Гадаадад амьдарч буй монголчууд архинд орсны улмаас хүүхдээ орхиж явдаг гэв
2015/04/19
-Гадаадад архинд орсны улмаас хүүхдээ орхиж явдаг-
Гадаадад хар тамхины хэргээр ял эдэлж буй Монголчууд цөөнгүй. БНХАУ, БНСУ-д хар тамхи, хүн амины хэргээр ял эдэлж буй манай улсын дөрвөн иргэнийг эх оронд нь ялыг нь эдлүүлэхээр холбогдох улстай ярилцаж байгаа ажээ.
Энэ он гарсанаас дөрвөн сарын хугацаанд хилийн чанадад манай улсын 33 иргэн нас баржээ. Үүнээс 16 иргэн өвчнөөр, ослоор найм, золгүй тохиолдлоор зургаа, бусдын гарт гурван иргэн амь насаа алдсан байна. Харин өнгөрсөн онд 86 иргэн хилийн чанадад нас барсан бөгөөд ар гэрийнхэнд нь шаардлагатай туслалцааг цаг алдалгүй үзүүлж ирсэн гэдгийг Гадаад Хэргийн Яамны Консулын газрын дарга Н.Батаа онцлов.
Нас барсан иргэдээс гадна насанд хүрээгүй, орхигдсон 16 хүүхдийг эх оронд нь авчрах ажлыг Консулын газраас зохион байгуулжээ. Эдгээр хүүхдүүдийн зарим нь аав ээжтэйгээ очсон бөгөөд архинд орсны улмаас хүүхдээ айлд үлдээгээд явчихсан тохиолдол ч байгаа аж. Харин хүүхэд үрчлэлтийн асуудал тус яаманд харьяалагддаггүй гэнэ. Гэсэн хэдий ч Консулын газрын ажилтнууд тэднийг ямар орчинд өсч бойжиж буй талаар мэдэхийн тулд очиж уулзан, нууцын зэрэглэлтэй мэдээлэл ирүүлдэг юм байна.
Гадаадад 45 газарт дипломат төлөөлөгчийн газар ажиллаж байна. Үүнээс АНУ, ОХУ зэрэгт тус бүр гурван хүн ажилладаг. Бусад улсад нэг л төлөөлөгч бий. Элчин сайдын яаманд бүртгэлтэй хилийн чанадад амьдардаг 97 мянган хүн байдаг аж. Хятадын Гуанжоу хотод консулын төлөөлөл байгуулах талаар хоёр тал ярилцаж байгаа гэнэ.
-Хулгайн хэрэг хэрээс хэтэрсэн гэв-
Консулын газрын дарга Н.Батаа “Сэтгэл эмзэглүүлж байгаа нэг асуудал бол хулгайн хэрэг байна. Энэ арай хэтэрлээ. Зөвхөн БНХАУ-д манай 171 иргэн хулгайн хэргээр саатуулагдаад, шалгагдаж байна. Энэ асуудал улс орны нэр хүндэд хэрхэн нөлөөлөх вэ. Үүнийг манай иргэд ойлгохгүй, өчүүхэн атаархал, шуналынхаа төлөө улс орныхоо нэр хүндийг уландаа гишгэж байгаад ганц Консулын газар ч биш та бүхний сэтгэл ч бас эмзэглэж байгаа байх гэж бодож байна” хэмээв.
Өнгөрсөн оны байдлаар манай улсын 297 иргэн хилийн чанадад гэмт хэрэгт холбогджээ. Нийт 19 оронд 165 иргэн ял эдэлж байснаас гадна 122 нь суллагдсан буюу албадан буцаагдсан байна.
Дээрх иргэдийг буцаах асуудлыг хоёр улсын Дипломат төлөөлөгчийн газрууд тухайн орны эрх баригч байгууллагуудтай хамран хэрэгжүүлдэг ажээ. Харин Монгол Улсад 2014 онд гадаадын 53 иргэн гэмт хэрэгт холбогдож, 102 иргэн гэмт халдлагад өртжээ.
-Ялтан шилжүүлэх хэлэлцээрээр таван хүнийг эх оронд нь авч ирэхээр ажиллаж байна-
2015 оны 4 дүгээр сарын байдлаар гадаадын 13 оронд Монгол Улсын 103 иргэн ял эдэлж байна. БНХАУ-ын Зэ Жиан мужийн Ханжоу хотын Эмэгтэйүүдийн хорих газар хар тамхины хэргээр хоригдож байсан Монгол Улсын иргэнийг Монгол Улс, БНХАУ-ын хооронд байгуулсан ялтан солилцох гэрээний дагуу 2015 оны 1 дүгээр сард дотоодын холбогдох байгууллагатай хамтран эх оронд нь шилжүүлэн авчрах ажлыг зохион байгуулсан. 2015 онд багтаан БНХАУ-д ял эдэлж буй 3, БНСУ-д ял эдэлж буй 2 монгол иргэнийг ялтан шилжүүлэх хэлэлцээрийн дагуу эх оронд нь шилжүүлэн авчрахаар ажиллаж байна.
Х.Даваа