Саяхан Далай лам гадны нэгэн хэвлэл ярилцлага өгөхдөө “Бид энэ дэлхийн тамд амьдарч байгаа хүмүүс” гэжээ.

Бидэнтэй нэр ус, зүс царай пөөнийсөн дээлээ хөдрөөд сарлагаа унаад явж байгаагаараа үйлийн үргүй адилхан түвд гэдэг энэ үндэстэн Далай багшийн хэлдгээр тамд амьдарч байгаа улсууд бол уулын тамд амьдарч байгаа хүмүүс биз. Харин бид талын тамд амьдарч байна. Урд хөршид явж байхад метро ч юм уу, нийтийн тээвэрт нэг их өөриймсөм царайтай үс гэзэг нь сагсалзсан улс ороод ирэх нь түвдүүд байдаг. Тэгээд бие биенээ Доржоо энэ тэр дуудаад ирэхээр бүүр ч ойрхон санагддаг гээч. Их Монгол улсын туурга дор нэгэн дээвэрт багтаж явсан түүхтэй уулын түвдүүтэй талын монголчууд адилхан мэт байдаг нь шашин соёлын ойртой нь холбоотой байдаг биз ээ.

Бидэнд адил зүйл их байх юм аа. Бас ялгаатай зүйл ч бий.

Бид 1,564,11,6 хавтгай дөрвөлжин газар нутагтаа 2,6 саяулаа амьдран суудаг. Харин тэд Түвдийн тэгш өндөрлөгийн 4500 метрийн өндөрт бараг л 1,2 сая хавтгай дөрвөлжин газар нутагт бас л 2,6 саяул амьдарна. (Сансрын зургаар бага хэмжээнд газар нутгийн хэмжээг гаргавал ийм тооцоо гардаг гэлцдэг).

Түвдийн хүн амын 92,8 хувь нь түвд үндэстэн гэхээр БНХАУ-ын бусад автономит улсуудтай харьцуулахад хачирхам үзүүлэлт л дээ. Гэхдээ ямар ч дотор хүн уулын тэр тамд очихыг хүсддэггүй болохоор саяхныг хүртэл дээрх үзүүлэлтэй байв. Ердөө л цэргийн албан хаагч, коммунист намын ажилтнууд л хоёр жилээр Түвдэд ажиллаад нутаг буцдаг байлаа. Харин 2006 онд Түвд рүү төмөр зам барих нүсэр төслийг хэрэгжүүлж эхлэх болсноор энэхүү хачирхалтай үзүүлэлт жаахан өөрчлөгджээ. Манай говь нутаг, эрс тэс уур амьсгал ч хятадуудад таатай санагддаггүйтэй адил л даа. Гоминдааны гамин цэргүүдэд Монголын говь цөлийг туулна гэдэг хамгийн хэцүү даваа байсан гэдэгчлэнТүвдийн өндөрлөгт агаар худалдан авахдаа хүрч амь зууна гэдэг бүтэшгүй юм.

Шарын шашны нөлөө манай хоёр үндэстнийг эндүүрэм адилхан болгочихсон талтай. Гэхдээ хотын маниусаас илүү хөдөөгийнхний эгэл амьдрал түвдүүдийнхтэй ижилхэн. Тэд өндөр уулын бүст амьдардаг болохоор уулын хөх салхинд аяндаа хацар нүүр нь хүрэн улаантаж, цус мэт шүүрсэн алиман хацартай охид олонтой. Дээрээс нь чөөрсдөө улайлган буддаг юм гэсэн. Харин манай Алтайн уулнаа амьдрагсад бас л ийм дүр төрхтэй билээ. Хөдөөд гараасаа салгалгүй эрхи эргэлдүүлэх хөгшид хаа сайгүй тааралдана. Түвдэд арай өөр нь нэг гартаа эрхитэй, нөгөө гартаа хүрд барьсан хүмүүс их. Амьхандаа шашинжих сэтгэлгээ нь биднээс жаахан илүү юм уу даа.

Там мэт хатуу ширүүн уур амьсгалтай тэр нутаг нь уулын оргилдоо хүйтний туйл, бэлдээ эсрэгээр байдаг гэдэг. Өндөрлөг учраас агаарын даралт сийрэг. Нэлээд хэдэн жилийн өмнө Түвдэд очсон манай сэтгүүлч аян замын тэмдэглэлдээ нэг минут амьсгалах агаарыг нэг юаниар худалдан авдаг тухай бичсэн байсан. Тэгэхээр нэгцаг амьсгалах агаар 60 юань болно оо доо. Гадаадын жуулчид бие эвгүйцэхийн эрхээр агаар худалдагч нараас агаар авдаг юм билээ. Бодвол агаарын худалдаа ч одоо улам бүр боловсронгүй болсон биз дээ.

Мөн тэнд сарлаг, дөрвөн нүдтэй монгол нохой бий. Ерөөсөө л хөдөөний Монголын дүр зураг харагдана. Эрчүүд нь дээлээ сугалдаргалж , сүсэгтнүүд нь овоон дээр залбираад явж байх нь хүртэл адилхан. Энэ мэтээр адил зүйл их байх нь өнгөн тал, харин цаана нь ялгаа их бий.

Түвд хүн гадаадад гаръя гэх юм бол манайханд хаалттай шахам орнуудын виз тэдэнд ногоон гэрлээр олдоно. Дэлхий нийтийн ойлголтод Түвд нь Хятадын хар цэргүүдэд эзлэгдсэн, тусгаар тогтнолоо алдсан өрөвдөлтэй үндэстэн шиг санагддаг. Эрх чөлөөний төлөө тэмцээд л байдаг, харин хүний эрхийг дээд зэргээр зөрчдөг хятадууд тийм боломж олгодоггүй гэсэн түгээмэл ойлголт дэлхий нийтийн дийлэх хүмүүст бий дээ.

Гэвч үнэн хэрэгтээ уулын тамд амьдарч байгаа түвдүүд талын тамд амьдарч буй монголчуудаас илүү аз жаргалтай, илүү их боломжтой үндэстэн билээ.
Ядуу буурайгийн зовлонгоо мэдрэн, мэдрэн виз олж аван харийг мэдрэх монголчууд хүний нутагт очмогцоо Монголоо мартчихна. Тэнд эрүүл амьдрах ёсонд суралцан, үр хүүхдийнхээ боловсролд анхааран жаргалтай амьдралаа эхлүүлнэ. Харин хар тамга даруулахын зовлонг мэддэггүй түвд хүн гадаадад гарч чадах юм бол эрэмгий тэмцэгч болж хувирдаг. Ганц дайчин ганцаардахгүйн үлгэрийг тэд л үзүүлдэг.

Дуртай өдрөө БНХАУ-ын элчин сайдын яамны гадаа жагсаал хийж, Түвдийн ард түмэн яаж зовж байгааг ярьж гарна. Харьд гэлтгүй нутагтаа ч дураараа үймүүлнэ дээ. Өнгөрсөн жилийн өдийд Түвдэд гарсан бослогыг дэлхий тэр аяараа анирдсан. Бээжингийн олимпийн өмнө олон нийтийн анхаарлыг татаж, улмаар Бээжингийн олимпийг зохион байгуулахгүй байх зорилготой уг үйл явдлын дараагаас Хятад аанай л шүүмжлэлд өртөв. “Хятадын Засгийн газар мэдэгдэхдээ арав гаруй хүн нас барсан гэж байна. Харин түвдүүд100 гаруй хүнээ алдсан гэлээ. Лав 100 гаруй хүн амиа алдсан байна. Хятадууд мэдээллийг дарж байна хэмээн” дэлхийн нэртэй том агентлагууд мэдээллээ цацаж эхлэсэн.
Гэтэл монголд яалаа даа “Ардчилалд өгсөн миний санал хаачив” гэж олон мянган хүн гайхширч байхад “Монголд шударга сонгууль болсон” гэж мэдээлэгдэж байлаа. Бас сонгох эрх нь зөрчигдсөнд бухимдсан олон үймээн дэгдээгчид болсон. Дээрээс нь энэ хэрэг явдлын үеэр үрэгдсэн таван хүний амийг таван хулганы амийн хэртэй тоож мэдээлээгүй. Манай “хувийн” хүний эрхийн байгууллагууд, иргэний хөдөлгөөнийхөн юу болсон талаар олон улсын энэ чиглэлийн байгууллагууд руу удаа дараа захиа илгээж, байдлыг мэдээлсэн ч тоосон нь үгүй билээ.

Үүгээрээ уулын тамд амьдрагчид нь талын тамд амьдардаг биднээс өөр байгаа юм. Нэг түвд хүний амь нэлээд хэдэн монгол хүний амьтай дүйцэж байна.
Гаднаас нь харахад манай улс Азийн цээжин дээрх ардчилсан мундаг орон гэж ойлгогддог. Тэр ойлголтоороо дэлхийн нийт бүгдийг нөлөөт шилний цаанаас харж өргөн уудам тал нутагтаа монгол хүн ямар гээч тамд амьдарч байгааг мэдэхгүй байна.

Бас сарлаг зайдалсан түвд хүн биднийг бодвол үзэл санааны лидертэй. Тэдэнд Далай лам нь бий. Хятадын Засгийн газар энэ хүнийг хүлээн зөвшөөрдөггүй ч Холливудын хэдэн арван одод түүнийг хүндэтгэдэг. Харин тэр оддын үгийг нь дэлхийн сая, сая хүн сонсдог юм.

Түвдтэй холбоотой асуудлаар барууны хэвлэлүүд бодит үнэн байх зарчим дээрээ зогч чаддаггүй туйлширдаг талаар Хятадын хэвлэл мэдээллийн ажилтнууд ярьж байхыг сонсч байсан. Түвдэд ямар нэгэн асуудал болох чимээгээр л томоохон мэдээллийн агентлагийнхан тэнд явж байдаг. Харин Монголын асуудлыг Бээжингээс хамаарч мэдээлэл өгдөг шар толгойтнуудыг гадны том компаниас эхлээд хүссэн хүмүүс нь худалдаад авчихаж болдог. Тэгээд л Монголд сайхан байна гээд бичээд байна. Бодит мэдээлэл нь дэлхий нийтэд хүрдэггүй.

Нэг ийм л ялгаатай тамд амьдарч байна даа, түвд, монгол хүмүүс.

 

 

Э.Энэрэл