сарын 2-ны өдөр “Хандгайт”-ын гулгуурын талбайд хүний амь эрсэдсэн харамсалтай хэрэг гарав.

14-15 настай хүүхдүүд гулгаж яваад хүний аминд хүрлээ

“Холдоорой холдоорой” хэмээн орилолдон гулгацгаах “Хандгайт”-ын талбайд хэсэг бүлэг хүмүүс бөөгнөрөн зогсжээ. Тэдгээр хүмүүсийг тойрон цагдаагийн хамгаалалтад гарсан байв. Хэрэг явдлыг тодруулахад, гулгаж байсан 14,15 орчим насны хоёр хүү замд нь  зогсож байсан 60 гаруй насны эрэгтэйг дайран унагааснаас болж тухайн эрэгтэй амиа алджээ. Хэдийгээр тухайн үед түргэн тусламж дуудсан боловч “Хандгайт”-ын замын орчимд үүссэн бөглөрлөөс болж, түргэн тусламжийнхан цаг алдаж, тухайн иргэн түргэн тусламж ч авч амжилгүй газар дээрээ амиа алдав. Харин цагдаагийнхан тухайн хэсэг газрыг хамгаалалтад авч, шүүх эмнэлгийнхэнийг иртэл цогцсыг хааш нь ч хөдөлгөөгүй юм. Харин шүүх эмнэлгийн машин мөн л түгжирсээр цаг гаруйн дараа ирж, цогцсыг авч явлаа.

Тухайн иргэнийг амиа алдахад түүний охидууд хамт явж байсан байна. 

Талийгаачийг дайрч унагасан хүүхдүүдэд эрүүгийн хэрэг үүсгэжээ

Харин талийгаачийг дайрч унагасан хүүхдүүдийг цагдаагийн бие бүрэлдэхүүн авч явлаа. Мэдээж тэд хүний аминд санаатай хүрээгүй. Гэвч Эрүүгийн хуулийн тусгай ангид 95-д хүний амь насанд санамсар болгоомжгүйгээр хүрсэн гэх зүйл анги бий. Уг зүйл ангиар тухайн хүүхдүүдэд эрүүгийн хэрэг үүсгэж шалгаж эхэлсэн талаар эх сурвалж мэдээллээ.

Харин ослын газар тухайн “Хандгайт”-ын удирдлагууд огтхон ч гарч ирсэнгүй. Осол гарсны дараахан цагдаагийн ажилчдын зүгээс “Хандгайт”-ын удирдлагуудад талбайд гулгаж буй иргэдэд цагаан хоолойгоор болгоомжтой, анхааралтай гулгахыг анхааруулахыг сануулсан ч “Хандгайт”-ын удирдлагууд биелүүлсэнгүй.

Хэргийг үргэлжлүүлэн Сүхбаатар дүүргийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.

Б.Золбоо