МХЕГ-аас эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүн импортлогч аж ахуйн нэгжүүдэд "Импортын эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүнд тавих хяналтыг сайжруулах нь" сэдвээр сургалт явууллаа. Монгол Улсад эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүн импортолдог есөн аж ахуйн нэгж байдаг.

Сүүлийн жилүүдэд импортолж буй бүтээгдэхүүний хэмжээ нэмэгдэж байгаа аж. Үүнээс гадна хувь хүний ачаа тээшээр эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүн хууль бусаар импортлогдох зөрчил гарсаар гэнэ.


Сургалтаар эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний хяналтыг чангатгах, хууль бус импортыг таслан зогсоох, улмаар холбогдох хуулийг шинэчлэх, төрийн болон төрийн бус байгууллагууд, олон улсын байгууллагын уялдаа холбоог сайжруулах шаардлагатай байгаа талаар хэлэлцүүлэг, ярилцлага өрнүүллээ. 

Дэлхий нийтэд хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг зөвлөж, дэмждэг бөгөөд зайлшгүй тохиолдолд эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүн хэрэглэхийг зөвшөөрдөг. 

Энэ төрлийн бүтээгдэхүүнийг зайлшгүй хэрэглэх шаардлагатай нөхцөлд 0-1 нас хүртэлх хүүхэд, ялангуяа 0-6 сартай нярайд эхийн сүүг орлуулж хэрэглэдэг тул хяналт зайлшгүй шаардлагатай.

Сургалт зохион байгуулснаар импортлогчдын хууль эрх зүйн мэдлэгийг бататгаж, хууль бусаар импортлогдсон, баталгаагүй бүтээгдэхүүн нярай хүүхдэд хүрэхээс урьдчилан сэргийлж байгаа юм. Эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүнийг олон нийтэд сурталчлах, бэлэглэх, хаяг шошгололтонд хүүхдийн зураг оруулах, хүүхдийг өсөлтийг дэмжинэ гэсэн утгатай үг хэллэгийг оруулах зэргийг хуулиар хориглодог бөгөөд бүтээгдэхүүнтэй холбоотой бүх мэдээлэл эхийн сүүгээр хооллохыг дэмжсэн байх шаардлагатай хэмээн Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас мэдээллээ.