“Тойм-7”
2015/01/09
Өнгөрч буй долоо хоногийн дотооддоо болж өрнөсөн үйл явдлыг тоймлон хүргэж байна.
-Сар шинээс өмнө хоёр шинэ нам төрнө-
Сар шинээс өмнө хоёр шинэ нам нэгэн зэрэг төрж, Монгол улс нийт 24 намтай болох нь. Нэгдүгээрт С.Ганбаатарын тэргүүлэх “Монгол хүний төлөө нам” байх бол нөгөөх нь Х.Бат-Ялалт, О.Бум-Ялагч нарын тэргүүтэй нам байх юм.
Х.Бат-Ялалтын хувьд нам байгуулан 2016 оны сонгуульд өрсөлдөж, парламентад сөрөг хүчин болно гэсэн зорилготой байгаа гэнэ. Харин С.Ганбаатарын хувьд УИХ-ын сонгуулиас илүү 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд хүч үзэж, үр дүнгээ мэдрэх нь чухал байгаа юм. Тиймээс л нам байгуулж ажиллахаар зэхэж буй нь энэ. УИХ-ын гишүүн С.Ганбаатарын тэргүүлэх намд хүмүүсийн сайн мэдэх алдарт жагсагчид болох Ж.Батзандан, Г.Уянга, О.Магнай, Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн гэсэн нөхөд нэгдэж байгаа нь аль хэдийн тодорхой болоод буй. Тэд нэг намд орж төрийн шийдвэрийг Монгол хүний сайн сайхны төлөө гаргуулахын тулд эрх баригчдын эсрэг сөрөг хүчин болж ажиллана гэж байгаа юм. Тус намын бааз суурь нь бие даагчид байх ч өөр, өөрсдийн намдаа гологдож, шилэгдэж явсан Ж.Батзандан, Г.Уянга, О.Магнай мэтийн нөхдүүдээр хүч нэмж дээрээс иргэний нийгмийнхнийг татаж магадгүй юм. Мөн МАХН-аас ч хүн оруулах сурагтай байна.
С.Ганбаатар бол эрх баригдчыг жинхэнэ “айлгаж” байгаа улс төрч. Тэр сүүлийн гурван жил хийсэн улс төрийн бүх судалгаанд шилдэг улс төрчдийн эхний 5-т жагсаж ирсэн. Тэгэхээр тэр 2017 оны сонгуульд гарч ирэх магадлал өндөр байна. Харин Х.Бат-Ялалтын намын нэр болоод үзэл баримтлал нь одоогоор тодорхой болоогүй байна. Нэг тодорхой зүйл нь түүний нам 1000 хол гарсан гишүүнтэй байх гэнэ.
Х.Бат-Ялалт нь 2011 онд ИЗНН-д намд элссэн. Тус намын дэд даргын албан тушаалтай. Үүнийхээ хажуугаар “Иргэдийн шударга шүүх” ТББ-ын тэргүүнээр ажилладаг. Монголын хуулийн үйл ажиллагааг идэвхтэй шүүмжлэгдчийн нэг. Үүнийхээ дагуу Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжинг шүүхийн шинэчлэл, хуулийн өөрчлөлттэй холбоотой асуудлаар “Халз мэтгэлзээн”-д дуудаж байсан түүхтэй. Сонирхолтой нь тэрбээр С.Ганбаатараас өмнө “Монгол хүний төлөө” нэртэй байгуулах хүсэлтийг Улсын дээд шүүхэд өгч байсан ч бүртгэхээс татгалзаж байсан юм. Харин түүний хамтран зүтгэгч О.Бум-Ялалт нь Монголын Ногоон намын даргын албан тушаалтай. Тэрбээр Байгаль, орчны талаар болон улс төрийн асуудлаар заримдаа үзэл бодлоо илэрхийлдэг нэгэн юм.
Ямартай ч парламент дахь сөрөг хүчний орон зайг нөхөх нэрээр улс төрийн үйл ажиллагаа идэхжиж, сонгуулийн сурталчилгаанууд эхэллээ.
-Цалин тэтгвэрийг нэмэхгүй бол ам.доллараа буулга-
Монгол улсын эдийн засаг хүндрэлд орсон. Хүндэрсэн эдийн засгаа сэргээхийн тулд малчдаас татвар авах, хүний хөгжил сангаас олгодог хүүхдийн 20 мянган төгрөг түүнчлэн одонгийн мөнгийг ялгавартай олгох талаар 2015 он төсвийн тодотголд тусгасан.
Сүүлийн хэдэн өдөр ам.долларын ханш өссөөр байна. Өнөөдрийн байдлаар монголбанкны зарласан ханш 1902 төгрөгтэй тэнцлээ. Харин арилжааны банкуудад нэг ам.долларын авах үнэ 1892-1901 төгрөг байгаа бол зарах ханш нь 1912 төгрөг. Валют арилжааны төв болох найман шаргын авах ханш 1904, зарах нь 1910 төгрөг байна.
Эдийн засаг хүндэрсэн ч гэлээ төсвийн таналт хийх нь зөв гэлээ ард түмнээ бодох хэрэгтэй. Цалин тэтгэврийн нэмэхгүй дээр нь ам.долларын ханш нь чангараад байвал иргэд яаж амьдрах болж байна. Авч буй цалингаараа хоногийн хоолоо арай хийн залгуулж байгаа айл олон бий. Түүнчлэн таналт хийж эдийн засгаа аварна гээд ажилчдыг цомтгож байгаа нь хэр зөв санаа бол гэдэг нь тун эргэлзээтэй. Ажилгүйдэл нэмэгдэх тусам ядуурал байсаар ард түмэн доройтол орно.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг эдийн засаг, эдийн засаг, эдийн засаг гэж гурвантай хэлсэн ч нэгийг аврах гэж нөгөөг нь үгүй хийх нь хэр зөв шийдэл бол.
Түүнчлэн улсын өмнөх өрийг яаж төлөх нь тодорхой бус байж нэмж зээл авах талаар яригдаад эхэллээ. 1 тэрбум ам.долларын зээл авбал өрийн босго 70 хувьд хүрэх магадлалтай. Үүнийг Сангийн сайд Ж.Эрдэнэбатаас тодруулахад Өмнөх авсан зээлүүд маань богино хугацаатай арилжааны зээл, сүүлд гадаадын санхүүжүүлэгч байгууллага, улс орнуудаас тавьсан хүсэлт нь урт хугацаатай хөнгөлөлттэй зээл байгаа. Хоёр хүртэл хувийн хүүтэй, 20 гаруй жилийн хугацаатай зээл. Эдийн засгаа тэлье гэж бодож байгаа бол иймэрхүү урт хугацаатай хөнгөлөлттэй зээлээр эдийн засгаа тэлэх бодлогыг барих ёстой. Түүнээс биш богино хугацаатай өндөр хүүтэй зээлээр санхүүжүүлсэн төсөл эргээд үр өгөөжөө өгнө гэдэг асуудал маш хол.
Ийм байдлаар цаашдаа Монголын өрийн таазыг нэмэгдүүлэх боломжгүй. Магадгүй энэ тохиолдолд зээлийн үйлчилгээний төлбөртөө төсвийн 50-60 хувь явчих бололцоо бүрдэж байна. Өнөөдөр гэхэд л улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 400 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилт хийнэ гэсэн тооцоолол явж байгаа боловч нөгөө талдаа зээлийн үйлчилгээний төлбөр нь 700 гаруй тэрбум болчихсон явж байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаа дахин нугалчихсан байдал бий шахам.
Тэгэхээр өрийн бүтцийн асуудлаа өөрчлөх ёстой. Богино хугацаатай арилжааны зээлийг урт хугацаатай хөнгөлөлттэй зээлээр солих. Ингэхийн тулд өрийн таазыг нэмэгдүүлэх байдал бий болохыг үгүйсгэх аргагүй. Үүнийг хоёр намын бүлгүүд ярилцаж байж шийднэ хэмээн онцлов.
Энэ онд цалин тэтгэврээ нэмэгдүүлэх бол ам.долларын ханшаа бууруулах бодлого баримталья.
-“Дүү маань өндийх ч тэнхэлгүй өвчиндөө шаналан үхлээ хүлээж байна”-
Дорноговь аймгийн Замын-Үүд сумын гуравдугаар багийн иргэн Бат-Оргил гэх эв эрүүл байсан залуу Э-Транс дахь гаалийн хяналтын бүсэд том оврын ачааны машинаас цемент буулгаж байхдаа хүнд бэртэж эрүүл мэндээрээ хохирсон харамсалтай хэрэг гарсан.
Өнгөрсөн оны наймдугаар сард Бат-Оргил хоёр найзтайгаа нийлж хэдэн төгрөг олохоор Э-Транс дахь гаалийн хяналтын бүсэд том оврын ачааны машинаас цемент зөөхөөр болжээ. Ингэхдээ тухайн машины жолооч нартай аман гэрээ байгуулан, тохиролцсон аж. Ингээд ойролцоогоор 64 тонн цемент буулгахаар ажилдаа ханцуй шамлан орсон байна. Удаа ч үгүй Бат-Оргилыг тонгойгоод босох тэрхэн агшинд дээрээс нь нэг тонн хэртээ цемент унаж, улмаар хүнд бэртэж эмнэлэгт хүргэгджээ.
Улмаар нуруу, нугасны хүнд гэмтэлтэй гэх оноштой Улаанбаатар хотод ирж Гэмтэл, согог судлалын үндэсний төвд хоёр сар гаруй хугацаанд хэвтсэн ч бие нь огт дээрдээгүй байна. Эмнэлэгт удаан хэвтэх боломж, бололцоо байхгүй тэрбээр төд удалгүй нутаг буцжээ. Гэвч бие нь өдрөөс өдөрт муудаж, бөгсөн бие нь мэдээгүй болсон байна. Түүнчлэн эмчилгээ, арчилгаа дутагдсаны улмаас хоёр шилбэ, нуруу, гар, өгзөг гээд энд тэндгүй алгын чинээ том том цооролт өгч, тэр нь идээлээд хавдчихсан аж. Үүнээсээ болоод өнөөг хэр нь орноосоо нэг ч босолгүй өдөр хоногийг өнгөрүүлж, үхлээ хүлээн хэвтэх болжээ. Эмнэлэгт хэвтэж байх хугацаандаа хэд хэдэн хүнд хагалгаанд орж, 16-н ч оёдол тавиулсан байна.
Одоогоор түүний биеийн байдал маш муу байгаа бөгөөд өндийх ч тэнхэлгүй өвчиндөө шаналан өдөр хоногийг өнгөрүүлж, үхлээ хүлээн хэвтэж байгаа аж. Түүний төрсөн ахтай нь холбогдоход “Дүүгийн маань бие маш хүнд байна. Хоолныхоо мөнгийг олох гэж яваад л ийм байдалд хүрчихлээ. Ийм байдалтай болгочихоод хариуцах газар ч алга. Эмч, эмнэлгийн ажилчид нь ч тоохгүй юм. Ганц дусал хийлгэх гээд сар гаруй хугацаа боллоо, арай л дэндүү. Бид ямар дусал аваад хийгээд өг гэсэн биш дээ. Авчихсан байгаа өвчин намдаах дуслыг ирээд хийгээд өгчихөж болно доо. Үнэхээр дүүгээ хараад элэг эмтэрч байна” гэв.
Түүнчлэн “Тухайн өдөр дүү маань тээвэр зуучлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Э-Транс ложистик” компанийн ачааг буулгаж байсан. Гэвч тэд “Манай ажилчин биш болохоор бид хариуцахгүй” гээд халгаахгүй юм билээ. Аргаа бараад аман гэрээ байгуулсан гэх өнөөх машины жолоочтой нь хүртэл уулзаж үзсэн. Тэр хүн “юу ч мэдэхгүй” гээд зугтаагаад явчихсан. Өнөөдөр бид ингэж л амьдарч байна шүү дээ. Үнэхээр хэлэх ч үг алга. Арга мухардаад л сууж байна” хэмээн ярьж байсан юм.
Хохирогч Бат-Оргил нь 1976 онд төрсөн. Эхнэр, хүүхэдгүй нас өндөр гарсан ээж, аав хоёртойгоо амьдардаг аж. Хэдэн жилийн өмнө аав нь тал цус харваад хөдөлмөрийн чадвараа бүрэн алджээ. Харин гэрт орж эм, гадаа гарч эр болж явсан ээж нь саяхан хальтарч унаад сүүжнийхээ ясыг хугалаад гэртээ хэвтэж байгаа юм байна. Ингээд нэг гэрийн гурав гурвуулаа хэвтэрт орсон тул тусдаа гарсан ах нь тэднийгээ харж, асарч байгаа аж.
Б.Төрбат Эх сурвалж: www.undesten.mn
-Монголын урлагийн залуучуудын холбооны удирдлагууд шинэчлэгджээ-
Урлагийн бүх төрөлд уран бүтээлээ туурвиж ажиллаж амьдардаг залуучуудын дуу хоолой болж ажиллахаар “Монголын урлагийн залуучуудын холбоо”-ны удирдлагуудын бүрэлдэхүүн шинэчлэгджээ.
Шинэ бүрэлдэхүүнд: Ерөнхийлөгчөөр; Ж.Дамдинцэрэн / Хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч, ГЭР группийн ерөнхий захирал /
Дэд Eрөнхийлөгчөөр; Б.Чинбат / МУСТА, Хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч /
Дэд Eрөнхийлөгчөөр; Э.Цэнд-Аюуш / МУСТА, Монголын урлагийн залуучуудын холбоо,www.URLAG.mn сайтын үүсгэн байгуулагч, найруулагч /
Ерөнхий нарийн бичгийн даргаар, Д.Ганцэцэг / Жүжигчин /
Удирдах зөвлөлийн гишүүнээр:
Б.Амархүү / ОХУ-ын Буриад улсын Гавьяат жүжигчин, МУСТА дуучин /
Г.Бадамгэрэл / Топ модель, Андра загварын агентлагийн захирал /
Д.Балдан / МУСТА, Дуучин /
М.Батбаяр / Архитектор, /
Э.Ганболор / МУСТА, Sweetymotion хамтлагийн дуучин /
А.Даваазориг / МУСТА, Морин хуурын чуулгын хөгжимчин, “Арга Билэг” хамтлагийн морин хуурч, хөөмийч /
Э.Лхагваочир / МУСТА, Уран нугараач /
Э.Номин / УДБЭТ-ын бүжигчин, “Шелкунчик" балет, төгөлдөр хуурын сургуулийн захирал/
Г.Отгонцэцэг / МУСТА, УДЭТ-ын жүжигчин /
С.Очирхуяг / Найруулагч, Жүжигчин /
Г.Пүрэвдагва / Монгол поп опера “Увертюра” хамтлагийн ахлагч /
Э.Тэмүгэ / Зураач, “Blue moon art gallery”-н захирал /
Ч.Уранхолбоо / Дуучин, "Хөөрхөн дэлхий" төвийн тэргүүн /
А.Цэнд-Аюуш / МУСТА, Жүжигчин /
О.Цэнд-Аюуш / Зохиолч, Яруу найрагч, МҮОНРТ-ийн сэтгүүлч /
Л.Цэрэндулам / Зураач, Нүүр хувиргагч /
Б.Чингүүн / Кино найруулагч, “Кино кафе” төвийн захирал / нарын уран бүтээлчид багтжээ. Түүнчлэн Монголын урлагийн залуучуудын холбоо нь 10 гаруй салбар зөвлөлтэйгээр үйл ажиллагаагаа явуулах бөгөөд ирэх 4-р сард “Монголын урлагийн залуучуудын анхдугаар чуулга уулзалт”-ыг зохион байгуулахын зэрэгцээ олон арван ажлуудыг төлөвлөжээ.
-Насанд хүрээгүй хүү хэрэгтэн болж, чарга зөвшөөрөлгүй түрээслэгчид шийтгэлгүй хоцрох нь-
Хандгайтад нэгэн харамсалтай хэрэг гарсан билээ. Тодруулбал, 15 настай хүү уулын оройгоос чаргаар гулгаж буухдаа 60 орчим насны эрэгтэйг дайрч унагасан. Улмаар тухайн хүний хамар, ам, чихнээс цус садарч, түргэн тусламж авч чадалгүй амь насаа алдсан юм. Цагдаагийн байгууллагын эх сурвалжийн мэдээлж буйгаар, чаргаар дайрсан хүүд Эрүүгийн хуулийн 94 дүгээр зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн, Сүхбаатар дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж эхэлжээ. Эрүүгийн хуулийн 94.1-д “Бусдыг болгоомжгүйгээр амь насыг нь хохироосон бол таван жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэнэ” гэж заажээ.
Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ажилтан, цагдаагийн ахмад Ё.Лхагвасүрэнгээс тодруулахад “Хүнд эрүүгийн хэрэг үүсгээд, шалгалтын ажлыг хийж эхэлсэн. Тухайн хүүхэд насанд хүрээгүй учраас өмгөөлөгч эсвэл хууль ёсны асран хамгаалагчийнх нь хамт мэдүүлэг авч байна. Золгүй байдлаар үйлдсэн гэмт хэрэг. Иргэдэд хандаж хэлэхэд хөдөлмөр аюулгүй ажиллагааны журмыг мөрдөх ёстой. Иргэд дээрх журмыг хүнд үйлдвэрлэл, барилга байгууламж ба рихад л мөрдөх хэрэгтэй гэж бод дог. Бид үүнийг өдөр тут- мынхаа амьдралд мөрдлөг болгох зайлшгүй шаардлагатай юм. Зам хөндлөн гарахдаа гарцаар заавал гар гэдэг нь ч энэ журамтай холбоотой. Амралт чөлөөт цагаа агаар салхинд гарч өнгөрөөхдөө хүмүүс амь нас, эрүүл мэнд, бага насны хүүхдэдээ тавих хараа хяналтыг сайжруулах хэрэгтэй байна. Манай улсад цанын бааз олон бий. “Skyresort” л гэхэд стандартын шаардлага хангасан. Иргэдэд стандартын шаардлага, хөдөлмөр аюулгүй ажиллагааны журам хангасан газар очиж гулгах хэрэгтэйг Цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна” гэв. Осол гарах өдөр Хандгайтад гулгаж байсан Н.Батын хэлж буйгаар “Хандгайтад ямар ч зохион байгуулалт байхгүй. Олон хүн, машин дүүрсэн газар. Энд тэндгүй, эмх замбараагүй хэсэг хэсгээрээ гулгаж байсан. Уулын дээрээс бэл хүртэл хурдтай гулгаж байгаа хүмүүс “холдоорой” гэж орилж, сэрэмжлүүлэг өгч байсан. Нэг мэдэхэд хүмүүс цугларан, орилж чарлан уйлж эхэлсэн. Чухам юу болсныг сонирхохоор очтол настай хүн амь насаа алдсан байдалтай хэвтэж байсан. Түргэн тусламж ирэх гэж их удсан” гэж халаглан ярьж байлаа. Хандгайт нь албан ёсны зөвшөөрөл авсан цанын бааз биш гэнэ. Харин “Янзага” зуслан иргэдэд нэг чаргыг цагийн 5000 төгрөгөөр бичиг баримтыг нь барьцаалж гулгуулдаг аж.
Ш.Батдорж: “Янзага” зусланг хаах захирамж гарсан
Түүнчлэн эл байдлаас шалтгаалан олон хүн бэртэж гэмтдэг учраас тус хорооны иргэд “Янзага” зусланг хааж, хариуцлага тооцуулахаар ЗДТГ-т удаа дараа өргөдөл өгсөн гэнэ. Хорооны Засаг дарга Ш.Батдоржоос тодруулахад “Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас “Янзага” зусланг хаах захирамж гарсан. Гэтэл дур мэдэн цанын баазын үйл ажиллагаа явуулж байна. Ямар ч үйл ажиллагаа явуулах эрхгүй газар шүү дээ. Хүн бэртэж, амь насаа алдсан хэрэг удаа дараа гарч байгаа” гэв. Түүнчлэн албаны эх сурвалжийн хэлснээр “Цагдаагийн байгууллагаас хуулийнхаа дагуу хүний амь насыг санамсаргүй хохироосон үндэслэлээр шалгалтын ажиллагаа хийнэ. Үүний дараа хэргийг прокурорын байгууллагад шилжүүлнэ. Харин ямар ял шийтгэл оноохыг шүүх, прокурорын байгууллага шийдвэрлэнэ” гэсэн юм.
Эрдэнэт хүний амь нас үрэгдчихлээ. Бид үнэхээр харамсч байна
Уг хэрэгт холбогдсон хүүгийн ар гэрийнхэнтэй холбогдож цөөн асуултад хариулт авсан юм. Мэдээлэл өгсөн хүүгийн аав нэрээ нууцлахыг хүссэн юм.
-Таны хүү санамсаргүй байдлаар хүний аминд хүрсэн харамсалтай хэрэг боллоо. Цагдаагийн байгууллагаас танай хүүд эрүүгийн хэрэг үүсгээд шалгаж эхэлсэн гэл үү?
-Манай гэр бүлийнхэн үнэхээр хүнд байдалтай байна. Бид одоо ч гэсэн итгэж чадахгүй сууна. Хүүтэйгээ цагдаагийн газар очсон. Өмгөөлөгч авсан. Хэрэг мөрдөн байцаалтын шатанд яваа учраас тодорхой мэдээлэл өгөх боломжгүй байна.
-Хохирогчийн ар гэрийнхэнтэй уулзсан уу?
-Талийгаачийн гэр бүлийнхэнтэй уулзаж, уучлалт гуйхаар одоо явж байна. Эрдэнэт хүний амь нас үрэгдчихлээ. Талийгаачид хүндэтгэл үзүүлнэ. Бид үнэхээр харамсч байна. Манай өмгөөлөгчтэй холбогд гэсэн юм.
Б.Дашдорж: Хэргийг шалгаж байгаа учраас мэдээлэл өгөх боломжгүй
Ингээд хүүгийн өмгөөлөгч Б.Дашдоржоос хэргийн талаар тодрууллаа. Тэрбээр “Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 40-д зааснаар насанд хүрээгүй хүүхэд заавал өмгөөлөгчтэй мөрдөн байцаалтын ажилд оролцох хууль ёсны эрх байдаг. Үүний дагуу өмгөөлөгчөөр энэ хэрэгт ажиллаж байна. Хэргийг мөрдөн шалгах ажиллагаа эхэлж байгаа учраас ямар нэгэн мэдээлэл өгөх боломжгүй” гэх хариултыг өглөө. Дөнгөж 15-хан настай хүү агаар салхинд тоглож, наадаж яваад хүний алтан аминд хүрнэ гэж төсөөлөө ч үгүй байсан. Тухайн өдөр болсон хэрэгт итгэж ядан, нүднээсээ нулимс цийлэгнүүлэн бүлтэлзэн зогсох хүүг цагдаагийнхан авч явсан гэж тэнд байсан олон хүн ярьж байсан юм. Нийгмийн хариуцлагаа ухам- сарлаагүй, ашиг сонирхлын төлөөх бизнесийн байгууллагын хэдэн нөхдөөс болж 60 настай буурай амиа алдаж, насанд хүрээгүй хүү гэмт хэрэгтэн болж үлдэх үү.
Эх сурвалж: www.info.mn
-Какүрюү М.Ананд сүйд бүсгүйгээ олонд танилцууллаа-
Японы мэргэжлийн сумод амжилттай барилдаж байгаа аварга Какүрюү М.Ананд гэргийгээ олон нийтэд танилцууллаа. Тэрбээр Японд суралцдаг Д.Мөнхзаяа гэдэг өөрөөсөө зургаан насаар дүү монгол охиныг заяаны ханиараа сонгосон байна.
Түүний гэргий Д.Мөнхзаяа нь хөл хүнд бөгөөд ирэх тавдугаар сард амаржих гэнэ. М.Ананд “Тэр бол үнэхээр хөгжилтэй нэгэн. Надад амьдрах утга учрыг өгсөн хүн” гэж хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлчдэд ярилаа. Харин Мөнхзаяа “Ананд бол тайван, дөлгөөхөн зантай. Түүний томоогүй занд татагдсан” гэлээ.
-ТОСК-ийн даргын араншин-
“Буянт-Ухаа-2” орон сууцны хороололд хувийн хэвшлийнхнийг хамруулах болсон талаарх мэдээлэл цахим сайтаар гарч эхэлсэн.
Эл мэдээллийг үнэн бодит болохыг тодруулахаар Төрийн орон сууцны корпораци /ТОСК/-ийн захирал А.Гантулгатай утсаар холбогдлоо. “Танаас дээрх мэдээллийн талаар ярилцлага авъя” гэтэл“Би гадаадад ажилтай явна” гээд утсаа тасдав. Гайхаад ТОСК-ийн хэвлэл мэдээллийн албаны ажилтантай холбогдож дарга нь байгаа эсэхийг асуухад “Өглөөний шуурхай хуралтай байна” гэв.
Сэтгүүлчид эх сурвалжаас нь үнэн бодит мэдээллийг авч ард иргэдэд түргэн шуурхай мэдээлэх үүрэгтэй. ТОСК-ийн байранд очиход арав гаруй телевизийн сэтгүүлч А.Гантулга даргыг хурлаас тарахыг хүлээж байв. Удалгүй хурал дуусч, үүдний жижүүр орох тушаал өгөв. Сэтгүүлчид А.Гантулга даргын өрөөнд ороход“Хэвлэлийнхнийг хэн дуудсан юм бэ” гэв. “Буянт-Ухаа-2” -т хувийн хэвшлийнхнийг хамруулах болсон талаар тодруулах гэж яваагаа дуулгахад“Хэнээс тийм юм сонсчихоод ирсэн юм” гээд уурлав. Биднийг асуулт асуухад тэрбээр уурлаж, “Битгий балай юм яриад бай. Чиний хэлснийг би ойлгохгүй байна” гэх мэтээр уцаарлаж байлаа.
Энэ эрхэм ажлаа хийж, ард иргэдэд мэдээлэл хүргэхээр явж буй сэтгүүлчидтэй ийн ёс зүйгүй харилцаж байгаа юм чинь энгийн иргэдэд хэрхэн ханддаг хүн бол. ТОСК-ийн үүдээр өргөдөл барьсан, өргөдлийнхөө хариуг авах гэсэн хүсэлтэй хүн олон байв. Тэднийг үүдний жижүүрээс нь эхлээд загнаж байгаа харагдсан. Энэ мэтчилэн иргэддээ үйлчилж чаддаггүй албан байгууллага, ард түмнийхээ төлөө ажилладаггүй араншин муутай, харилцааны соёлгүй даргад даруулга хэрэгтэй санагдана. “Төрийн байгууллагууд иргэдэд ил тод нээлттэй ажиллах ёстой” гэдэг. Энэ журам өнөөдөр хаана хэрэгжиж байна вэ.
С.Ичинхорлоо Эх сурвалж: www.unen.mn
-Цагаа олоогүй жагсаал-
Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн 3 талт 2015-2016 оны улсын хэлэлцээр эхэлсэн хэдий ч 2015 онд цалин, тэтгэвэр, тэтгэмжийг огт нэмэгдүүлэхгүй байх, нийгмийн хамгааллын зарим зардлуудыг танах тухай Засгийн газрын байр суурь хэвээр байгаад Эрүүл мэнд, боловсрол, соёл, урлагийн салбарын 116 мянга гаруй ажилтнууд эсэргүүцэн өчигдөр Чингисийн талбайд жагслаа.
Эрүүл мэнд, боловсролын салбарын ажилтнуудын ажлын ачаалал их, авч буй цалин хөлс нь инфляцид идэгдэж, худалдан авах чадвар өдрөөс өдөрт доройтож байгаа. Тиймээс Монголын Эрүүл мэнд, Боловсрол, Соёл урлагийн салбарын ҮЭ- ийн холбоодоос жагсаал цуглаан зохион байгуулж, Улсын их хурал, Засгийн газар, НББСШУ-ны байнгын хороо, Төсвийн байнгын хороо, Ардчилсан нам, Ардын нам, “Шударга ёс эвсэл” зэрэг байгууллагуудад хандан шаардлага хүргүүлсэн байна. Үүнд:
- Төрийн үйлчилгээний ажилтнуудын цалин хөлсийг 60-аас доошгүй хувиар нэмэгдүүлэхэд шаардагдах хөрөнгийг 2015 оны төсвийн тодотголд тусгах,
- Эрүүл мэнд, боловсрол, соёлын салбарын хуулиудад тусгагдсан ажилтныг өндөр насны тэтгэвэрт гарахад олгодог нэг удаагийн мөнгөн тэтгэмж зэрэг хөдөлмөрчдийн нийгмийн баталгаатай холбоотой заалтуудыг өмнө хүрсэн түвшнээс бууруулахгүй байх,
- Иргэдийн нийгмийн хамгааллын хүрсэн түвшинг дордуулахгүй байх,
Дээрхи шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд Хөдөлмөрийн тухай хууль, ҮЭ- үүдийн эрхийн тухай хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу хамтын маргаан үүсгэж, шат шатны тэмцэл хөдөлгөөн өрнүүлэхээ албан ёсоор мэдэгдсэн байна. Шаардлагын хариуг 2015 оны 1-р сарын 12-ны дотор ирүүлэхийг хүсчээ. Тэд цалин хөлсөө нэмэгдүүлэх нь зөв ч цагаа олоогүй үед жагслаа гэх шүүмжлэлийг олон нийтийн зүгээс өгөв.
Тоймыг бэлтгэсэн: Х.Даваа
Зочин · 2015/01/11
Harin tsagaa olson jagsaal bna.duugarahgui erhee hamga****gui yavah tsag irsen yum uu.ugui shu
Зочин · 2015/01/10
dorgio.mn
өндөр болгох ну · 2015/01/10
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮