Өнөөдөр МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл хуралдаж, МҮОНРТ-ийн Ерөнхий захирлыг томилох асуудлыг хэлэлцлээ. Хуралдаанаар АН-ын генсек Ц.Оюундарийг МҮОНРТ-ийн Ерөнхий захирлаар томилох шийдвэр гаргав.

Үндэсний зөвлөлийн хуралдаанд нийт 12 гишүүн оролцсон бөгөөд санал хураахад нэг хүчингүй санал гарсан байна. Үлдсэн 11 гишүүн буюу 91 хувь нь Ц.Оюундарийг Ерөнхий захирлаар томилохыг дэмжжээ. Ц.Оюундарь дөнгөж сая Үндэсний зөвлөлийн дарга Л.Пүрэвдоржоос тамгаа гардаж авлаа. Тэрбээр ажлаа авсан даруйдаа энэ сарын 2-ны өдрийн хуралдаанаар Үндэсний зөвлөлөөс гаргасан орон тооны цомхотголын ажлыг эхлүүлнэ гэдгээ мэдэгдлээ. 

Ц.Оюундарь 1993 онд Төр Нийгэм Судлалын Академийг Улс Төр Судлаач-Эдийн Засагч мэргэжлээр төгссөн бөгөөд тухайн үед МҮОНТ-д сурвалжлагчаар ажиллаж байсан юм. Мөн 1999-2001 онд Ийгл телевизийн дэд захирлаар ажилласан. 2006-2008 онд АНУ-ын Берклей хот дaхь Калифорнийн Их Сургуулийн Сэтгүүл Зүйн Дээд сургуулийг дүүргэж, "Сэтгүүл Зүйн Мастер"-ийн зэргийг хамгаалсан бөгөөд өнөөг хүртэл АН-ын генсекээр ажиллаж байсан юм.
 
Дашрамд дурдахад, Ц.Оюундарь намын генсекийн ажлаа өнөөдөр өгсөн билээ.