Манай улсад замын хөдөлгөөний дүрэм баримтлагч нар нэг их байхгүй болоод байна гэхэд буруутахгүй биз ээ. Хурд хэтрүүлж яваад бусдын амийг хохироох хэрэг бишгүй дээ гарах болсон. Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолооны ард сууж бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд ноцтой хохирол учруулах асуудал сүүлийн жилүүдэд буурахгүй өсөх хандлагатай байна. 

Нийтээрээ өргөн тэмдэглэдэг баярын өдрүүдэд эл хэрэг маш ихээр гардаг гэдгийг албаны хүмүүс онцлон хэлж анхааруулга, сонор сэрэмжийг жолооч нар хүргэдэг. Гэвч тэд нэг чихээрээ сонсоод нөгөө чихээрээ гаргаж муу зуршилтай улс. Саяхны нэг өдөр болж өнгөрсөн баяраар л гэхэд нэг шөнийн дотор 148 согтуу жолооч журамлагдсан байгаа юм. Тухайлбал, зам тээврийн осолд 4 хүүхэд өртсөн. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 6, явган зорчигч 1, Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 148 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажиллажээ.

Тодруулбал, БГД-ийн нутаг Бичил хорооллын зам, 11 дүгээр байрны урд замд Х.Сонота маркийн авто машины жолооч Ө нь явган зорчигч 50 настай эмэгтэй С болон 2 хүнийг мөргөж гэмтээсэн. 

Жирийн өдрүүдэд хоногт дунджаар 60-70 гаруй хүн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож журамлагддаг бол энэ тоо нь баярын өдрөөр 2 дахин нэмэгддэг ажээ. Тэгвэл эл согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй байж чадахгүй байгаа нөхдөд "хатуу шийтгэл" хэрэгтэй. Нэгэнт сануулж, анхааруулаад байхад хуулийн хариуцлага зөөлдөөд байна.

“Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барьсан иргэдийг 500 мянгаас нэг сая төгрөгөөр торгож, хоёр жилээр жолоодох эрхийг нь хасах, цаашлаад албадан хөдөлмөр эрхлүүлэх” тухай чих дэлсэж эхэлсэн. Одоогийн мөрдөгдөж байгаа хуулиар архи, согтууруулах ундаа хэрэглэсэн жолоочийн автомашин жолоодох эрхийг зургаан сараас хоёр жилийн хугацаагаар хасч, давтан зөрчил гаргавал долоогоос 30 хоног барив­чилдаг. Хэрэв дээрх нэмэлт, өөрч­лөлт батлагдчихвал согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон тохиол­долд 500 мянган төгрөгөөр торгож, хоёр жилээр жолоо барих эрхийг хасах, давтан зөрчил гарга­вал сая төгрөгөөр торгох юм байна. Мөн согтуугаар хоёроос дээш удаа машинаа жолоодвол дээрх шимтгэлээс гадна 80 цаг албадан хөдөлмөр эрхлүүлэх заалтыг ч нэмж оруулна гэдгийг албаны хүмүүс онцлов.

Тэгэхээр өдгөө яригдаж буй хуулийг батлачихвал бусдын амийг бүрэлгэчид нэг ёсондоо байхгүй болно гэсэн үг. Тэд "100 гр архи уусан ш дээ" гээд гүрийгээд ч нэмэргүй. Бусдын амь насыг хөнөөчихөөд "архинаас л боллоо" гэх тайлбарыг ч хэлээд нэмэргүй. Орчин цагт дуудлагын жолооч гэх үйлчлэгээ бий болсон энэ үйлчилгээг сонгох уу эсвэл 500 мянган төгрөгөөр торгуулах уу гэдгээ иргэд бодох л асуудал. Мөн архидан согтуурах ёстой юу энэ асуудал хувь хүний эрхийн асуудал ч гэлээ цаана нь хүний амь насны асуудал бий учраас шийтгэлийг батлах нь зөв биз ээ. Хаширдаггүй жолооч нарт үүнээс өөр яах ч билээ. 

 

Х.Даваа