Сүүлийн үед хувийн байгууллагууд хөдөлмөрийн хуулийг мөрдөхгүй байна гэх асуудал мэр сэр сөхөгдөх болсон. Тэгвэл "Эрдэм транс” компани хууль зөрчив үү. 

Тус компанийн ажилчид болох Ч.Дэлгэрмаа, Н.Одончимэг нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэд “Эрдэм транс” компанийн удирдлагууд орлогийн өр гэж суутгадаг, ээлжийн амралт олгодоггүй гэсэн юм. Энэ талаар кондуктар Ч.Дэлгэрмаа “Манай компанийн удирдлагууд ажилчдынхаа нийгмийн асуудал байтугай, цалин хөлс дээр ч анхаарлаа хандуулдаггүй. Тэр бүү хэл, жолооч кондуктор бид нарыг мөнгө идэж уудаг хэмээн дарамталдаг. Өнөөдөр би энэ компанид ажиллаад хоёр жил болж байна. Энэ хугацаанд гар дээрээ бүтэн цалин авч үзээгүй. Цалингаас маань тийм ч юмны мөнгө, ийм ч юмны мөнгө гээд суутгадаг. Кондукторын авч байгаа дээд цалин 300 мянга байдаг. Зарим нь цалингүй ажиллаж байгаа хүн ч байна. Түүнчлэн, манай нэг кондуктор ажлаа хийгээд явж байх хооронд гэр нь шатсан. Хамт олонтой хүн чинь хамт олноосоо тусламж дэмжлэг хүсэхэд, туслах нь бүү хэл, цалингаас мөнгийг нь суутгаж авсан. Ийм хүн чанаргүй байж болох уу. Өнөөдөр “Эрдэм транс” ХХК нэг автобусанд өдөрт 120-128 мянган төгрөгийн түлш хийх ёстой гэдэг. Гэтэл бодит байдал дээрээ 180 мянган төгрөгийн түлш тэр автобусанд нь зарцуулдаг. Тэр 60 мянган төгрөгийг нь бид нар өөрсдийнхөө халааснаас гаргадаг. Тэр болгоныг нь компани “өр” хэмээн хар дансанд бичсэн байдаг. Миний хувьд 21 хоногийн дотор нэг сая 900 мянган төгрөгийн өрөнд ороод байна. Би энэ мөнгөө өгөхгүй ээ, ажлаасаа халагдмаар байна” гэхээр “Хүний нөөц байхгүй, тойрох хуудас зурж өгөх хүн байхгүй. Ирэхээр нь бол” гээд нийгмийн даатгалын дэвтэрийг маань өгдөггүй. Би чинь гэр бүлтэй, үр хүүхэдтэй хүн. Хөдөлмөрийг маань үнэлдэг газар ажиллаж, ар гэрээ тэжээх хэрэгтэй биз дээ. Өнөөдөр энэ компанид кондукторууд түлшний мөнгийг нь өгдөггүй байсан бол “Эрдэм транс” ХХК дампуурч байгаа. Тийм учраас өнөөдөр “Эрдэм транс” ХХК-ийг шүүхэд өгөхөө мэдэгдэж байна” гэсэн юм.

Түүнчлэн  Н.Одончимэг “Улсын байгууллагатай өөрсдийгөө жишдэг. Хувьсгалын автобус өдрийн орлого 29 мянга байхад манайх 44 мянгаар тавьсан байдаг. Мөн ажлын цаг нь 140-146 байхад хувийн байгууллага 180 цаг байдаг. Зун виза картгүй болохоор орлогоо хийгээд өрөө дарчихдаг учраас дулаан цаг ирэхийг хүлээж бай гээд өчнөөн хүнийг хохироож байна" хэмээн өөрийн байр сууриа илэрхийллээ.

Ийнхүү ажилчид нь байгууллагаа хууль зөрчсөн байдлаг олон нийтэд зарлав. Харин тус компанийн ашиглалтын албаны дарга Д.Хатанбаатар "Наад хүмүүс чинь манай компанийн төлөөлөл биш. Халагдах тушаал нь аль хэдийнэ гарсан байгаа. Н.Одончимэг, Ч.Дэлгэрмаа нар нь хэд хэдэн удаагийн шалгалтаар орлогын мөнгөнөөс “халаасласан” нь илэрч байсан. Тэр бүхэнд бид нар сануулга өгөөд чимээгүй яваад байдаг байсан. Харин энэ удаад байгууллагын нэр хүндэд ноцтой халдаж байгаа учраас асуудал өөрөөр тавигдах байх гэсэн хариуг өгсөн юм.

Мөн энэ хүмүүс тойрох хуудсаа аль хэдийнэ зуруулсан шүү дээ. Эдний яриад байгаа шиг ямар ч дарамт шахалт манай компанид байдаггүй. Н.Одончимэг, Ч.Дэлгэрмаа нар орлого орохгүй байна гэхээр өөр хэд хэдэн шугамд явуулж үзсэн. Гэтэл бас л орлого орохгүй байна гээд нормоо огт биелүүлээгүй. Мөн нийгмийн даатгалын дэвтрийг нь барьцаалсан юм байхгүй. Өөрсдөд нь байгаа. Дашрамд хэлэхэд, орлогоо тушаах гэж байсан жолооч, кондукторуудыг Ч.Дэлгэрмаа нар “Компанид бүх орлогоо өгөх гэлээ” гэж бүлэглэн зодсон хэрэг гарсан. Энэ хэрэг цагдаагийн байгуулллагад шалгагдаж байгаа гэдгийг ч онцлов. Ямартай ч тус компанийн халагдсан ажилчидын "гоморхол" олон нийтийг хамарсан нь энэ ажээ.