Түүх дурсгалын хосгүй үнэт үзмэрийг хадгалж, хамгаалж байдаг музейн асуудал манай улсад хурцаар тавигдах болсон. Мөөгөнцөртөж, мөдхөн нурах шахсан балгасанд музейн үзмэрүүд байна гэдэг эмгэнэл байлтай.

Музей нь тухайн улсынхаа хамгаалалтад байх онцгой объектод орно. Гэтэл манайд эсрэгээрээ газраас нь хумслагчид олширч, үзмэрийг нь үрэн таран хийх энүүхэнд. Байшин, барилгын чанар муугаас үзмэрийн хадгалалтад өөрчлөлт орж, үнэ цэнээ алдах нь ч бий. Энэ мэт зовлон тоочоод байвал музейг мөнхрүүлэх биш мөхөлд хүргэх байлгүй.

Түүхэн цагт устаж үгүй болоогүй сүм, хийд энх амгалан үед эрх мэдэлтнүүдийн хомхой сэтгэлийн балгаар сүйдэж мэдэхээр болжээ. Музейн асуудал хөндөгдсөн нь салбарын яаманд хамаатай.

Тэгвэл Соёл, спорт, аялал жуулчлалын яамны зүгээс Чойжин ламын сүм музейн асуудалд анхаарлаа хандуулахыг албан тушаалтнуудад “үүрэг”-дсэн байна. Энэ ажлын эхлэл болгож тус музейн сэргээн засварлалтын технологийн асуудлаар хуралджээ.

Чойжин ламын сүм музейн хэрмийн урт 415 метр, дөрвөн тал, нийтдээ 126 хэсэгтэй, тусгаарлагдсан нэг хэрэмтэй аж. Хэрмийн хэсгүүдийг 1960, 1988, 2012 ондуудад сэргээн засварлаж байсан удаатай. Одоогийн байдлаар хэрмийн 126 хэсгийн 69 нь түүхий болон хөх тоосго, 57 нь улаан тоосгоор баригдсан байдалтай байгаа юм. Сэргээн засварлалтад зайлшгүй орох шаардлагатай ханын хэсгүүдийн ялзарч, нурж, элэгдэж муудсан хэсгийг шинэчлэх, технологийн горим өмнө батлагдсан ёсоор үлдээхээр болжээ.

Харин хэрмийн анхны технологи, материалаар үлдээж болох тодорхой хэсгүүдэд бэхжүүлэлт хийн эх төрх байдлаар нь хадгалж үлдээхийг салбар хариуцсан сайд нь музейн удирдлагуудад даалгав.

Б.Чанцал