Мянган хос болзохоор боллоо
2015/01/26
Монголын Залуучуудын Холбоо 2015 онд залуусаа “Бүтээе” уриан дор бүхий л ажлаа зохион байгуулахаар болсон бөгөөд сар бүрийг өөрийн нэршилтэй болгож тодорхой асуудалд үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байна. Хоёрдугаар сарыг “Хайрын сар” болгон зарлаж үүнийхээ хүрээнд Залуу хүн бүр гэр бүл, найз нөхөд, хамт олноо хайрлан хүндэтгэх, үерхэл нөхөрлөл, хайр сэтгэлээ бататган, үнэ цэнээ эрхэмлэх мөн Монгол үндэсний ёс уламжлал, өв соёлоо хүндэтгэж, өтгөс нялхсыг хайрлан энэрэх зэрэг ёс суртахууны зөв хандлагыг илэрхийлэхэд чиглэсэн олон талт үйл ажиллагаануудыг зохион байгуулах юм.
Хайрын сарын хүрээнд Гэгээн хайрын өдрийг тохиолдуулан “1000 хосын болзоо” арга хэмжээг байгуулахаар болжээ. “1000 хосын болзоо” арга хэмжээнд оролцсоноор хайрттайгаа хамт кино үзэх, “Хайрдтаа өгөх бэлэг” үзэсгэлэн худалдаанаас хайртдаа бэлэг сонгох, “Хайраа цоожлох ёслолын ажиллагаа”-нд оролцож хайраа мөнхжүүлэх, хошин урлагийн тоглолт үзэх, зөвхөн хосуудад зориулсан гайхалтай сюрприз дүүрэн партинд оролцох, байгалийн үзэсгэлэн газраар хосоороо аялах, залуу гэр бүлүүдэд зориулсан сургалтанд хамрагдах зэрэг олон үйл ажиллагаанд оролцож гэгээн хайрын өдрийг хайрттайгаа хамт үр бүтээлтэй, хэзээ мартагдахааргүй гайхалтай тэмдэглэн өнгөрүүлэх боломжтой аж. мөн энэхүү арга хэмжээний нэгэн хэсэг болсон томоохон арга хэмжээ нь "Хайртдаа өгөх бэлэг" хосуудын фото зургийн уралдаан юм. Уг уралдаанд 247 хүртэлх хос оролцож 2015.02.13-ны өдрийн 02 цаг 47 минутанд хамгийн олон лайк авсан эхний 5 хосыг шалгаруулан ивээн тэтгэгчдийн шагналаар шагнах юм байна.
Гэгээн хайрын өдрүүд хаяанд ирж хайртай хүнээ хэрхэн баярлуулахаа шийдэж амжаагүй бол МЗХ-оос зохион байгуулж буй энэхүү арга хэмжээнд оролцож хэзээ ч мартагдахааргүй нандин сайхан дурсамжуудаар хайртдаа бэлэг бариарай. Хайртай хүндээ өгөх хамгийн нандин бэлэг таны сэтгэлийн бэлэг байх болно. 999 хостой хамт гэгээн хайрын өдрийг гал халуун хайр, сонирхолтой арга хэмжээнүүдээр дүүрэн тэмдэглэн өнгөрүүлэх боломжийг танд олгож байна.