Их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсэн өдөр
2015/02/01
Өнөөдөр их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсэн өдөр. Тэрээр 1893 оны 2 дугаар сарын 2 буюу өдгөөгөөс 119 жилийн өмнөх энэ өдөр Маймаа хотноо Сэцэн хан аймгийн Ёст бэйс Доржжавын хошууны харъяат ард Дамдины гэрт төржээ. Хүүхэд насаа эцэг эхийн гар дээр өнгөрүүлсэн тэрээр бага залуу насандаа Нийслэл хүрээ, Хиагтын өртөөний Хүй-Мандал-Бургалтайн замд улаа хийж байгаад 1911 оны 12 дугаар сард цэрэгт дайчлагдан ирсэн бөгөөд 1912 онд Хужирбулангийн үндэсний цэргийн боловсон хүчнийг бэлтгэх сургуулийг анх нээн байгуулахад орж суралцан 1913 онд төгсгөж пулемёт сумангийн даргаар томилогдож байжээ.
Д.Сүхбаатар уг сургуулийг амжилттай сайн суралцан төгсгөсний учир мөн оныхоо 7 дугаар сард 5 дугаар зэргийн жинс, тогосны отгоор, улмаар удирдсан цэргээ сайнаар сурган боловсруулсны төлөө 1915 оны 6 дугаар сард 4 дүгээр жинс, тогосны отгоор, мөн Зүүн ба Зүүн өмнө хязгаарт хятад цэргийн эсрэг байлдаанд эрэлхэгээр тулалдсан учир Монгол улсын Засгийн газраас 1917 оны 12 дугаар сард 3 дугаар жинс тус тус шагнагдсан нь түүний алдрын эхлэл байжээ.
Д.Сүхбаатар цэргийн албыг 1912-1918 онд хаасан ба 1918 оноос хууль шастир хэвлэх газар шилжин ажилласан байна. Энэ үеэс тэрээр Хүрээний нууц бүлгэмд элсэж 1920 оны 1 дүгээр сарын 5-нд гамин цэргийн эрхтнүүд монгол цэргийг татан буулгасны дараагаар Хужирбулангаас Нийслэл Хүрээнд ирж бүлгэмийн ажилд идэвхийлэн оролцох болсон ажээ.
Д.Сүхбаатар 1920 онд ЗОУ-аас тусламж гуйх төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд оролцож Эрхүү хотноо 4 сар шахам ажиллахдаа Сибирийн 5 дугаар армийн газар цэргийн сургууль хийж байв. 1921 оны 2 дугаар сараас АЖЦ элсүүлэх ажлыг удирдсан бөгөөд 1921 оны 3 дугаар сарын 6-нд АЖЦ-ийн штабыг байгуулахад Д.Сүхбаатарыг Бүгд ерөнхийлөн захирах жанжнаар томилсон ажээ.
Тэрбээр 1921 оны 3 дугаар сарын 24 - 1922 оны 12 сар хүртэл Цэргийн яамны тэргүүн сайдаар, 1921 оны 4 дүгээр сарын 10-наас 1923 оны 2 дугаар сар хүртэл Бүх цэргийн зөвлөлийн гишүүн, 1921 оны 2 дугаар сараас насан эцэс болтлоо Бүх цэргийн жанжны албыг тус тус хашиж байв.
Д.Сүхбаатар нь 1921 онд ЗОУ-тай гэрээ байгуулах Монголын Засгийн газрын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд оролцож найрамдлын гэрээнд гарын үсэг зурсан юм.
Эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө мятрашгүй тэмцэж, ардын хувьсгалыг мандуулахад ард түмнээ хөтлөн жолоодсоны учир Д.Сүхбаатарыг 1922 оны 9 дүгээр сард Ардын эрхт Монгол улсын анхны зоригт баатар цолоор шагнажээ. Тэрээр мөн 1922 онд Зөвлөлт Бүгд Найрамдах Холбоот Орос Улсын Улаан тугийн одонгоор шагнагдсан юм. 1923 оны хоёрдугаар сарын 20-ны наран мандах үед Монгол улсын анхны зоригт баатар насан эцэслэсэн байна.
1929 оны 8 дугаар сард Намын Төв Хороо Зөвлөлтийн зураач К.Померанцевийн гаргасан Д.Сүхбаатарын хөшөөний төслийг сайшаан баталжээ. 1930 оны намар уг төслийн дагуу бүтээсэн Д.Сүхбаатарын хөшөөг Улсын төв театрын өмнөх талбайд босгосон байна. Энэ үеэс эхлэн Улаанбаатар хотын төв талбайг Д.Сүхбаатарын гэж нэрлэх болжээ.
1941 оны 10 дугаар сард гаргасан МАХН-ын Төв Хорооны Тэргүүлэгчдийн тогтоолоор Улаанбаатар хотноо Д.Сүхбаатарын том хэмжээний хөшөө босгохоор заасан байна.
БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 1943 оны 2 дугаар сарын 20-ны тогтоолоор Шинэ хүчний дээд сургууль /хуучин Намын дээд сургууль гэж байсан/, уугуул нутаг Жавхлант Шарга аймгийн Жавхлант Шарга сумыг /одоогийн Сүхбаатар аймгийн Сүхбаатар сум/ Д.Сүхбаатарын нэрэмжит болгожээ.
МАХН-ын Төв Хороо, Сайд нарын Зөвлөлийн 1943 оны 8 дугаар сарын 6-ны тогтоолоор Д.Сүхбаатарын нэрэмжит офицерийн сургуулийг байгуулсан байна. Мөн оноос Шинэ хүчний дээд сургууль, Улсын Их Сургууль, Цэргийн Ерөнхий сургууль /одоогийн БХИС/, Хязгаарын газрын төв сургуулийн шилдэг тэргүүний онц суралцагсдад Д.Сүхбаатарын нэрэмжит шагнал /цалин/ олгох болов.
1943 оны 2 дугаар сар, 1944 оны 12 дугаар сард МАХН-ын Төв Хорооны Тэргүүлэгчдийн “Монгол ардын хувьсгалын удирдагч Сүхбаатарын музей байгуулах тухай” тогтоол гарч Д.Сүхбаатарын музейг Ардын журамт цэрэг Нийслэл хүрээг эзлэн авмагц Ардын Түр Засгийн газар, Ардын журамт цэргийн штаб байрлаж байсан байшинд байгуулав.
1945 оны 9 дүгээр сарын 17-ны БНМАУ-ын Бага хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор БНМАУ-ын төрийн хамгийн дээд шагнал Сүхбаатарын одонг бий болгожээ. Мөн оноос Д.Сүхбаатарын тухай дурдатгал гарчээ.
1946 оны 2 дугаар сарын 23-ны Намын Төв Хорооны Тэргүүлэгчид, Ардын Сайд нарын Зөвлөлийн хурлаар уран барималч С.Чоймболын гаргасан Д.Сүхбаатарын хөшөөний загварыг батлав. Энэхүү загварын дагуу бүтээсэн хөшөөний суурийг мөн оны 4 дүгээр сарын 5-нд тавьж, 7 дугаар сарын 8-ны өдөр уг хөшөөг ёслол төгөлдөр нээсэн байна. Уг хөшөөг босгосонтой холбогдуулан 1930 онд босгосон хөшөөг Улс төрийн товчооны 1946 оны 5 дугаар сарын 20-ны шийдвэрээр одоогийн БХЯ-ны барилгын үүдэнд байрлуулжээ.
БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 1946 оны 7 дугаар сарын 10-ны тогтоолоор Дотоод Явдлын Яамны Улаан тугийн одон тэмдэгт тусгай хороог Д.Сүхбаатарын нэрэмжит болгожээ.
БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 1947 оны 5 дугаар сарын 23-ны тогтоолоор Цэргийн ерөнхий сургуулийг /одоогийн БХИС/ Д.Сүхбаатарын нэрэмжит болгов. 1947 оны 6 дугаар сарын 27-нд гарсан МАХН-ын Төв Хороо, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн тогтоолоор Намын дээд сургуулийн /хуучин нэрээр/ хичээлийн байрны нүүрэн талд Д.Сүхбаатарын босоо хөшөөг босгов.
1947 оны 7 дугаар сарын 9-нд Ардын хувьсгалын 26 жилийн ойгоор Алтанбулаг хот дахь Д.Сүхбаатарын ажиллаж байсан байшинд түүний музейг байгуулан хөшөө босгожээ. Энэ музейг 1971 онд өргөтгөж хувьсгалын музейн салбар болгов.
БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 1948 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн тогтоолоор Улсын хэвлэх үйлдвэр, Улаанбаатар хотын төв цахилгаан компинат /Одоогийн 1 дүгээр цахилгаан станц/, Хужиртын халуун ус/ одоогийн Хужиртын рашаан сувилал/, Улаанбаатар хотын 5 дугаар хороо/ одоогийн Сүхбаатар дүүрэг/, Нийслэлийн 10 жилийн 2 дугаар дунд сургуулийг Д.Сүхбаатарын нэрэмжит болгосон гэхчилэнгээр Монгол улсын анхны Зоригт баатарын нэрийг мөнхжүүлэх түүхэн гэрчийн тоо их байдаг.
soko · 2015/02/02
ih janjin D.Suhbaatariin mendelsenii 122 jilboljee agui ih udirdagch bailaa
zochin · 2015/02/02
119 v 122 yu