ЭМД-ын хөнгөлөлтийг шилжүүлдэг болов
2015/01/31
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ эцсийн хэлэлцүүлгийг хийв. Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг анх 1993 онд баталснаас хойш нийтдээ есөн удаа нэмэлт, өөрчлөлт оруулж, 2002 онд шинэчлэн найруулсан байдаг. Харин энэ удаагийн шинэчилсэн найруулгад даатуулагчийн эрх, үүргийг хуулиар тодорхой болгож, чанартай, аюулгүй тусламж, үйлчилгээг хүртээмжтэйгээр, санхүүгийн ачаалалгүйгээр авах, үйлчилгээтэй холбоотой санал гомдлоо гаргах, эрүүл мэндийн болон даатгалын байгууллагаас шаардлагатай мэдээллээ авдаг үндсэн эрхүүдийг хуулиар баталгаажуулах асуудлыг илүүтэй тусгасан байна.
Монгол Улсын 1,3 сая иргэний Эрүүл мэндийн даатгалыг төр хариуцдаг. Энэ нь жилдээ 12,1 тэрбум төгрөг болдог бөгөөд нэг даатгуулагчийн сард төлөх шимтгэл 670 төгрөг, жилд 8040 төгрөг төлөгдөж байгаа юм. Хэдийгээр төр дааж байгаа нь тухайн зорилтот бүлгийн хувьд сайн хэрэг ч дээрх мөнгө нь эрүүл мэндийн даатгалаараа чанартай тусламж, үйлчилгээ авахад хэтэрхий бага хэмжээний мөнгө юм. Тиймээс 18 нас хүртэлх хүүхдүүдийн болон оюутан сурагчдын төлөх эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний нэг хувиас доошгүй байхаар, өөрөө хариуцан шимтгэлээ төлдөг бол Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний хоёр хувиас доошгүй байхаар хуульчилж өгсөн байна. Иргэн бүр жилд 1.800.000 төгрөгтэй тэнцэх хэмжээний эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг ЭМД-аараа хөнгөлөлттэй авах эрхтэй байдаг. Гэтэл гэр бүлийн гишүүдийн зарим нь ийм хэмжээний эрүүл мэндийн үйлчилгээ авах шаардлагагүй, харин нөгөө нь үүнээс ч их хэмжээний мөнгийг эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд зарцуулах шаардлагатай байдаг. Тэгвэл хуулийн шинэчлэлийн хүрээнд гэр бүлийн гишүүд дээрх эрхээ шилжүүлэх боломж бүрдүүлснээрээ өрхийн даатгалын харилцааг бий болгов.
Түүнчлэн иргэдийн хувьд эрүүл мэндийн даатгалаа өргөн хүрээнд ашиглаж байгаа нэг хэлбэр нь зайлшгүй шаардлагатай эмийн үнийн хөнгөлөлт юм. Даатгалын сангийн зардлын долоо орчим хувийг эмэнд зарцуулдаг ба гэрээ бүхий 576 эмийн сантай хамтран иргэдэд эмийн үнийн хөнгөлөлт үзүүлж байгаа юм. Хуулийн шинэчлэлийн хүрээнд зөвхөн өрх, сум, багийн эмчийн жороор үйлчилдэг байсны дээр нэмээд аймаг дүүргийн эмнэлгийн амбулаторийн эмчийн жороор эмийн үнийн хөнгөлөлт эдлэх боломжтой болж байгаа юм.
Эрүүл мэндийн даатгалын тухай хууль шинэчлэгдэн батлагдсанаар, - Хорт хавдрын болон бусад өвчний хөнгөвчлөх тусламж үйлчилгээ - Өндөр өртөгтэй зарим тусламж үйлчилгээ, шаардлагатай эмнэлэгийн хэрэгсэл - Зарим төрлийн хиймэл цорго, сэргээн засах зориулалтаар хийгдэх протез, ортопедийн хэрэгсэл - Өрх сум тосгоны эрүүл мэндийн төвөөс үзүүлэх зарим сэргээн засах үйлчилгээ, гэрээр үзүүлэх тусламж үйлчилгээ, өдрийн эмчилгээ, - Хорт хавдрын хими болон туяаны өдрийн эмчилгээ - Жирэмсний 37 хоногоос өмнөх ба төрсний дараах үеийн хавсарсан эмгэгийн эмчилгээ зэрэг нь эрүүл мэндийн даатгалд хамрагдах юм.