"Хэлээд, хэлээд, хэлээд" үг авахгүй байгаа хүмүүсийг яах вэ? та минь ээ.  Иргэн  таныг согтууруулах ундаа уусан үедээ болон жолооч та замын хөдөлгөөний дүрмээ баримталж оролцохыг замын цагдаагийн газраас үргэлжийн мөнх сэрэмжлүүлж, анхааруулдаг. Гэсэн хэдий ч зам тээврийн осол өдөр алгасахгүй гарч байгаа нь тун харамсалтай. Алтан амиа өөрийн гараар бүрэлгэсээр байгаатай агаар нэг буй гэдгийг тэд хэзээ ухаарах вэ!

Энэ орчлонд өөрөөсөө шалтгаалж, амь насаа хайрлан хамгаалж чадах хүчин зүйл дээр яагаад ийм хайхрамжгүй ханддаг юм. Монголчууд бид чинь гурван саяулаа болох гэж 26 жил хүлээсэн. Хэрвээ зам тээврийн ослын улмаас амиа алдагсад өдгөө амьдарч байсан бол хэдийнээ л 3 сая болох байсан биз. 

Өнгөрсөн оны 11 сарын байдлаар хүн гэмтсэн 4378 осол бүртгэгдсэнээс 156 хүн нас барсан. Үүнээс 5287 хүн биенийхээ аль нэг хэсэгт гэмтэл авсан байна. Зам тээврийн ослоор нас барсан 156 хүнийг өнгөрсөн 2013 оны мөн үетэй харьцуулахад 9.9 хувиар, нас баралт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 19.7 хувиар тус тус өсчээ. Зам тээврийн ослын улмаас гэмтсэн 5287 хүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 6.7 хувиар буурсан гэдгийг замын цагдаагийн газраас мэдээлсэн. Тэгвэл 2015 он гарсаар өнгөрөгч нэгдүгээр сард 23 хүүхэд зам тээврийн осолд өртсөнөөс 20 хүүхэд авто машин дотроо явж байгаад осолд орж, хоёр хүүхэд нь амь насаа алдсан эмгэнэлтэй явдал гарчээ. Энэ тоо нэмэгдэнэ үү гэхээс буурахгүй байгаа нь халагламаар л бас харамсмаар. 

Хоёрдугаар сарын 02-ны өдрийн мэдээгээр 373 дуудлагыг замын цагдаагийн газар хүлээн авснаас 300 нь ослын холбогдолтой дуудлага байжээ. Үүнээс согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 76, журамлагдсан тээврийн хэрэгсэл 48, хүн гэмтсэн осол 12 эд материалын хохиролтой 15, осолд өртсөн хүүхэд сургуулийн өмнөх насны 1, сургуулийн насны 3, ослыг орхиж явсан 1 гарчээ. 

Энд сэрэмжлүүлэг болгон дурдахад, хоёрдугаар сарын 1-ний шөнө Баянгол дүүргийн нутаг Нарны гүүрний урд замд замын тусгаарлах бетон хашлагыг Subaru forester маркийн автомашин мөргөсөн осол гарсан. Уг ослын улмаас нэг хүн амиа алдсан.

Жолооч та болон явган жолооч та замын хөдөлгөөндөө дүрэмээ баримталж оролцоё. 

 

Ослын зураг болон сэрэмжлүүлэг бичлэгийг замын цагдаагийн газраас авсан болно.

 

 

 

Х.Даваа