Төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус шалгалтад хяналтын хуудас хамгийн бага ашигласан Хан-Уул дүүрэг, Дархан-Уул, Завхан, Ховд, Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газар, хэлтсийн дарга нарт сануулах арга хэмжээ авлаа. Нийт төлөвлөгөөт бус шалгалтын 47,7 хувьд нь хяналтын хуудас ашиглаагүй, нэгдсэн санд бүртгээгүй байгаа нь 2015 оны нэгдүгээр улирлын шалгалт, зөвлөн туслах үйлчилгээний гүйцэтгэлийн мэдээллийн нэгдсэн санд хийсэн дүн, шинжилгээгээр тодорхой болжээ.

Энэ нь Төрийн хяналт шалгалтын тухай хууль, МХЕГ-аас баталсан “Хяналт шалгалтад хяналтын хуудас хэрэглэх журам”-ыг зөрчсөнөөс гадна Хяналтын хуудасны нэгдсэн санд тухайн обьектын зөрчлийн түүх бүртгэгдэхгүй үлдэх эрсдэл бий болгож байна. Төлөвлөгөөт бус шалгалтад боловсрол, соёлын хяналтын чиглэлээр 88,8, хөдөө аж ахуйн хяналтын чиглэлээр 87,9, эрүүл мэндийн хяналтын чиглэлээр 62,6, нийгмийн хамгааллын хяналтын чиглэлээр 60,8 хувьд нь хяналтын хуудас ашиглаагүй байгааг цаашид анхаарч ажиллахыг МХЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ш.Раднаасэд анхаарууллаа.

Энэ оны эхний нэгдүгээр улирлын байдлаар мэргэжлийн хяналтын байгууллага 1215 обьектыг шалгаснаас 1158 буюу 95 гаруй хувьд нь хяналтын хуудас ашигласан бол төлөвлөгөөт бус шалгалт хийсэн 881 обьектын 52 хувьд нь хяналтын хуудас ашиглажээ.

Эрсдэл их, дунд үнэлгээтэй 1215 обьектод төлөвлөгөөт шалгалтыг хяналтын хуудсаар хийхэд улсын хэмжээнд 430 обьект эрсдэл ихээс бага руу шилжсэн байна. Энэ нь мэргэжлийн хяналтын байгууллага эрсдэл ихтэй обьектод хяналт шалгалтаа чиглүүлэн ажиллаж байгаагийн үр дүн хэмээн мэргэжлийнхэн дүгнэв.