Үндсэн хуулийн цэц маргаан үүсгэв
2015/04/07
Энэ сарын 15-ны өдөр болох Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлаар үүссэн маргааныг хянан хэлэлцэнэ.
Энэ хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсгийн “Төлбөр авагч, төлбөр төлөгч нь шийдвэр гүйцэтгэгчийн үйл ажиллагаа, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөхгүй бол ажиллагаа явагдсан өдрөөс, уг ажиллагаа хэзээ, хаана явагдсаныг мэдээгүй бол өөрт мэдэгдсэн өдрөөс хойш гомдлоо долоо хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гаргана. Ахлах шийдвэр гүйцэтгэгч гомдлыг 14 хоногийн дотор шийдвэрлэж тогтоол гаргах бөгөөд энэ тогтоолыг эс зөвшөөрвөл долоо хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно. Гомдлыг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь эцсийн шийдвэр байна.” гэж заасны “... Гомдлыг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь эцсийн шийдвэр байна.” гэсэн нь Үндсэн хуульд “... шударга шүүхээр шүүлгэх, ...шүүхийн шийдвэрийг давж заалдах эрхтэй”, “... Дагнасан шүүхийн үйл ажиллагаа, шийдвэр нь Улсын дээд шүүхийн хяналтаас гадуур байж үл болно.”, Монгол Улсын дээд шүүх нь “Давж заалдах болон хяналтын журмаар доод шатны шүүхийн шийдвэрийг хянан үзэх.”, “Улсын дээд шүүхийн шийдвэр эцсийн шийдвэр байх ...” гэж заасныг тус тус зөрчсөн байна гэж нэр бүхий иргэд үзэж Үндсэн хуулийн цэцэд ханджээ.