Дотооддоо болж өрнөсөн үйл явдлыг тоймлосон онцлох нийтлэл, мэдээллийг уншигч авхай танд хүргэж байна. 

2015 оны хоёрдугаар сарын 5-ны өдрийн "Ройтерс",  хоёрдугаар сарын 6, 14-ний өдрийн Австрали Улсын "The Australian" сонинд "Рио Тинто" группын гүйцэтгэх захирал Сэм Уолш Оюутолгойн Монголын талын эзэмшил 34 хувийг Монгол Улсын Ерөнхий сайд санал болгосон гэсэн мэдээлэл гарсан билээ.

Тэгвэл “Цензургүй яриа” гэх телевизийн нэвтрүүлэгт оролцох үеэрээ  түүний яриаг няцаасан юм. Өөрөөр хэлбэл түүнийхээр Сэм Уолш Засгийн газрыг гүтгэсэн болж таарч буй .Тэгвэл "Рио Тинто" группын гүйцэтгэх захирал Сэм Уолш Монгол улсад ирээд буй бөгөөд  албан ёсоор Оюутолгой компанийг өнгөрсөн онд 1 сая тонн баяжмал экспортлосонтой холбоотойгоор ажилчидтайгаа уулзаж, баяр хүргэхээр ирж буй  гэх ч Засгийн газартай уулзалтууд хийж магадгүй аж. Юутай ч яриагүйгээ ярьсан болгосон Сэм Уолш Засгийн газрыг гүтгэсэн үү?  Ярьсанг яриагүй болгосон С.Баярцогт Сэм Уолшийг гүтгэсэн үү?гэдэг удахгүй ил болох биз ээ.

Э.Мягмардорж /Эх сурвалж: www.sonin.mn/

 

-Эрүүл болоход ганцхан хагалгаа дутуу байгаа Н.Нандинхүсэл охинд тусалцгаая-

Эгэлхэн энэ амьдралын нэгэн утга нь гэгдэж, ижий аавынхаа сэтгэлийн нар нь болж мэндэлсэн Нямдавгын Нандинхүсэл охин өдгөө ой, долоон сартай. Өдрөөс өдөрт өсч торнин, хэн хүний хайр татам харагдах энэ бяцхан охины хувьд зөөлөн тоглоом бус зүү тариуртай “нөхөрлөнө” гэдэг хүндхэн даваа.

Эхээс анх мэндлэхдээ аарцаг нурууны төгсгөл хэсэгт нь гадагшаа байрлалтай, эрхий хурууны чинээ ургацаг байсныг нь эмч нар тогтоож, гадаадад эмчлүүлэхээс өөр арга байхгүй гэдгийг сануулсан аж.

Амьдрал зохиогоод удалгүй анхны үрээ тэврэн хөөр баяртай явсан залуу эцэг эхийн хувьд нэлээдгүй сандарч, гурван өрөө байраа зараад БНСУ-ын Сөүл хотын Үндэсний их сургуулийн дэргэдэх томоохон эмнэлгийг зорьжээ. Тус эмнэлэгт багагүй эмчилгээ хийлгэж, таван сарын дараа дахин эмчлүүлэхээр болсон ч орон гэрээ зарж, банкнаас нэлээд хэмжээний мөнгө зээлсэн залуу хосуудад боломж олдоогүй гэнэ. Тиймээс эх орондоо эмчлүүлэх арга чарга хайж, басхүү охиныхоо эмчилгээний зардалд нэмэрлэх мөнгө төгрөг хайж явсаар есөн сарын дараа БНСУ-ыг дахин зорьсон байна.

Гэтэл хагалгааны үеэр уг зөөлөн эдийн дотор хорт хавдрын эс үүсч, улмаар элгэнд нь үсэрхийлсэн байх магадлалтай гэсний дагуу дахин эмчилгээ хийхээр болжээ. Энэ хугацаанд охины ээж амаржиж хөөрхөн дүүг нь төрүүлсэн бөгөөд аав нь хуучны барилга нураах ажил эрхлэн ам бүлээ тэжээж яваа гэнэ. Эмч нарын зөвлөсний дагуу тэд Н.Нандинхүсэл охиныхоо эмчлүүлж буй эмнэлгийн ойролцоо байр түрээслэн амьдарч буй юм билээ. Гэвч байрны түрээс болгож сар бүр 7000 вон төлөх боломж хомс, охиныхоо химийн эмчилгээнд зарцуулах мөнгө төгрөг дутмаг байгаа залуу хосуудад дахин асуудалд тулгарах нь тэр.

Хэдийгээр өнгөрсөн хугацаанд долоон удаагийн химийн эмчилгээнд хамрагдаж, 65 мянга хүртэл өссөн хорт хавдрын эсүүд нь шимэгдсэнээр багагүй жин нэмж, эрүүл саруул болох тун дөхөж буй Н.Нандинхүсэл охиныг энэ сарын 29-нд яаралтай хагалгаанд орох шаардлагатай гэжээ. Энэхүү хагалгаагаар мөнөөх ургацаг буюу хавдрын эсийг тээж байсан зөөлөн эдийг авах бөгөөд багахан хэмжээний эмчилгээний дараа Н.Нандинхүсэл охин бусад хүүхдийн адил эрүүл саруул нэгэн болох боломжтой юм билээ.

Үргэлжлэлийг эндээс

 

-Хоёр ингэ ихэр ботго гаргалаа-

Баянхонгор аймгийн Баянлиг сумын Багабаянд 2 ингэ ихэрлэсэн байна. Эхний ингэ нь энэ сарын 23-ны өдөр ихэрлэсэн бол 2 дахь нь 26-ны өдөр ихэр ботго гаргажээ. Баянлиг сумын Бага баянгийн 3 дугаар багийн малчин Лхагвасүрэнгийн Хүрэлтогоогийн ингэ энэ сарын 23-нд 3 дахь төллөлтөөрөө ихэр ботго гаргасан бол энэ сарын 26-ны өдөр мөн Баянлиг сумын Багабаянгийн 5 дугаар багийн малчин  Намжилмаагийн Мөнхтөрийн бор ингэ тав дах төллөлтөөрөө ихэрлэжээ. ЛХүрэлтогоогийнх 110 тэмээтэй бөгөөд өнөөдрийн байдлаар 21 ингэ төллөөд байгаа юм байна. Н.Мөнхтөрийн хувьд 225 тэмээтэй бөгөөд өнөөдрийн байдлаар 18 ингэ төллөөд байгаа талаар мэдээллийг аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас ирүүллээ.

Баянхонгор аймагт сүүлийн 3 жил дараалан ихэр ботго гарч байгаа юм байна. Тэр дундаа 2015 онд өнөөдрийн байдлаар 2 ч удаа ингэ ихэрлэсэн үйл явдал болж байна. Ингэ ихэрлэсэн үйл явдал 2013 онд Баян-Өндөр сумд. 2014 онд Жинст сумд тохиолдож байсан юм. Ингэ ихэрлэх үйл явдлыг Монголчууд эртнээс мал сүрэг өснө, өнтэй сайхан жил болно гэж билэгшээж ирсэн байна.

2015 онд Баянхонгор аймгийн хэмжээнд нийт 1.4 сая орчим толгой малгай төллөх төлөвлөгөөтэй байгаа юм. Үүнээс өнөөдрийн байдлаар 12 хувь нь буюу 140 гаруй мянган толгой мал төллөөд байна. Аймгийн ХХААГ-ын төлөвлөж байгаагаар 1.26 сая толгой төл хүлээж авч бойжуулах чиглэлийг барин ажиллаж байгаа юм байна.

 

-Тусламж үзүүлснийхээ хариуд түргэний эмч зодуулжээ-

Манай улсад хамгийн их ачаалалтай ажилладаг байгууллага бол Түргэн тусламжийн төв. Нойр, хоолоо умартан хүний амь насыг аврахын төлөө ажилладаг тэдний ачаалал ихэснэ үү гэхээс буурдаггүй. Гэтэл өвчтөндөө тусламж үзүүлснийхээ хариуд "баярлалаа" гэх үгийг сонсох нь бүү хэл зодуулж гэмтэл авсан хэрэг гарчээ. 

Энэ сарын 27-ний үүрийн 04:00 цагт яаралтай түргэн тусламжийн төвд "Манай цагдаа гуядаа гэмтэл авчихлаа. Эмнэлгийн тусламж хэрэгтэй байна" гэсэн дуудлага иржээ. Уг дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Цагдаагийн II хэлтэст 20 минутын дараа 103 төвийн эмч очиж тусламж үзүүлсэн байна. Гэтэл гэмтэл авсан цагдаагийн хөлд нь боолт хийж байх үед  “Яасан орой ирдэг юм бэ” хэмээн уурлаж эмчийг зоджээ.

Иймд хохирогчийн ар гэрийнхэн хуулийн байгууллагад хандана гэдгээ мэдэгдсэн юм. Харин хэрэг явдлын талаар тус газруудаас тодруулахад, "Мэдэхгүй, мэдээлэл өгөх боломжгүй байна" гэв.

 

-300 гаруй хүнээ үхүүлэх эсэхээ төр шийднэ-

2015 оны төсөв эмнэлгүүдийн эм эмийн хэрэгсэлд зохиулагдах мөнгийг өмнөх оноос 20 хувиар бага тусгасан. Үүнээс үүдэн эмнэлгүүд ирэх 6-р сараас хойш үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй болоод байгаа. Үүний улмаас 300 гаруй хүний амь нас дээсэн дөрөөн дээр байна.  Тодруулбал   эрхтэн шилжүүлэн суулгах мэс ажилбар хийлгэсэн хүн бүх насаараа дархлаа дарангуйлах эмийг уудаг. Хэрэв энэ эмийг уухгүй бол шилжүүлэн суулгасан эрхтэн нь үхжиж амь насанд нь аюул учирдаг. Дархлаа дарангуйлах эмийг улсаас үнэгүй олгодог бөгөөд гадуур худалдаанд байдаггүй зөвхөн Нэгдүгээр эмнэлэгт олгодог юм. Одоогоор 1-р эмнэлгээс 300 гаруй хүн энэ эмийг авч хэрэглэдэг. Гэтэл эмийн төсөв танагдсан учраас 5-р сар гэхэд дархлаа дарангуйлагч эмийн нөөц дуусна. Тэгэхээр 300 гаруй иргэний амь нас 5-р сараас хойш аюулд орж эхлэх юм.

Эмнэлэг боловсролын байгууллагын төсвийн танавал хор хохирол нь шууд иргэдийн нуруун дээр ирнэ. Эм эмийн хэрэгслийн төсөв 8 тэрбум орчим төгрөгөөр буурсан ч эмнэлгүүд 12-р сарын 31-ныг хүртэл жигд хувиарласан байгаа. Гэхдээ үйл ажиллагаа явуулж иргэдэд үйлчилгээ үзүүлэхэд хүндрэлтэй болсон тул хангамж 15-20 хувь багасна. Хэдийгээр 20 хувиар танасан гэж байгаа ч валютын ханшны өсөлтөөс хамаарч худалдан авах эм эмнэлгийн хэрэгслийн хэмжээ өмнөх оноос 50 хувиар буурч байгаа юм.

Аль ч эмнэлгийн нийт төсвийн 60 орчим хувь нь эм эмнэлгийн хэрэгслийн мөнгө байдаг. Үүнээс нь 20 хувийг нь танаж байгаа нь эмнэлгүүдийг хүнд байдалд оруулж байна. Тухайлбал нэгдүгээр эмнэлэг өдөртөө 40-60 хагалгаа хийдэг, 4-5 хүн сэхээнд буюу амьсгалын аппаратанд ордог. 800-1200 хүн эмчилгээ хийлгэж шинжилгээ өгдөг байна. Ийм ачаалалтай үед  тус эмнэлэгийн төсвөөс  8 тэрбум төгрөгийг хассан нь өнөөдрийн энэхүү хүндрэлтэй байдлыг үүсгээд байна.  Тодруулбал тус эмнэлэгийн зүгээс 300  гаруй хүний дархлаа дарангуйлах эмийн санхүүжилтэд 2,2 тэрбум төгрөг тусгасныг 804 сая хүртэл танажэ.

Тэгвэл  үүсээд байгаа энэ  асуудлыг зохицуулах боломж байхгүй биш байгаа. Тодруулбал төсвийн тодотгол хийх эсвэл  Засгийн газрын нөөц хөрөнгөөс  төсөв гаргаж 300 гаруй хүндээ дархлаа дарангуйлах эмийг авч аврах боломж  төрийн эрх баригчдад  байна. Эс бөгөөс  300 гаруй хүнээ харсаар байгаад нүдэн дээрээ тамлан хороохоос өөр гарцгүй болоод байна. 

 

-Нефтийн нөөцтэй ч үйлдвэргүй цорын ганц улс-

Монгол Улс Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат салбартаа авч хэрэгжүүлэх зарим бодлогын талаар танилцууллаа. Манай улсын стратегийн нэн тэргүүний бодлого нь нефтийн үйлдвэртэй болох чиглэл гэнэ. Манай улс хэрэглэгч орон гэдгийг экспорт, импортын харж болохоор байгаа юм. Судалгаанаас харахад 2011 онд экспорт 2,9 тэрбум америк доллар, импорт 3,2 тэрбум долларт хүрч гадаад худалдааны тэнцэл -290 сая америк долларт хүрчээ.

Харин өнгөрсөн онд нийт импорт 5,2 тэрбум америк долларт хүрсэн байна. Үүнээс аж үйлдвэрийн импорт 2 хувь, шатахууны хэрэглээ 28 хувь, машины эд анги 30 хувь, үндсэн төмөр хийц 10 хувийг эзэлжээ. Ингээд харвал аж үйлдвэрийн барааны экспорт манай улсын хувьд 0 хувьтай байгаагаас гадна нефт, гангын үйлдвэрт болох шаардлага зүй ёсоор гарч ирж байгааг салбарын сайд дуулгалаа. Өнөөдрийн байдлаар манай улсад нэг жилд 500 мянган тонн ган хэрэгтэй ч дотооддоо дөнгөж 76 мянган тонныг үйлдвэрлэдэг юм байна. Гангын үйлдвэртэй болохын тулд хөрөнгө оруулалтыг дэмжих хэрэгтэй гэсэн.

Харин нефтийн нөөцтэй ч энэ төрлийн үйлдвэргүй цорын ганц улс бол Монгол юм. Хэдийгээр нефтийн 15 үйлдвэртэй болно гэж ярьдаг ч нэгдсэн бодлогогүйгээс болж нэг нь ч урагш явдаггүй байна. Иймээс нефтийн үйлдвэртэй болох нь манай улсын хамгийн том бодлогын асуудал гэсэн юм. Уг ажлыг эхлүүлэхийн тулд өнгөрөгч засгийн газрын хуралдаанаар нефт барих тогтоолоо батлуулсан байна.

Энэ талаар аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат “Засгийн газрын тогтоолд хоёр зүйлтэй тогтоол гарсан. Нэгдүгээрт хаана үйлдвэр барих вэ. Хэдэн үйлдвэр барих гэдэг асуудлыг тогтоосон. Ингээд бид говийн бүсэд үйлдвэр барих хэрэгтэй юм байна гэж үзсэн. Хоёрдугаарт зүүн бүсэд буюу өнөөдрийн газрын тос гарч байгаа байршлаа сонгож барих нь зөв юм байна гэдэг шийдэлд хүрсэн” гэлээ.

Нефтийн үйлдвэрээ зүүн болон говийн бүсэд барих нь зүйтэй бөгөөд уг бүс нутагт 2 сая тонн хүртэлх чадалтай нефтийн үйлдвэртэй болох боломжтой юм байна. Тухайлбал, Зүүн баянгийн хэсэг нь манай улсын хамгийн нам доор газар учраас хаанаас ч төмөр хоолой татсан ч хямд өртгөөр нефт боловсруулах үйлдвэрүүд түүхий эдээ татах боломжтой гэж үзээд байгаа юм. Энэ мэтээр хүнд үйлдвэрээ эхлүүлэх хэрэгтэй. Ингэснээр 1,8 тэрбум америк долларын импортыг хэмнэх зэрэг эдийн засагт үр өгөөжөө өгөх таатай боломж бүрдэнэ гэж харж байгаа юм байна.

Г.Мягмарсүх  /Эх сурвалж: www.new.mn/

 

-“Марк Поло” киноны албан ёсны нээлт Улаанбаатар хотод боллоо-

Дэлхийн сая сая хүмүүсийг байлдан дагуулаад буй АНУ-ын Netflix компанийн бүтээл “Марко Поло” олон ангит киноны Монгол Улс дахь албан ёсны нээлтийн ажиллагаа 2015 оны 3 дугаар сарын 26-нд Хүннү кино театрт боллоо.

Уг арга хэмжээнд Марко Поло кино зохиолыг бичсэн, Холливудын нэрт кино зохиолч Жон Фуско, найруулагч Дан Минахан, ерөнхий менежер Ричард Шарки, жүжигчин Б. Амарсайхан нар оролцож, кино хэрхэн бүтсэн тухай танилцуулсан юм. Албан ёсны нээлтийн ёслолд Монголын соёл урлаг, бизнес, улс төр, хэвлэл мэдээллийн салбарын нэр хүндтэй зочид урилгаар оролцох бөгөөд бүх зочид улаан хивсэн дээгүүр алхлаа.

Киноны зохиогчийн болон өргөн нэвтрүүлгээр цацах эрхийг нь эзэмшдэг Нетфликс компани нь тус киноны эхний хоёр ангийг нь зөвхөн ганц удаа монгол тайлбартайгаар гаргах эрхийг МетаСтори ТББ-д эрхийг олгож, жүжигчин Б. Амарсайхан нээлтийн үйл ажиллагааг зохион байгуулсан юм.

Италийн аялагч Марко Пологийн Юань гүрнээр аялсан аяллын тэмдэглэл дээр үндэслэн Netflix компанийн бүтээсэн 10 ангит киноны шуугиан үргэлжилсээр байна. Нийтдээ 90 сая ам.долларын өртөгтэй боссон уг цуврал кино нь төлөвлөж байснаас хамаагүй том амжилт олсон тул цувралын дараагийн бүлгүүдийг бүтээхээр шийдээд байгаа билээ. Энэ цувралд 60 гаруй монголчууд туслах болон олны хэсэгт тоглохоор төлөвлөж байна. Үүний дотор Хубилай хааны ээж Сорхагтани хатан, Жаха Хамбу, Наян хунтайж зэрэг түүхэнд чухал үүрэг гүйцэтгэсэн хүмүүсийн дүрийг Монголоос сонгон шалгаруулах гэж байна.

Нээлтийн арга хэмжээг Хүннү кино театр, Үндэсний манлай үйлдвэр Арвайн Үндэс, Скай Лоунж болон Юник Дизайн компаниуд ивээн тэтгэж, олны хүртээл болголоо.

 

-Хакүхо 34 дэх удаагаа түрүүллээ-

Японы мэргэжлийн сүмо бөхийн Харү башёгийн сүүлийн барилдаанд их аварга Хакүхо М.Даваажаргал ёкозүна Харүмафүжи Д.Бямбадоржийг ялснаар эзэн хааны цомыг 34 дэх удаагаа өргөхөөр боллоо.

Энэ башёд их аваргын араас нэхэж явсан сэкивака Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ өнөөдрийн барилдаана озэки Гоёодог ялж, 13 даваатайгаар башёг дуусгалаа.

Хакүхо Харү башёд 14 даваа, нэг унаатай түрүүлснээр өөрийн тогтоосон шинэ дээд амжилтыг эвдэж чадлаа.

Хэрэв Хакүхо М.Даваажаргал сүүлийн барилдаандаа өвдөг шороодсон бол их аварга болон Тэрүнофүжи нарын хооронд нэмэлт барилдаан гарах байсан юм.

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Их аварга Хакүхо М.Даваажаргал өмнөх башёд түрүүлж, 33 дахь удаагаа Эзэн хааны цом хүртсэнээр Мэргэжлийн сүмо бөхийн рекордыг эвдэж, дээд зиндаанд хамгийн олон түрүүлсэн бөхөөр тодорсон бол Харү башёд 14 даваа, нэг унаатай түрүүлснээр өөрийн тогтоосон шинэ дээд амжилтыг эвдэж чадлаа.

- Хаширдаггүй жолооч нарт өгөх шийтгэлийг "дэмжих үү"-

Манай улсад замын хөдөлгөөний дүрэм баримтлагч нар нэг их байхгүй болоод байна гэхэд буруутахгүй биз ээ. Хурд хэтрүүлж яваад бусдын амийг хохироох хэрэг бишгүй дээ гарах болсон. Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолооны ард сууж бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд ноцтой хохирол учруулах асуудал сүүлийн жилүүдэд буурахгүй өсөх хандлагатай байна. 

Нийтээрээ өргөн тэмдэглэдэг баярын өдрүүдэд эл хэрэг маш ихээр гардаг гэдгийг албаны хүмүүс онцлон хэлж анхааруулга, сонор сэрэмжийг жолооч нар хүргэдэг. Гэвч тэд нэг чихээрээ сонсоод нөгөө чихээрээ гаргаж муу зуршилтай улс. Саяхны нэг өдөр болж өнгөрсөн баяраар л гэхэд нэг шөнийн дотор 148 согтуу жолооч журамлагдсан байгаа юм. Тухайлбал, зам тээврийн осолд 4 хүүхэд өртсөн. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 6, явган зорчигч 1, Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 148 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажиллажээ.

Тодруулбал, БГД-ийн нутаг Бичил хорооллын зам, 11 дүгээр байрны урд замд Х.Сонота маркийн авто машины жолооч Ө нь явган зорчигч 50 настай эмэгтэй С болон 2 хүнийг мөргөж гэмтээсэн. 

Жирийн өдрүүдэд хоногт дунджаар 60-70 гаруй хүн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож журамлагддаг бол энэ тоо нь баярын өдрөөр 2 дахин нэмэгддэг ажээ. Тэгвэл эл согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй байж чадахгүй байгаа нөхдөд "хатуу шийтгэл" хэрэгтэй. Нэгэнт сануулж, анхааруулаад байхад хуулийн хариуцлага зөөлдөөд байна.

“Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барьсан иргэдийг 500 мянгаас нэг сая төгрөгөөр торгож, хоёр жилээр жолоодох эрхийг нь хасах, цаашлаад албадан хөдөлмөр эрхлүүлэх” тухай чих дэлсэж эхэлсэн. Одоогийн мөрдөгдөж байгаа хуулиар архи, согтууруулах ундаа хэрэглэсэн жолоочийн автомашин жолоодох эрхийг зургаан сараас хоёр жилийн хугацаагаар хасч, давтан зөрчил гаргавал долоогоос 30 хоног барив­чилдаг. Хэрэв дээрх нэмэлт, өөрч­лөлт батлагдчихвал согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон тохиол­долд 500 мянган төгрөгөөр торгож, хоёр жилээр жолоо барих эрхийг хасах, давтан зөрчил гарга­вал сая төгрөгөөр торгох юм байна. Мөн согтуугаар хоёроос дээш удаа машинаа жолоодвол дээрх шимтгэлээс гадна 80 цаг албадан хөдөлмөр эрхлүүлэх заалтыг ч нэмж оруулна гэдгийг албаны хүмүүс онцлов.

Тэгэхээр өдгөө яригдаж буй хуулийг батлачихвал бусдын амийг бүрэлгэчид нэг ёсондоо байхгүй болно гэсэн үг. Тэд "100 гр архи уусан ш дээ" гээд гүрийгээд ч нэмэргүй. Бусдын амь насыг хөнөөчихөөд "архинаас л боллоо" гэх тайлбарыг ч хэлээд нэмэргүй. Орчин цагт дуудлагын жолооч гэх үйлчлэгээ бий болсон энэ үйлчилгээг сонгох уу эсвэл 500 мянган төгрөгөөр торгуулах уу гэдгээ иргэд бодох л асуудал. Мөн архидан согтуурах ёстой юу энэ асуудал хувь хүний эрхийн асуудал ч гэлээ цаана нь хүний амь насны асуудал бий учраас шийтгэлийг батлах нь зөв биз ээ. Хаширдаггүй жолооч нарт үүнээс өөр яах ч билээ. 

 

Тоймыг бэлтгэсэн: Х.Даваа