Бусдын машиныг шатаажээ
2015/01/27
Баянзүрх дүүргийн 12-р хороонд согтуу залуу автомашин руу бензин цацаад шатаачихлаа гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад энэ сарын 26-нд иржээ.
Уг дуудлагын дагуу шалгахад Баянзүрх дүүргийн наймдугаар хороонд оршин суух 25 настай эрэгтэй Ц гэгчийн тоёото маркын автомашиныг тус дүүргийн 12-р хороонд оршин суух 25 настай эрэгтэй П гэгч нь бензин цацаж, танхайрчээ. Хэргийг үйлдэхдээ тэрбээр согтуу байсан бөгөөд хамтдаа ууж идсэн зүйлсийнхөө төлбөрийг төлөхдөө маргалдсан ажээ.
Эл хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст шалгаж байна. Энэхүү мэдээллийг олон нийтэд сэрэмжлүүлэх үүднээс хүргэж байгаа болно.