Энэ оны хоёрдугаар сарын байдлаар гэмт хэргийн гаралт нэмэгджээ. Улсын хэмжээнд 2015 оны эхний 2 сард 5314 гэмт хэрэг бүртгэгджээ. Энэ нь өнгөрөгч оны мөн үеийнхээс 862 хэрэг буюу 19.4 хувиар өссөн байгаа юм

Өдөр өнжилгүй хаа нэгтээ гэмт хэрэг гарч, үйлдэгдэж байдаг нь харамсалтай. Эл хэрэгт бидний ирээдүй болсон хүүхүүд маань оролцох болсон нь бүүр ч халагламаар...Хүүхэд оролцсон гэмт хэрэг 2015 оны эхний хоёр сард өмнөх оны мөн үеийнхээс 20 буюу 12.9 хувиар нэмэгдсэн нь сэтгэл эмзэглүүлж байна. Та, бидний хүүхэд "хаана", "юу" хийж явна!!! Хүүхэдтэйгээ нээлттэй ярилцаж, жоохон ч атугай цаг гаргаж хаана, юу хийж чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлдэг талаар нь асуухад илүүдэхгүй. Хэн ч өөрийнхөө хүүхдийг хэрэгтэн болно гэж боддоггүй. Гэтэл бусдын муу нөлөөнд автах, сүрдүүлэгт өртөж хулгай хийж явааг үгүйсгэхгүй юм. 

Дунд сургуулийн нэгэн сурагч ангидаа өдөр болгон мөнгөтэй ирдэг болж. Ангийнхаа найзуудтайгаа хамт ПС тоглоомын газар өдөр өнжилгүй тоглож байгаад гэртээ харьдаг болсон байна. Багш руу нь хүүхдийн гэр бүлээс холбогдож "манай хүүхэд ангидаа мөнгөтэй очиж байна уу, та ангийнханаас нь асуугаад өгөөч" гэжээ. Ингээд ангийн багш нь сурагчдаасаа асуутал "өдөр болгон 20 мянган төгрөгтэй ирдэг. Бид нарыг ПС -нд даадаг, пирошки, чихэр, ундаа авч өгдөг" хэмээн хэлснээр хэргийн учир тайлагдсан ажээ. Гэтэл тэрхүү гэрээсээ зөвшөөрөлгүй мөнгө авч байсан нь ийнхүү илэрсэн байна. Хүүхдийн нэр хүндэт халдахгүй гэсэндээ сургууль, нэрийг нь энд дурдахыг урьтал болгсонгүй ээ. Харин эцэг, эхчүүддээ анхааруулж, сэрэмжлүүлэх үүднээс өнгөрсөн долоо хоногт Нийслэлийн ...-р сургуулийн дунд ангид болсон үйл явдлыг буулгав.

Согтуугаар үйлдэгдсэн хэрэг 2.3 хувиар буурсан нь олзуурхууштай. Гэхдээ бүлэглэн үйлдэгдсэн хэрэг 157 буюу 24.7 хувь, эмэгтэй хүн оролцсон хэрэг 81 буюу 15.1 хувиар нэмэгдсэн нь мөн л дуулгахад хүндхэн байна.

18 ба түүнээс дээш насны 10000 хүнд ногдох гэмт хэргийн тоо 2015 оны эхний 2 сард улсын дунджаар 27 болж, өмнөх оны мөн үеийнхээс 4 буюу 17.4 хувиар нэмэгджээ.

 Сэжигтэн нь тодорхойгүй байсан 2526 хэргийн 1306 буюу 51.7 хувийнх нь холбогдогч нь тогтоогдож, яллагдагчаар татагдсанаар гэмт хэргийн илрүүлэлт улсын хэмжээнд өмнөх оны мөн үеийнхээс 3.5 пунктээр, нийслэлийн хэмжээнд 0.6 пунктээр нэмэгдсэн байна. Гэмт хэргийн улмаас 1814 хүн гэмтэж, 283 хүн нас барсан нь өмнөх оны мөн үеийнхээс гэмтсэн хүний тоо 360 буюу 24.8 хувь, нас барсан хүний тоо 64 буюу 29.2 хувиар нэмэгдсэн байна.Гэмт хэргийн улмаас учирсан хохирол 2015 оны эхний 2 сард 14.7 тэрбум төг, нөхөн төлүүлсэн хохирлын хэмжээ 3.4 тэрбум төг болж, өмнөх оны мөн үеийнхээс учирсан хохирлын хэмжээ 2.9 тэрбум төг буюу 24.7 хувь, нөхөн төлүүлсэн хохирлын хэмжээ 0.8 тэрбум төг буюу 32.1 хувиар өссөн байна.Гэмт хэргийн улмаас хохирсон иргэдийн тоо 2015 оны эхний 2 сард 4959 болж, 219 буюу 4.4 хувь нь 18 хүртэлх насны хүүхэд, 1877 буюу 37.9 хувь нь эмэгтэйчүүд байна.

Улсын хэмжээнд 2015 оны эхний 2 сард 16.7 мян.хүн эрүүлжүүлэгдэж, 2.4 мян.хүн баривчлагдсан нь өмнөх оны мөн үеийнхээс эрүүлжүүлэгдсэн хүний тоо 3854 буюу 18.7 хувиар буурч, харин баривчлагдсан хүний тоо 26 буюу 1.1 хувиар өсчээ. Гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн 180 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 55 хэрэг буюу 44.0 хувиар өссөн байна. Малын хулгайн 366 гэмт хэрэг бүртгэгдсэн нь нийт гэмт хэргийн 6.9 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеийнхээс 41 хэрэг буюу 12.6 хувиар нэмэгджээ.

Гэмт хэргийн гаралт өсч байгаа нь архидалт, ажилгүйдэл голлон нөлөөлж байж магад.

Та бидний ирээдүй хүүхдүүд маань "хаана", "юу" хийж явна вэ? анхаарал, болгоомж хэзээ ч илүүдэхгүй.

 

Х.Даваа